Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00065

 

Л.У -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/02052 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.У -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т Б - ХХК-д холбогдох

 

Урьд ажиллаж байсан МУИС тооцооны төвийн захирлын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 38 195 664 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.У -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хадгаламж банкийг Т Б -ид нэгтгэхэд Т Б -ны МУИС тооцооны төвийн захирлаар томилогдон ажилласан. Тэрээр жирэмсний амралт авч ажлаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр амаржиж, амаржсаны амралт 60 хоногийг эдлээд, ажил олгогчид хандаж хуучин ажил болох МУИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллая гэсэн өргөдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. Ажилд орох хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичгээр хариу өгөхийг хүссэн хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр  бичгээр өгсөн боловч  хариу өгөөгүй. Иймд Д.Уранчимэгийг Т Б -ны МУИС тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгуулж, өргөдөл өгсөн өдөр болох 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 38 195 664 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч Т Б -инд даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т Б - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр жирэмсний амралт авах тухай хүсэлт гарган жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд асрах чөлөөгөө эдэлж дуусган ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг Т Б -ны Хүний нөөцийн газарт гаргасан байдаг. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орох хүсэлт гаргаж гүйцэтгэх захиралтай биечлэн уулзсан бөгөөд тухайн үед гүйцэтгэх захирал МУИС тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан өөр хүн тухайн орон тоонд эгүүлэн томилогдох тухай шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тухай дурдаж өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч Л.У - татгалзсан байдаг.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн шийдвэрээр Д.Сувдыг Т Б -ны МУИС тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нэг ажлын байранд шүүхээс 2 хүн томилох тохиолдолд хэнийг нь тухайн ажилд эгүүлэн томилох ёстой талаар Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиудад зохицуулаагүй байдаг. Нэхэмжлэгч Л.У -ийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Т Б - төлсөн. Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох хүсэлт гаргаж шийдвэрлээгүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж өргөдөл гаргах байсан. Өөрөөр хэлбэл эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг хэтрүүлж гомдол гаргаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Ажилтан ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргаад, уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу буюу ажлаас буруу шилжүүлсэнтэй адилтган үзэх ёстой тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм. 2016 оны 4 сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан гэдэг. Уг хүсэлтийг банкны зүгээс хүлээж аваад хариу өгсөн талаар шалгаж үзэхэд тухайн хүсэлт нь банкинд байдаггүй. Тэгэхээр ажил олгогчид албан ёсоор хандаагүй байгаа учраас ажил олгогч албан тушаал түр хадгалагдаж байгаа гэдэг үндэслэлээр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У -ийг Т Б - ХХК-ийн МУИС тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т Б - ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 35 854 908 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.У -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 340 756 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.У - болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т Б - ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.У - нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Л.У -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441 835 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Т Б - ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407 424 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Хэрвээ шүүх зүйлчлэлийг ингэж хийж байгаа нөхцөлд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2,-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шижүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэсэн зохицуулалтын дагуу гомдол хүлээн авах хугацааны хөөн хэлэлцэх хугацааг тоолох байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2017 оны 5 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Шүүх нэхэмжлэгч Л.У -ийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бичсэн ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг хариуцагч "Т Б -" ХХК 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар түүнийг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзсэн байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 5 сарын 31-ний өдөр гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тооцоод байгаа өдрөөс 1 жил 2 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх бүрэлдэхүүн энэ байдалд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч 2016.02.29-ны өдөр хүсэлт гаргасан бол дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн төдийгүй, дахин ажилд орох хүсэлт гаргаж байсан тухай нотлох баримт байхгүй байхад ингэж дүгнэх боломжгүй. Нэхэмжлэгч Л.У -ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр жирэмсний амралтаа авсан бөгөөд одоог хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимэтгэлийг төлж байгаа үйл баримтыг шүүх үнэлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Л.У -ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халаагүй. Л.У - нь ажил олгогчид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажилд эргэн орох тухай хүсэлтийг Хүний нөөцийн газрын ажилтан Алтанзулд дахин өгсөн гэх боловч үнэн хэрэгтээ ажил олгогчид тухай хүсэлтээ бодитоор өгөөгүй бөгөөд зөвхөн шүүхэд хандах, иргэний хэрэг маргаан үүсгэх зорилгоор тус хүсэлтийг үйлдэн улмаар уг хүсэлтийн эх хувийг ажил олгогчид үлдээхгүйгээр шүүхэд нотлох баримт болгож өгсөн байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй. Т Б -наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 35 854 908 төгрөг гаргуулах болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан тухай хэсгийг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Л.У - нь хариуцагч Т Б - ХХК-д холбогдуулан МУИС тооцооны төвийн захирлын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 38 195 664 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг өнөөдрийг хүртэл төлсөн. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.

 

Л.У - нь Т Б -ны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1004 тоот тушаалаар МУИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилогдон, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1122 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 6-9, 10-11, 12, 57-58/ Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Т.Маргадыг төрүүлсэн нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 14/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд ажилтны албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгох, амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эхэд өөрөө хүсвэл хүүхэд асрах чөлөө олгохоос гадна гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглодог.

Дээрх хуулийн заалтуудаар нэхэмжлэгчийн ажлын байр нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд хэдийд ажилдаа буцаж орох, хүүхэд асрах чөлөө авах эсэхээ ажилтан өөрөө шийдвэрлэх юм. Ажилдаа буцаж орох хугацаагаа сонгох нь ажилтны эрх, боломж бөгөөд эрхийг үүрэгжүүлэн заах, нэг сарын дотор шүүхэд хандахаар үүрэг болгон хуулийг тайлбарлах нь буруу юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн ажлын байр хуулийн дагуу хадгалагдсаар байхад түүнийг ажлаас халагдсантай адилтган үзэх нь буруу бөгөөд ажилтан буюу нэхэмжлэгч гагцхүү хэдийд ажилдаа буцаж орох хугацаагаа өөрөө хүсч сонгон, хуучин ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч буюу ажил олгогчид даалгуулахаар шаардах эрх нь  хэдийд ч нээлттэй. Нэхэмжлэгч нь 2017 оны 3  дугаар сарын 21-ний өдөр анх тутам шүүхэд хандан хуучин ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгуулахаар шаардсаныг ажилдаа орохоор сонгож, илэрхийлсэн хугацаа буюу хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж, тухайн өдрөөс цалин олговрыг гаргуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав. 

 

Иймд нэхэмжлэгч Л.У -ийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн ажилгүй байсан хугацааг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 152 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 010 296 төгрөг /1 939 600+1 930 000+2 075 542=5 945 142:3=1 981 714:21.5=92 173*152/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “35 854 908” гэснийг “14 010 296” гэж, “2 340 756” гэснийг “24 185 368” гэж, 5 дах заалтын “407 424” гэснийг “228 001” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т Б - ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 424 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

           ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

                                                                                   Ш.ОЮУНХАНД