Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/00451

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны02 сар 12 өдөр

181/ШШ2020/00451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж , тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *******,*******,*******, Метро бизнес төвийн байр 5 давхарт байрлах Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ /Рд:9089314/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: *******,*******,*******,*******/-д холбогдох

2016, 2017 оны зохицуулах үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанболд, Б.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015.01.23-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо Ай контент ХХК-ийн хооронд 1010/B/CA 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Талууд гэрээг 2015.01.23-ны өдрөөс 2018.01.23-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Тус гэрээний 6.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргасан өдрөөс нэг сарын өмнө зохицуулах хорооны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд төлнө гэж зааж өгсөн байдаг. 1010/B/CA 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 3,000,000 төгрөгийг Ай контент ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээг 2015.01.23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр бус харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс болох 1,500,000 төгрөгийг бүрэн төлсөн.

Нэхэмжлэгч нь харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс гэдэг ойлголтыг тусгай зөвшөөрлийн төлбөр мэтээр зориуд худал тайлбарлаж байна.

Контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээнд заасан мөнгөн дүн нь харилцаа холбооны зохицуулах хороон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай 58 дугаар тогтоолоор батлагдсан ба энэхү тогтоолд жил бүр төлнө гэсэн үг үсэг огт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГазар нь Ай контент ХХК-д холбогдуулан контент үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2016, 2017 онд үйлчилсэн зохицуулах үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ...тусгай зөвшөөрөл эзэмшигч жил тутам үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй, хариуцагч 2 жилийн хөлс 3,000,000 төгрөгийг гэрээ, журамд заасны дагуу төлөөгүй гэж,

-хариуцагч ...1,500,000 төгрөгийг контент агрегатарын үйлчилгээ эрхлэн 3 жилийн хугацаанд төлөх төлбөр гэж ойлгосон, энэ үйлчилгээг аваагүй, үйчилгээ эрхэлснээс орлого олоогүй тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж, маргажээ.

Шүүх доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо Ай контент ХХК-ийн хооронд 1010/B/CA 05 тоот контент агрегаторын үйлчилгээ эрхлэх В ангиллын зөвшөөрлийн гэрээ[1]г 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан, 2015 онд үйлчилгээний хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч Ай контент ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно, 6.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно, 6.3 дахь хэсэгт хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана гэж зааснаар ...тусгай зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгогдсон, сунгалт хийгдээгүй байна.

Хариуцагч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.3-д зааснаар контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тухан үйл ажиллагааг явуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа зөвшөөрлийг сунгуулах талаар хүсэлт гаргаагүйн зэрэгцээ үйл ажиллагаа дахин явуулаагүй гэж тайлбарлаж, тусгай зөвшөөрлийг сунгасан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй.

Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-...тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах, ...зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох заасан бүрэн эрхийг Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Харилцаа холбооны зохицуулах газар хэрэгжүүлнэ.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар ...энэхүү чиг үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана. Хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ...зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд Зөвшөөрлийн гэрээнд энэ зүйлд заасан тусгах зүйлийг бүрэн тусгаагүйг, цаашид үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг дурдав.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д зааснаарүйлчилгээ гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;

-үйлчлэгч гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.

Үйлчлэгч тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гэдэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-т зааснаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:контентийн үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийг ойлгоно. Ай контент- ХХК нь энэ төрлийн хуулийн этгээд байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 25.2.10-д зааснаар үйлчлэгч нь ... түр зогсоох тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх; зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь Харилцаа холбооны зохицуулах газар нь ... журмыг буюу Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон актыг зохих байгууллагад бүртгүүлээгүй, үйл ажиллагааг хөлс төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл эрхлэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй холбон тайлбарлаж хөлс төлөх үүрэггүй гэсэн тайлбарыг гаргасан байх боловч энэхүү тайлбар нь хуулиар тогтоосон үйлчилгээний хөлс төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харилцаа холбооны зохицуулах хороо 2011 онд 15 тоот Зохицуулах үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хүснэгт №3[2]улсын нутаг дэвсгэрийг хамарсан үйлчилгээний хөлсөнд 1500,0 төгрөг байхаар, 2015 оны 40 дүгээр тогтоолоор батласан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам[3]-ын 6 дугаар зүйлд зөвшөөрлийн жил гэдгийг ...гэрчилгээ олгосон өдрөөс дараагийн жилийн тухайн өдөр хүртэлх хугацааг тус тус ойлгоно.

Тусгай зөвшөөрөл гарах үед хариуцагч нь зөвшөөрөлтэй байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч хариуцагчийн төлбөр, үйлчилгээний төлөх хугацааг жил бүр гэж тодорхойлоно.

Иймд хариуцагч Ай контент ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны зохицуулах үйлчилгээний хөлсөнд 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар хариуцагч Ай контент- ХХК-аас 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

 

 


[1] Хавтас хэргийн /7-12/

[2] Хавтас хэргийн /-37/

[3] Хавтас хэргийн /80/