Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/02522

 

 

 

 

 

 

 

 

2020 09 24

181/ШШ2020/02522

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж Соёлын төв өргөө В корпус 201 тоотод байрлах н.р ХХК/РД:2114615/-ын

хариуцагч:Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 18 дугаар байранд байрлах бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Жи Ти төвийн 601 тоотод байрлаж байгаа М.ЗХХК/РД:5008395/-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 568 050 төгрөг алданги 11 248 025 төгрөг бүгд 33.852.075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бичигт овогт Гантулгын *******/РД:ЦБ81082777/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт Маньбазарын *******РД:/ШВ79100318/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч н.р ХХКомпанийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбарт: н.р ХХК болон М.З ХХК харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 19-1348 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хамтарч ажилласан. М.З ХХК гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Бага тэнгэрийн аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын нураалтын ажил, хог хаягдал зөөх, сэргээх ажил хийх, н.р ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон санхүүжилтүүдийг төлөх үүрэгтэй байсан.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж нийт 56,000,000 төгрөгийг М.З ХХК-д шилжүүлсэн.

Гэтэл М.З ХХК гэрээт ажлыг дутуу хийж ажлыг хаяж явсан.

Манай компанийн зүгээс тус компанийг гэрээгээр тохирсон ажлаа гүйцэд хий, дутуу ажлаа дуусга гэж удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй. М.З ХХК-д удаа дараа албан шаардлага өгсний дагуу тус компанийн менежер Ган-Ундраа 2019 оны 08 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд барилгын талбай дээр манай компанийн төсөвчин, инженер нарын хамт тоо хэмжээг нэг бүрчлэн тулгаж хэмжин,акт үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний дагуу анх гэрээгээр тохиролцсон нэгж гүйцэтгэх м.кв дээр тухайн тоо хэмжээгээр гаргасан хэмжээнүүдийг тооцож үзэхэд 33,431,950 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнийг манай компанийн зүгээс М.З ХХК-д мэдэгдээд баталгаажуулж гарын үсэг зуруулъя гэсэн боловч зураагүй.

Манай компанийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын 33,431,950 төгрөгийг 2 талын тооллогоор гаргасны дагуу компаниас олгосон санхүүжилтийн зөрүү 22,568,050 төгрөгийг манай компанид буцааж төл эсвэл энэ мөнгөндөө таарсан ажлаа хийгээч гэж удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй.

М.З ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж манай компанийн зүгээс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсон.

Арга буюу өөр гүйцэтгэгч болох Д.Ганчөдөр гэдэг хүнтэй 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж үлдэгдэл ажлыг хийлгүүлэн 26,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

М.З ХХК-ийн нурааж, цоолж, тэгшилж, янзалж оруулаагүй дутуу орхисон ажил арматур таслах, хог зөөх ажлыг хийлгэсэн.

Мөн манай ажил их шахуу байсан учраас Н.Эрдэнэчулуун гэдэг хүнтэй мөн 7,000,000 төгрөгийн гэрээ байгуулж нөгөө блок руу нь оруулсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.16-д ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй бол алданги тооцох заалттай. Мөн ажлыг хаяж явах юм бол 30 хувь хүртэл торгууль шаардах эрхтэй.

Манай компанийн зүгээс дээрх 2 заалтыг давхардуулахгүйгээр алданги 22,082,164 төгрөг тооцох тооцоо гарсан ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 22,568,050 төгрөгийн 50 хувь болох 11,284,025 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Иймд М.З ХХК-иас санхүүжилтээр авсан мөнгө болон хийсэн ажлын зөрүү 22,568,050 төгрөг, алданги 11,284,025 төгрөг, нийт 33,852,075 төгрөг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Хариуцагч тал татгалзлаа нотлох баримтаар нотолж чадсангүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 07 дугаар сарын 09-ний өдөр мөнгө орсон, 07 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаа хаяж, орхиж явсан гэсэн тайлбар хэлсэн. Тэгсэн мөртлөө манай компанид өгсөн гээд байгаа бичгийнх нь ард талд хүлээн авав 07 дугаар сарын 16, 08 дугаар сарын 22 гэж бичсэн гарын үсэггүй бичиг байна. 07 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хаяад явсан хүн яаж 07 дугаар 16, 08 дугаар сарын 22-ны өдөр манай ажил ийм байна, нэмэлт гэрээ байгуулъя гэж бичиг яаж өгөх юм бэ. Үүнийг шүүх анхаарч үзээсэй.

Мөн гүйцэтгэгч компани өөрийн гэсэн тодорхой ажилтангүй, гэрээ байгуулаад доороо бригад авч ажиллуулж байгаа ч гэсэн тэдний цалин хөлсийг өөрсдөө тохиролцоод явах үүрэгтэй. Түүнээс биш захиалагч тал үнийн дүнгийн нууц алдсан чинь манай хэдэн ажилтан мөнгөө голоод яваад өглөө, танай ажлыг хаяад явчлаа гэсэн. Тэгсэн мөртлөө манай компанитай гэрээ байгуулж, үүрэг хүлээгээд мөнгөө авчихсан. Тэгээд үүргээ биелүүлэхгүй хаяад явсан. Энэ хариуцлагыг захиалагч тал үүрэх ямар ч боломжгүй. М.З ХХК гэж хариуцлагагүй компанийн үйлдлээс болоод манай компани дараа дараагийн тендер шалгаруулалт хийж гэрээ байгуулахдаа хичнээн ажилтантай, ажилчдын нь нийгмийн даатгалын дэвтрийг үзэж хаширладаг нэмэлт ажилтай болсон. Аргаа бараад дутуу хийсэн ажил дээр нь өөр хүмүүстэй гэрээ байгуулж ажиллуулсан. Зоригоо, Ганчөдөр гэж ажлаа хаяад явсан хүмүүс гэж байна. Бид ажлаа хийлгэхийн тулд манайд ийм ажил байна гээд сонин дээр зар тавина. Тэгэхээр тэр хүмүүс ажил хийе хэдэн төгрөгөөр хийхээ тохиролцоод гэрээ хийж ажилласан. Эдний буруугаас манайх цаг хугацаа, мөнгөөрөө хохирсон. Гэрээний 3.1, 3.2-т заасан санхүүжилт нь ХАБ-ын зардал, машин механизм, ажлын хөлс, инженерийн бэлтгэл ажил зэрэг зардал нь бүгд орсон. Машин механизм бүтэн өдөр ажиллахад 200,000-300,000 төгрөг байдаг. Нийт 80,000,000 төгрөг буюу нарийвчлалтай 80,341,650 төгрөг.

Хэмжилт дээр тэд хийх ёстойгоос тэд хийсэн байна гэж тоолоод явсан. Ард талд нь бодож дутуу гэдгээ гаргаж бичсэн. Хэмжиж тоолоод Ган-Ундраа зөвшөөрчихсөн, харин үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн. Тоолсны дараа дүнг баталгаажуулахаар өгөхөд үнэлгээний тоог нь хараад зурахгүй гэсэн.

Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. М.ЗХХК-иас 33,852,075 төгрөгийг гаргуулж, манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.ЗХХК-ийн шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:М.ЗХХК нэхэмжлэгч н.рХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн аманд байрлах Бага тэнгэрийн аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын нураалтын ажил, хог хаягдал зөөвөрлөх ажил, сэргээх ажлыг тус тус гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Манай компани гэрээнд заасан ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал гарсан тухай бүрт захиалагчид албан ёсоор санал гаргаж талууд харилцан тохиролцсоны дагуу үүссэн асуудлыг шийдвэрлэж байсан.

Гэрээний нийт үнэ 80,000,000 төгрөг. Үүнээс манай компани 67,619,800 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

Ажлыг хийж байх явцад н.р ХХК-ийн хяналтын инженер гэрээний үнийн дүнг манай ажилтнуудад задруулсны улмаас манай компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрч ажилчид ажлаа орхиж байсан. Гэвч бид ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байсан. Түүнчлэн захиалагч н.р ХХК гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг хийхийг манайхаас шаардаж байсан. Бидний зүгээс тухайн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд бичгээр гэрээ байгуулах шаардлагатай гэсэн саналыг удаа дараа тавьсан боловч уг шаардлагыг гэрээ цуцлах үндэслэл болгож, нийт ажлын үр дүн 70 хувьд хүрсний дараа 2019 оны 07 дугаар сарын 13, 14-ний хавьцаа тус компанийн эрх бүхий албан тушаалтан буюу хяналтын инженер ажлыг зогсоох шаардлага тавьсны дагуу М.ЗХХК ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 33,431,950 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, ажлын зөрүү 22,568,050 төгрөгийг буцаан төлөх эсвэл үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч хийгээгүй гэж ор үндэслэлгүй худал тайлбар гаргасан байна. Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас удаа дараагийн албан шаардлага хүргүүлсэн мэтээр өгсөн байдаг. Гэвч гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нөхцөл байдлаар энэ албан бичгээр хандаж байгаагүй. Ийм албан бичиг ирж байгаагүй, мөн хүлээж авсан ажилтан нь байдаггүй янз бүрийн нотлох баримт өгсөн байна. Тэгэхээр удаа дараа шаардсан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д гэрээт ажлын нийт дүн 80,000,000 төгрөгийг 20 хувь, 30 хувь, 20 хувь, 25 хувь, 5 хувь гэсэн 5 үе шаттайгаар санхүүжилт хийнэ гэсэн. Үүнийг тодруулаад 3.4, 3.5, 3.6-д заасны дагуу гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч тал ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ гэж тодорхой заасан.

Ажлын явц 30, 70 хувьд хүрсний дараа санхүүжилтийг олгохоор заасан. Энэ заалтын дагуу санхүүжилт олгож ирсэн нь манай компанийн ажлын үр дүн бол 70 хувьд хүрсэн байсныг нотолж байна гэж үзэж байна. Тиймээс ч нэхэмжлэлд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж гэж үг байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал протоколоо үйлдээд 70 хувьд хүрсний дараа шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн гэдгээ хэлж байна.

Мөн компанийн менежер Ган-Ундрааг ажил дүгнэсэн мэтээр төсөвчин Цогзолмаа, хяналтын инженер Итгэлт нар байсан, 2 талаасаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мэтээр ярьж байна. Хавтаст хэрэгт өөр нотлох баримт байдаг. Баахан хүснэгт хийгээд Ган-Ундраа өөрөө зурчихсан захиалагч талаас хэн нэгэн гарын үсэг зурсан баримт байхгүй.

Талуудаас 2, 2 нийт 4 гэрч асуулгасан. Төсөвчин гэдэг ямар албан тушаалтай хүн билээ, хоёрдугаарт гэрээнд гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Бямбажав, хариуцагч талын ерөнхий инженер Энхээ, Алтанзагас, Итгэлт, ******* гэсэн хүмүүс гэрээ байгуулсан бол гэрээний талуудыг төлөөлөх ёстой. Гэтэл эдгээр төлөөлсөн эрх бүхий этгээдүүд энэ тооцоо, судалгааг хийгээгүй байна.

Харин хариуцагч тал юуг гол үндэслэл болгож байна гэхээр хариуцагч талаас удаа дараа гаргаж өгч байсан хүсэлтүүд, албан бичгүүдийг хавтаст хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч тал мөн хэрэгт өгсөн байгаа. Гэхдээ энэ хоёрын ялгаа байгаа. М.З ХХК зарим албан бичгүүдээ ард талд нь хүлээн авсан хүмүүсээр нь гарын үсэг зуруулж байсан. Энэ хүлээн авсан хүмүүс эргээд ямар нэгэн байдлаар албан ёсоор албан бичиг бичиж байгаагүй. Тэгэхээр энэ нь ганц санхүүжилтээс гадна албан бичигт дурдсан хүсэлтүүдийг албан бичигт дурдсан үйл баримтуудыг хүлээн зөвшөөрсөн бичиг гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ арга буюу өөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байна. Тэр Ганчөдөр, Зоригоо нар М.З ХХК-тай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр орсон хэсэг бригад байсан. Энэ нь нээлттэй. Яагаад гэхээр Иргэний хуульд заасны дагуу туслан гүйцэтгэгчийг авч болно. Гэхдээ туслан гүйцэтгэгч авахдаа мэдээж захиалагчийн хувьд гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч байна гэсэн хуулиар зөвшөөрсөн хэлбэр байна.

Энэ явцад гэрээний нууц алдагдуулсан гэдгийг гэрч Итгэлт үгүйсгээгүй,мөн ажлыг зогсоох эрх бүхий этгээд мөн гэдгээ албан ёсоор хэлсэн.

Энд ийм нүх цоол, энд ийм хэв хашмал хий, энийг зогсоо гэдэг бүх зааварчилгааг хяналтын инженер Итгэлт өгдөг байсан гэдэг гэрчийн мэдүүлгүүд байна.

Гуравдугаар санхүүжилтийг наадмын өмнө гүйцэтгэгч талын хүсэлтээр протокол үйлдэлгүй өгсөн гэсэн. Гүйцэтгэгч талын хүсэлт байхгүй байна. н.р ХХК ганцхан М.З ХХК-тай ажиллаагүй, маш олон компанийг гүйцэтгэгчээр ажиллуулж байсан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талын хамгийн гол үндэслэл болгож байгаа баримт болох М.З ХХК-ийн менежер болох Ган-Ундраагийн гарын үсэг бүхий нэг л баримт байгаа. Энэ дээр 2 талаас буюу гэрчийн мэдүүлэг өгсөн Итгэл би бас байсан гэдэг. Гэтэл Цогзолмаагийн мэдүүлэгт Итгэлийн талаар ерөөсөө дурдаагүй. Бид 2 байсан гэж ярьдаг. Энэ мэдүүлгүүд зөрүүтэй байна. Төсөвчин Цогзолмаагаас 2 тал гарын үсэг зурсан юм уу? гэхээр 2 тал гарын үсэг зурсан. Би хэмжилт дээр нь төсөв гаргаж, төсвөө баталгаажуулж тооцоо хийсэн гэдэг. Тооцоо хийсэн баримт нь хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд байна. Гэрээний үнийн дүн 80,000,000 төгрөг. Гэтэл нийт үнийн дүн 80,341,650 төгрөг гэдэг байдлаар үнийн дүн зөрүүтэй. Хоёрдугаарт барилгын төсөвчин гэж хэнийг хэлдэг вэ гэдэг нь төсөвчин гэдэг нийтэд илэрхий үйл баримт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу заавал нотлох шаардлагагүй. Барилгын төсөвчин гэдэг нь аливаа барилгыг барихад шаардагдах эдийн засгийн тооцооллыг хийдэг этгээд. Ямар материал орох юм гэдгийг гаргадаг. Нэхэмжлэгч тал хамгийн гол үндэслэл болгоод байгаа 33,341,950 төгрөгийн ажил хийсэн гэх баримт нь хэзээ ч дангаараа нотлох баримт болж чадахгүй. Ган-Ундраа зөвхөн хэмжилт хийгээд нэмэх тэмдэг тавьсан. Хамаагүй тэр хүснэгтийг хэн нь ч аваад ирсэн байж болно. Мэдээж хийсэн бүх ажлуудаа оруулсан байх. Менежер ерөнхийд нь удирдана уу гэхээс яг гардаж ажил хийсэн хүн нь Ууганбаяр, хавтаст хэрэгт авагдсанаар албан бичгийн хавсралтад дандаа Ганбаатар гэж М.З ХХК-ийн талбайн инженер. Аливаа ажил гүйцэтгэх гэрээнд хяналтын инженер байна, талбайн инженер буюу захиалагч болон гүйцэтгэгч талын инженерүүд хамгийн гол ажлыг нугалж, ажлыг дүгнэдэг. М.З ХХК-ийн гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн төлбөрийн даалгавраар дэмжигдэж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 14, 2019 оны 07 дугаар сарын 02, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд мөнгө шилжүүлсэн үйл баримт нь нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар бүгд өөрсдөө гарын үсэг зурсан. Яг энэ цаг хугацааны өмнө М.З ХХК манай ажлыг дүгнэж протоколоо үйлдэж өгөөч, ажил 70 хувьтай явж байна, 80 хувьтай явж байна гэдгийг 2019 оны 06 дугаар сарын 26, 06 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгүүдээр хүсэлтүүдээ албан ёсоор тавьсан байдаг. Албан ёсоор хүсэлт тавьсан гэдгийг гэрч Итгэл, Ууганбаяр, Ган-Ундраа нар мэдүүлдэг. Төсөвчин Цогзолмаагийн мэдүүлэг зөвхөн тэр барилгыг нотлох л субъект. Яагаад гэхээр төсөвчин Цогзолмаа гэрээнд гарын үсэг зураагүй, энэ гэрээний ажил гүйцэтгэлийн талаар юу ч мэдэхгүй, төсвийг ч гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан ханын тоо, хэмжээ гэсэн төсөв дээр н.р ХХК-ийн хяналтын инженер Итгэлт, ахлах инженер Лхагвасүрэн, Амгаланбаатар нар гэрээний хавсралтад гарын үсэг зурсан. Цогзолмаа гэж ажлаа мэдэхгүй, хэн юу хийснийг ч мэдэхгүй хүн, хийсэн бүх процессыг Ууганбаяр мэдэж байгаа. Гэрээн дээр механизм ашиглах зохицуулалт байхгүй. Гэтэл механизм ашиглаж байсан асуудал байгаа.

М.З ХХК-ийн албан бичгүүдийг яагаад хүлээж авсан бэ, энэ 2 ажилтан юуг нотлох гээд байна гэхээр 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас үндсэндээ 10 хоногийн дараа гэхэд ажил 50 хувьтай явж байсан гэдгийг хяналтын инженер буюу тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан Итгэлт хүлээн зөвшөөрч байсан. М.З ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 17-ны бичиг дээр 50 хувьтай явж байна гэтэл танай инженер Итгэлт байгууллагын нууцыг задруулснаар 2 хоног бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болчихсон. Итгэлтэд өөрт нь хэлсэн. Гэхдээ энэ ажилчдыг бүрдүүлэхийн тулд манайд 2 хоног хэрэгтэй байгаа учраас 4 хоног сунган ажиллах саналтай байна гэсэн саналыг хүргүүлтэл маргааш нь Итгэлт өөрөө би захиралтайгаа зөвшилцсөний улмаас захиралтай зөвшилцөөд энэ бичгийг өгдөг субъект, захирлын зөвшөөрлөөр би ажлыг зогсоодог субъект гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр танай ажил цалгардсан гэдгийг харгалзан үзэж гэрээний хугацааг 2 хоногоор сунгалаа хяналтын инженер Итгэлт гэж гарын үсэг зурсан.

М.ЗХХК-иас өнөөдрийг хүртэл явуулж байсан албан бичгээр хүсэлтүүдийг хангаж байсан. Гэрээнд талууд ажлын санхүүжилтийн явцыг дүгнэхдээ заавал талуудын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажсан протоколыг үндэслэн санхүүжилт олгоно гэсэн. Хавтаст хэргийн 69-73 дугаар хуудсанд байгаа зөвхөн Зоригоо, Ганчөдөр нартай байгуулсан гэрээн дээр гэрээ дүгнэсэн протокол гэдэг дээр эрх бүхий албан тушаалтнууд бүгд гарын үсэг зураад тэрний дараа ерөнхий захирал Бямбажав, ерөнхий нягтлан бодогч Алтанзагас нар мөн төлбөрийн даалгавар дээр гарын үсэг зурж байж санхүүжилт олгогдож байгаа. Үүнийг М.З ХХК гэрээний үүргээ бүгд биелүүлж явсан байна гэдгийг нотолно. Нөгөө талаас гэрээний 4.1.8.5-д захиалагч тал ажлыг зогсоох, ажлыг хүлээн авахгүй байх бүрэн эрхтэй гэж заасан. 4.1.2-т захиалагч тал гэрээт ажлын чанар, хугацаа, гүйцэтгэлд хяналт тавин гэрээт ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зогсоох эрхтэй. Захиалагч тал гэрээт ажлын чанар, хугацаа, гүйцэтгэлд хяналт тавин гэрээт ажлыг гүйцэтгэгчийн буруу байна уу, үгүй юу гэдэг хамаагүй гэрээт ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зогсоох эрхтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Итгэлт гэдэг инженер захиалагчийн бүрэн эрх эдэлж байсан гэдэг нь албан бичгээс нь харагдаж, энэ хүн ажлыг зогсоосон гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна. Нэхэмжлэгч талын үндэслэл нь нэгдүгээрт тоо, хэмжээ тулгасан баримт. Энэ нь зөвхөн 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн болохоос баримт биш. Хоёрдугаарт гэрээний 6.3-т заасны дагуу протокол биш. Ийм учраас энэ нь дангаараа нотлох баримт болж чадахгүй. Мөн бусад нотлох баримтуудаар дэмжигдэхгүй. Албан шаардлагуудын тухайд албан шаардлага авсан тухай баримт байдаггүй. Харин М.З ХХК-ийн албан бичгүүд, хүсэлтүүд юугаар нотлогддог гэхээр хүсэлт өгсний дараа маргааш нь, нөгөөдөр нь санхүүжилт хийгдэж, бодит үйлдлээр, хүлээн зөвшөөрөх зарчмаар хийгдэж байгаа. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд аливаа төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь заавал хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулахыг шаарддаггүй. Нэхэмжлэгч тал төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Төлбөр гүйцэтгэснээр үүргийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн. Бодит үйлдлээр компанийнх нь гүйцэтгэх захирал буюу ерөнхий нягтлан бодогч нь гарын үсэг зураад гэрээгээ хэн биелүүлэх ёстой юм, захиалагч тал мэдээж мөнгөө өгөх гэж байгаа хүмүүс нотолгоог шаардана. Захиалагч тал давуу эрхтэй байдаг. Хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй, хэдийд ч мөнгө өгөхөөс татгалзах эрхтэй. Татгалзах эрхүүдийг ч гэрээнд тусгасан. Гэрээний 3.7-д захиалагч тал ажлыг бүрэн хүлээж авсны дараа үлдэгдэл санхүүжилт болох 25 хувийн санхүүжилтийг шилжүүлнэ гэж заасан. 3.5, 3.6-д албан тушаалтнуудтай гэрээ дүгнэсэн протокол үйлдэж баталгаажуулаад ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ гэсэн. Ингээд санхүүжилтүүд бүгд орсон. Нэгэнт гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэл дээр хүртэл дурдсан. Бид гэрээнд заасны дагуу гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Гэрээнд ямар үүрэгтэй гэж заасан гэхээр 70 хувьд хүрсний дараа санхүүжилт олгох үүрэгтэй гэж заасан. Санхүүжилт олгох үүргээ н.р ХХК биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал ямар үндэслэл гаргаж байна гэхээр төсөвчин гээд тухайн ажлыг мэдэхгүй, гэрээнд хяналт тавих эрхгүй хүнээр бас гэрээ байгуулсан менежер гэдэг хүнтэй, хоёуланг нь аваачаад нөгөө инженерүүд нь хаачсан юм мэдэхгүй, байдаггүй. Ийм баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч н.рХХК нь хариуцагч М.З ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгээгүй тул ажлын хөлсөнд олгосон 22 568 050 төгрөг алданги 11 248 025 төгрөг бүгд 33.852.075 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжин, мөнгө аваад хариуцагч М.ЗХХК нь гэрээний үүрэг болох тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй, гэрээгээр тохирсон ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, 2 талаас ажлын гүйцэтгэлийг актаар баталгаажуулсны дагуу хийж гүйцэтгээгүй ажлын зөрүү мөнгөө гаргуулж, гэрээнд тохирсон алданги хариуцуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч М.ЗХХК нэхэмжлэлийг үл зөвшөөрч ажлын явцад захиалагч талаас гэрээний үнийн дүнг задруулснаас ажилчид ажлаа орхин бүрэн ажиллаж чадахгүйд хүрсэн, ажлын явц 30, 70 хувьд хүрсний дараа санхүүжилт өгөхөөр гэрээнд тохирсон тул мөнгө өгсөн нь гүйцэтгэл 70 хувьд хүрсэн гэж үзнэ, захиалагч өөр гүйцэтгэгч оруулж ажлаа дуусгуулсан нь захиалагч гэрээг цуцалснаа хүлээн зөвшөөрсөн байдал тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэснээр ажлын хөлс олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, гүйцэтгэгч М.ЗХХК Бага тэнгэрийн аманд байрлах Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын нураалтын ажил, хог хаягдал зөөвөрлөх ажил, сэргээх ажлыг 2019 оны 6 сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, захиалагч Нью турХХК нь ажлын хөлсөнд 80 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ.

Гэрээ хэрэгжиж, гүйцэтгэгч захиалсан ажлын зохих хэсгийг 2019 оны 7 сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн, захиалагч ажлын хөлсөнд 2019 оны 6 сарын 14-ний өдөр 16 сая төгрөг, 2019 оны 7 сарын 02-ны өдөр 24 сая төгрөг, 2019 оны 7 сарын 9-ний өдөр 16 сая төгрөг бүгд 56 сая төгрөг төлсөн, гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлыг дутуу үлдээсэн үйл баримтууд бий болсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан хэлцлийн шинж, агуулга бүхий хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Харин хариуцагч тал хүлээн авсан ажлын хөлсөнд тохирох ажлыг хийж гүйцэтгэсэн гэж,

нэхэмжлэгч тал хариуцагчийг ажлаа дутуу хаяж явснаас олгосон 22 568 050 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул гаргуулна гэж,

талууд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ үнэлгээнд маргаж байна.

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр талууд тохиролцохдоо, гэрээт ажлын тоо хэмжээ хавсралтад заасан хэмжээгээр тодорхойлно гэсэн. Гэрэний 3.1. Гэрээт ажлын нийт үнийн дүн 80.000.000 төгрөг, санхүүжилт нь 20%, 30%, 20%, 25%, 5% гэсэн 5 үе шаттайгаар хийгдэхийг тохирсон.

3.4. Захиалагч нь урьдчилгаа санхүүжилт 20% болох 16.000.000 төгрөгийг энэхүү гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлнэ.

3.5. Хоёрдугаар шатны санхүүжилт 30% болох 24.000.000 төгрөгийг гэрээт ажлын явц 30%-д хүрсний дараа гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч талд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ.

3.6. Гуравдугаар шатны санхүүжилт 20% болох 16.000.000 төгрөгийг гэрээт ажлын явц 70%-д хүрсний дараа гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч талд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ.

3.7. Үлдэгдэл санхүүжилт 25% болох 20.000.000 төгрөгийг гэрээт ажил бүрэн дуусаж 4% актаар захиалагч талд хүлээлгэж өгч захиалагч тал ажлыг бүрэн хүлээж авсны дараа шилжүүлнэ.гэж заасан боловч 2, 3 дахь санхүүжилтийг хийхдээ гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан баримт үйлдээгүй байгаа нь талууд гэрээгээр тохиролцсоноо хэрэгжүүлээгүй байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11.барилгын ажилгэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаагойлгохыг,

40 дүгээр зүйлийн 40.1.Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэгт, 40.1.2.барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх,...-ийг үүрэгжүүлэн хуульчилсан.

Гэрээнд гүйцэтгэгчийн эрх үүрэг хариуцлага бүлэгт 4.2.1.Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд Барилгын тухай хууль болон холбогдох бүхий л хууль, стандарт, норм дүрмийн хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, 4.2.15.Ажлаа үе шат тутамд цаг тухайд нь ил далд ажлын 4 хувь акт үйлдэж, ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургаар баталгаажуулах үүрэгтэй.гэж заасан ба ажлын үе шат бүрийн цаг тухайд нь үйлдсэн ил далд ажлын акт, ажлын гүйцэтгэлийг харуулсан гэрэл зураг гэх ямар нэг баримтыг хариуцагч ирүүлээгүй болно.

Гэрээнд мөн 4.2.18.захиалагчид чанарын доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгнө, 4.2.21.гэрээт ажилд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, түр цахилгаан, усан хангамжийн зардлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна, 4.2.25.захиалагчид ажил гүйцэтгэх болон материалын хэрэгцээний нарийвчилсан график гаргаж захиалагчаар батлуулан мөрдөж ажиллана.,4.2.27.гүйцэтгэгч үе шатны болон далдлагдах ажил хийхээс өмнө захиалагчийн төлөөлөгчид бичгээр мэдэгдэн зохиогч, захиалагчийн төлөөлөгчөөс зөвшөөрөл авч дараагийн үе шатны ажлыг эхэлнэ.гэж заасан ба хариуцагч тал маргаж байгаа гэрээгээр тохирсон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлох баримт ирүүлээгүй, гэрээнд заасан гүйцэтгэлийн талаарх бүртгэл тэмдэглэл болон ажилдаа мөрдөх захиалагчаар батлуулсан ажил гүйцэтгэх болон материалын хэрэгцээний нарийвчилсан хуваарь, гүйцэтгэгчээс үе шатны болон далдлагдах ажил хийхээс өмнө захиалагчид бичгээр мэдэгдсэн баримтгүй, үе шатны ажил дараагийнхыг эхлэхдээ захиалагчаас авсан зөвшөөрөл баримтгүй зэрэг нь гүйцэтгэгч М.ЗХХК-ийг гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч М.З ХХК-ний 2005 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн 9011025013 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаад худалдаа, зар сурталчилгаа эрхлэхээр үйл ажиллагааны чиглэл бүртгэгдсэн, барилгын ажил гүйцэтгэх үндсэн ба туслан гүйцэтгэгчээр ажиллах үйл ажиллагаа бүртгэгдээгүй байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар;

1. Талуудаас ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг компанийн захирлууд батлаж, албан тушаалтнууд 2 талыг төлөөлөн байгуулсан, гүйцэтгэгч талыг М.ЗХХК-ийн менежер ажилтай Л.Ган-Ундраа төлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд М.ЗХХК-ийн менежер Ган-Ундраа н.ркомпанийн төсөвчин Г.Цогзолмаа нар барилгын талбай дээр гүйцэтгэгч М.ЗХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоо хэмжээг нь нэг бүрчлэн хэмжин тулгаж, хүснэгт үйлдэн баталгаажуулсан/хэргийн 21-29/байх ба энэ хэмжилт хийсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

Харин хариуцагч тал уг хэмжилтийн баримтад М.ЗХХК-ийн менежер Ган-Ундраа гаын үсэг зурсан нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд үйлдээгүй гэж байгаа нь, гэрээгээр тохирсны дагуу гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн ажлаа нотлох баримт ирүүлээгүй, талууд гэрээнд заасан протокол, эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан баримт ирүүлээгүй, хуулиар хүлээсэн барилгын ажил гүйцэтгэгчээс хийж гүйцэтгэвэл зохих ажлыг хийсэн нь нотлогдохгүй байх тул маргаж байгаа асуудлаар хийж гүйцэтгэсэн ажлын нотлох ганц баримт болох 2 талаас оролцон хамтран гаргасан хэмжилтийн баримтыг үнэлэх үндэстэй гэж үзлээ.

2. Гэрээний 6.3. Ажлыг хүлээлгэн өгөхөд талууд комисс томилон протокол үйлдэн ажлыг хүлээлгэн өгч хүлээн авна. Протокол гүйцэтгэгч 1%, захиалагч 1%-ийг авна.гэж тохироллцсон , 6.4. Захиалагчаас гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил хийж гүйцэтгүүлэх тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэхүү өөрчлөлтөд нэмэлт ажлын хийж гүйцэтгэх хугацаа, ажлын хөлс зэргийг тусгана. Энэхүү өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна.гэсэн заалтуудад заасан үйл баримтыг нотлох баримтгүй.

Талууд гэрээ байгуулахын өмнө М.З ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн үнийн санал/хэргийн 12, 90 дүгээр хуудас/-ыг гэрээнд хавсаргасан байх ба уг үнийн саналаар,

1. Хана нураалтын ажил м.кв нь 60.000 төгрөг,

2. Бетон хучилт нураалтын ажил м.кв нь 55.000 төгрөг,

3. Бетон шал нураалтын ажил м.кв нь 65.000 төгрөг,

4. Бетон дам нуруу нураалтын ажил м.кв нь 80.000 төгрөг,

5. Гараар зөөвөрлөж барилгаас буулгах ажил м.кв нь 30.000 төгрөг,

6. Машинаар хогийн цэгрүү зөөвөрлөх 21 рейс, 1 рейс нь 150.000 төгрөг,

7. Хучилтын нүх бөгдөх ажил м.кв нь 30.000 төгрөг,

8. Шат цутгах ажил м.кв нь 40.000 төгрөг,

9. Түшиц хана цутгалтын ажил м.кв нь 30.000 төгрөг,

нийт төсөв НӨАТ ороогүй үнэ 80.334.750 төгрөг, НӨАТ орсон үнэ 88.368.225 төгрөг гэснийг, 2 тал зөвшилцөн гэрээ байгуулахдаа, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээт ажлын нийт үнийг 80.000.000 төгрөг, 3 дугаар зүйлийн 3.3-т уг гэрээний 3.1-д заасан үнэнд нэмүү өртгийн албан татвар багтсан болно гэж тохиролцсон байна.

3. 2019 оны 08 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд М.ЗХХК-ийн менежер Ган-Ундраа н.ркомпанийн төсөвчин Г.Цогзолмаа нар барилгын талбай дээр гүйцэтгэгч М.ЗХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудын тоо хэмжээг нь хэмжин тулгаж гаргаснаар, н.ркомпани 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн ажлын үнэлээг тооцон гаргахдаа, МерамаксХХК-ийн гэрээ байгуулах үед өгсөн, ажлын үнэлгээний үнийн саналд дурдсан дүнгээр бодсон байгаа нь гэрээний тохиролцооны дагуу тооцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тухайлбал хийж гүйцэтгэсэн; төмөр бетон хана хэсэгчилж буулгах, төмөр бетон хананд хаалга цонхны нүх гаргаж буулгах ажил м.кв нь 60.000 төгрөг 330,1 м.кв үнэ 19 806 000 тгрөг, төмөр бетон хучилтанд нүх гаргах, буулгах ажил м.кв нь 55.000 төгрөг 341,48 м.кв үнэ 9 390 700 төгрөг, төмөр бетон шат буулгах м.кв нь 65.000 төгрөг 54,45м.кв үнэ 3 539 250 төгрөг бүгд хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 33.431.950 төгрөгөөр тооцож гаргасан нь үндэстэй, гүйцэтгэгчийн эрх ашгийг дордуулаагүй бодит үнэлгээ гэж үзэх үндэс болж байна.

4. 2 талаас хэрэгт мэтгэлцээнд ирүүлсэн,

-Нью турХХК-ийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн /хэргийн 30-32/, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19/77 дугаартай албан шаардлага хүргүүлэх тухай , 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/82 дугаартай шаардлага хүргүүлэх тухай, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19/91 дугаартай шаардлага хүргүүлэх тухай,

-Мерамакс ХХК-ийн 2020 оны 02 сарын 27-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн/хэргийн 93-99/, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/181 дугаартай хүсэлт гаргах тухай, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/180 дугаартай хүсэлт гаргах тухай, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 01/182 дугаартай хүсэлт гаргах тухай бичгийн ар талд /х/авав 2019-07-16/ гэсэн бичвэрийг хэн бичсэн нь тодорхойгүй, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/183 дугаартай хүсэлт гаргах тухай, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/185 дугаартай мэдэгдэл гаргах тухай, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/186 дугаартай мэдэгдэл гаргах тухай бичгийн ар талд /2019.08.22 доор нь жижиг гар бичвэр бичсэн нь хэн бичсэн нь тодорхойгүй, эдгээр албан бичгүүд, ажлын тайлан гэсэн хүснэгтэлсэн бичвэрүүдийг талууд хэн аль нь хүлээн аваагүй гэж маргаж байх тул талууд бие биедээ хаяглаж бичсэн боловч хүлээн авсан байдал нотлогдохгүй, гэрээ хэрэгжих явцад тухайн үед үйлдэгдсэн маргааны нотлогоо гэж үзэх үндэсгүй, үнэлэх боломжгүй болно.

5. Харин Нью турХХК-ийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн/хэргийн 33-34/ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20/002 дугаар албан шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг, 14 минутад Монгол шууданХХК хүлээн авсан болох нь шуудан үйлчилгээний байгууллагад очих баримтнэртэй баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож,

энэ баримтыг тодруулсан М.ЗХХК-ийн /хэргийн 115-116/ 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/173 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Монгол шууданХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/167 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар Нью турХХК хариуцагчид ажлыг хийж гүйцэтгээгүй тул 22 568 050 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага хүргүүлж алданги тооцохыг мэдэгдэн шаардсан, мөн Мерамакс ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хугацаа сунгах санал тавих тухай албан бичгийг хүлээн авч Нью турХХК-ийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 19/069 дугаар албан бичгээр гэрээний хугацааг 2 хоногоор сунгах тухай хариу өгсөн /хэргийн 91-92/ болох нь нотлогдож байна.

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн/хэргийн 35-58/ ажлыг гүйцэтгэж байгаа гэрэл зургууд, мөн хариуцагчаас ирүүлсэн /хэргийн100-104/ажлын явцын гэрэл зургуудад талууд маргаагүй тул ажил гүйцэтгэж байх явцын баримт гэх үндэстэй.

7. Нэхэмжлэгч хариуцагчийн дутуу үлдээсэн ажлыг иргэн Д.Ганчөдөр/хэргийн 59-76/, Н.Эрдэнэчулуун/хэргийн 139-142/ нараар хийж гүйцэтгүүлсэн болох нь холбогдох гэрээ, мөнгө төлсөн баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч гэрээт ажлыг дутуу үлдээсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

8. Талуудын хүсэлтийн дагуу шүүх хуралдаан дээр гэрч Ш.Ууганбаяр, Л.Ган-Ундраа, Г.Цогзолмаа, Ц.Итгэлт нар мэдүүлэг гаргасан ба дээр үнэлсэн нотлох баримтаар нотлогдох үйл баримтыг гэрчлэн мэдүүлсэн бөгөөд гэрч Л.Ган-Ундраа, Г.Цогзолмаа нар/хэргийн 124-125, 127-129/ М.ЗХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжилт хийсэн, гэрээ болон хэмжилтийн тэмдэглэлд гэрч Л.Ган-Ундраа гарын үсгээ зурсан гэдгээ гэрчлэн баталсан болно. Гэрч Ш.Ууганбаяр/хэргийн 129-132/ захиалагчийн талаас ажил хариуцан хэмжиж зураг гаргаж өгдөг байсан Ц.Итгэлт инженер гэрээгээр тохирсноос илүү ажил хийлгэсэн, нэмэлт ажил хийлгэх гэрээ байгуулая гэхэд хариу өгөөгүй гэж мэдүүлснийг гэрч Ц.Итгэлт/хэргийн 126-127/ үгүйсгэн, гүйцэтгэгч нарыг ажлаа дуусга гэж шаардахад ажлаа хаяж явсан гэж зөрүүтэй мэдүүлсэн, гэрч Ш.Ууганбаярын мэдүүлэг ямар нэг баримтаар нотлогдоогүй тул үнэлэх үндэслэл болохгүй байна.

Эндээс дүгнэхэд;

Нэхэмжлэгч 2019 оны 6 сарын 7-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 4.1.8.4. Гүйцэтгэгч гэрээт ажлаа графикт хугацаандаа хийхгүй байх доголдол гаргавал гэрээг хэсэгчилж эсвэл бүхэлд нь цуцалж өөр гүйцэтгэгч оруулах, 4.1.8.5.Гүйцэтгэсэн санхүүжилтийг буцаан нэхэмжлэхэрхтэй гэж тохиролцсон, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах.гэж заасны дагуу захиалагч гэрээг хэсэгчлэн цуцалж, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгээгүй ажлыг өөр гүйцэтгэгчээр хийлгэн, хийгээгүй гэрээт ажлын санхүүжилтийг гүйцэтгэгчээс буцаан шаардах эрхтэй байна.

Гэрээнд 4.2.16. Гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алдангийг захиалагч талд төлнө.гэж талууд бичгээр тохиролцсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.гэж заасны дагуу буруутай талаас алданги шаардах эрх үүсэх бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгчНью турХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар гүйцэтгэгч нь захиалагчаас гаргаж өгсөн техникийн даалгаврын дагуу гэрээт ажлыг гүйцэтгэх, 4.1.2.Захиалагч тал нь гэрээт ажлын чанар, хугацаа, гүйцэтгэлд хяналт тавин, гэрээт ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зогсоох эрхтэй., 4.1.8.Гүйцэтгэгч тал гэрээт ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, захиалагч талын өгсөн зураг, төслөөс гадуур, шаардлага хангаагүй хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч нь 4.1.8.6. Ажлыг зогсоох, ажлыг хүлээн авахгүй байх арга хэмжээ авах эрхтэй., 6.3. Ажлыг хүлээлгэн өгөхөд талууд комисс томилон протокол үйлдэн ажлыг хүлээлгэн өгч хүлээн авна. Протокол гүйцэтгэгч 1%, захиалагч 1%-ийг авна.гэж заасан үүргийг захиалагч хэрэгжүүлээгүй байна.

Захиалагчаас гүйцэтгэгчид гаргаж өгсөн техникийн даалгавар байхгүй, санхүүжилт хийхэд гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол, талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан баримт үйлдээгүй, ажлын явцын хувь хэмжээг гаргалгүйгээр санхүүжилт олгосон нь гэрээг зөрчсөн, үүний улмаас ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүн тодорхойлогдох боломжгүй нөхцөл бий болж гүйцэтгэгчийг гэрээгээр тохирсон хугцааа хэтрүүлсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг,

37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх,

37.1.4.барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлан гэрээг байгуулж ажиллах,

37.1.5.барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэх,..,

37.1.16.барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах,

37.1.19.барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах,

37.8.Энэ хуулийн 16.3-т заасан зураг төслийг үндэслэн барилга байгууламжийн буулгалтын ажлыг гүйцэтгэнэ.гэж заасан.

Захиалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байдлыг нотлоогүй, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн буруутай байх тул Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.-т зааснаар захиалагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гарах эрсдэл, хохирлыг хариуцах үүрэгтэй тул алданги шаардах эрхгүй, гүйцэтгэгчид алданги хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын хөлс болох 22 568 050 төгрөгийг хариуцагчид хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгон, алдангид шаардсан 11 248 025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 270 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3.-т зааснаар хариуцагч МерамаксХХК-иас 22,568,050 /хорин хоёр сая таван зуун жаран найман мянга тавь/төгрөг гаргуулж нэхэмжлэгч н.рХХК-д олгон, нэхэмжлэлээс 11,284,025 /арван нэгэн сая хоёр зуун наян дөрвөн мянга хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 270 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.УРАНЧИМЭГ