Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01821

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01821

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А даатгал ХХК холбогдох,

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 18166720390071 тоот гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нөхөн олговор 1 684 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Ж.Днар, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Мнь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн дүү Мөнхгэрэлээс 54-94 УБН улсын дугаартай DAIHASTU авто машиныг худалдан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж амжаагүй худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан. Мөн миний бие Адаатгал ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр жолоочийн хариуцлагын гэрээг байгуулсан байсан. Манай дүү С.М нь тухайн машины өмчлөгч байсан тул 2017 оны 12 сарын 07-ны өдөр Адаатгал ХХК-тай жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, гэрээ байгуулсан байсан боловч байгуулсан гэрээгээ байхгүй болгосон гэснээр Адаатгал ХХК нь С.Мтэй байгуулсан гэрээг цуцлаагүй, өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Хуулиараа бол С.Мийн өмчлөлийн автомашиныг би худалдаад авчихсан учир тухайн гэрээг хүчингүй болгож, гэрээний хугацааны хураамжийг суутгаж, надруу шилжүүлсэн үеээс хойш гэрээ дуусгавар болох хугацааны хураамжийн зөрүүг даатгуулагч буюу дүү С.Мд буцаан олгох ёстой байхад, өнөөг хүртэл буцаан олгоогүй байгаа тул С.Мтэй байгуулсан гэрээ мөн хүчинтэй байгаа. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад араас машин мөргөж зам тээврийн осол гарган Адаатгал ХХК-аас нөхөн олговор авах талаар хүсэлт гаргасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нөхөн олговор олгохоос татгалзсан юм. Энэ тухай дээд байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад миний талд нөхөн олговор олгох шийдвэр гарсан боловч Адаатгал ХХК нь нөхөн олговор олгохгүй байна. Адаатгал ХХК-тай миний хийсэн гэрээнээс гадна манай дүү С.Мийн хийсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа ба нэг машин дээр хүчин төгөлдөр хоёр гэрээ байсаар байтал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, Адаатгал ХХК-иас нөхөн олговорт 1 684 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Адаатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Адаатгал ХХК-иас жолоочийн албан журмын даатгалын нөхөн төлбөр 1 684 000 төгрөг гаргуулах Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол, түүний нөхөн төлбөр гаргуулах хүсэлт болох нэхэмжлэлийн маягтыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр даатгагчид гаргаж өгсөн байна. Даатгалын нөхөн төлбөр гаргуулах үндэслэл болгосон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын маягтанд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Мөнхцэцэг, даатгалд хамрагдах жолооч Н.Н гэж мэдүүлсэн нь зөрчилтэй гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. 54-94 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тухайн үед С.М байсан байна. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр зам тээврийн осол гарсан өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5.1-д тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн өмчлөгч бус этгээд гэрээнд бүртгэгдсэн байна. Энэ үндэслэлээр даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мнь хариуцагч Адаатгал ХХК-д холбогдуулан, даатгалын нөхөн төлбөр 1 684 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь Жолоочийн албан журмын даатгалын маягтанд, тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Мөнхцэцэг, даатгалд хамрагдах жолооч Н.Н гэж мэдүүлсэн нь зөрчилтэй, Д.Мөнхцэцэгийн жолоодож явсан ...автомашин нь иргэн С.Мийн өмчлөлийнх бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь даатгуулагч Д.Мбиш байсан тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж маргадаг.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Маргааны зүйл болсон 5494 УНВ улсын дугаартай, мөнгөлөг саарал, DAIHASTU маркийн суудлын автомашин нь анх С.Мийн өмчлөлд байсан болох нь техникийн хэрэгсэлийн гэрчилгээ /гэрчилгээ олгосон: 2013 оны 08 дүгээр сарын 06-ны өдөр гэсэн огноотой/-ний хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдагч С.М, худалдан авагч Д.Мнарын хооронд байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтууд, зохигч талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

Уг суудлын автомашины өмчлөгч байсан жолооч С.М нь 2017 оны 12 сарын 07-ны өдөр Адаатгал ХХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 17166720380091 дугаартай гэрээг байгуулсан үйл баримтын талаар хэргийн 6 дугаар хуудсанд ...даатгуулагчийн мэдүүлгийн маягт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь авагдсан байх боловч энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

Тухайн автомашиныг нэхэмжлэгч Д.Мнь худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй байхдаа буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Адаатгал ХХК-тай, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 18166720380071 дугаартай гэрээг байгуулж, 5494 УНВ улсын дугаартай, DAIHASTU маркийн суудлын авто машины жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх бөгөөд энэхүү гэрээг байгуулснаас хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.Мөнхгэрэлтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, тухайн автомашин өмчлөгчийн техникийн хэрэгслийн гэрчилгээ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон талаар холбогдох баримтууд хэрэгт авагдсан ба энэ талаар талууд харилцан тайлбарлаж байна.

Даатгуулагч болох Д.Мнь 5494 УНВ улсын дугаартай, DAIHASTU маркийн суудлын автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн нутагт орших Өгөөмөр захын урд талын замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г.Отгонбаатарын 6419 УБХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай мөргөлдсөнөөс 1 684 000 төгрөгийн хохирол учирсан талаар Д.Мнь Адаатгал ХХК-тай байгуулсан 18166720380071 тоот даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д жолооч гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.1-д заасан ...автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг, 2.1.6-д жолоочийн даатгалын тохиолдол гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д заасан ...жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол нь даатгуулагчийн эрсдлийн төрөлд тооцогдохоор заасны дагуу холбогдох бичгийн баримтыг бүрдүүлэн даатгагч Адаатгал ХХК-д хандсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд даатгалын тохиолдол болсон талаар болон хохирлын үнийн дүнгийн талаар талууд маргахгүй байна.

Харин хариуцагч Адаатгал ХХК нь тухайн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох-оор заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгуулагч Д.Мнь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдож байна.

Иймээс, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан хариуцагч Адаатгал ХХК-иас 1 684 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М улсын тумдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 894 төгрөгийг улсын орлогод болгож, хариуцагч Адаатгал ХХК-иас 41 894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ