Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 02615

 

 

 

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/02615

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ш” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 026 005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 09-ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                                                                     

            Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүүвэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “А ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүүвэй би байгууллагыг төлөөлөн “М Ш” ХХК-ийн захирал Б.Бумхоролтой 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд байрлах 2 100 м.кв талбайтай аж ахуй, үйлчилгээний зориулалттай, 15 жилийн эзэмших гэрчилгээтэй газар /нэгж тайбарын дугаар 8041/5776/ гэрчилгээний №0294477 барьцаалсан байсан болно. Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч өнөөдрийн хүртэл буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 118 780 төгрөгийн үндсэн зээл, 4 922 687 төгрөгийн зээлийн хүү, 984 537 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт төлөх дүн 14 026 005 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Зээлийн эргэн төлөлтийн талаар удаа дараалан уулзаж зээл эргэн төлөх амлалтуудыг авч байсан ч огт сураггүй алга болсон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02626 дугаартай захирамжаар эрэн сурвалжлуулж олж авсан боловч зээлээ төлөөгүй ба шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр зам үлдээгүй болно.

Иймд манай байгууллагын 14 026 005  төгрөгийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь зээлээ төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлсөнгүй, шүүхэд ирж хариу тайлбар ч өгөөгүй, хуралдаа ч ирсэнгүй. Уг нь эвлэрэх талаар ярилцсан боловч хуралдаа ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч “М Ш” ХХК-тай 2016 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Бид гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлэхгүй байсан учир 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үнэн. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээнд дурдсан хаягтаа байрладаггүй гээд бид эрэн сурвалжлуулж байж захирал Б.Бумхоролын хаягийг нь олж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8 118 780 төгрөг, гэрээний дагуу тооцсон хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч нь биднийг 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсанд тооцож, үүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэсэн боловч гэрээг 2016 оны 4 сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулж 2017 оны 4 сарын 21-нд гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд хандсан, түүнээс гэрээг хугацаанаас өмнө цуцласан асуудал биш. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч “М Ш” ХХК-нд  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 026 005 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч “М Ш” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ16/04/24 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2 100 м.кв талбайтай аж ахуй, үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн №ЗГ16/04/24 тоот гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн №0294477 дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 12, 17, 32-33-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 8 118 780 төгрөг, зээлийн хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гардан авч, хариу тайлбараа 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлэх байсан боловч ирүүлээгүй, хариуцагчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь өмнө нь 2017 оны 10 сард зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан учраас гэрээ цуцлагдсан үүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь 10 000 000 төгрөгийг “М Ш” ХХК-нд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 118 780 төгрөг, хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөгний үүргийг гүйцэтгээгүй гэж нэхэмжилсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2017 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцлагдсанаас хойш тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сард хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаараа маргаагүй боловч зохигч талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №ЗГ16/04/24 тоот зээлийн гэрээний хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 118 780 төгрөг, түүнийг ашигласны хүү 4 922 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 984 537 төгрөг, нийт 14 026 005 төгрөгийг нэхэмжилж, зээлийн тооцооны хүснэгтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээний тооцооллын талаар хариуцагч маргаагүй тул хариуцагч “М Ш” ХХК-иас 14 026 005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.     

 

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “М Ш” ХХК-ийн захирал Б.Бумхоролд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, түүний өмгөөлөгч А.Кадербект 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан, мөн Б.Бумхоролын 99907979, түүний өмгөөлөгч А.Кадербекын 99130789 дугаарын утсаар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямарваа нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “М Ш” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 026 005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН