Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00047

 

Ж ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэр,

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар магадлалтай,            

            Ж ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

            Д ХХК-д  холбогдох

            4.879.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч Ж ХХК-ийн  нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж ХХК   нь Д ХХК-тай    2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХАГ0083/16 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг бүр нь 360.000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас 25 ширхэг буюу 9.000.000 төгрөгийн, 1000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг урьдчилан төлбөрт үйлчилгээний дугаар буюу 25.000 төгрөг нийт 9.025.000 төгрөгийн бараа материалыг 7 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан. Гэвч дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 5.772.000 төгрөгийг төлж, үлдэх 3.253.000 төгрөгийг төлөөгүй тул удаа дараа утсаар болон албан бичгээр төлбөр төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д ХХК-иас   Хамтран ажиллах гэрээний дагуу үлдэх төлбөр 3.253.000 төгрөгийг гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу 231 хоногийн алданги 1.626.000 төгрөг, нийт 4.879.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын гаргасан тайлбарт: Ж ХХК-ийн  байгууллага хариуцсан менежер Г.Энх-Амгалан нь манай хэсэг ажилчидтай уулзан утасныхаа талаар мэдээлэл өгч, цалингаасаа өөрсдөө төлөх зээлийн нөхцлөөр авч болох талаар санал болгож, 2016 оны 1 сард Д ХХК-ийн 24 ажиллагсдад Жи-Мобайлын нэг бүр нь 361.000 төгрөг, нийт 9.025.000 төгрөгийн үнэ бүхий U6 гар утсыг 2016 оны 1 сараас хуваан төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Ж ХХК-тай Д ХХК нь компанийн захирал гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж гэрээг албан ёсоор байгуулаагүй, дээрх утсыг ажилчдад зээлийн нөхцөлтэйгөөр олгох талаар ярьж тохирсон зүйл байхгүй болно. Ийнхүү Ж ХХК-ийн  байгууллага хариуцсан менежер нь урьдчилан тохиролцсоны дагуу 2016 оны 3 сард хүний нөөцийн менежер Д.Хандмаад Ж ХХК-ийн  ажиллагсадтай хийх гэрээний загвар, зааварчилгаа өгч, ажиллагсад тус бүртэй гэрээ хийж, гарын үсэг зуруулан авсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Ж ХХК-ийн  салбарын менежер Л.Батсүх нь манай компанийн ажиллагсадтай тус бүртэй хийсэн 23 ш гэрээг тоолж, гарын үсэг зурж хүлээн авсан боловч ажилтан нэг бүрийн нэр бүхий байгуулсан гэрээний баталгаажсан хувийг одоо болтол өгөөгүй. Тус компанийн хүний нөөцийн менежер Д.Хандмаа ажиллагсдын өгсөн утасны төлбөрийн мөнгийг 2016 оны 1 сараас эхлэн 2017 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл нийт 5.772.000 төгрөгийг төлсөн болно. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 3.253.000 төгрөг байгаа. Байгууллага хариуцсан менежер Г.Энх-Амгалан нь “Танай компанийн зүгээс ажлаас гарсан ажиллагсдын талаар тухай бүр мэдэгдсэн тохиолдолд бид ажиллагсадтай өөрсөдтэй нь гэрээ хийж байгаа тул өр барагдуулах албаараа дамжуулан тэдгээр хүмүүсээс утасныхаа төлбөрийг олж авна” гэсний дагуу ажлаас гарсан ажиллагсдын талаар болон төлбөр тооцооны талаар тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд дансаар мөнгө шилжүүлэх бүрдээ албан ёсоор мэдэгдэж байсан. Дээрх 3.253.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн 1.265.000 төгрөг нь ажлаас гарсан хүмүүст хамаарагдах өр төлбөр болно. Тус компанийн ажиллагсдын авсан гар утаснууд нь 2 сарын дараа буюу 2016 оны 3 сараас төрөл бүрийн шалтгаанаар эвдэрч эхэлсэн. Энэ талаар Г.Энх-Амгаланд утсаар мэдэгдэж, засуулах талаар ч бас мэдэгдэж байсан болно. Ж ХХК-иас авсан утас нь засвар авахгүй, эсвэл сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байсан талаар ажиллагсад удаа дараа гомдол гаргаж байсан ба гар утсаа засуулахаар утас зардаг газруудад очиж ижил төрлийн утасны үнэ ханшийг судлахад 310.000 төгрөгөөр зарагдаж байсан. Ажилчид ч өөрсдийн нэрээр байгуулсан гэрээгүй тул эвдэрсэн утсаа засуулах, эсвэл солиулахаар Ж ХХК-д  хандах боломжгүй байсан. Ж ХХК   нь тогтмол орлоготой ажиллагсдад гар утсаа өндөр үнээр ямар ч хамаагүй аргаар дүр эсгэсэн гэрээ хийж утсаа борлуулахыг урьтал болгосон гэж үзэж байна. Иймд Д ХХК-ийн ажиллагсад тус бүртэй гэрээ хийж олгосон утасны үлдэгдэл төлбөр, алдангийг компани хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас   4.879.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93.022 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93.022 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.214 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, хариуцагчид буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 128 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Ж ХХК   нь Д ХХК-тай    2016 оны 1 дүгээр сард ХАГ0083/16 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу төлбөрийг хавсралтад заасны дагуу хуваан төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Гэвч хариуцагч байгууллага төлбөрийг төлөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой хохирол гэдэг нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан мэт харагдаж байх боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, худалдагч нь нийлүүлж, худалдан авагч нь барааг хүлээн авч, төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээгдсэн. Үүний дагуу хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан Д.Мөнхбаяр нь барааг хүлээн авсан. Мөн Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Байгалмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16/20 тоот албан бичгээр ажилтнуудын талаар тодорхойлолтыг гарган өгсөн, гэрээний дагуу төлөх төлбөрөөс 5.772.000 төгрөгийг төлж байсан зэрэг нь тухайн байгууллага хариуцах үндэслэлтэйг нотолж байна. Хариуцагч байгууллага нь гэрээний 1.3-т заасны дагуу ажлаас гарсан, чөлөөлөгдсөн ажилтнуудын талаар мэдэгдсэн бол аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлтэй байсан. Гэтэл хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар шүүхэд нотлох баримт гарган өгөөгүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. ИХШХШТХ-д зааснаар талууд нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч хариуцагч байгууллага нь энэ үүргээ гүйцэтгээгүй, шүүхэд гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан ба анхан шатны шүүхэд гаргаагүй баримтыг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шинээр гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн. Иймд Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 тоот үндэслэл бүхий шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч Ж ХХК   нь хариуцагч Д ХХК-д  холбогдуулан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу гар утас худалдсаны төлбөр 3.253.000 төгрөг, алданги 1.626.000 төгрөг, нийт 4.879.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хариуцагч нь одоо ажиллаж байгаа ажилтнуудын утасны үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, харин ажлаас халагдсан ажиллагсдын төлбөр 1.265.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

       2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ж ХХК , Д ХХК-ийн хооронд хийгдсэн №ХАГ-0083/16 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-нд нэг бүр нь 360.000 төгрөгийн үнэтэй U6 маркийн 25 ширхэг гар утас, нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй 500 mb+7х дугаар 25 ширхэг, нийт 9.025.000 төгрөгийн гар утас, дугаарыг Д ХХК-д  шилжүүлэх, төлбөрийг 2016.01.25-ны өдрөөс 2016.08.25 өдөр хүртэл төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

            Дээрх гэрээний дагуу гар утас, бараа материалыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д ХХК-д  хүлээлгэн өгч акт үйлдсэн, хариуцагч нь Хаан банкны дансаар гэрээний дагуу 5.772.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай баримт хэрэгт авагдсан байна. /хх-11-16, 30-33/

         Хамтран ажиллах гэрээний 1.3-т “Энэхүү гэрээний 1.1-д заасан нөхцөлтэйгөөр гар утас, төхөөрөмж авсан албан хаагч ажлаасаа халагдах, тэтгэвэрт гарах, шилжилт хөдөлгөөнд орох тохиолдолд Ж ХХК-д  мэдэгдсэнээр тухайн албан хаагчийн өмнөөс компани нь ямарваа үүрэг хариуцлага хүлээхгүй болно” гэж зааснаар хариуцагч нь гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тохиролцсон боловч тэрээр ажлаас халагдсан ажиллагсдын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээнд заасан дээрх нөхцөлөөр хариуцагчийг үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

          Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хариуцагчийн гэрээнд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул ажлаас халагдсан ажиллагсдын төлбөрийг төлөхгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  

        Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хариуцагч Д ХХК-иас   үндсэн төлбөр 3.253.000 төгрөг, алданги 1.623.000 төгрөг, нийт 4.879.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д  олгохоор шийдвэрлэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т нийцсэн гэж үзнэ.

        Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй,  маргаантай харилцааг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний нөхцөлийг хуульд зааснаар тайлбарлаагүй байна.

           2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ХАГ0083/16 тоот хамтран ажиллах гэрээний 1.1-д гэрээний талууд хавсралт 1-т заасан бараа материал /гар утас, төхөөрөмж, дугаар, цэнэглэгч карт, сунгалтын карт болон бусад/-ыг Д ХХК-ийн албан хаагчдад хуваан төлөх нөхцөлтэйгөөр, хавсралт 2-т тогтоосон хуваарийн дагуу Ж ХХК-ийн  дансанд төлбөрийг шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана” гэж заасан ба зээлээр авсан бараа материалын нэр төрөл, тоо, үнэ гэсэн хүснэгт бүхий гэрээний зүйлийн жагсаалт, зээлээр авсан бараа материалын үнийг эргэн төлөх хуваарь, зээлээр худалдсан бараа материалыг хүлээлцсэн акт, зээл төлөх баталгаа гэсэн талууд гарын үсэг зурсан хавсралт 1, 2, 3, 4 гэх баримт хэрэгт авагдсан байна. /хх-8-14/

            Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзнэ.

       Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “...гэрээний 1.1-т заасан нөхцөлтэй худалдан авалт хийсэн ажилтан /хавсралт 4 дэх албан хаагчид/ нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасныг гэрээний зорилго, талуудын эрх, үүрэг, 1.3, 1.5-д заасан тусгай нөхцөлүүдтэй харьцуулан үнэлж чадаагүйгээс “...алдангийг 25 албан хаагчид төлөх үүрэг хүлээсэн байхад энэ талаар шүүх тодруулаагүй” гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасныг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүй байна.

          Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд талуудын хэлцэл хийх үеийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуульд заасны дагуу тайлбарлаагүй, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. 

      Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.022 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН