Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

“М” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02659 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М” СӨХ-ны хариуцагч Б.Г-од холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус байрны 21 тоотод оршин суугч Б.Г- нь 2006 оноос эхлэн тус байрны зоорийн давхрын 36 м.кв талбайг сарын 150 000 төгрөгөөр агуулахын зориулалтаар түрээслэн ашиглаж байгаад 2016 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 4 200 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй. СӨХ-оос төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсаар байтал уг сануулгыг хүлээн авч биелүүлээгүй тул 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор агуулахыг суллаж өгөхийг мэдэгдэн албан тоот хүргүүлсэн боловч одоо хүртэл суллаж өгөхгүй ашигласаар байгаа тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Б.Г- нь тус байрны зоорийн давхарт өөрийн эзэмшлийн 2 зогсоолын өмнөх нийтийн эзэмшлийн дулаан, хамгаалалт бүхий талбайг ашиглаж нэмж 2 авто машин тавиулж өөртөө орлого олдог. Энэхүү үйлчилгээндээ СӨХ-д өвлийн улиралд 60 000 төгрөг, зуны улиралд 30 000 төгрөг төлдөг. Тус СӨХ-ийн нягтлан бодогч С.Сарангэрэл нь 2018 оны 4 дүгээр сард шинээр ажилд орсон бөгөөд энэ сараас хойш тус төлбөрийг нэхэмжилж байгаагүй болох нь тогтоогдсон тул нөхөн 545 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б.Г-оос зоорийн давхрын агуулахыг ашигласны төлбөр болох 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласны төлбөр 545 000 төгрөг, нийт 4 754 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.Г-ын ашиглаж байгаа 36 м.кв талбай бол яг агуулахын зориулалттай биш, план зургаар нийтийн эзэмшлийн талбай болох нь харагдана, энэ талбайн дулаан, цахилгааны төлбөрийг СӨХ төлдөг. Түрээсийн төлбөрийг 2017 оны 1 сараас нэхэмжилж байгаа боловч Б.Г- 2013 оноос хойш огт төлөөгүй. 2013 оноос өмнө 150 000 төгрөг төлдөг байсан гэдэг нь санхүүгийн баримтаар тогтоогдоно.

2016 оны 02 дугаар сарын бүх гишүүдийн хурлаар нийтийн эзэмшлийн машин тавиулж ашиг олох боломжтой 6 сул талбайн төлбөрийг зун улиралд 1000 төгрөгөөр, өвлийн улиралд 2000 төгрөгөөр тогтоосон гэжээ.

 

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулаагүй, “Манайхан”” Сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн зоорийн давхрын агуулахыг ашиглаагүй болно.

“Манайхан” Сууц өмчлөгчдийн холбоо нь агуулахыг өөрийн өмч гэдгээ нотлох үүрэгтэй байх. Би агуулах түрээслэх гэрээ огт байгуулж байгаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт СӨХ-ны эзэмшилд хамаарах хэсгийг заасан бөгөөд үүнд 36 м.кв талбай бүхий агуулах орохгүй. Агуулахын дулааныг хаасан, цахилгааны хэрэглээ байхгүй. Би энэ барилгыг барьсан бөгөөд анх зогсоол байхаар төлөвлөөд орц гарцны асуудал үүсээд байхаар нь тухайн үедээ хана барьж хаагаад агуулах болгоод ашигласан. Гэхдээ барилгын зургаар батлагдсан зогсоолын тоог бол багасгаагүй 22-оор байсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн газраас ирсэн бичгээр бол “О” ХХК-ийн нэр дээр 805 м.кв талбайн өмчлөлийн гэрчилгээ гарсан. Би өөрийн өмчлөлийн 2 автомашины зогсоолтой, үүндээ өөрийнхөө автомашиныг тавьдаг. Намайг нийтийн эзэмшлийн талбайд машин тавиулсан гэдгийг нотлох ёстой байх. СӨХ-ны хурлаар өвлийн улиралд 60 000 төгрөг, зуны улиралд 30 000 төгрөг гэж тогтоосон төлбөр гэж ярьж байна. Манай байрны гараашид автомашины орц гарц биш илүү зайнууд байдаг бөгөөд энэ нь багана хоорондын зай. Энэ зайнууд дээр машин тавихад автомашины хөдөлгөөнд саад болдоггүй тул үүнд тавигдаж байгаа 4 автомашины төлбөрийг тэгж тогтоосон. Миний автозогсоолын өмнөх талбай бол миний орц гарц. Би өөрийн автомашины орц гарцыг хааж машин тавихыг зөвшөөрөхгүй. Зураг дээр харахад СӨХ миний орц гарц дээр машин тавьж орлого олох ёстой гэж бодож болохгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос коорийн давхрын агуулахыг ашигласны түрээсийн төлбөр 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Манайхан Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Манайхан Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.С давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж үзэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь гаргасан тайлбарын хүрээнд нотлох баримтуудыг хэн аль нь гаргаагүй, хариуцагч тал нь 21, 22 тоот зогсоолд түрээс төлж байсан, гэхдээ СӨХ-д биш, өөр өмчлөгчид буюу “О” ХХК-д төлж байсан гэдэг боловч “О” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ болон уг компанид хэр хугацаанд хэр хэмжээний дээрх зогсоолын төлбөр төлж байсан талаар нотолж чадаагүй.

Хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2 автомашины зогсоолд эхлээд СӨХ-д мөнгө төлдөг байснаа болиод “О” ХХК-д төлөх болсон гэж тайлбарласан. мөн “М” СӨХ нь автомашины зогсоолын харалдаа машин нэмж тавьсан бол тодорхой хэмжээгээр мөнгө авах талаар СӨХ-ийн хурлаар хэлэлцэж байхад би эсэргүүцсэн гэх, энэ талаарх нэхэмжлэгчийн хурлын тэмдэглэл байгаа гэж маргаж буйг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэдийгээр талууд түрээсийн гэрээ байгуулаагүй ч хариуцагч нь СӨХ-д нилээд хугацааны турш мөнгө төлж байгаад больсон гэж тодорхой хугацаанд тодорхой хэмжээний төлбөр төлж байснаа хүлээн зөвшөөрснийг шүүх анхаарч үзэлгүй, энэ талаар талуудаас нотлох баримт гаргаж өгөх боломжийг хангаагүй, маргаж буй төлбөрийн талаарх санхүүгийн баримт гаргуулах, СӨХ-ны хуралдааны тэмдэглэлийг гаргуулж үзлэг хийлгэх талаарх нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, хариуцагч өөрийн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шүүх хариуцагчийн урьд түрээс нэрээр СӨХ-д түрээс төлсөн нь түрээсийн, эсхүл эд хөрөнгө хөлслөх алин болохыг дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Г-од холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд автомашин тавиулж ашигласны төлбөр 545 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

            Нэхэмжлэгч нь Б.Г-оос 4 200 000 төгрөгийг  шаардахдаа түрээсийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон ч зоорийн давхрын 36 м.кв талбай бүхий агуулахыг Б.Г-од түрээслүүлсэн, Б.Г- нь уг талбайг түрээсэлж, сууц өмчлөгчдийн холбоонд түрээсийн төлбөр төлөх үүрэг үүссэн талаарх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаагүй.

 

            Хэрэгт “М” сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах орон сууцны зоорийн давхрын гараашийн зориулалттай 769,28 м.кв болон агуулах гэж тэмдэглэгдсэн 36.20 м.кв талбай, нийт 805 м.кв талбай нь “О” ХХК-ийн өмчлөлд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн гэрчилгээ, үүнээс бусдын өмчлөлд шилжүүлсэн 11 гараашийн талбайг хасаад 614.2 м.кв талбай нь “О” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаа авагдсанаас үзвэл төлбөр шаардаж буй агуулах гэх 36.2 м.кв талбайг сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн хэсэг гэж ашигласны төлбөр шаардах үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл “О” ХХК-ийн өмчлөлийн талбайг түрээслүүлсэн гэж төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй, түрээсийн гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Б.Г- нь зоорийн давхрын 21, 22 тоот автозогсоолын өмчлөгчийн гэрчилгээг шүүхэд баримтаар гаргасан, зогсоолын өмнөх орц гарцын талбайг нийтийн зориулалттай дундын эзэмшлийн хөрөнгийг ашигласан гэж үзэх боломжгүйгээс гадна уг талбайг төлбөртэй ашиглуулахаар харилцан тохиролцсон гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй.

 

Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэг нь нэхэмжлэгчид ногдохоос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан, шүүх эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүсэлтийг хангалгүй эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

            Дээрхээс дүгнэвэл хариуцагчид эд хөрөнгө ашигласны төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийг баримтлан 2017 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд агуулахын зориулалттай         36.2 м.кв талбайг түрээслүүлсний төлбөрт 4 200 000 төгрөг, зогсоолын өмнөх талбайг ашигласны төлбөрт 545 000 төгрөг  шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 192 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ