Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/01667

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сар 16 өдөр

181/ШШ2020/01667

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ЖД /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Б ХХК /РД:-д холбогдох,

 

171,731,502.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын 1-д заасны дагуу Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн үнэт цаасыг гаргаж, арилжихыг Засгийн газарт зөвшөөрсөн. Тус тогтоолын хүрээнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ч.Бны хооронд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НББ2011/7/86 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ч.Бны хооронд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2011/12-01 тоот Хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу тус банканд 5,122,950,000 төгрөгийг жилийн 1,8 хувийн хяналтын зардалтайгаар, 5 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Талууд тус гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүчингүй болгож мөн өдрөө 2016/ҮГ-07 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ч.Б нь дээрх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг төлж барагдуулаагүй зөрчил хуримтлагдсан байна. Иймд Сан гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 160,605,000 төгрөг, хяналтын зардалд 1,021,302.74 төгрөг, алдангийн төлбөрт 10,105,200 төгрөг, нийт 171,731,502.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ЖД нь хариуцагч Ч.Б ХХК-д холбогдуулан 171,731,502.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ч.Б ХХК-ийн төлөөлөгчид 2020 оны 05 сарын 26-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааныг тодруулахад төлөөлүүлэгчид хариу тайлбар гаргах үүрэгтэй талаар мэдэгдэхэд тодорхой тайлбар өгөөгүй гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2011 оны 11 сарын 01-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Ч.Б ХХК нарын хооронд ННБ2011/7/86 дугаартай Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-3-8 тал/ байгуулагдаж, уг гэрээний дагуу дамжуулан зээлдүүлэх зээлийг арилжааны банкаар буюу Ч.Б ХХК-аар дамжуулан олгох, ийнхүү олгосон зээлийн зээлдэгчидтэй байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн үндсэн зээлийн эргэн төлөлтөөс төвлөрөх эх үүсвэрийг зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөө төлсөн эсэхээс үл хамааран Ч.Б ХХК нь дараа сарын 10-ны өдрийн дотор ЖДгийн Төрийн сан дахь 900019045 тоот тусгай дансанд үл маргах журмаар төвлөрүүлэх, гэрээний хугацаа дуусмагц зээлдэгчдэд олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнг Ч.Б ХХК нь өөрийн эх үүсвэрээр хааж ЖДд үл маргах журмаар 1 сарын дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаас хойш 2011 оны 12 сарын 19-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖД болон Ч.Б ХХК нарын хооронд 2011/12-01 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ /хх-9-13 тал/, 2016 оны 01 сарын 26-ны өдөр Аж үйлдвэрийн яамны ЖД болон Ч.Б ХХК нарын хооронд 2016/ҮГ-07 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ /хх-14-20 тал/ тус тус байгуулагдсан байна.

Дээрх гэрээнүүдийн хүрээнд 5,122,950,000 төгрөгийг, жилийн 1.8 хувийн хяналтын зардалтайгаар, 5 жилийн хугацаатайгаар Ч.Б ХХК-д зээлдүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд 2020 оны 04 сарын 03-ны өдрийн байдлаар Ч.Б ХХК нь үндсэн зээлийн өр 160,605,000 төгрөг, хяналтын зардлын төлбөр 1,021,302.74 төгрөг, алданги 10,105,200 төгрөг, нийт 171,731,502.74 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол /хх-21 тал/-ыг нэхэмжлэгч талаас гаргасан байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч Ч.Б ХХК нь зээлийн хөрөнгийг нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ЖДд буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хяналтын зардлын төлбөр гэх төлбөр нь зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөрийн шинжтэй байх тул зээлийн хүүгийн төлбөр гэж үзэх үндэслэлтэй байх ба талууд хяналтын зардлын төлбөр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дахь заалтад зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасанд, мөн зүйлийн 282.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасанд тус тус нийцсэн байна.

Хариуцагч Ч.Б ХХК нь нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ЖДгийн гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болон хяналтын зардлын хэмжээ, алдангийн хэмжээ, тооцоололд маргаагүй, ЖД болон Ч.Б ХХК нарын хооронд 2011 оны 12 сарын 19-ний өдөр байгуулагдсан 2011/12-01 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 дахь заалтад банк зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй бол эргүүлэн төлөх дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор, Аж үйлдвэрийн яамны ЖД болон Ч.Б ХХК нарын хооронд 2016 оны 01 сарын 26-ны өдөр байгуулагдсан 2016/ҮГ-07 дугаартай Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээний 2 дугаар зүйлийн 2.12 дахь заалтад банк нь зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тус тус тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, алдангийн хувь хэмжээг 0.1 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан хувь хэмжээ буюу 0.5 хувиас хэтрээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ч.Б ХХК-аас 171,731,502.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ЖДд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Б ХХК-аас 171,731,502.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ЖДд олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ч.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,016,607.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УУГАНБАЯР