Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0268

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Досжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Досжаны нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Б.Досжаны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаалын Б.Досжанд холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” 03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Досжаныг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1582422 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 1582422 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, төлөхийг ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/08 дугаар тушаалын Б.Досжанд холбогдох хэсгийг хүчингүй болгох болон нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 431100 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гаргасан ба уг тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар тогтоосон. Уг тогтоолд аймагт урьд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг бусад газар хэлтэстэй нэгтгэсэн, ажилтан албан хаагчдыг аль нэг байгууллагад харьяалуулж ажилласугай гэсэн заалт тусгагдаагүй.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 дүгээр тушаалаар аймгуудад шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудад ажиллах орон тооны дээд хязгаар зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан. Уг тушаалд урьд өмнө аймгуудад ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудыг шинэ орон тоо бүтцэд багтаан ажиллуулах тухай ямар нэг өгүүлбэр ороогүй.

Б.Досжан нь Хөдөлмөрийн хэлтэст Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд энэ орон тоо одоогийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст байхгүй. Харин Захиргаа, хяналтын хэлтэст байгаа Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд урьд Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийг авах боломжгүй гэж дээрээс зааварласан бөгөөд энэ орон тоонд сонгон шалгаруулалт явуулна.

Урьд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаад орон тоо, бүтэц нь үгүй болж татан буугдсанаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэг удаагийн тэтгэмжийг олгохоор болж төсөв мөнгийг нь манай төсөвт суулгаж өгснөөр тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Б.Досжан нь уг мөнгийг данснаасаа авсан байх ёстой.

Б.Досжан нь урьд эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгөлгүй төрийн ажлыг тасалдуулж, 2016 оны 08 дугаар сараас хойш чирэгдэл үүсгэсэн. Бид түүний дур мэдэн авч явсан төрийн өмч хөрөнгө болон эд зүйлс, баримт бичгийг эвдэж сүйтгэсэн, ашигласан, нууцын зэрэглэлтэй баримт бичгийн нууцлалыг тараасан, устгасан байдлыг шалгаж хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгааг дурдъя.

Б.Досжан нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр өөрт нь ашигтай гарахгүйг мэдээд, хариуг авалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх гомдол гаргах хугацаа нь хэтэрсэн байгааг анхаарна уу.

Татан буугдаж цомхотгогдсон, бүтэц нь өөрчлөгдсөн байгууллагын чөлөөлөгдсөн ажилтнуудыг багтааж авах байгууллага бол шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар биш. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Б.Досжаныг анх ажилд аваагүй, ажлаас чөлөөлөөгүй, түүнээс гадна Б.Досжаны орон тоо мөн гэж манай газарт аль нэг байгууллагаас шинээр бүтэц орон тоо, цалин мөнгө орж ирээгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шинээр байгуулагдан шинэ бүтэц, орон тоо, төсөвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа тул бусад байгууллагаас чөлөөлөгдсөн ажилтныг ажилд авах, өмнөөс нь хариуцлага хүлээх, тайлбар өгөх субъект биш.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаас урьд ажиллаж байсан 2 хэлтсийг нэгтгэх тухай тушаал, шийдвэр, эрхийн акт, удирдамж гаргаагүй. Харин Ерөнхий газрын 1/2 гэсэн албан бичигт 2 хэлтсийг нэгтгэх гэсэн өгүүлбэр байдаг. Энэ нь эрхийн акт биш. Бүхэл бүтэн 2 хэлтсийн эрх зүйн байдал хөндөгдөж байгаа. Хоёр хэлтэс урьд нь нийт 60 гаруй ажилтантай байсан. Мөн орон байр, эд хөрөнгө, баримт бичигтэй бие даасан үйл ажиллагааг явуулж ирсэн. Эднийх яах талаар, яаж зохицуулах тухай эрхийн акт журам, заавар, зөвлөмж, чиглэл ирээгүй. Одоогийн баталж өгсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийт орон тоо 45 хүн байгаа, урьд 2 хэлтэс 60 гаруй хүнтэй байсан. Анхан шатны шүүх бүгдийг нь энэ газарт ажилд оруулах янзтай бөгөөд ингэлээ гээд төрийн залгамж үйл ажиллагааны хэм хэмжээ алдагдах байх.

Яам, Ерөнхий газар нь энэ байдлын талаар “өмнөх 2 хэлтэс татан буугдсан, тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар татан буугдсан байгууллагын урьд ажиллаж байсан ажилтнууд нь 08, 09, 10 дугаар сарын цалинг урьдчилан авсан. Тэд хөдөлмөр хийлгүй 3 сарын цалинг сул авч, 3 сарын тэтгэмжийг авсан. “Одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлын чиг үүрэг, зохион байгуулалт, бүтэц, орон тоо нь урьд 2 хэлтсээс өөр учир ажилтнуудаа шилж ав. Тэгээд хяналт тавьж ажилла” гэсэн чиглэл, зөвлөмжийг хэлдэг. Би энэ байдлыг мөрдлөгө болгон ажиллаж байна.

Анхан шатны шүүх 2 хэлтэс татан буугдаагүй ажлын байр, ажлын чиг үүрэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байгаа тул тэд орох ёстой гэж тус байгууллагад 60 хэдэн хүнийг бүгдийг оруулахаар шийдвэр гаргаж байна. Мөн 2016 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн Б.Досжан нь чөлөөлөгдсөнөө мэдсэнээс хойш 3-4 сарын дараа “дөнгөж мэдээд” гэж худал хэлж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний дараа шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй.

Цаашид Б.Досжаны нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Досжан нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Захиргаа, санхүүгийн албаны Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн хоёр нэгжийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг өөрчлөн байгуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог батлахдаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтэст Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо 2 байхаар баталснаас гадна нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтууд болон бусад баримтаар тогтоогдож байна.

Энэ тохиолдолд захиргааны байгууллага хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Досжаныг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн “Б/21 тоот тушаалд урьд өмнө аймгуудад ажиллаж байсан Хөдөлмөрийн ажилтнуудыг шинэ орон тоо, бүтцэд багтаан ажиллуулах талаар тусгагдаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Б.Досжаны өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу  3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, маргаан бүхий албан тушаалд урьд өөр ажил, албан тушаал эрхэлж байсан А.Павелийг томилохоор шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Төрийн байгууллага, албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүрэгтэй байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь энэхүү үүргээ биелүүлэлгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчийн “нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, Төрийн албаны салбар зөвлөлийн хариуг авалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа талаарх гомдлыг Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй учир 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                          ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                          ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                          ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН