Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01762

 

 

 

 

 

 

 

 

 

Ж сангийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ч” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 171 731 502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Учралбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Золбоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын 1-д заасны дагуу Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн үнэт цаасыг гаргаж, арилжихыг Засгийн газарт зөвшөөрсөн.

Тус тогтоолын хүрээнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Ч” ХХК-ийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НББ2011/7/86 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Ч” ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2011/12-01 тоот хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан ба тус гэрээний дагуу уг банканд 5 122 950 000 төгрөгийг жилийн 1,8 хувийн хяналтын зардалтайгаар, 5 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн.

Талууд тус гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүчингүй болгож мөн өдрөө 2016/ҮГ-07 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Ч” ХХК нь дээрх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг төлж барагдуулаагүй зөрчил хуримтлагдсан байна. Иймд манай байгууллага гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 160 605 000 төгрөг, хяналтын зардалд 1 021 302 төгрөг, алдангийн төлбөрт 10 105 200 төгрөг, нийт 171 731 502 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “Ч” ХХК-аас 171 731 502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Ж санд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “Ч” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 016 607 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянжаргал нь нэхэмжлэгч Ж сан гэрээнд заагаагүй асуудлаар маргаан үүсгэсэн тул тайлбар өгөхдөө хуулийн үндэслэлтэй тайлбар, татгалзлаа өгөхөөр хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай байсан тул шүүх хурал эхлэхээс өмнө, шүүхэд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хариуцагч нь 14 хоногийн дотор тайлбараа ирүүлээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцно...” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ж сан хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 171 731 502 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч “Ч” ХХК-аас Э.Баянжаргалд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг гардан авах эрх олгосон итгэмжлэлийн дагуу тэрээр мөн өдрөө нэхэмжлэлийг гардан авчээ.

 

Анхан шатны шүүх Ж сангийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ч” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад явуулахаар Э.Баянжаргалд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэхэд “ойлголоо, төлөөлөгч нь солигдсон, дамжуулан хэлнэ гэв” гэх тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдсэн байна.

 

Хариуцагч байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э.Баянжаргалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон байх бөгөөд Э.Баянжаргал нь мөн өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2020/08218 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг мөн оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх мөн өдрийн 181/ШЗ2020/08265 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлэхгүй байх атлаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь хариуцагч байгууллагаас тайлбар гаргахгүй байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр суурийг илэрхийлж байгаа гэж дүгнэх тохиолдолд түүнээс нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлт гаргах эрхэд хамааруулж болох юм. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг эрх зүйн туслалцаа авах замаар өмгөөлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчигдсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 017 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА