Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Бд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 923 668 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд, Ж.Лхагважаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Б нь Г ХХК ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн 1404160148 тоот гэрээгээр 6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хашаа байшин засварлах зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗБ-1404160148 дугаартай барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, Ү-2201046180 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоот хаягт байрлах 18629309383339 нэгж талбарын дугаартай, 309 м.кв талбайтай Г-2201034938 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалан эрх бүхий газарт бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байсан учраас манай талаас удаа дараа сануулж байсан. Хариуцагч нь зээлийн хугацаанд нийт 2 043 250 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлж, үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй байна. Тиймээс одоо үндсэн зээл 6 000 000 төгрөг, үндсэн хүү 3 559 150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343 018 төгрөг, нотариатын зардал 21 500 төгрөг, нийт 9 923 668 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 043 250 төгрөг төлсөн гэжээ. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байна. 6 000 000 төгрөгийн зээлийн хүү 3 559 150 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 343 018 төгрөг шаардаж байна. 3 559 150 төгрөгийн хүү ямар хугацаанд хуримтлагдсан нь тодорхой биш байна. Бас нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээний үндсэн хүүнээс бодсон нь тодорхойгүй байна. Яагаад гэрээний хугацаа 2017 оны 10 сард дууссан байхад гэрээгээр хүлээсэн эрхийнхээ хүрээнд шүүхэд хандахгүй 12 сар хэтрүүлж шүүхэд хандсан нь ойлгомжгүй бөгөөд барьцааны үнийн дүнд зээлийн үндсэн төлбөр хүүг тулган барьцааны зүйлийг 100 хувь авах санаархал бүхий мөнгө хүүлэх бодлого баримталсан байж болох байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: ...хэргийн материалтай танилцлаа. 7 100 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 24-ний дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Бгаас 9 902 168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Бгийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 44 дүгээр гудамж, 5в тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046180 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын 18629309383339 дугаартай, 309 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201034938 дугаарт бүртгэлтэй газар зэргийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343 018 төгрөгөөс 243 929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99 089 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагч Л.Бгаас 243 585 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Газаркапитал партнерс Г ХХК ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо: Л.Б 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г ХХК ХХК-иас 6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан байна. Г ХХК ХХК зээлийн үндсэн төлбөр, нэмэгдүүлсэн хүүд нийт  9 902 168 төгрөг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан хэлцэлд шүүх бодитой үнэн зөв дүгнэлт өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар шийдвэрлэсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Г ХХК ХХК  Л.Б нарын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь хэлцэл Г ХХК ХХК-ийн талаас эрх бүхий этгээд оролцоогүй. Мөн Г ХХК ХХК нь зээл, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй хуулийн этгээд болох нь нотлогдсон байна. Энэ тохиолдолд талууд авсан өгсөнөө буцаах үүргийг харилцан хүлээх хуулийн зохицуулалттай. Г ХХК ХХК-д хариуцагч тал 2 000 000 төгрөгийн төлбөр хийсэн учир хүүгийн хүрээнд 4 000 000 төгрөгийг Г ХХК ХХК-д төлөх үүрэгтэй байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Г ХХК ХХК-ын мөнгө хөрөнгийн эргэлтэд эрсдэл бий болж ирсэн учир тус байгууллагад дээр дурдсан 4 000 000 төгрөг дээр 1 502 168 төгрөгийг нэмж, нийт 5 502 168 төгрөгийг төлөхийг хариуцагч тал зөвшөөрч, үлдсэн 4 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 5 502 168 төгрөг болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г ХХК ХХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 923 668 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

            Г ХХК ХХК нь Л.Бтай 6 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/1404160148 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө ЗБ1404160148 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан, барьцааны гэрээг эрх бүхий газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүссэн өргөдөл зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 11-22/

            Уг гэрээний дагуу Л.Б нь мөнгийг шилжүүлэн авсан, зээлийн эргэн төлөлтийг тодорхой хэмжээгээр төлж байсан гэдэгт маргаагүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын гэрээний харилцааг зөв тодорхойлсон байна.

            Зохигчид зээл өгсөн үйл баримтад маргаангүй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргажээ. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээс үзэхэд, нэхэмжлэгч нь хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эргэн төлөлтийн 100 000 төгрөгөөс 98 600 төгрөгийг үндсэн хүүд, 1 400 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн төлөлтөөс 1 627 250 төгрөгийг үндсэн хүүд, 316 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус суутгасан нь талуудын гэрээний 2.3 дахь заалтад нийцсэн байна. /хх 21/

            Хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж маргах боловч үүнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй байхаас гадна, гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь түүнээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь үндэслэлтэй.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын зөвшөөрсөн 5 502 168 төгрөгийн хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Г ХХК ХХК нь зээл, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд, мөн гэрээнд эрх бүхий этгээд оролцоогүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтаар нэхэмжлэгч Г ХХК ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь тогтоогдож байна. /хх 5-9/

Хариуцагч Л.Бтай зээлийн гэрээг тус компанийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын захирал төлөөлөн байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                             Ч.ЦЭНД