Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

 

АХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02615 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 026 005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүүвэй би байгууллагыг төлөөлөн М ХХК-ийн захирал Б.Бумхоролтой 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд байрлах 2 100 м.кв талбайтай аж ахуй, үйлчилгээний зориулалттай, 15 жилийн эзэмших гэрчилгээтэй газар /нэгж талбарын дугаар 8041/5776/ гэрчилгээний №0294477 барьцаалсан байсан болно. Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч өнөөдрийн хүртэл буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 118 780 төгрөгийн үндсэн зээл, 4 922 687 төгрөгийн зээлийн хүү, 984 537 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт төлөх дүн 14 026 005 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Зээлийн эргэн төлөлтийн талаар удаа дараалан уулзаж зээл эргэн төлөх амлалтуудыг авч байсан ч огт сураггүй алга болсон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02626 дугаартай захирамжаар эрэн сурвалжлуулж олж авсан боловч зээлээ төлөөгүй ба шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр зам үлдээгүй болно. Иймд манай байгууллагын 14 026 005  төгрөгийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь зээлээ төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлсөнгүй, шүүхэд ирж хариу тайлбар ч өгөөгүй, хуралдаа ч ирсэнгүй. Уг нь эвлэрэх талаар ярилцсан боловч хуралдаа ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч М ХХК-тай 2016 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Бид гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлэхгүй байсан учир 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үнэн. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээнд дурдсан хаягтаа байрладаггүй гээд бид эрэн сурвалжлуулж байж захирал Б.Бумхоролын хаягийг нь олж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8 118 780 төгрөг, гэрээний дагуу тооцсон хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч нь биднийг 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсанд тооцож, үүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэсэн боловч гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 21-нд гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд хандсан, түүнээс гэрээг хугацаанаас өмнө цуцласан асуудал биш. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 026 005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 183/ШШ2018/02615 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй юм. Нэхэмжлэгч "А" нь 2017 оны 10-дугаар сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 2017 оны 10 дугаар сар хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилснийг шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. АХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаруулсан. Хариуцагч М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг ба энэ нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргадаг. Учир нь нэгэнт нэхэмжлэгч маргаан бүхий зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сард цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Угтаа бол гэрээ цуцлагдсанаар гэрээний дагуу хэрэгжих хүсэл зоригийн хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа дуусгавар болох иргэний эрх зүйн ойлголттой ба энэ нь иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь заалтад тусгалаа олсон байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ...нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сард хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргаж байсан талаараа маргаагүй боловч талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үурэгтэй гэж дүгнэж буй дээрх үйл баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл талуудын хоорондын зээлийн гэрээний үүргийн харилцаа 2017 оны 10 дугаар сард дуусгавар болсон тул хариуцагч М ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх зээлийн хүү /1 сарын хүү 276 038*6=1 656 228/ 1 656 228 төгрөгийн хүү төлөх үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарны 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 984 537 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг мөн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж хуульчилсан ба талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл байна гэдэг нь хэрэгт авагдсан талуудын хоорондын зээлийн гэрээнээс тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа нь зээлийг эргүүлэн төлөх үндсэн хугацаанд хамааралтай ойлголт ба дээрх маргаантай хэргийн тухайд бол хариуцагч зээлээ эргүүлэн төлөх хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байна. Гэтэл нэхэмжлэгч энэхүү зээлээ эргүүлэн төлөх үндсэн хугацаа болоогүй байхад зээлдэгч зээлээ төлөөгүй гэж нэмэгдүүлсэн хүү тооцож буй нь иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч зээлийн тооцооллын талаар маргаагүй гэж шийдвэртээ дурдсан боловч хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 10 дугаар сараас хойшхи хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тусгагдсанаас гадна, уг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нотлох үйл баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 640 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч АХХК, хариуцагч М ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 8 118 780 төгрөг, зээлийн хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, зээл хүссэн өргөдөл, М ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх 12-17 дахь тал/

Хэргийн 12-14 дэх талд авагдсан баримтаар нэхэмжлэгч АХХК нь хариуцагч М ХХК-д 10 000 000  төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ16/04/24 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө БГ16/04/24 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан, барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгө болон хүүг буцаан төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардсан. Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгчөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд “нэхэмжлэгч 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан, ...үүнээс хойших хугацааны зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй” гэж маргасан байх бөгөөд энэ нь давж заалдах гомдлын үндэслэл болсон байна. /хх 48 дахь тал/

Зохигчид зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд уг хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болжээ. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардан, 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. /хх 48, 52 дахь тал/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтаар зээлдэгчид авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг ногдуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу мөн сарын 17-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгожээ. /хх 26 дахь тал/ Хариуцагч М ХХК, шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан нөгөө талын тайлбар, бичгийн нотлох баримтыг няцаагаагүй гэж үзэх үндэслэл бий болжээ. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. /хх 51 дэх тал/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо зэрэг нотлох баримтыг үнэлж, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэд биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ. /хх 7, 12-14 дэх тал/

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 57 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

            Ч.ЦЭНД