Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2017/02052

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр         Дугаар 182/ШШ2017/02052           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,

 

“Урьд ажиллаж байсан “МУИС” тооцооны төвийн захирлын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 27,750,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк” ХХК-д даалгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ур, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Хадгаламж банк”-ийг “Төрийн банк”-д нэгтгэхэд “Төрийн банк”-ны “МУИС” тооцооны төвийн захирлаар томилогдон ажилласан.

Миний бие жирэмсний амралт авч ажлаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр амаржиж, амаржсаны амралт 60 хоногийг эдлээд, ажил олгогчид хандаж “хуучин ажил болох МУИС” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллая” гэсэн өргөдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр /Дэлгэрзул 16/140 дугаарт бүртгэж авсан/, ажилд орох хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар бичгээр хариу өгөхийг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр /2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ХНГ-н ажилтан Алтанзул 17/210 дугаар хүлээн авсан/ тус тус бичгээр өгсөн боловч өнөөдрийг болтол миний ажлыг шийдвэрлээгүй хэрхэх талаар бичгээр хариу өгөөгүй болно.

Энэ нь “Өргөдөл гомдлын тухай хууль” болон “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Л.У намайг “Төрийн банк”-ны “МУИС” тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулж өгнө үү.

Мөн өргөдөл өгсөн өдөр болох 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 27,750,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк”-нд даалгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Э.Ж нар шүүхэд хариу гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.У нь Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жирэмсний амралт авах тухай хүсэлт гарган жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан.

Улмаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд асрах чөлөөгөө эдэлж дуусган ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Төрийн банкны Хүний нөөцийн газарт гаргасан байдаг. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орох хүсэлт гаргаж Гүйцэтгэх захиралтай биечлэн уулзсан бөгөөд тухайн үед Гүйцэтгэх захирал “Өөрийн чинь ажиллаж байсан “МУИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан өөр хүн тухайн орон тоонд эгүүлэн томилогдох тухай шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа” тухай дурдаж өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч Л.У татгалзсан байдаг.

Ингээд 2 шатны шүүхээр уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00319 дугаар Д.Сувдыг Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон. нэг ажлын байранд шүүхээс 2 хүн томилох тухай шийдвэр гарах тохиолдолд хэнийг нь тухайн ажилд эгүүлэн томилох ёстой талаар Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиудад зохицуулаагүй байдаг.

Хэрэв Л.Уийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн Төрийн банзны “МУИС” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилох тохиолдолд ажилд олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдал үүсэх бөгөөд адилхан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон 2 хүний хэнийг нь ажилд нь томилох эсэх асуудалд эргэлзээтэй байдал үүсэх болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Нэхэмжлэгч Л.Уийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Төрийн банк өнөөдөр хүртэл төлж байгаа тул түүний эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох хүсэлт гаргаж шийдвэрлээгүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж өргөдөл гаргах байсан. Өөрөөр хэлбэл эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг хэтрүүлж гомдол гаргаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Иймд Л.Уийн гаргасан нэхэмжлэлийг болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь “Төрийн банк” ХХК-ийн МУИС тооцооны захирлаар ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 18-ны өдөр жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө авсан нь нийгмийн даатгалын дэвтрээр харагдаж байгаа. Түүнээс банкны хүний нөөцийн архив, бичиг баримтыг үзэхэд Л.У захирал албан ёсоор хүсэлт гаргаад, түүний дагуу шийдвэрлэж жирэмсний болон амаржсаны чөлөө олгосон захиргааны шийдвэр авагдаагүй байдаг. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаас үзэхэд ямар нэгэн байдлаар түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгогдож байгаа. Мөн ямар нэгэн шалтгааны улмаас ажлаас түр чөлөөлөгдсөн гэдэг захиргааны шийдвэр ажил олгогчид байгаагүй учраас “Төрийн банк” ХХК-ийн үе үеийн удирдлагууд өмнө ажиллаж байсан МУИС тооцооны төвийн захирлаар эгүүлэн томилох асуудлыг шийдээгүй зүйл байгаа талаар анхаарч үзсэн юм. Гэтэл энэ хүн 2016 оны 02 сарын 29-ний өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн байсан. Уг хүсэлтэд жирэмсний болон амаржсаны чөлөө дуусаж байгаа тул МУИС тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн ажиллуулах тал дээр бодолцож, туслалцана уу гэсэн байсан. Үүний дагуу ажиллагаа хийхэд МУИС тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдсон этгээд нь ямар нэгэн байдлаар түр буюу хүний орон тоонд ажиллаагүй асуудал байсан. Мөн өргөдөл өгөөд тэр чиглэлээр эргэж ажиллаагүй юм шиг билээ. Л.У нь 2016 оны 02 сарын 29-ний өдөр хүсэлт гаргаад, хүсэлтийг 2016 оны 03 сарын 01-ний өдөр өргөдөл, гомдлын дэвтэрт хүлээж авсан нь нотлогдож байгаа. Ингээд хариу өгөөгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасан хугацаанд гомдлоо гаргаад шийдвэрлэх ёстой байсан, энэ хугацаа нь 2016 оны 05 сарын 29-ний өдөр дуусаж байгаа. Энэ нь Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1-т заасан буюу ажил, албан тушаалд хэвээр хадгалагдсан этгээд ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргаад, уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасны дагуу буюу ажлаас буруу шилжүүлсэнтэй адилтган үзэх ёстой гэж заасан байдаг. Хууль зүйн зохицуулалтыг үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128-д зааснаар гомдол гаргаж буй этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байдаг учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм.

2016 оны 04 сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан гэдэг. Уг хүсэлтийг банкны зүгээс хүлээж аваад хариу өгсөн талаар шалгаж үзэхэд тухайн хүсэлт нь банкинд байдаггүй, банкны өргөдөл хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулаад аваад явсан юм шиг билээ. Энэ нь шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөх үүднээс авсан гэж үзэж байна. Тэгэхээр ажил олгогчид албан ёсоор хандаагүй байгаа учраас ажил олгогч албан тушаал түр хадгалагдаж байгаа гэдэг үндэслэлээр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байсан байгаа юм. Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн, эсхүл ямар нэгэн байдлаар өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зүйл байна уу хэмээн шалгаж үзэхэд 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл албан тушаал хадгалагдаад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөд яваад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлэх байдал болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж буй практикаас өөр байгаа юм. Уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдрийн удирдлагуудын түвшинд нэхэмжлэгч нь албан ёсоор хүсэлтээ гаргаад ажилдаа орох боломжтой гэж үзсэн тохиолдолд адилтгах төрлийн ажил, албан тушаалд томилох сонирхол байгаа юм билээ. Албан ёсны хүсэлт гаргаагүй гэдэг нь шүүхэд маргаан үүссэнээс хойш нэхэмжлэгчтэй 6 сард, 12 сард 2 удаа утсаар ярьсан, нэг удаа шүүх хуралдааны дараа биечлэн уулзсан. Та сүүлийн удирдлагуудад албан ёсоор хандаагүй юм байна, тэгэхээр албан ёсоор хандсан тохиолдолд дээрх боломж талаар хэлсэн. Нэхэмжлэгч нь албан ёсоор ажил олгогчид санал тавьсан тохиолдолд ажилд томилоход бэлэн байгаа юм билээ” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Л.У нь “Төрийн банк” ХХК-д холбогдуулан “Урьд ажиллаж байсан “МУИС” тооцооны төвийн захирлын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 27,750,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк” ХХК-д даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 27,750,000 төгрөгийн хэмжээг 10,445,664 төгрөгөөр ихэсгэж, нийт 38,195,664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Л.У нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1004 дүгээр тушаалаар Төрийн банкны харъяа “МУИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс жирэмсэн болон амаржсаны амралт авсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1004 дүгээр тушаал, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0339149 дугаартай Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0339578 дугаартай Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...жирэмсний амралт авч ажлаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр амаржиж, амаржсаны амралт 60 хоногийг эдлээд, ажил олгогчид хандаж “хуучин ажил болох МУИС” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллая” гэсэн өргөдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар бичгээр хариу өгөхийг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус тус бичгээр өгсөн боловч өнөөдрийг болтол миний ажлыг шийдвэрлээгүй хэрхэх талаар бичгээр хариу өгөөгүй болно.

Энэ нь “Өргөдөл гомдлын тухай хууль” болон “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг зөрчиж байна гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэгч Л.У нь Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жирэмсний амралт авах тухай хүсэлт гарган жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан.

Улмаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд асрах чөлөөгөө эдэлж дуусган ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Төрийн банкны Хүний нөөцийн газарт гаргасан байдаг. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орох хүсэлт гаргаж Гүйцэтгэх захиралтай биечлэн уулзсан бөгөөд тухайн үед Гүйцэтгэх захирал “Өөрийн чинь ажиллаж байсан “МУИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан өөр хүн тухайн орон тоонд эгүүлэн томилогдох тухай шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа” тухай дурдаж өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч Л.У татгалзсан байдаг.

Нэхэмжлэгч Л.Уийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Төрийн банк өнөөдөр хүртэл төлж байгаа тул түүний эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох хүсэлт гаргаж шийдвэрлээгүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж өргөдөл гаргах байсан. өөрөөр хэлбэл эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг хэтрүүлж гомдол гаргаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна...” гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.У нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Т.Мыг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Л.У нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Жирэмсний болон амаржсаны амралтаа дууссан өдрөө ажилдаа орох хүсэлтээ бичгээр гаргаж хүргүүлсэн, Төрийн банк 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Л.Уийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл болон Төрийн банкны 2016 оны Ирсэн бичиг бүртгэх дэвтрийн Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байх ба  энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Ажилтан хүүхэд асрах чөлөө авахгүйгээр ажилдаа орох талаар төрөхөөсөө өмнө мэдэгдсэн, ажилдаа орох хүсэлтээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүсэлтээ бичгээр гаргасан байхад ажил олгогч шийдвэрлээгүй байна.

 

Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заажээ. Энэ зохицуулалт нь хүүхэд асрах чөлөө аваагүй, амаржсаны амралтаа эдлээд ажилдаа эргэн орох ажилтанд мөн адил хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах” тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эргэн ажиллахаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

            Ажил албан тушаал хэвээр хадгалагдсан ажилтны хувьд хуульд заасан үндэслэл болон шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн ажил, албан тушаалд түүнийг ажил олгогч ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажилтны хүсэлтийг хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдолтой адилтган шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

            Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай болно.

 

Хүүхэд асрах чөлөө авсан ажилтан эхийн чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэн түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдана. Ямар хугацаагаар чөлөө авснаас үл хамаарч эх нь чөлөөг бүрэн дуусгаад эсхүл дуусахаас өмнө ажил, албан тушаалдаа эргэн ирж үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Уг эрхээ эдлэх нөхцөлийг нь ажил олгогч нь хангаж ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг амаржсаны амралт дууссан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүйгээр ажил хөдөлмөрийг нь шалтгаангүйгээр эрхлүүлэхгүй, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа нь ажлаас халсантай нэг адил үзэх үндэслэл болж байна.

 

Нэхэмжлэгч Л.Уийн ажил албан тушаал хэвээр хадгалагдсан бөгөөд хуульд заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч буюу Төрийн банк нь тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажлаас халах тухай амаар болон бичгээр шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол ажлаас халсантай адилтган үзэж Л.Уийг Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Л.Уийг Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлын ажилд ажиллуулахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул Л.Уийг Төрийн банкны “МУИС” тооцооны төвийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоов.

           

Зохигч нэхэмжлэгч Л.Уийг жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан талаар маргаагүй, 1119000091 тоот хүүхдийн төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч хүүхэд төрүүлж чөлөөтэй байсан нь нотлогдож байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хариуцагч “Төрийн банк” ХХК-д ажилдаа орохоор өргөдөл гаргасан өдрөөр тооцож нэхэмжлэгч Л.Уийг ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр гэж тооцох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Л.У нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл нийт 38,195,664 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Л.Уийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,981,714  төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 92,172 төгрөг болох нь хэрэгт авагдсан Л.Уийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Л.Уийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2015 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Л.Уийн ажилгүй байсан ажлын 389 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 35,854,908 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,340,756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу “Төрийн банк” ХХК-иас нэхэмжлэгч Л.Уийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Л.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,835 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ут буцаан олгож, нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+337,224 төгрөг/ нийт 407,424 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уийг “Төрийн банк” ХХК-ийн “МУИС” тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Төрийн банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 35,854,908 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,340,756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.У болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Төрийн банк” ХХК-д даалгасугай.

 

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  441,835 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,424 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС