Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 3690

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  хороо,  хороолол,  байрны  тоотодоршин суух, регистр , О-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо, өөрийн байр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт /регистр / холбогдох сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан 2018 оны 5-р сарын 31 өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлээ татан ав гэж дарамталсан хууль бус үйлдлийг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5 041 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБТЗ нийгэмлэгийн даргын 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлээ татаж ав гэж дарамталж байгаа хууль бус үйлдлийг тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдсан уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. УБТЗ нийгэмлэгт холбогдох Төрийн банкны нэхэмжлэлтэй төлбөр тооцооны асуудалтай маргаан 2013 оноос эхлэн 5 жил үргэлжилсэн. Нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Баясгалан миний бие оролцдог. Намайг энэ хэргийн ажиллагаанд оролцож байхад ямар нэгэн үүрэг даалгавар эрх бүхий этгээдээс өгөгдөөгүй байхад шүүх хуралдааныг хойшлуул гэсэн үүрэг даалгаврыг биелүүлсэнгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсангүй гэсэн үндэслэлээр 2018 оны 5-р сарын 29-ний өдөр Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдлагын асуудал хариуцсан н.Ганболд шуурхай хурлаар хэлэлцэж, 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн Б-II-152 тоот тушаалаар 1 сарын цалин хөлсийг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Улаанбаатар төмөр замын дарга, Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны дарга хоёр л энэ хэрэгтэй холбоотой үүрэг, даалгавар өгөх эрхийг эдэлнэ. Өөр хэн нэгэн этгээд хэргийн талаар болон хэрэгтэй холбоотой үйл ажиллагааг явуулах чиглэл зааварчилгаа өгвөл ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байна гэж үзэж холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. УБТЗ нийгэмлэгт хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмээр Замын дарга хуулийн албаны хуулийн зөвлөхөд итгэмжлэл олгож, итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээж, Улаанбаатар төмөр замыг төлөөлөх бүрэн эрхийг олгодог, замын удирдлагаас тодорхой шийдвэр гаргах, тодорхой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж үзвэл зөвхөн Хууль зүйн албаны дарга үүрэг өгдөг. Өөрөөр хуулийн зөвлөх, эсвэл орлогч дарга, хуулийн этгээд, замын даргын зөвлөх, яам тамгын газрын түшмэдүүд Улаанбаатар төмөр замын хуулийн зөвлөхөд ямарваа нэгэн үүрэг даалгавар өгдөггүй. Тэгэхээр шүүх хуралдааныг хойшлуул гэсэн үүргийг Болормаа бид хоёрт Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа өгсөн. Тухайн өдөр би Үндсэн хуулийн цэцийн хурал давхардсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан боловч шүүгч шүүх хуралдааныг 6 цагаар хойшлуулах захирамж гаргасан. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Ямар нэг шалтгаанаар шүүгчээс татгалзах, шүүх хуралдааныг саатуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар оролцох, шүүхийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэж өгөгдсөн үүрэг даалгаврыг ямар ч тохиолдолд бид биелүүлэхгүй. Улаанбаатар төмөр замд би 2004 онд ажилд орсон. Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ямар ч тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч нотлох баримт гаргах, хуурамч нотлох баримтыг бүрдүүлэх, үндэслэлгүйгээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйл баримт тогтоогдвол бид хуулийн зөвлөхтэй нь хариуцлага тооцдог. 15 000 хүнтэй байгууллагын хуулийн алба гэдэг бол өөрөө ёс зүйн хувьд маш үлгэр жишээ ёс зүйтэй байх ёстой. Түүнээс хэн нэгэн хүний хувийн компани юм уу, хувь хүний хүсэл зорилгоор хуулийг болон хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй. 2018 оны 5-р сарын 29-ний өдрийн шуурхай хурал дээр бид ...ямар нэгэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл байхгүй тохиолдолд үндэслэлгүйгээр шүүгчээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэдгээ хэлсэн. Ямар учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчөөгүй, 2 хуулийн зөвлөхдөө сахилгын шийтгэл ногдуулж байгааг гайхсан. Ийм хурал Улаанбаатар төмөр замд анх удаагаа болж байна гэдгээ хэлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манайх үргэлж хэрэг маргаанд оролцдог. Бид нар өмнө нь шүүгчээс татгалзаж байгаагүй гэдгээ тодорхой хэлсэн, тэгээд хурал завсарласан. Миний бие 2018 оны 6-р сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авахад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гараагүй байсан. 2018 оны 5-р сарын 31-ний өдөр нэг огноо авч үлд гэсэн үүрэг өгөгдсөн гэсэн зүйл яригдсан. Гэхдээ 2018 оны 6-р сарын 04-ний өдөр хүртэл 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн огноотой Б-II-152 тоот тушаал гаргаагүй байж байгаад 2018 оны 6-р сарын 04-ний өдөр нөхөж гарсан байсан. Энэ тушаал анхнаасаа хууль бус ажиллагааг шаардсан, эрхгүй этгээдүүд хурал удирдаж, шаардлага тавьж, түүнийгээ шуурхай хурал гэж тайлбарлаж байгаа. Хууль зүйн алба зөвхөн Улаанбаатар төмөр замын даргын мэдлийн байдаг, шаардлагатай гэж үзвэл Улаанбаатар төмөр замын даргын орлогч нарыг Хууль зүйн алба, Улаанбаатар төмөр замын даргын үүрэг даалгаврын дагуу шалгах, үйл ажиллагаанд нь дүгнэлт гаргах эрхтэй. Тиймээс Хууль зүйн албаны ажилтнуудад сахилгын шийтгэл, ажлын үүрэг даалгаврын асуудлыг зөвхөн Улаанбаатар төмөр замын дарга, Хууль зүйн албаны дарга хоёр л хэлэлцдаг. Өөр ямар нэгэн гуравдагч этгээд Иргэний хэрэг, Эрүүгийн хэрэг, Захиргааны хэрэг зэрэгт оролцсон байдлын талаар ямар нэгэн үйл ажиллагаа, дүгнэлт өгдөггүй онцлогтой. Үүний дараа Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа намайг нэхэмжлэлээ татаж ав, удирдлагатайгаа шүүх дээр маргалдвал сайнаа үзэхгүй шүү гэх зэргээр дарамталж харьцсан. Улаанбаатар төмөр замын түүхэнд Хууль зүйн алба нь хуульчаа өрөөндөө оруулж ирээд загнаж, доромжилсон үг хэлдэг албан тушаалтан байгаагүй. Тэгэхээр энэ дарамталж байгаа хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү. Бид Улаанбаатар төмөр зам нийгэмлэг Монгол Улсын төрийн өмчийн газарт ажилладаг. Бид нар төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, Улаанбаатар төмөр замын бизнесийн ёс зүйд захирагдаж, Улаанбаатар төмөр замд Үндсэн хуулийн зөвлөхийн хувьд албан үүргээ гүйцэтгэдэг. Бид байнгын ажлын байранд, үндсэн ажилтны хувьд үүргээ биелүүлж ажилладаг. Мөн УБТЗ нийгэмлэгийн даргын 2018 оны 9-р сарын 17-ний өдөр Б-I-282 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар О.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалаар Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан тул Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажиллаж байгаа О.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9-р сарын 17-ний өдөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан бол тусдаа тушаал байх ёстой. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтад өнөөдрийг хүртэл Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэсэн тушаал, шийдвэр ирээгүй. Тэгэхээр энэ тушаал нь үндэслэлгүй. Соён гэгээрүүлэх хэлтэс байгуулж, шууд миний зөвшөөрлийг авахгүйгээр намайг Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэдэг албан тушаалд томилсон тушаал гарсан байсан. Тухайн үед нь би Улаанбаатар төмөр замын даргад өргөдөл өгч, намайг хэзээ ч дарга, цэргээр томилохгүй гэсэн зарчим байгаа, Улаанбаатар төмөр замын үндсэн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал буюу төмөр замын Тээврийн хуулийн шинэчлэл, уламжлалыг хариуцсан Улаанбаатар төмөр замын үндсэн мэргэжилтэн. Анхнаасаа намайг ямар ч тохиолдолд дарга, орлогч дарга гэдэг албан тушаалд томилохгүй, үндсэн хуулийн зөвлөх гэдгээрээ ажиллуулж байх ёстой, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэсэн нэр томъёогоо болиоч, би зөвшөөрөхгүй гэдэг өргөдлөө өгсөн. Тэгсэн суртал, ухуулга гэсэн ажил хариуцаж байна, чухал асуудлаар зөвлөгөө авахаар хэлтэс байгуулж байгаа гэсэн тайлбар тавьж, миний өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэж өгөөгүй. Энэ хэлтэс ямар зорилготой вэ гэхээр гаднаас орж ирсэн хуулийнхан Улаанбаатар төмөр замын хууль зүйн албыг өөрийнхөө хяналтанд байлгаж, дуулгавартай байлгахын тулд хууль зүйн албанд удаан жил ажилласан мэргэшсэн хууль ч нарыг нь халахын тулд 2017 онд хийсвэрээр Соён гэгээрүүлэх хэлтэс гэж нэр томъёо өгсөн. Монгол улсын ажил мэргэжлийн стандарт, ажлын байрны тодорхойлолтоор аж ахуйн байгууллагын хэлтэст Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс гэсэн ямар ч нэр томъёо хэрэглэдэггүй. Олон улсын гэрээ болон Монгол улсын хөдөлмөрийн бүхий л дүрэм, журам дээр хуулийн зөвлөх гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Гэтэл Соён гэгээрүүлэх хэлтэс байгуулж, хэлтсийг 3 сард татан буулгаж, ажилчдыг нь халахаар төлөвлөсөн байна. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан баримт байгаа боловч миний бүх бичиг баримтууд, ажлын газрын үнэмлэх ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын хуулийн зөвлөх гэсэн нэрээр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2005 онд хуулийн зөвлөхөөр томилогдсоноос хойш ямар ч өөрчлөлт ороогүй. Удам дамжсан төмөр замчид гэсэн О.Баясгалан, Ариунаа нарыг зайлуулах ёстой гэж яриа ч гарсан байдаг. Тийм ч учраас бид нарыг ялгаж, Соён гэгээрүүлэх хэлтэс болгосон, улмаар 2018 оны 6-р сард тушаал гаргах гэж байхад нь би ээлжийн амралтаа авсан байсан. Тэгээд Соён гэгээрүүлэх хэлтсээ татан буулгасан тушаал гаргах гэж байснаа больж, энэ тушаалаа 2018 оны 9-р сарын 17-ны өдөр миний ээлжийн амралт дууссаны дараа гаргасан. Гэхдээ Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасугай гэсэн ямарваа нэгэн тушаал, шийдвэр гараагүй. Векселийн маргаантай хэрэгт 660 000 000 төгрөгийн өмгөөллийн гэрээ байгуулсныг хэргээс харсан. Улаанбаатар төмөр замын хуулийн зөвлөхүүд цалингаа аваад хийдэг ажлыг 660 000 000 төгрөгөөр өмгөөлүүлж, төрийн өмчөөс хулгай хийж байгаа хэлбэр гэж харсан. Ямар өмгөөлөгч 660 000 000 төгрөгийн үнэтэй, тэгээд 67 000 000 төгрөгийн урьдчилгаа төл гэсэн байдаг. Эдгээр үндэслэлээр Сахилгын шийтгэл хууль бусаар ногдуулсан 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлээ татан авахыг шаардаж дарамталсан хууль бус үйлдлийг зогсоох, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн Б-I-282 тоот тушаалыг хүчингүй болгох, хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 5 041 0000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Баясгалан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруул гэсэн үүргийг биелүүлээгүй хэмээн илт хууль бус шаардлага тавьсан гэж 2018 оны 6-р сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан гомдолдоо бичжээ. Төрийн банк нь 2016 оны 7-р сарын 20-ны өдөр УБТЗ нийгэмлэгт холбогдох 7 436 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улаанбаатар төмөр замыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан оролцох болж, итгэмжлэлийг өгсөн. 2018 оны 5-р сарын 15-ны өдөр буюу хурлын өмнөх өдөр хэргийн явц, шүүх хуралдаан болох гэж байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалантай ярилцсан. Түүнээс өөрийнх нь хэлдэг шиг бүх зүйл нь нууц, хэнд ч тайлбарладаггүй гэсэн зүйл байхгүй. Хэрвээ О.Баясгалан хэргийн талаар өөрөө тайлбарлаагүй бол би мэдэх боломжгүй. Яагаад гэвэл би Улаанбаатар төмөр замд 2018 оны 3-р сард ажилд орсон. Тэгэхэд хоёр орлогч дарга нь хоёулаа ажлаасаа халагдаж явсан. 2017 оны 11-р сард бүтэц нь өөрчлөгдөж, хэдийнээ Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаараа О.Баясгалан томилогдсон байсан. О.Баясгалан өөрөө хэргээ тайлбарлаж орж ирсэн. Өмнө ч гэсэн бүх хэргүүдээ тайлбарлаж, нөхцөл байдлын талаар нь ярьж, зөвлөгөө авдаг байсан. Энэ талаар Улаанбаатар төмөр замын даргад танилцуулж, хэрэг нилээн маргаантай, 7 436 000 000 төгрөгийн маргаантай хэргийн талаар танилцуулсан. Улаанбаатар төмөр замын даргын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх дээр асуудал манай эсрэг талд шийдвэрлэгдэж, манайх 7 436 000 000 төгрөг өгөхөөр болж, дараа нь Улсын дээд шүүх дээр буцаасан, тиймээс дахин ямар нэгэн зөрчил гаргахгүй байх үүднээс, мөн Жаст компанид Улаанбаатар төмөр зам төлбөрийг нь төлсөн, дахин төлбөр гаргуулах үндэслэлгүй, Төрийн банк Жаст компаниас төлбөрөө авч чадахгүй болохоороо эцсийн аргаа хэрэглэж манай байгууллагаас төлбөр нэхэмжилж байгаа, тэгэхээр хэргийг тал бүрээс нь дахин судлах зорилгоор эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгч оролцуулах, мөн санхүүгийн холбоотой нэмэлт нотлох баримтуудыг өгөх, хэргийг дахин нягтлан шалгах шаардлагатай байгаа гэж үзээд 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуул гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Түүнээс шүүхийн ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлого байхгүй. Харин хуульд заасан эрхээ эдлэхийн тулд итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Улаанбаатар төмөр замын даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн албаны орлогч даргын хувьд дараах үйл ажиллагаануудыг явуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланг 2018 оны 5-р сарын 15-ны өдрийн 10 цагт өрөөндөө дуудаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргах зайлшгүй шаардлагатай, Монгол улсын үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх зарчмаар хангагдах эрхийг хэрэгжүүлэх үүднээс өмгөөлөгч авах хүсэлт гаргаж маргаашийн хурлыг хойшлуулах, мөн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж гарсан байхад Төрийн банк Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн данснаас хууль бусаар 721 227 ам долларын суутган авсан нь гэм хорын хохирол байх магадлалтай тул үүнийг судлаад сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлагыг О.Баясгаланд өгсөн. Хуульд заасан өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж авахгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзах бүрэн боломжтой гэдэг тайлбарыг О.Баясгалан, г.Болороо нарт өгсөн. О.Баясгалан энэхүү үүрэг, даалгаврыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг хойшлуулна, би Үндсэн хуулийн цэц дээр хуралдаантай учраас шүүх хуралдаан хойшилно, энэ хүсэлтүүдийг шүүхэд гаргана гэж үүрэг даалгаврыг биелүүлэхээ хэлээд гарсан. О.Баясгалан зөвхөн Улаанбаатар төмөр замын даргаас үүрэг даалгавар авдаг хуулийн зөвлөх, 16000 хүнтэй байгууллагын хамгийн том хуульч гэж байна. Хэрвээ тийм бол өөрийнхөө ажил, албан тушаалыг мэддэг байх ёстой. 2017 оны 11-р сарын 17-ны өдөр гэхэд би Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаагүй, энэ байгууллагад О.Баясгаланг ажилладаг гэдгийг огт мэдээгүй. Энэ үед О.Баясгаланг Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэдэг ажил албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ нэрээрээ гарын үсгээ зурж, янз бүрийн комисст орж явсан байдаг. Улаанбаатар төмөр замын дарга О.Баясгаланд үүрэг өгч байсан нь 2018 оны 8-р сарын 01-ний өдөр шүүхэд өгсөн 10/1647 тоот хариу тайлбараар маш тодорхой харагдах ба Хууль зүйн албаны орлогч даргаар нь дамжуулан хүргүүлсэн гэдгээ хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын үйл ажиллагаа яриагүй, итгэмжлүүлэгчээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилтан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй. О.Баясгалангийн Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 3.2.2, 2-р зүйлийн 2.1.4, ажлын байрны тодорхойлолтын 5-р зүйлийн 5.2, Улаанбаатар төмөр замын удирдах газрын дотоод журмын 3-р зүйлийн 3.12, 7-р зүйлийн 7.1, 8-р зүйлийн 8.2, 8.3, Хөдөлмөрийн хуулийн 6-р зүйлийн 6.2, Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.3, 26-р зүйлийн 26.3, 36-р зүйлийн 36.1 дэх хэсэгт ажилтан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Гэтэл О.Баясгалан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.1.1, 131.1.2 дахь хэсгүүдэд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргаас ямар ч хууль бус шаардлага итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө тавиагүй. Өмгөөлөгч авах, сөрөг нэхэмжлэл гаргах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хоёр шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө тавьсан нь хууль зөрчөөгүй, шүүхийн процессын ажиллагаанд сөргөөр нөлөөл гэсэн зүйл биш юм. Улмаар Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга О.Баясгалан, хуулийн зөвлөх Н.Болороо нарын хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан асуудлаар 2018 оны 5-р сарын 31-ний өдөр Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга н.Ганболдоор удирдуулсан шуурхай хурлыг зохион байгуулж, сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. О.Баясгаланд сахилгын шийтгэл ногдуулах тухай 152-р тушаал болон дараагийн 153-р тоот тушаалуудын бүх огноо дугаарууд нь 2018 оны 5-р сарын 31-ний өдөр гарсан. Тэгэхээр 2018 оны 6-р сарын 06-ны өдөр гаргаснаа нөхөж 2018 оны 5-р сарын 31-ний өдөр гаргасан гэдэг асуудал огт байхгүй. О.Баясгалан шүүхэд гаргасан гомдолдоо 20185 оны тушаал гэж бичсэн, 20185 онд ямар ч тушаал шийдвэр гарах боломжгүй, мөн 2018 оны 6-р сарын 06-ны өдрийн Б-III-152 тоот гэх тушаал байхгүй, нэхэмжлэгч энэ тушаалыг нотлох баримтаар өгөөгүй байдаг. Ажил олгогч буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дагуу байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. О.Баясгалан 2018 оны 9-р сарын 14-ний өдөр болон 2018 оны 9-р сарын 19-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн Б-I-282 тоот тушаал нь хуулийн дагуу гарсан. Улаанбаатар төмар зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь өнөөгийн нөхцөл байдалд учирч байгаа эдийн засгийн хүндрэлийн нөхцөл байдлыг давах туулах, салбар нэгжийг татан буулгах, орон тоог хасах, ажлын тоог цөөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 8-р сарын 15-ны өдрийн А378 дугаар тушаал гарч, Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан. Өнөөдөр хүн бүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үндэслэл бүхий, үнэн зөв тайлбар гаргах ёстой. Өнөөдөр би хуульч гээд бусдыг доромжилдог, мөнгө төгрөг идэж уусан гэж ярьж байгаа нь Улаанбаатар төмөр замд ажиллаж байсан хуулийн зөвлөх ямар ёс зүйгүй, олон жил ийм ёс зүйгүй хуулийн зөвлөх ажиллаж байсан гэдэгт харамсаж байна. Зөвхөн Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаагүй, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд тодорхой шат дараалалтай арга, хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа, цаашдаа ч арга хэмжээ авна гэдгийг Улаанбаатар төмөр замын дарга шүүхэд өгсөн тайлбартаа бичсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн хуулийн заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга О.Баясгаланд 2018 оны 8-р сарын 10-ны өдөр гардуулж, хугацаа дуусгавар болсон учраас 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн Б-I-282 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэл болгож, мөн Хамтын гэрээний холбогдох зүйл заалтыг баримтлан О.Баясгаланд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2018 оны 9-р сарын 29-ний өдөр олгосон. Үүгээр Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7-р сарын 03-ны өдрийн 33-р тогтоолын 15-д заасан 1 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлсэн. О.Баясгалантай 2018 оны 4-р сарын 16-ны өдөр Соён гэгээрүүлэх хэлтсийн даргын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 1-р зүйлийн 1.2 дахь хэсэгт гол нөхцөлүүдээр тохирсон. Хэрвээ хууль бусаар Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилсон гэж байсан бол 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн бүтцийн талаар гарсан тушаалд гомдол гаргах байсан. 2018 оны 12-р сард Улаанбаатар төмөр замын даргад намайг хууль бусаар Соён гэгээрүүлэх хэлтэст томилсон байна, би дарга болохгүй гэсэн гомдол гаргасан гэж байгаа боловч би хуулийн зөвлөхөөрөө ажиллана гэсэн ямар нэгэн асуудал байдаггүй. 2018 оны 9-р сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагадаа Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа дарамт шахалт үзүүлсэн гэжээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 19-р зүйлд заасны дагуу Улаанбаатар төмөр замын дарга нь нийгэмлэгийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг бие даан явуулах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд дүрмийн 22-р зүйлд зааснаар тушаал гаргаж, түүнийхээ биелэлтийг шаардах эрхтэй. Мөн Ерөнхий хорооны 2009 оны 4-р сарын 17-ны өдрийн 4-р хурлын протоколын 10.6 дахь заалтаар Улаанбаатар төмөр замын даргад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, нэмэх, хасах эрхийг нь олгосон, нийгэмлэгийн даргаас өөр хэн ч бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, ажилтнуудаа халах эрхнүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын даргаас олгосон тусгайлсан итгэмжлэлгүйгээр хэн нэгэн этгээдийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар мэдэгдэл өгөх асуудал байхгүй. Д.Минжмаа надад ажлаас халах мэдэгдлийг өгсөн гэж байна. Надад хэн нэгэн этгээдийг ажлаас халах, ажилд авах, ажлаас халах мэдэгдэл өгөх эрх олгогдоогүй. Би ийм эрхгүй. Би хувь хүнийхээ хувьд энэ эрхийг хууль бусаар эдэлсэн гэвэл нэхэмжлэгч О.Баясгалан нотлох үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар нотолсон баримтыг хавтаст хэрэгт өгөөгүй. Түүнчлэн намайг дарамталсан, зүй бус үгээр харьцсан гэж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хуулийн албаны орлогч даргынхаа хувьд ч гэсэн, 30 гаруй жил хуулийн ажил хийж байгаагийнхаа хувьд ч бусдыг доромжилсон үгийг хэрэглэдэггүй, ямар утгаар хэрэглэгддэгийг ч би мэдэхгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг маргаж шүүхэд гомдол гаргасан учраас намайг ажлаас халсан гэж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 16000 ажилтантай, 40 гаруй салбар нэгжтэй учраас сахилгын шийтгэл ногдуулах тушаал өдөр тутам гардаг. Манай байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. О.Баясгаланд ажил олгогчийгхоо өгсөн үүргийг биелүүлээгүй гэдэг утгаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ үйлдлийнхээ төлөө ажлаас халж, айлгаж дарамтлах шаардлагагүй, ганцхан О.Баясгаланг шүүхэд гомдол гаргалаа гэж бүхэл бүтэн хэлтсийг татан буулгасан зүйл байхгүй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 19, 22, 33-р зүйлд заасан Улаанбаатар төмөр замын даргын эрх, үүргийнхээ хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Баясгалан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан 2018 оны 5-р сарын 31 өдрийн Б-II-152 дугаар тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлээ татан авахыг шаардсан хууль бус үйлдлийг тогтоолгох /хх 28/, ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5 041 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5-р сарын 31-нийөдрийн Б-II-152 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга О.Баясгаланд 2018 оны 05-р сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл /хх 23/ ногдуулжээ.

 

Тус хурлыг Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Г.Ганболд даргалан хуралдуулж, Төрийн банкны нэхэмжлэлтэй УБТЗ ХНН-т холбогдох хэргийн 2018 оны 5-р сарын 16-ны өдрийн шүүх хуралтай холбогдуулан удирдлагын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн талаар хэлэлцсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан /хх 41-43/ байна.

 

Төрийн банкны нэхэмжлэлтэй УБТЗ ХНН-т холбогдох иргэний хэрэг 2016 онд үүсч, анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан, улмаар 2017 оны 9-р сарын 17-ны өдрийн Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь тухайн хэрэгт О.Баясгалан, Н.Болороо нараар төлөөлүүлж оролцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа нь 2018 оны 05-р сарын 15-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланд ...өмгөөлөгч авах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, шүүгч хүсэлтийг хүлээн авахгүй бол ИХШХТХуульд зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзаж 2018 оны 05-р сарын 16-ны өдөр зарлагдсан шүүх хурлыг хойшлуулах үүргийг өгсөн нь зохигчийн тайлбар, хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5-р сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/07139 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгч О.Баясгалан нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг тухайн өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар /хх 191/ хойшлуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлд зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах бөгөөд шүүх энэ хуулийн 67-р зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг явуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгчид эдлэх эрхийг нь тайлбарласан, өөрөөр хэлбэл, Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т заасан ....эрх зүйн туслалцаа авах эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг бүрэн тайлбарлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулинд заасан хугацаанд явагдана.

Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид өгсөн шүүх хуралдаан хойшлуулах үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1 ...хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй ч хуулинд заасан хугацаанд, нэмэгдүүлсэн шаардлагаа хуульд заасан журмаар гаргаагүй, энэ хуулийн 84, 91-р зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно гэсэн хуулийг зөрчиж хүсэлтийг хүлээж авахгүй бол шүүгчээс татгалзах үүргийг өгсөн нь төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах хуулийн заалттай нийцээгүй, хууль зөрчсөн үүрэг өгсөн гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа намайг нэхэмжлэлээ татаж ав, удирдлагатайгаа маргалдвал сайнаа үзэхгүй шүү, битгий дарвалзаад байгаарай гэх зэргээр дарамталсан хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтыг гаргаагүй, тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн А-464 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж, 2017 оны 12-р сарын 01-ний өдрөөс мөрдөх, хавсралтаар Хууль зүйн албаны дарга, орлогч дарга, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс 1, бүртгэлийн инженер 3, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс 1, хуулийн зөвлөх 2, Гэрээ эрх зүйн хэлтэс 1, хуулийн зөвлөх 2, Соён гэгээрүүлэх хэлтэс 1, хуулийн зөвлөх 2 бүтэцтэй байхаар /хх 180-181, 198-199/ шийдвэрлэжээ.

 

Харин замын даргын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн Б-I-538 дугаар тушаалаар Хууль зүйн албаны зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгохдоо тухайн албанд ажиллаж байсан 11 хүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 11 хүнийг 2017 оны 12-р сарын 25-ны өдрөөс, түүний дотор хуулийн зөвлөх О.Баясгаланг Соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар томилсон /хх 103-104/ байна.

 

Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай 464 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр буюу Соён гэгээрүүлэх хэлтэс-ийг шинээр бий болгож ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, гүйцэтгэх ажил, үүргийг бий болгоогүй, өөрөөр хэлбэл, Соён гэгээрүүлэх хэлтэс нь ямар чиг үүрэгтэй, бүтэц, орон тоо, цалин хөлсийг тогтоож батлаагүй байна.

 

О.Баясгалан нь энэ албан тушаалд томилогдсоноор 2017 оны 12-р сарын 22-ны өдөр Замын даргад ...Соён гэгээрүүлэх гэдэг ойлголт нь зөвхөн АТГ-т байдаг бүтэц, хуульч өмгөөлөгчийн тусгай зөвшөөрлөө хураалгах үр дагавар бий болсон, ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй Соён гэгээрүүлэх гэсэн нэрийг Ерөнхий хэлтэс болгон өөрчлүүлэх.. тухай хүсэлтийг гаргаж, улмаар Замын дарга нь ...хууль тогтоомжуудыг тайлбарлаж, хэрэглэх арга замыг зааж өгөх, гарах үр дагаварыг тодруулах гол зорилготой хэлтэс юм гэсэн тайлбарыг хийж /хх 89/ байжээ.

 

Хэдийгээр О.Баясгалантай 2018 оны 4-р сарын 16-ны өдөр Соён гэгээрүүлэх хэлтсийн даргын хувьд хөдөлмөрийн гэрээ /хх 46-49, 106-110/ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод /хх 38-40, 111-113/ албан тушаалын зорилго нь Улаанбаатар төмөр замын нэр хүндийг өргөж, үйл ажиллагааны стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгч, зорчигдод аюулгүй найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэн, хууль, дүрэм, журмыг сахин биелүүлж, нийгэмлэгийн хэмжээнд аливаа нэг хуулийн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахад оршсон, үндсэн үүргийн хүрээнд Замын даргын тушаал, албан даалгаварын биелэлтэд тавих хяналтыг зохион байгуулах, ...эрх зүйн актын үндсийг боловсронгүй болгох, удирдлагыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, төмөр заамын тээврийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийх, Төмөр замын тээврийн хууль тогтоомжийгтайлбарлан таниулах, сурталчлах, хэрэгжүүлэх зорилготой байна.

 

Харин Соён гэгээрүүлэх хэлтэс, хэлтсийн даргын гүйцэтгэх ажлын хүрээнд Авилгын эсрэг хуулийн 3.1.5-д заасан олон нийтийг соён гэгээрүүлэх буюу олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах үйл ажиллагаа явуулахаар тусгагдаагүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

Замын дарга 2018 оны 8-р сарын 15-ны өдөр Бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай 378-р тушаал гаргаж УБТЗ ХНН-ийн эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдаыг даван туулах, салбар нэгжийг татан буулгах, орон тоо хасах, ажилтнуудын тоог цөөрүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөн баталж, хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдаж байгаатай холбогдуулан цомхотголд орж байгаа ажилтнуудад хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгч холбогдох арга хэмжээ авахыг Хүний нөөцийн албанд /хх 92/ даалгажээ.

 

Улмаар 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн Б-I-282 тоот тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсан үндэслэлээр хэлтсийн дарга О.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан /хх , 67, 93/ байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 8-р сарын 16-ны өдөр ажилтанд гардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчөөгүй /хх 29/ байна.

Ажил олгогч нь Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай 464 дүгээр тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтэс-ийг шинээр бий болгоогүй, Бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай 378-р тушаалаар тус хэлтсийг татан буулгасан шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл, ажилтны хувьд Хуулийн зөвлөх-ийн ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн хийж байжээ.

 

Нөгөө талаас, ажил олгогч нь Хууль албаны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох үндэслэлээр ажил, албан тушаалын нэрийг өөрчилснөөс өөрөөр хэлтэс шинээр бий болгож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор татан буулгасан нь тогтоогдоогүй, үндэслэлээ нотлоогүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж дүгнэлээ.

 

Иймд О.Баясгаланг Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож О.Баясгалангийн ажилгүй байсан 2018 оны 9-р сарын 17-ны өдрөөс 12-р сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 5 029 636 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул түүнд олгох цалин хөлснөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б-III-152 тоот тушаал, 20185 он гэж бичсэнийг Б-II-152, 2018 он гэж зөвтгөсөн, хэргийн 50-57 дахь хуудсанд авагдсан 2018 оны 05-р сарын 31-ний өдрийн Б-II-151, 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн Б-II-153, 2018 оны 6-р сарын 05-ны өдрийн Б-II-154 тоот тушаалууд нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг нөхөж гаргаагүй гэснийг няцаасан, О.Баясгалангийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөх гэсэн ажлын газрын 267 тоот үнэмлэхийг 2018 оны 01-р сарын 08-ны өдөр олгосон /хх 68/, Нийгмийн даатгалын дэвтэрт Хууль зүйн албаны хуулийн зөвлөх гэснээс өөр бичилт /хх 74-75/ хийгдээгүй нь хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны ажил үүрэгтэй нь холбоотой гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан С.Ариунаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь /хх 91/, Балансын шагнал олгох тухай, Бүтэц, зохион байгуулалт, орон тоог шилжүүлэх, төв байгуулах тухай А-438 тоот, Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн батлах тухай А-411 тоот тушаал, үлгэрчилсэн дүрэм /хх 165-174/, Б.Хажидмаа, В.Сэлэнгэ, В.Зоригтсайхан нартай холбоотой тушаал, Төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай А-369 тоот тушаал, хавсралт нь /хх 204-214/ энэ хэрэгтэй холбоогүй баримтууд байна.

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэмд /хх 97-102/ заасан Замын даргын тушаал шийдвэр гаргах, ажилд авах, халах эрхийн талаар, УБТЗ нийгэмлэгээс гарах зарим шийдвэрийн төслийг боловсруулах, баталгаажуулах журам /хх 85-88/ талаар нэхэмжлэгч маргаагүй, УБТЗ нийгэмлэгээс гарах зарим шийдвэрийн төслийг боловсруулах, баталгаажуулах журам, Хурал, зөвлөгөөний тэмдэглэл хөтлөх журамд зааснаар /хх 153-164/ Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга хурал удирдан явуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Харин өмгөөллийн Анта энд Партнерс ХНН-ийн 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг нь /хх 114-116/ нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулснаас хойш буюу УБТЗ нийгэмлэг, өмгөөллийн нөхөрлөл хооронд байгуулсан 2018 оны 6-р сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г цуцлах тухай мэдэгдсэн байх ба энэ шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 3-р сарын 28-ны өдрийн А-137 тоот Дүрэм батлах тухай тушаалд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, хавсралтаар баталсан Хууль зүйн албаны дүрэм-ийн 3.1.1-4.6 хүртэлх заалт авагдаагүй, хэргийн 124-р хуудсанд авагдсан тус дүрмийн хэсэг нь дугаарлалт, бүлэг, бүтцээрээ өөр байх ба эдгээр баримтыг үнэн зөв гэх үзэхгүй, түүнчлэн 121-123 дугаар хуудсанд авагдсан баримт нь албан ёсны орчуулга хийгдээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-рзүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-152 дугаар О.Баясгаланд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нэхэмжлэлээ татан авахыг шаардаж дарамталсан хууль бус үйлдлийг тогтоолгох-ыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ойдовын Баясгаланг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, УБТЗ нийгэмлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 5 029 636 /таван сая хорин есөн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж О.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 11 364 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар О.Баясгаланд олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг УБТЗ нийгэмлэгт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 95 424 /ерэн таван мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА