Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/00686

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00516/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, . тоотод байрлах Ж.М- ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ..... байрлах Д.М-ХХК-д холбогдох

 

4.879.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М- ХХК-ний дэд захирал Д.Б-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.М- ХХК нь Д.М-ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ХАГ0083/16 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг бүр нь 360 000 төгрөгийн үнэ бүхий U6 маркын гар утас 25 ширхэг буюу 9 000 000 төгрөгийн, 1 000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг урьдчилан төлбөрт үйлчилгээний дугаар буюу 25 000 төгрөгийн нийт 9 025 000 төгрөгийн бараа материалыг 7 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 5 772 000 төгрөгийг төлж, үлдэх 3 253 000 төгрөгийг төлөөгүй тул удаа дараа утсаар болон албан бичгээр төлбөр төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл т өлөөгүй байна.

Иймд Д.М-ХХК-аас Хамтран ажиллах гэрээний дагуу үлдэх төлбөр 3 253 000 төгрөгийг гэрээний 1.4 дэх хэсэгт заасан “...төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу 231 хоногийн алданги 1 626 000 төгрөгийн хамт нийт 4 879 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М-ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ж.М- ХХК-ийн байгууллага хариуцсан менежер Г-овогтой Э- нь манай хэсэг ажилчидтай уулзан утасныхаа талаар мэдээлэл өгч, цалингаасаа өөрсдөө төлж байхаар зээлийн нөхцлөөр авч болох талаар санал болгож 2016 оны 1 сард Д.М-ХХК-ийн 24 ажиллагсдад Ж.М-ын нэг бүр нь 361 000 төгрөг, нийт 9 025 000 төгрөгийн үнэ бүхий U6 гар утсыг 2016 оны 1 сараас хуваан төлөх нөхцөлтэйгээр олгосон байна.

Ж.М- ХХК-тай Д.М-ХХК нь компанийн захирал гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг бүхий гэрээг албан ёсоор байгуулаагүй, дээрх утсыг ажилчдад зээлийн нөхцөлтэйгээр олгох талаар ярьж тохирсон зүйл байхгүй болно. Ийнхүү Ж.М- ХХК-ийн байгууллага хариуцсан менежер Г.Э- нь урьдчилан тохиролцсоны дагуу 2016 оны 3 сард хүний нөөцийн менежер Д.Х-д Жи Мобайл ХХК-ны ажиллагсадтай хийх гэрээний загвар, зааварчилгаа өгч, ажиллагсад тус бүртэй гэрээ хийж, гарын үсэг зуруулан авсан. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Ж.М- ХХК-ийн салбарын менежер Л.Б- нь манай компанийн ажиллагсадтай тус бүртэй хийсэн 23 ш гэрээг тоолж, гарын үсэг зурж хүлээн авсан боловч ажилтан нэг бүрийн нэр бүхий байгуулсан гэрээний баталгаажсан хувийг одоо болтол өгөөгүй. Тус компанийн хүний нөөцийн менежер Д.Х- ажиллагсдын өгсөн утасны төлбөрийн мөнгийг 2016 оны 1 сараас эхлэн 2017 оны 3 сарын 18-ны өдрийг хүртэл нийт 5 772 000 төгрөгийг төлсөн болно. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 3 253 000 төгрөг. Байгууллага хариуцсан менежер Г.Э- нь “Танай компанийн зүгээс ажлаас гарсан ажиллагсадын талаар тухай бүр мэдэгдсэн тохиолдолд бид ажиллагсадтай өөрсөдтэй нь гэрээ хийж байгаа тул өр барагдуулах албаараа дамжуулан тэдгээр хүмүүсээс утасныхаа төлбөрийг олж авна” гэсний дагуу ажлаас гарсан ажиллагсадын талаар болон төлбөр тооцооны талаар тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд дансаар мөнгө шилжүүлсэн тухай бүрдээ ч албан ёсоор мэдэгдэж байсан. Дээрх 3 253 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн 1 265 000 төгрөг нь ажлаас гарсан хүмүүст хамаарагдах өр төлбөр болно.

Тус компанийн ажиллагсадын авсан гар утаснууд утас авснаас хойш 2 сарын дараа буюу 2016 оны 3 сараас төрөл бүрийн шалтгаанаар эвдэрч эхэлсэн. Энэ талаар Г.Э-д утсаар мэдэгдэж, засуулах талаар ч бас мэдэгдэж байсан болно. Ж.М- ХХК-аас авсан энэ утас нь засвар авахгүй, эсвэл сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байсан талаар ажиллагсад удаа дараа гомдол гаргаж байсан ба гар утсаа засуулахаар утас зардаг газруудад очиж ижил төрлийн утасны үнэ ханшийг судлахад Дарханд л гэхэд дээд тал нь 310 000 төгрөгөөр зарагдаж байсан. Ажилчид ч өөрсдийн нэрээр байгуулсан гэрээгүй тул эвдэрсэн утсаа засуулах, эсвэл солиулахаар Ж.М- ХХК-д хандах боломжгүй байсан. Ж.М- ХХК нь тогтмол орлоготой ажиллагсдад гар утсаа өндөр үнээр ямар ч хамаагүй аргаар дүр эсгэсэн гэрээ хийж утсаа борлуулахыг урьтал болгосон гэж үзэж байна. Иймд Д.М-ХХК-ийн ажиллагсад тус бүртэй гэрээ хийж олгосон утасны үлдэгдэл төлбөр, алдангийг компани хариуцах үндэслэлгүй байгаа ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.М- ХХК нь хариуцагч Д.М-ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу гар утас худалдсаны төлбөр 3.253.000 төгрөг, алданги 1.626.000 төгрөг нийт 4.879.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.М-ХХК нь одоо ажиллаж байгаа ажиллагсадын утасны үлдэгдэл төлбөр 1988 000 төгрөгийг зөвшөөрч, ажлаас халагдсан ажиллагсадын төлбөр 1 265 000 төгрөгийг тухайн ажиллагсадтай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.М- ХХК нь хариуцагч Д.М-ХХК-тай харилцан тохиролцож, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр №ХАГ-0083/16 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулан, U6 багц 25 ширхэг, нэг бүрийн үнэ 360.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг, 500

 

mb+7х дугаар 25 ширхэг, нэг бүрийн үнэ  1000 төгрөг нийт 25 000 төгрөгийн гар утас, дугаарыг Д.М-ХХК-д шилжүүлэн, төлбөрийг 2016.01.25-наас 2016.08.25 хүртэл төлөх нөхцөлтэйгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 8-10 дугаар хуудас/

 

Гэрээний дагуу гар утас, бараа материалыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Д.М-ХХК-д хүлээлгэн өгч акт үйлдэж, ажиллагсадад хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11-16 дугаар хуудас/

 

Хариуцагч Д.М-ХХК нь гэрээний дагуу 5.772.000 төгрөг төлсөн талаар Хаан банкны орлогын мэдүүлэг ирүүлсэн байх бөгөөд дээрхи баримтуудаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 

Хариуцагч нь ажлаас халагдсан ажиллагсадын төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 1,3-т “Энэхүү гэрээний 1:1-д заасан нөхцөлтэйгээр гар утас, төхөөрөмж авсан албан хаагч ажлаасаа халагдах, тэтгэвэрт гарах, шилжилт хөдөлгөөнд орох тохиолдолд Ж.М- ХХК-д мэдэгдсэнээр тухайн албан хаагчийн өмнөөс компани нь ямарваа үүрэг хариуцлага хүлээхгүй болно” гэж зааснаар хариуцагч нь гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх байсан боловч хариуцагч нь ажлаас халагдсан ажиллагсадын талаар мэдэгдэж байсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.М- ХХК-ний хүсэлтээр ажлаас халагдсан ажилчдын тушаалууд, хариуцагч Д.М-ХХК-ний хүсэлтээр нэр бүхий ажиллагсадтай байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 55-166, 169-172 дугаар хуудас,

 

Хариуцагч нь гар утас худалдан авсан ажиллагсадын тодорхойлолт шүүхэд ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Компанийн захирал гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг бүхий гэрээг албан ёсоор байгуулаагүй, дээрх утсыг ажилчдад зээлийн нөхцөлтэйгээр олгох талаар ярьж тохирсон зүйл байхгүй... гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг тогтоогоогүй, энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байх тул гэрээний дагуу нэхэмжлэгч шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, Гэрээний 1.4-т “Гэрээний 1:1-т заасан нөхцөлтэй худалдан авалт хийсэн ажилтан ...энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”  гэж зааснаар хариуцагч Д.М-ХХК-иас үндсэн төлбөр 3.253.000 төгрөг, алданги 1.623.000 төгрөг нийт 4.879.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.М- ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Х.Б-, хариуцагч Д.М-ХХК-ний итгэмжлэлээр Д.М. нар төлөөлөн оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                     

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.М-ХХК-иас 4.879.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М- ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93.022 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93.022 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА