Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02209

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02209

 

 

 

Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01821 дүгээр шийдвэртэй Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Ард даатгал ХХК-д холбогдох, даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1 684 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн дүү Мөнхгэрэлээс 54-94 УБН улсын дугаартай ДАЙХАЦУ DAIHASTU авто машиныг худалдан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж амжаагүй худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ард даатгал ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр жолоочийн хариуцлагын гэрээг байгуулсан байсан. С.Мөнхгэрэл нь тухайн машины өмчлөгч байсан тул 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ард даатгал ХХК-тай жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, гэрээ байгуулсан боловч тухайн гэрээг байхгүй болгосон гэснээр Ард даатгал ХХК нь С.Мөнхгэрэлтэй байгуулсан гэрээг цуцлаагүй, өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байна. С.Мөнхгэрэлийн өмчлөлийн автомашиныг худалдан авсан учир тухайн гэрээг хүчингүй болгож, гэрээний хугацааны хураамжийг суутгаж, шилжүүлсэн үеээс хойш гэрээ дуусгавар болох хугацааны хураамжийн зөрүүг даатгуулагч буюу дүү С.Мөнхгэрэлд буцаан олгох ёстой байхад буцаан олгоогүй байгаа тул С.Мөнхгэрэлтэй байгуулсан гэрээ хүчинтэй. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад араас машин мөргөж зам тээврийн осол гарган Ард даатгал ХХК-аас нөхөн олговор авах талаар хүсэлт гаргасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нөхөн олговор олгохоос татгалзсан юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад нөхөн олговор олгох шийдвэр гарсан боловч Ард даатгал ХХК нь нөхөн олговор олгохгүй байна. Ард даатгал ХХК-тай байгуулсан гэрээнээс гадна С.Мөнхгэрэлийн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байгаа ба нэг машин дээр хүчин төгөлдөр хоёр гэрээ байгаа атал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, Ард даатгал ХХК-аас нөхөн олговорт 1 684 000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол, түүний нөхөн төлбөр гаргуулах хүсэлт болох нэхэмжлэлийн маягтыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр даатгагчид гаргаж өгсөн байна. Даатгалын нөхөн төлбөр гаргуулах үндэслэл болгосон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын маягтад тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Мөнхцэцэг, даатгалд хамрагдах жолооч Н.Нямжав гэж мэдүүлсэн нь зөрчилтэй гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. 54-94 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тухайн үед С.Мөнхгэрэл байсан байна. Нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарсан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн өмчлөгч бус этгээд гэрээнд бүртгэгдсэн байна. Энэ үндэслэлээр даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ард даатгал ХХК-аас 1 684 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 894 төгрөгийг улсын орлогод болгож, хариуцагчаас 41 894 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалах гомдолдоо: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тухайн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэмжээг эрх бүхий этгээд эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт байхгүй байхад нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон, тээврийн хэрэгслийн өмчлөгч бус этгээд даатгалын гэрээ байгуулахад даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар шишийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх 54-94 УНБ улсын дугаартай ДАЙХАЦУ DAIHATSU тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарсан өдөр болох 2018 оны 3 дугаар сарын 19 ний өдөр иргэн С.Мөнхгэрэлийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалд заавал даатгуулна гэх заалтыг зөрчсөн юм. Даатгагч нь хууль болон гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн тул нэхэмжлэгчийн нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл түүнд бүрдүүлсэн баримтууд зөрчилтэй байснаар татгалзсан болно. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.1-т заасан даатгалын гэрээг үндэслэн нөхөн төлбөрийг олгох үүргийг даатгагч нь хүлээсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 27 ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан гэх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өөрчлөлт opooгүй мөн осол гарсан өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан, тухайн өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгч нь солигдоогүй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч Ард даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1 684 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ард даатгал ХХК-тай ДАЙХАЦУ DAIHASTU маркийн 54-94 УБН улсын дугаартай автомашины Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дээрх автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, даатгалын тохиолдол бий болсон үйл баримт хэрэгт авагдсан даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5 дугаар тал/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д жолооч гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ...автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг, 2 дугаар зүйлийн 2.1.6-д жолоочийн даатгалын тохиолдол гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ...жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол нь даатгуулагчийн эрсдлийн төрөлд тооцогдохоор тохиролцсон ба нэхэмжлэгч холбогдох бичгийн баримтыг бүрдүүлэн даатгагч Ард даатгал ХХК-д хандсан болох нь зохигчдын гэрээ, тайлбараар нотлогдсон. /хх-ийн 5 дугаар тал/

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээ, үнэлгээний дүгнэлт байхгүй гэх боловч хэргийн 7 дугаар талд авагдсан Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай мэдэгдэл гэх хариуцагчийн үйлдсэн баримтад хариуцагч тал нэхэмжлэгчид буюу даатгуулагчид 1 684 000 төгрөгийн хохирол учирсан, түүнтэй холбогдох баримтыг хүлээн авч хянасан тухайгаа дурдсан байгаагаас үзвэл тухайн хохирлын хэмжээтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч хариуцагчид гаргаж байсан гэж үзэхээр байх төдийгүй анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар маргаагүй байх тул түүний гаргасан гомдлыг үндэслэлгүй юм.

Жолоочийн даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.4-т даатгуулагч гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг ойлгоно гэж заасан. Мөн тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшил нэхэмжлэгчид 2018 оны 02 дугаар сарын 27, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрүүдэд шилжсэн, даатгалын гэрээг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 заасны дагуу нэхэмжлэгч нь даатгуулагч болсон тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч Ард даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн өмчлөгч бус этгээд гэрээнд бүртгэгдсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ