Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03817 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нт холбогдох

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулан О ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг бичүүлсэн. Н Х.Эрдэнэбаатараас төлбөр гаргуулах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн үнийг 119 538 697 төгрөг болохыг тогтоолгосон. Тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох хурлаар Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасанчлан, үнэлгээчний тогтоосон үнээр тус О-д өгөхөөр санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд ороогүй тохиолдолд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зохицуулалт гэж үзэж байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн шинэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтууд ижил байгаа тул 73.1 дэх хэсэгт заасан журмаар барьцаа хөрөнгийг О ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар санал авах хүсэлт гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу шийдсэн. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг нь хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутгаж авахыг санал болгоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт нь Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагчид санал болгох тухай хуулийн зохицуулалт биш. Санал болгох хурал хийх шаардлагагүй, төлбөр авагчийн ямар саналтай байх нь бусад этгээдэд хамааралгүйгээр зохицуулсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасныг баримталж санал болгох ажиллагааг явуулсан нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим болон холбогдох хуулийн заалтыг, Н хоёр дахь дуудлага худалдааны үнэлгээ болох 59 769 348 төгрөгөөр бусдад зарагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний үнэлсэн 119 538 697 төгрөгт тооцон манай байгууллагад өгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийг тус тус зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох комиссын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест О ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу 59 769 348 төгрөгөөр үнэлж санал болгохыг Нт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэрчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6246 дугаартай захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 258 330 төгрөг гаргуулж, О ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч төлбөрөө төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэгт тус тус заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэлгээ тогтоож, хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулсан. Хоёр удаагийн албадан дуудлага худалдаагаар барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсан. Санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.5 дахь хэсэгт зааснаар тус тус зохицуулдаг. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох хурлаар төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалтыг барьж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Барьцааны биш төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж, худалдан борлогдоогүй бол төлбөр авагчид санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар зохицуулна. Барьцааны хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулаад худалдан борлогдоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохицуулсан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчимд нийцүүлэн явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч талд энэ талаар холбогдох байгууллагад хандах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтын талаар Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан гараагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох, тус газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О ХХК-д 59 769 348 төгрөгөөр үнэлэн санал болгохыг даалгуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Шийдвэрийн 5 дугаар нүүрний 3 дугаар догол мөрөнд "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээ болох 59 769 348 төгрөгөөр тооцон манай компанид шилжүүлэх ёстой... гэж тайлбарлаж байна. " гэж дурджээ.

О ХХК нь 59 769 348 төгрөгөөр санал болгох талаар огт дурдаагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгох ёстой байсан гэж маргасан. Гэтэл Шүүх нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгоогүй эсхүл зориудаар буруу бичсэн мэт харагдаж байна. Хэргийг судалж үзэлгүй зөвхөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг зөвтгөх гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж хэргийг шийдсэн гэж нэхэмжлэгч үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэтг заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно...", тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно", Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт "Дуудлага худачдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно", 177.4-д “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно" гэж заасан. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнииг Х.Эрдэнэбаатар болон хамтран өмчлөгч нартай О ХХК нь тохиролцож чадаагүй тул Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд буюу шийдвэр гүйцэтгэх байгууллага томилж үнэлгээчний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаа явагдсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдааг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасантай тохирч байгаа. Үүнээс үзвэл Х.Эрдэнэбаатарын үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэт зааснаар О ХХК-д санал болгох ёстой байсан нь тогтоогдож байна.

Шийдвэрийн 4 дүгээр нүүрний 4 дүгээр догол мөрөнд "...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 83 677 087 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр явуулсан... "

Шийдвэрийн 4 дүгээр нүүрний 5 дугаар догол мөрөнд "...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу унэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон 59 769 348 төгрөгөөр тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 09 дугаар сарын 02-ны өдөр явуулсан..." гэж тус тус дурьдсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуучин хууль буюу 2002 онд батлагдсан хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад явагдсан. О ХХК-ийн үзэж байгаагаар 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад албадан дуудлага худалдаа явагдсан тул 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан. Учир нь 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт "худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно." гэж заасан заасан байдаг. Хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа тул 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулаттай адил заалт нь 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт юм. О ХХК-ийн үзэж байгаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох нарийвчилсан зохицуулалт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэг нь төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь анхны болон 2 дахь дуудлага худалдаанд ороогүй тохиолдолд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх хуулийн зохицуулатт байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтад "...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй..." энэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтад "...худалдан борлогдоогүй..." гэж тусгасан нь барьцаатай барьцаагүй гэдгээр нь ялгалгүй харин албадан дуудлага худалдаанд орсон ороогүй эсэхээр нь ялгасан хуулийн зохицуулалт болох нь нотлогдож байна. Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйл, "...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй...", "...худалдан борлогдоогүй..." гэх 2 өөр нөхцөл байдлыг буруу тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үйл баримт болон төлбөр төлөгч өөрөө хөрөнгөө худалдан борлуулж чадаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалт хэрэгжих ёстой гэж О ХХК үзэж байна.

Хэрэв тийм биш бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх заалт нь ямар тохиолдолд хэрэглэгдэх нь ойлгомжгүй байна. Үүнийг Шүүх тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтад "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хурапдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэснийг зөрчсөн үйлдэл болсон. Шүүх хуралдаанд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт нь барьцаа хөрөнгөгүй үед хэрэглэх, харин тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтыг барьцаа хөрөнгөтэй үед хэрэглэх хуулийн зохицуулалт мэтээр тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг хариуцагчийн тайлбарласнаар бол барьцаа хөрөнгөгүй зээл авч хугацаандаа төлөөгүй учраас маргааныг шүүхээр шийдвэрлүүлж 1 000 000 төгрөгийн төлбөртэй болсон. Төлбөр төлөгч төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл түүний өмчлөлд байдаг 100 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг зөрүү төлбөргүйгээр төлбөр авагч нь төлбөртөө тооцон шууд авч болох мэт ойлгогдож байна. Энэхүү үйлдэл нь шударга зарчимд үл нийцэж бусдын үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн явдал юм. Харин үл хөдлөх хөрөнгө нь барьцаалагдсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт хамаарах ёстой гэж үзэж байна. Учир нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нь ирээдүйд гарч болох төлбөрийн асуудлыг тооцон өөрийн эд хөрөнгийг барьцаалан. барьцааны зүйлдээ тохирсон зээлийг авч зээлийн харилцаанд оролцсон учир төлбөр төлөгч нь төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй бол зөрүү төлбөргүйгээр барьцаа хөрөнгийг шилжүүлж болно. Зөвхөн ийм тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт хэрэгжих боломжтой болох нь нотлогдож байна.

Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "..шударга ёс, ... дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй..." гэж заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дахь албадан дуудлага худалдаагаар 59 769 348 төгрөгөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг тус О ХХК-д 119 538 697 төгрөгт тооцон өгөх шударга бус тогтоолыг шүүх шударга гэж үзэж Үндсэн хууль зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг санал болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             Хэрэгт нэхэмжлэгч О ХХК-д зээлдэгч Х.Эрдэнэбаатар зээлийн гэрээний үүрэгт 37 258 333 төгрөг төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамж авагдсан байх ба уг төлбөр төлөгдөөгүйгээс 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 249 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх 6-9 дэх тал/

 

            Зохигчид барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын 1 дүгээр байрны 68 тоотод байрлах 2 өрөө орон сууц төлбөрт хураагдаж битүүмжлэгдсэн, мөн үнэлгээ тогтоосон, 2 удаа албадан дуудлага худалдаа явагдсан үйл баримтад маргаагүй. Харин дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуульд заасан журмыг зөрчсөн эсэх талаар маргажээ.

 

            Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус явуулахад борлогдоогүй болох нь хэргийн 58-64 дүгээр талд авагдсан авагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна.

 

            Улмаар хариуцагч тал, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар төлбөр төлөгчийн барьцааны орон сууцыг шинжээчийн үнэлсэн 119 538 697 төгрөгөөр төлбөр авагч О ХХК-д шилжүүлж, зөрүү 87 558 122 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулан төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатарт шилжүүлсэнээр төлбөр авагчид өмчлөх эрх үүсэхээр шийдвэрлэсэн болох нь хэргийн 65-66 дугаар талд авагдсан 10 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлээр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулах журмыг зохицуулж өгсөн. Төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар борлуулагдаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан “... дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр, гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгох ... ” ажиллагааг явуулсны дараа мөн зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах ёстой байжээ. Хариуцагч тал уг ажиллагааг явуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох комиссын хурлын 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал болгох комиссын хурлын 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулахыг даалгасугай” гэж,

 

             Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Ч.ЦЭНД