Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/00319

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/00319

                Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .......... хаягт байрлах, “Г-” ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт оршин суух, Х- овогт Л-гийн Б- /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9.923.668 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зээлдэгч Л.Б- нь “Г-” ББСБ ХХК-тай 2016 оны 10 сарын 17-ны өдөр зээлийн 1404160148 тоот  гэрээгээр 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр хашаа байшин засварлах зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2016 оны 10 сарын 17-ны өдөр ЗБ-1404160148 дугаартай барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, Ү-... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байрлах 18629309383339 нэгж талбарын дугаартай, 309 м.кв талбайтай Г-... улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалан 2016 оны 10 сарын 17-ны өдөр 24-4 дугаартай улсын бүртгэлийн бүртгэгчийн тамгатайгаар үл хөдлөхийн газар барьцаагаа бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байсан учраас манай талаас удаа дараа сануулж байсан. 2017 оны 10 сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлнө, удахгүй төлнө гэсээр байгаад төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь 2016 оны 12 сарын 16-ны өдөр 100,000 төгрөг төлснөөс үндсэн хүүнд 98,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,400 төгрөгийг тооцож суутгасан. Мөн 2018 оны 03 сарын 28-ны өдөр 1,943,250 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн хугацаанд нийт 2,043,250 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлж, үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй байна. Тиймээс одоо үндсэн зээл 6,000,000 төгрөг, үндсэн хүү 3,559,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,018 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг, нийт 9,923,668 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад 2016.12.16-ны өдөр, 2018.03.28-ны өдөр 2,043,250 төгрөг төлсөн гэжээ. 2016.12.16-ны өдөр, 2018.03.28-ны өдөр хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байна. 6,000,000 төгрөгийн зээлийн хүү 3,559,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 343,018 төгрөг шаардаж байна.  3,559,150 төгрөгийн хүү ямар хугацаанд хуримтлагдсан нь тодорхой биш байна. Бас нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээний үндсэн хүүнээс бодсон нь тодорхойгүй байна. Яагаад гэрээний хугацаа 2017 оны 10 сард дууссан байхад гэрээгээр хүлээсэн эрхийнхээ хүрээнд шүүхэд хандахгүй 12 сар хэтрүүлж шүүхэд хандсан нь ойлгомжгүй бөгөөд барьцааны үнийн дүнд зээлийн үндсэн төлбөр хүүг тулган барьцааны зүйлийг 100 хувь авах санаархал бүхий мөнгө хүүлэх бодлого баримталсан байж болох байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

2019 оны 01 сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “...хэргийн материалтай танилцлаа. 7 сая 100 мянган төгрөгийг 2019 оны 3-р сарын 24-ний дотор төлж барагдуулах саналтай байна” гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 “Г-” ББСБ ХХК нь хариуцагч Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,923,668 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч    нэхэмжлэлийн    шаардлагын    үндэслэлээ  “...талуудын хооронд 2016 оны 10 сарын 17-ны өдөр ЗГ1404160148 тоот зээлийн гэрээ, ЗБ1404160148 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан тул үндсэн зээл 6,000,000 төгрөг, үндсэн хүү 3,559,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,018 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг, нийт 9,923,668 төгрөгийг зээлдэгч Л.Б-гаас шаардана...” хэмээн тодорхойлов. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэлийн шаардлагыг 7,100,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөх боломжтой. “Г-” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхой бус, барьцааны үнийн дүнд зээлийн үндсэн төлбөр хүүг тулган барьцааны зүйлийг 100 хувь авах санаархал байна...” гэж маргав.

 

“Г-” ББСБ ХХК, Л.Б- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 сарын 17-ны өдрийн ЗГ1404160148 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь 6,000,000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэйгээр, 2016 оны 10 сарын 17-ноос 2017 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар зээлж авсан байна. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож ЗБ1404160148 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, хувийн орон сууц, мөн хаягт байх 309 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийг барьцаалжээ. /хх12-20/

 

Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар, мөн уг зээлийг авсан үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, тус тус хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч “Г-” ББСБ ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн тул зээлдэгч Л.Б-гаас зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Зээлдэгч нь зээлийн хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, үндсэн хүүнд 1,725,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 317,400 төгрөг, нийт 2,043,250 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгчийн шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын хувьд  хариуцагч маргасан боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэл анх гаргахдаа “Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт” гэх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд хариуцагч Л.Б- нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь шүүхэд хариу тайлбарыг 2018 оны 12 сарын 25-ны өдөр бичгээр гаргаж, 2019 оны 01 сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт хэрэгт авагдсан тул хариуцагчийн тооцоолол тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна. /хх-21/

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг 7,100,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөх боломжтой гэсэн тайлбарыг гаргасан ба үлдэх 2,823,668 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзлаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нийт 9,923,668  төгрөг шаардсаны 21,500 төгрөг нь нотариатын зардал, 9,902,168 төгрөг нь зээлийн гэрээний үүрэг хэмээн тодорхойлсон ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д заасныг үндэслэн нотариатын зардал шаардана хэмээн тайлбарласан боловч уг заалтаар “...гэрээ цуцалсантай холбогдсон бүх хариуцлагыг зээлдэгч хүлээнэ” гэдэг нь нэхэмжлэгч Үндсэн хуулиар заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гаргасан зардлыг /өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал гэх мэт/ зээлдэгч хариуцах ойлголт биш юм. Тиймээс нотариатын зардалд нэхэмжлэгчээс төлсөн 21,500 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Б-гаас үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 3,559,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,018 төгрөг, нийт 9,902,168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г-” ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Л.Б-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын 18629309383339 дугаартай, 309 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй газар зэргийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,018 төгрөгөөс 243,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,089 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас 243,585 төгрөгийг тус тус гаргуулж гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-гаас 9,902,168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г-” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын 18629309383339 дугаартай, 309 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,018 төгрөгөөс 243,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,089 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагч Л.Б-гаас 243,585 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г-” ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ