Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/02659

 

 

 

 

 

 

 

 

2019 12 18 181/ШШ2019/02659

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, СН СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 4 200 00 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласаны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СН СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байрны 21 тоотод оршин суугч Б.Г нь 2006 оноос эхлэн тус байрны зоорийн давхрын 36м2 талбайг сарын 150 000 төгрөгөөр агуулахын зориулалтаар түрээслэн ашиглаж байгаад 2016 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 4 200 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй байгаа юм.

СӨХ-өөс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсаар байтал уг сануулгыг хүлээн авч биелүүлэхгүй байсан тул 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор агуулахыг суллаж өгөхийг мэдэгдэн албан тоот хүргүүлсэн боловч одоо хүртэл суллаж өгөхгүй ашигласаар байгаа тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Б.Г нь тус байрны зоорийн давхарт өөрийн эзэмшлийн 2 зогсоолын өмнөх нийтийн эзэмшлийн дулаан, хамгаалалт бүхий талбайг ашиглаж нэмж 2 авто машин тавиулж өөртөө орлого олдог. Энэхүү үйлчилгээндээ СӨХ-д өвлийн улиралд 60 000 төгрөг, зуны улиралд 30 000 төгрөг төлдөг. Тус СӨХ-ийн нягтлан бодогч С.Сарангэрэл нь 2018 оны 4 дүгээр сард шинээр ажилд орсон бөгөөд энэ сараас хойш тус төлбөрийг нэхэмжилж байгаагүй болох нь тогтоогдсон тул нөхөн 545 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Иймд Б.Гоос зоорийн давхарын агуулахыг ашигласны төлбөр болох 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласны төлбөр 545 000 төгрөг, нийт 4 754 000 төгрөгийг гаргуулж өгнө үү

Б.Гын ашиглаж байгаа 36 мкв талбай бол яг агуулахын зориулалттай биш, план зургаар нийтийн эзэмшлийн талбай болох нь харагдана, энэ талбайн дулаан, цахилгааны төлбөрийг СӨХ төлдөг. Түрээсийн төлбөрийг 2017 оны 1 сараас нэхэмжилж байгаа боловч Б.Г 2013 оноос хойш огт төлөөгүй. 2013 оноос өмнө 150 000 төгрөг төлдөг байсан гэдэг нь санхүүгийн баримтаар тогтоогдоно.

2016 оны 02 дугаар сарын бүх гишүүдийн хурлаар нийтийн эзэмшлийн машин тавиулж ашиг олох боломжтой 6 сул талбайн төлбөрийг зун улиралд 1000 төгрөгөөр, өвлийн улиралд 2000 төгрөгөөр тогтоосон гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулаагүй, СН СӨХны өмчлөлийн зоорийн давхарын агуулахыг ашиглаагүй болно.

СН СӨХ нь агуулахыг өөрийн өмч гэдгээ нотлох үүрэгтэй байх. Би агуулах түрээслэх гэрээ огт байгуулж байгаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт СӨХ-ны эзэмшилд хамаарах хэсгийг заасан бөгөөд үүнд 36 мкв талбай бүхий агуулах орохгүй. Агуулахын дулааныг хаасан, цахилгааны хэрэглээ байхгүй. Би энэ барилгыг барьсан бөгөөд анх зогсоол байхаар төлөвлөөд орц гарцны асуудал үүсээд байхаар нь тухайн үедээ хана барьж хаагаад агуулах болгоод ашигласан. Гэхдээ барилгын зурагаар батлагдсан зогсоолын тоог бол багасгаагүй 22-оор байсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн газраас ирсэн бичгээр бол Ой мод ХХК-ийн нэр дээр 805 мкв талбайн өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа.

Би өөрийн өмчлөлийн 2 автомашины зогсоолтой, үүндээ өөрийнхөө автомашиныг тавьдаг. Намайг нийтийн эзэмшлийн талбайд машин тавиулсан гэдгийг нотлох ёстой байх. СӨХ-ны хурлаар өвлийн улиралд 60 000 төгрөг, зуны улиралд 30 000 төгрөг гэж тогтоосон төлбөр гэж ярьж байна. Манай байрны гаражид автомашины орц гарц биш илүү зайнууд байдаг бөгөөд энэ нь багана хоорондын зай. Энэ зайнууд дээр машин тавихад автомашины хөдөлгөөнд саад болдоггүй тул үүнд тавигдаж байгаа 4 автомашины төлбөрийг тэгж тогтоосон. Миний автозогсоолын өмнөх талбай бол миний орц гарц. Би өөрийн автомашины орц гарцыг хааж машин тавихыг зөвшөөрөхгүй. Зураг дээр харахад СӨХ миний орц гарц дээр машин тавьж орлого олох ёстой гэж бодож болохгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СН СӨХ нь хариуцагч Б.Год холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласаны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараахи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

СН СӨХг 2006 онд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 12/1 байрны оршин суугчид байгуулсан болох нь СӨХ-ны гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-5х/

 

Нэхэмжлэгч СН СӨХ нь хариуцагч Б.Гоос зоорын давхарын 36 мкв талбай бүхий агуулахын 2017 оны 01 сараас 2019 оны 4 сарыг дуустал хугацааны сарын 150 000 төгрөгийн түрээсийн төлбөр 4 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Нэхэмжлэгч СН СӨХг хариуцагч Б.Гтой зоорын давхарын 36 мкв талбай бүхий агуулахыг түрээслүүлэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч СН СӨХ нь хариуцагч Б.Гоос түрээсийн төлбөрт 4 200 000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талууд зоорын давхарын 36 мкв талбай бүхий агуулахын өмчлөлийн талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч СН СӨХ нь түрээсийн төлбөр буюу гэрээний үүргийн шаардлага гаргасан тул шүүх агуулахын өмчлөлийн маргааныг буюу Өмчийн эрх зүйн харилцааны маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласаны төлбөр 545 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Хариуцагч Б.Г нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 12/1 байрны зоорийн давхарт байрлах, 21, 22 тоот автомашины зогсоолын өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-20х/-гээр тогтоогдож байна.

21, 22 тоот автомашины зогсоол нь захад байрладаг бөгөөд зогсоолын өмнөх нийтийн эзэмшлийн талбай нь 21, 22 тоот зогсоолд тавигдах автомашины орц, гарч болох нь талуудын шүүхэд гаргаж өгсөн барилгын зоорийн давхрын зохион байгуулалтын зургаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь 21, 22 тоот зогсоолын өмнөх нийтийн эзэмшлийн талбайд 2 автомашин тавиулж, зуны улиралд 30 000 төгрөг, өвлийн улиралд 60 000 төгрөгийг Б.Гоос гаргуулахаар СН СӨХ-ны Бүх гишүүдийн хурлаас тогтоосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байдаг бөгөөд уг зардалд юуг тооцохыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан.

 

СӨХ-ны бүх гишүүдийн хуралд нэг гишүүнийхээ буюу автозогсоолын өмчлөгчийн автомашиных нь орох, гарах орц гарцыг хааж автомашин тавих, түүнээс үүнтэй холбоотойгоор нэмэлт төлбөр авах асуудлыг шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй тул нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын уг төлбөрийг СН СӨХ-ны Бүх гишүүдийн хурлаас тогтоосон гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч СН СӨХ нь хариуцагч Б.Гыг нийтийн эзэмшлийн талбайд бусдын автомашиныг тавиулж ашиг олдог гэдгийг баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Б.Гоос түрээсийн гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласаны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн СН СӨХны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гоос коорийн давхарын агуулахыг ашигласны түрээсийн төлбөр 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласаны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч СН СӨХны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СН СӨХны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА