Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00132 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Сийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Гд холбогдох

 

8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг

Хариуцагч М.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Гтай 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр аман гэрээ байгуулж, 0014705 дугаартай, 0504614 тоот хөдөлгүүртэй, УАЗ-31512 маркийн 28-02 ГАА улсын дугаартай, Орос Улсад үйлдвэрлэсэн, 12 000 километр явсан цагаан саарал өнгийн УАЗ-469 автомашинаа өгсөн. Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд “Өлзийт интертрейд” ХХК-ийн барьж байсан орон сууцнаас 2 өрөө байр өгнө гээд автомашиныг урьдчилгаанд авсан. Энэ талаар тэмдэглэлийн дэвтэртээ гарын үсгийг нь зуруулж авсан нь автомашиныг авсан нь үнэн гэсэн хамгийн том зөвшилцөл юм. Үүнээс хойш М.Г сураггүй алга болохоор нь хайж явсаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад М.Г байрнаасаа нүүж явсан төдийгүй, хаяг нь тодорхойгүй болсон байсан. Тиймээс Тахарын албанд хандахад регистрийн дугаарыг олж өгсөн нь цаашид цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах боломжтой болж удаан хугацаанд эрэн сурвалжлаад, Маам овогтой болохыг нь мэдэж, аймгийн шүүх, цагдаа, иргэний бүртгэлийн газарт дахин хандсанд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол-1692, 33 дугаар байрны 112 тоотод амьдардаг болохыг мэдсэн. Тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад М.Г дээрх хаягт оршин суудаггүй нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. М.Гын оршин суух хаяг олдоогүй тул Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвөөс машиныхаа дугаараар хайлгахад 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 12 дугаар байр, 16 тоотод амьдардаг ГМ-85103012 регистрийн дугаартай, Батцэнгэл овогтой Лхагвацэндийн нэр дээр болгож өгсөн байсан. Б.Лхагвацэнд, М.Гын хүргэн бөгөөд машиныг 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн Мукарат овогтой Ерландад зарж, Улсын бүртгэлд бүртгэгдснийг мэдсэн. Иймээс М.Гаас машины үнэ, ирж буцах зардалд 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ байрны талаар миний багын найз, М.Гтай найзууд байр авах гэж байгаа бол түүнээс ав, барилга барьж байгаа гээд уулзуулсан. Ингээд бид ярилцаж тохироод, байрны урьдчилгаанд манай нөхрийн өмчлөлийн 28-02 ГАА улсын дугаартай, УАЗ-469 автомашиныг Говь-Алтай аймгаас унаж ирэхэд, байрны гаднаас М.Г өөрийн биеэр ирж, бичиг баримттай нь хамт аваад явсан. Түүнээс хойш ямар нэгэн хэл сураг тасарч олдоогүй тул шүүхэд хандахад хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн аваагүйн улмаас эрэн сурвалжлуулсан. Энэ хугацаанд захиалсан байр ашиглалтанд орж, надад хэлсэн байрыг өөр хүнд давхардуулж өгснийг мэдсэн бөгөөд хариуцагч утсаа авахгүй, олдохгүй байсан учраас хүүхэд, ээж, эхнэр бүгдтэй нь ярьж хэлж байсан. Автомашинаа өгсний дараахан М.Гтай холбогдоод ярихад чи хүлээж байгаач, ямар тэвчээргүй юм гэж загнаад, уурлаад байхаар нь байрыг ашиглалтанд орохыг хүлээсэн ч байрандаа орж чадаагүй үлдсэн. Үнэхээр хэцүү байна. Гэр бүлд үүнээс болоод маргаан үүсэж, арга барагдаад би Булган аймаг хүртэл автомашинаа хайж очоод, олоогүй, зарагдсаныг мэдсэн. Муу автомашин байсан гэж байна. Тийм бол эзэнд нь учрыг нь хэлээд өгөхгүй яасан бэ? Муу байтал хаа байгаа Баян-Өлгий аймаг руу 6 000 000 төгрөгөөр зарагдах уу? Эдний хүргэн энэ хоёрын хийсэн асуудал. Хариуцагчийг хайх, машинаа олж авахын тулд маш их цаг хугацаа орсон мөн хот руу олон удаа ирж, буцсан. Бид тэтгэврийн хоёр хөгшин амьдардаг. Чирэгдэл их учирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Гаас 7 386 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 614 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 133 126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүгч нь шүүх хуралдаан дээр удаа дараа хариуцагч миний хүсэлт зоригоо илэрхийлэх боломжийг хязгаарлах, бүтэн яриулахгүй байх, зогсоох, өөрийн үзэл бодлыг тулгах байдлаар хандсанаас гадна миний болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхих байдлаар хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах боломжгүй болгож эцэст нь хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагч надад илтэд хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Д.С нь М.Гтай ярилцаж, тохиролцоод байрны урьдчилгаа төлбөрт УАЗ-469 маркийн автомашиныг өгсөн болох нь зохигчдын гайлбараар тогтоогдож байна гэж бичсэн. Хариуцагч миний хувьд удаа дараагийн шүүх хуралдаанууд дээр Д.С гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй талаараа олон удаа хэлсэн боловч миний үгийг тоож авч хэлэлцсэнгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.С бус Б.Наранцэцэг гэдэг хүн байсан гэж тайлбарлаад байгааг мөн шүүх анхаарч үзээгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.С нь 2 өрөө орон сууцыг авахаар надтай хэлцэл хийсэн гэж бичээд уг хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар харилцан тохиролцсон гээд бичээд байгаа нь үндэслэлгүй. Би барилгын компанийн захирал биш учраас уг байгууллагыг төлөөлөн хэлцэл хийх эрх надад олгогдоогүй. Би зүгээр л тухайн байгууллагын ажилтан. Тийм ч учраас тухайн үед н.Наранцэцэгийн гуйлтын дагуу "Өлзийт интертрэйд" ХХК-ийн захиралуудтай нь уулзуулж өгсөн билээ. Надад тухайн автомашиныг авах хүсэл зориг байгаагүй. Өөрөө авахаар ч хэлцэл хийгээгүй. Ийнхүү уулзуулж өгсөн өдөр Д.Наранцэцэг нь тухайн барилга баригдаж байгаа газрын хашаанд автомашинаа орхиод явсан. Товчхондоо М.Г би автомашиныг өөртөө авахаар хэлцэл хийгээгүй бөгөөд өөртөө аваагүй. Мөн бусдад худалдаагүй. Автомашинаас ганц ч төгрөгийг өөртөө наагаагүй. Маргаад байгаа автомашин нь М.Г миний нэр дээр шилжиж ирсэн удаа байхгүй. Автомашины өмчлөлийг М.Г надад өгсөн бол надаас нэхэмжлэх ёстой биш гэж үү. Д.Наранцэцэг нь автомашиныг "Өлзийт интертрэйд" ХХК-ийн барилгын хашаанд үлдээгээд явчихсан. Маш удаан хугацаанд машинаа аваагүй учраас байгууллагын зүгээс та тэр хүнийг дагуулж авчирсан учраас автомашиныг нь буцаан өг гэсэн. Тэгээд л би өөрийн зардлаар Булган аймагт аваачиж орхисон. Мөн шүүх нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсен үзэж байгааг зөвшөөрөхгүй. Дээр дурдснаар уг автомашин миний өмчлөлд ирсэн удаагүй. Д.Наранцэцэгээс компанийн эзэмшилд шилжиж, дараа нь Булган аймаг руу хүргэх үед миний эзэмшилд шилжиж, дараа нь өөр эзэмшилд шилжсэн. Харин өмчлөл нь надад шилжиж ирээгүй. Би уг автомашинтай холбоотойгоор зардал л гаргаснаас нэг ч төгрөгийн орлого олоогүй. Би захиран зарцуулаагүй. Мөн 6 000 000 төгрөгөөр зарагдсан нь баримтаар тогтоогдсон тул автомашины үнэ 6 000 000 төгрөг, ирж буцах 27 удаагийн зардал, эрэн сурвалжлуулсны зардалд 1 386 000 төгрөг, нийт 7 386 000 төгрөг гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь ямар баримтаар тогтоогдсон гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Би худалдаагүй. Зардлын хувьд нэхэмжлэгч нь Д.С. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зардал гээд баримтууд өгснийг Д.Сийн зардал гэж тооцоод байгаа юм уу гэж ойлгож байна. Д.Наранцэцэгийн нэхэмжлэлээр эрэн сурвалжилсан нь Д.Сийн нэхэмжлэлд ямар хамаатайг ойлгохгүй байна. Д.С нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой л итгэмжлэл өгсөнөөс өөрөөр итгэмжлэл өгч байгаагүй байдаг. Гэтэл субъектүүдийг нь хооронд хольж хутгаад, эсхүл зориуд хамаатуулаад шийдвэрлээд байна. Нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан байхад дуусаагүй гэсэн үндэслэлгүй тайлбар хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, хавтаст хэргийн 11 дэх талд байх “Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 328” шийдвэрээс харвал Б.Наранцэцэг гэдэг хүн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, түүнийг нь шүүх шийдвэрлэж байсан. Энэ хугацаа нь анх тохиролцсон гэх 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс тоолоход ч, нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаа хайж байгаад олж бичиж хийлгэсэн гэх 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс тооцсон ч гурван жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч Д.С нь өөрөө эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байсан мэтээр нэхэмжлэл дээрээ худлал зүйл бичсэн байсан байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдоно. Харин Д.С гэдэг хүн 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр автомашинаа компанид шилжүүлэн өгсөн бөгөөд түүнээс хойш эрх зөрчигдсөн гэж үзэж, аливаа нэгэн байгууллагад хандаж байгаагүй. Хавтаст хэргийн 14 дэх талд байгаа 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн "Иргэний хэрэг үүсгэх тухай" шүүгчийн захирамжаас харвал 2018 онд анх нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс Д.С гэдэг хүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2019/00132  дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Гт холбогдуулан урьдчилгаа төлбөрт өгсөн автомашиныг бусдад худалдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг автомашиныг зараагүй гэх үндэслэл заан маргажээ.

            Талуудын маргааны зүйл нь автомашин шилжүүлсэн үйл баримт болон автомашины үнэ болжээ. Шүүх автомашины үнийг тодорхойлохдоо иргэн К.Батбилэгийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч Д.С, хариуцагчаас автомашины үнэд 6 000 000 төгрөг нэхэмжлэхдээ иргэн К.Батбилэгийн анхан шатны шүүхэд хаягласан бичсэн тодорхойлолтын хуулбар хувийг нотолгооны эх сурвалжаа болгон шүүхэд гаргахдаа иргэн К.Батбилэг, М.Ерлан нарын оршин суугаа газрын хаяг, утасны дугаарыг бичиж өгчээ. /хх 97 дахь тал/  Энэ тохиолдолд шүүх нотолгооны ажиллагаанд оролцож өөрөөр хэлбэл шүүхэд гаргаж өгч буй дээрх нотлох баримттай холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шүүгч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг тайлбарлах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн дээрх гаргаж өгсөн баримт нь уг ажиллагааг явуулсаны үндсэн дээр гаргаж өгсөн нотлох баримт бол мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт  заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой.

            Талууд машины үнийн талаар маргаж байгаа тохиолдолд иргэн К.Батбилэгийн тодорхойлолтыг үндэслэн автомашины үнийг 6 000 000 төгрөг гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

            Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД