Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У ХННт холбогдох

 

Сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлээ татан ав гэж дарамталсан хууль бус үйлдлийг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5 041 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны нэхэмжлэлтэй У ХНН нийгэмлэгт холбогдох төлбөр тооцооны асуудалтай маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэргийн ажиллагаанд оролцож байхад ямар нэгэн үүрэг даалгавар эрх бүхий этгээдээс өгөгдөөгүй байхад шүүх хуралдааныг хойшлуул гэсэн үүрэг даалгаврыг биелүүлсэнгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсангүй гэх үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 тоот тушаалаар 1 сарын цалин хөлсийг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Улаанбаатар төмөр замын дарга, Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны дарга нар уг хэрэгтэй холбоотой үүрэг, даалгавар өгөх эрхийг эдэлнэ. Өөр хэн нэгэн этгээд хэргийн талаар болон хэрэгтэй холбоотой үйл ажиллагааг явуулах чиглэл зааварчилгаа өгвөл ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байна гэж үзэж холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Шүүх хуралдааныг хойшлуул гэсэн үүргийг Болормаа бид хоёрт Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа өгсөн. Тухайн өдөр би Үндсэн хуулийн цэцийн хурал давхардсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан боловч шүүгч шүүх хуралдааныг 6 цагаар хойшлуулах захирамж гаргасан. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Ямар нэг шалтгаанаар шүүгчээс татгалзах, шүүх хуралдааныг саатуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар оролцох, шүүхийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэж өгөгдсөн үүрэг даалгаврыг ямар ч тохиолдолд бид биелүүлэхгүй. Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ямар ч тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч нотлох баримт гаргах, хуурамч нотлох баримтыг бүрдүүлэх, үндэслэлгүйгээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйл баримт тогтоогдвол бид хуулийн зөвлөхтэй нь хариуцлага тооцдог. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай хурал дээр бид ямар нэгэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл байхгүй тохиолдолд үндэслэлгүйгээр шүүгчээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй, өмнө нь шүүгчээс татгалзаж байгаагүй гэдгээ тодорхой хэлсэн. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авахад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гараагүй байсан. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн огноотой Б-II-152 тоот тушаал гаргаагүй байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нөхөж гарсан байсан. Энэ тушаал анхнаасаа хууль бус ажиллагааг шаардсан, эрхгүй этгээдүүд хурал удирдаж, шаардлага тавьж, түүнийгээ шуурхай хурал гэж тайлбарлаж байна. Хууль зүйн алба зөвхөн Улаанбаатар төмөр замын даргын эрх мэдлийн хүрээнд, шаардлагатай гэж үзвэл Улаанбаатар төмөр замын даргын орлогч нарыг Хууль зүйн алба, Улаанбаатар төмөр замын даргын үүрэг даалгаврын дагуу шалгах, үйл ажиллагаанд нь дүгнэлт гаргах эрхтэй. Тиймээс Хууль зүйн албаны ажилтнуудад сахилгын шийтгэл, ажлын үүрэг даалгаврын асуудлыг зөвхөн Улаанбаатар төмөр замын дарга, Хууль зүйн албаны дарга хоёр л хэлэлцдэг. Үүний дараа Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа намайг нэхэмжлэлээ татаж ав, удирдлагатайгаа шүүх дээр маргалдвал сайнаа үзэхгүй шүү гэх зэргээр дарамталж харьцсан, даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б-I-282 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар О.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалаар Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан тул Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажиллаж байгаа О.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9-р сарын 17-ны өдөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан бол тусдаа тушаал байх ёстой бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтад Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэсэн тушаал, шийдвэр байхгүй тул уг тушаал нь үндэслэлгүй. Соён гэгээрүүлэх хэлтэс байгуулж, намайг Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэдэг албан тушаалд томилсон тушаал гаргаж энэ талаар өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу лавлахад суртал, ухуулга гэх ажил хариуцаж, зөвлөгөө авах хэлтэс байгуулсан гэж тайлбарласан. Монгол улсын ажил мэргэжлийн стандарт, ажлын байрны тодорхойлолтоор аж ахуйн байгууллагын хэлтэст Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс гэсэн ямар ч нэр томъёо хэрэглэдэггүй бөгөөд хуулийн зөвлөх гэх нэр томъёо хэрэглэдэг. Гэтэл Соён гэгээрүүлэх хэлтэс байгуулж, хэлтсийг 3 сард татан буулгаж, ажилчдыг нь халахаар төлөвлөсөн байна. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан баримт байгаа боловч миний бүх бичиг баримтууд, ажлын үнэмлэх зэрэг өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын хуулийн зөвлөх гэсэн нэрээр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2005 онд хуулийн зөвлөхөөр томилогдсоноос хойш ямарч өөрчлөлт ороогүй. Соён гэгээрүүлэх хэлтсээ татан буулгасан тушаалыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан. Гэхдээ Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэсэн ямарваа нэгэн тушаал, шийдвэр гараагүй. Векселийн маргаантай хэрэгт 660 000 000 төгрөгийн өмгөөллийн гэрээ байгуулсныг хэргээс харсан, 67 000 000 төгрөгийн урьдчилгаа төл гэсэн байдаг. Дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл хууль бусаар ногдуулсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлээ татан авахыг шаардаж дарамталсан хууль бус үйлдлийг зогсоох, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-I-282 тоот тушаалыг хүчингүй болгох, хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 5 041 0000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруул гэсэн үүргийг биелүүлээгүй хэмээн илт хууль бус шаардлага тавьсан гомдолдоо дурджээ. Төрийн банк нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр У ХНН нийгэмлэгт холбогдох 7 436 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. О.Бтай шүүх хуралдааны өмнөх өдөр хэргийн явц, шүүх хуралдаан болох талаар ярилцсан. Хэрэв О.Б хэргийн талаар тайлбарлаагүй бол би мэдэх боломжгүй. Намайг ажилд ороход хоёр орлогч дарга ажлаасаа халагдсан. 2017 оны 11 дүгээр сард бүтэц нь өөрчлөгдөж, Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар О.Б томилогдсон. О.Б хэргээ тайлбарласан, өмнөх жишгээр бүх хэргүүдээ тайлбарлаж, нөхцөл байдлын талаар ярилцаж зөвлөгөө авдаг байсан. Энэ талаар 7 436 000 000 төгрөгийн маргаантай хэргийн талаар Улаанбаатар төмөр замын даргад танилцуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхэд нөгөө талд шийдвэрлэгдэж, 7 436 000 000 төгрөг өгөхөөр болж, дараа нь Улсын дээд шүүх дээр буцсан. Иймд дахин ямар нэгэн зөрчил гаргахгүй байх үүднээс хэргийг тал бүрээс нь дахин судлах зорилгоор эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгч оролцуулах, мөн санхүүгийн холбоотой нэмэлт нотлох баримтуудыг өгөх, хэргийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзээд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуул гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Улаанбаатар төмөр замын даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн албаны орлогч даргын хувьд дараах үйл ажиллагаануудыг явуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт өрөөндөө дуудаж, эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх зарчмаар хангагдах эрхийг хэрэгжүүлэх үүднээс өмгөөлөгч авах хүсэлт гаргаж маргаашийн хурлыг хойшлуулах, мөн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж гарсан байхад Төрийн банк Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн данснаас хууль бусаар 721 227 ам долларын суутган авсан нь гэм хорын хохирол байх магадлалтай тул үүнийг судлаад сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлагыг О.Бд өгсөн. Хуульд заасан өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж авахгүй тохиолдолд шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзах бүрэн боломжтой гэдэг тайлбарыг О.Б, н.Болороо нарт өгсөн. О.Б зөвхөн Улаанбаатар төмөр замын даргаас үүрэг даалгавар авдаг хуулийн зөвлөх, 16 000 хүнтэй байгууллагын хамгийн том хуульч гэж байна. Хэрэв тийм бол өөрийнхөө ажил, албан тушаалыг мэддэг байх ёстой. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О.Бг Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэдэг ажил албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж, янз бүрийн комисст орж явсан байдаг. Улаанбаатар төмөр замын дарга О.Бд үүрэг өгч байсан нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд өгсөн 10/1647 тоот хариу тайлбараар маш тодорхой харагдах ба Хууль зүйн албаны орлогч даргаар нь дамжуулан хүргүүлсэн гэдгээ хэлсэн. О.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2 дахь хэсгүүдэд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргаас ямар ч хууль бус шаардлага итгэмжлэгдсэн төлөөлөгчид гаргаагүй. Улмаар Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга О.Б, хуулийн зөвлөх Н.Болороо нарын хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга н.Ганболдоор удирдуулсан шуурхай хурлыг зохион байгуулж, сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. О.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай 152 дугаар тушаал болон дараагийн 153 дугаар тоот тушаалуудын бүх огноо дугаарууд нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Нэхэмжлэгчийн ярьж буй нь үндэслэлгүй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дагуу байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Зөвхөн Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаагүй, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд тодорхой шат дараалалтай арга, хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа, цаашдаа ч арга хэмжээ авна гэдгийг Улаанбаатар төмөр замын дарга шүүхэд өгсөн тайлбараар гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн хуулийн заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга О.Бд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, хугацаа дуусгавар болсон учраас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-I-282 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэл болгож, мөн Хамтын гэрээний холбогдох зүйл заалтыг баримтлан О.Бд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2018 оны 9-р сарын 29-ний өдөр олгосон. Үүгээр Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д заасан 1 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлсэн. О.Бтай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Соён гэгээрүүлэх хэлтсийн даргын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 1.2 дахь хэсэгт гол нөхцөлүүдээр тохирсон. Хэрвээ хууль бусаар Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилсон гэж байсан бол 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бүтцийн талаар гарсан тушаалд гомдол гаргах байсан. 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар төмөр замын даргад намайг хууль бусаар Соён гэгээрүүлэх хэлтэст томилсон байна, би дарга болохгүй гэсэн гомдол гаргасан гэж байгаа боловч би хуулийн зөвлөхөөрөө ажиллана гэсэн ямар нэгэн асуудал байдаггүй. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагадаа Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа дарамт шахалт үзүүлсэн гэжээ. У ХННийн дүрмийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Улаанбаатар төмөр замын дарга нь нийгэмлэгийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг бие даан явуулах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд дүрмийн 22 дугаар зүйлд зааснаар тушаал гаргаж, түүнийхээ биелэлтийг шаардах эрхтэй. Мөн Ерөнхий хорооны 4 дүгээр хурлын протоколын 10.6 дахь заалтаар Улаанбаатар төмөр замын даргад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, нэмэх, хасах эрхийг нь олгосон, нийгэмлэгийн даргаас өөр хэн ч бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, ажилтнуудаа халах эрхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын даргаас олгосон тусгайлсан итгэмжлэлгүйгээр хэн нэгэн этгээдийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар мэдэгдэл өгөх асуудал байхгүй. Надад хэн нэгэн этгээдийг ажлаас халах, ажилд авах, ажлаас халах мэдэгдэл өгөх эрх олгогдоогүй. Түүнчлэн намайг дарамталсан, зүй бус үгээр харьцсан гэж байгаа нь үндэслэлгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг маргаж шүүхэд гомдол гаргасан учраас намайг ажлаас халсан гэж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 16 000 ажилтантай, 40 гаруй салбар нэгжтэй учраас сахилгын шийтгэл ногдуулах тушаал өдөр тутам гардаг. Манай байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. О.Бд ажил олгогчийгхоо өгсөн үүргийг биелүүлээгүй гэдэг утгаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ үйлдлийнхээ төлөө ажлаас халж, айлгаж дарамтлах шаардлагагүй, ганцхан О.Бг шүүхэд гомдол гаргалаа гэж бүхэл бүтэн хэлтсийг татан буулгасан зүйл байхгүй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 19, 22, 33-р зүйлд заасан Улаанбаатар төмөр замын даргын эрх, үүргийнхээ хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар О.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нэхэмжлэлээ татан авахыг шаардаж дарамталсан хууль бус үйлдлийг тогтоолгохыг хүссэн хэсгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан О.Бг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, У ХНН нийгэмлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 5 029 636 төгрөг гаргуулан О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 11 364 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар О.Бд олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг У ХНН нийгэмлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар У ХННээс улсын тэмдэгтийн хураамжид 95 424 төгрөг гаргуулж улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "У ХНН" ХНН-ийн дарга "Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх, хоёрдугаар заалтаар "зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан албаны дүрэм, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах, гуравдугаар заалтаар "Орон тоонд зохих өөрчлөлтийг оруулж орон тоо, цалингийн санг батлуулах, үүргийг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан байдаг. /хх 180-181/. А-464 дүгээр тушаалыг хэрэгжүүлж шинээр батлагдсан бүтцийн дагуу ажиптнуудын орон тоо, цалингийн санг албан ёсоор баталж /хх 197/ ажилтнуудыг шинээр батлагдсан орон тоон дээр томилсон тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б-1-538 гаргасан байдаг /хх 90,103-104,197/. Эндээс харахад Хууль зүйн албаны дотоод ажлын хуулийн зөвлөхөөр ажиллаж сард 1 216 850 төгрөгийн цалин авч байсан О.Бг Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилж сард 1 302 050 төгрөг, улмаар цалин хөлс нь нэмэгдэн 1 432 250 төгрөгийн цалин авч ажилласан. /хх 197/ О.Бтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан уг гэрээний 1.2-т Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажиллуулахаар 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурж, /хх 106-110/, Соён гэгээрүүлэх хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолттой танилцан хүлээн зөвшөөрсөн байдаг. /хх 111-113/ Тиймээс шүүхийн шийдвэрт заасан шиг "Соён гэгээрүүлэх хэлтэс нь ямар чиг үүрэгтэй, бүтэц орон тоо, цалин хөлсийг тогтоож батлаагүй, шинээр бий болгоогүй" гэсэн нь үндэслэлгүй болно. Хууль зүйн албаны дүрэмд хэлтэс бүрийн ажил үүрэг, ажилтны эрх үүргийг маш тодорхой заасан. /хх-ийн 31-35,124/ Тиймээс шүүхийн шийдвэрт заасан шиг "хуулийн зөвлөхийн ажил албан тушаалыг үргэлжлүүлэн хийж байсан" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ ажилтан гүйцэтгэх ёстой бөгөөд хэрвээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээс өөр төрлийн ажил үүрэг гүйцэтгэх бол хийхгүй байх эрхтэй байхаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Соён гэгээрүүлэх хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ огт биелүүлээгүй өөр ажил хийж байсан гэдгээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт ямар нэг баримт нотлох баримтын журмаар авагдаагүй. Хэлтсийн болон хэлтсийн даргын ажил үүрэгт Авлигатай тэмцэх тухай хууль болон энэ хуулийн 3.1.5-д заасан зүйл огт хамааралгүй, энэ чиг үүргийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод оруулах ёсгүй, тийм шаардлага ч байхгүй. Шүүхийн шийдвэрт Авлигатай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д холбосон нь үнэхээр ойлгомжгүй байна. Соён гэгээрүүлэх гэдэг нь зөвхөн Авлигын тухай хуульд л байдаг үг, хуулийн ойлголт биш билээ. Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь"-д /2013 он/ "Соён" гэдэг үгийг "... эрдмээр хөхүүлэн хөгжүүлэх, соён сургах, соён гийгүүлэх, соён хүмүүжүүгюх", "Гэгээрүүлэх" гэдэг үгийг "...боловсрох, гэгээ орох" гэсэн утгаар тайлбарласан байдаг. Гэтэл шүүх Соён гэгээрүүлэх гэдэг нь зөвхөн Авлигын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д байдаг, тэр утгаар л хэрэглэгддэг мэтээр явцуу байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. "У ХНН" ХНН-ийн хэмжээнд явуулж буй хэмнэлтийн нэг арга хэмжээнд Хууль зүйн алба хамрагдаж бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаал гарч нэгдүгээр заалтаар "Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог хавсралтаар өөрчлөн зохион байгуулж, Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан" хоёрдугаар заалтаар "...Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсантай холбогдуулан цомхотголд орж буй ажилтнуудад хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгөх" үүргийг эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн байна. /хх 92, 200/ Соён гэгээрүүлэх хэлтсийн татан буулгах орон то2о, цалингийн хасалтыг "У ХНН" ХНН-ээс баталсан. /хх 200/ Хууль зүйн албаны 4 хэлтсийг 3 болгож 15 ажилтныг 12 болгон цөөрүүлсэн байна. Соён гэгээрүүлэх хэлтсийг албан ёсоор байгуулж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон тул албан ёсоор хуулийн дагуу татан буугдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Гэтэл нэрийг зөвхөн өөрчилсөн, хуулийн дагуу татан буусан нь нотлогдоогүй, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "төлөөлүүлэгчээс төлөөлөгчид өгсөн шүүх хуралдаан хойшлуулах үүрэг нь хууль, зөрчсөн, шүүгчээс татгалзах үүрэг өгсөн нь хууль зөрчсөн үүрэг өгсөн" гэж дүгнэжээ. Төрийн банкний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт "У ХНН" ХНН-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн зөвлөх О.Б оролцсон. Уг хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хангалтгүй ажиллаж байсан тул хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх зарчмаар хангагдах эрхээ хэрэгжүүлэх үүднээс өмгөөлөгч авна, энэ талаар шүүхэд хүсэлт гаргах, векселийг мөнгөжүүлэхгүй гэсэн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж гарсан байтал үл биелүүлж Төрийн банк нь У ХНН-ын төрийн банк дахь данснаас хууль бусаар 721 227 ам долларыг суутгаж авсан хууль бус үйлдлийн гэм хорын хохирлыг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн үнийг нэмэгдүүлэх хүсэлт гаргах үүргийг "У ХНН" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн зүгээс хэрэв шүүх хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр хангах хүсэлтийг хүлээн авахгүй тохиолдолд шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзах үүрэг чиглэлийг өгсөн болно. Түүнээс үндэслэлгүйгээр шүүх хуралдаан хойшлуулах, шүүгчээс татгалзсан зүйл огт байхгүй. О.Б төлөөлүүлэгчээс өгсөн үүргийг биелүүлэх хуулийн заалтыг ноцтой зөрчин дур мэдэн үйл ажиллагаа явуулж төлөөлүүлэгчийн өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэхээс санаатайгаар зайлсхийж 4 000 000 ам долларын хохирлыг учруулсан.

Түүнчлэн О.Б нь нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд өгөөгүй болох нь Давж заалдах шатны шүүх ажиллагааны үед илэрсэн болно. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, шударгаар, үнэн зөв, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийн заалтыг хэрэглэж, тайлбарлахдаа илтэд хууль зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч У ХННт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тус нийгэмлэгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгож, дарамталсан хууль бус үйлдлийг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 041 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

1.Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Талуудын хооронд 2005 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч Улаанбаатар төмөр замын дарга 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б-II-152 дугаартай тушаал гаргаж, О.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан “үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт хэргийн 23, 216-218 дахь талд авагдсан Улаанбаатар төмөр замын даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-II-152 дугаар тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх тушаалын үндэслэлийн талаар зохигчид маргадаг.

            Хэргийн баримтаар нэхэмжлэгч О.Б нь “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У ХННт холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ. Тэрээр түүнийг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн өгсөн “2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч оролцуулах, нэмэлт нотлох баримт гаргах үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах, уг хүсэлтийг хүлээн аваагүй тохиолдолд шүүгчээс татгалзан гаргах” үүрэг даалгавар биелүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан болох нь зохигчдын тайлбар, хариуцагч байгууллагын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.  /1хх 14-16,41-43 дахь тал/

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбоог зохицуулахад оршдог. Уг хуулиар төлөөлөгчийн бүрэн эрх, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүрэг, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, шүүгчээс татгалзан гаргах үндэслэлийг журамлаж өгсөн бөгөөд аль нэг байгууллагын даргын үүрэг даалгавраар хийгддэг асуудал биш юм. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч О.Бд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь зөв байна. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            2.Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгах шаардлагын тухайд:

            Хариуцагч Улаанбаатар төмөр зам дарга 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-I-282 дугаар тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч О.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь хэргийн 67 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Уг тушаалын үндэслэл нь талуудын маргааны зүйл болжээ.

            Хариуцагч Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-464 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж шинээр Соён гэгээрүүлэх хэлтэс бий болгож, даргаар нь О.Бг томилж, түүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Үүнээс хойш 4 сарын дараа Улаанбаатар төмөр замын дарга нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар тушаалаар дахин хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөн баталж, соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгахтай холбогдуулан цомхтголд орж байгаа ажилтнуудад хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, Замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-I-282 дугаар тушаалаар О.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх үйл баримт нь хэргийн 180-181, 103-104, 217, 219, 46-49, 92-93, 29, 67 дэх талд авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл нь хэлбэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Гэвч хариуцагч байгууллагыг Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох үндэслэлээр ажил, албан тушаалын нэрийг өөрчилснөөс бодитойгоор хэлтэс шинээр бий болгож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор татан буулгасан нь тогтоогдоогүй, үндэслэлээ нотлоогүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч О.Б нь хариуцагчтай Соён гэгээрүүлэх хэлтсийн даргын албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч тэрээр тус байгууллагад хуулийн зөвлөхийн ажлаа үргэлжлүүлэн хийж байсан нь түүний ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл зэргээр нотлогдож байхаас гадна хариуцагч тал түүнд хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаатай нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /1хх 68, 74 дэх тал/

            Дээрхээс дүгнэхэд хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад бодитойгоор өөрчлөлт хийж, Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаж, ажилтны орон тоог цөөрүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэгч О.Бг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

             Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД