Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00365

 

НХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02522 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 568 050 төгрөг, алданги 11 248 025 төгрөг, нийт 33 852 075 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НХХК болон М ХХК харилцан тохиролцож 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19-1348 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хамтарч ажилласан. М ХХК гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Бага тэнгэрийн аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын нураалтын ажил, хог хаягдал зөөх, сэргээх ажил хийх, НХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон санхүүжилтүүдийг төлөх үүрэгтэй байсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж нийт 56 000 000 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн. Гэтэл М ХХК гэрээт ажлыг дутуу хийж ажлыг хаяж явсан. Манай компанийн зүгээс тус компанийг гэрээгээр тохирсон ажлаа гүйцэд хий, дутуу ажлаа дуусга гэж удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй. М ХХК-д удаа дараа албан шаардлага өгсний дагуу тус компанийн менежер н.Ган-Ундраа 2019 оны 8 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд барилгын талбай дээр манай компанийн төсөвчин, инженер нарын хамт тоо хэмжээг нэг бүрчлэн тулгаж хэмжин,акт үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний дагуу анх гэрээгээр тохиролцсон нэгж гүйцэтгэх м.кв дээр тухайн тоо хэмжээгээр гаргасан хэмжээнүүдийг тооцож үзэхэд 33 431 950 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнийг манай компанийн зүгээс М ХХК-д мэдэгдээд баталгаажуулж гарын үсэг зуруулъя гэсэн боловч зураагүй. Манай компанийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын 33 431 950 төгрөгийг 2 талын тооллогоор гаргасны дагуу компаниас олгосон санхүүжилтийн зөрүү 22 568 050 төгрөгийг манай компанид буцааж төл эсвэл энэ мөнгөндөө таарсан ажлаа хийгээч гэж удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй. М ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж манай компанийн зүгээс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсон. Арга буюу өөр гүйцэтгэгч болох Д.Ганчөдөр гэдэг хүнтэй 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж үлдэгдэл ажлыг хийлгүүлэн 26 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. М ХХК-ийн нурааж, цоолж, тэгшилж, янзалж оруулаагүй дутуу орхисон ажил арматур таслах, хог зөөх ажлыг хийлгэсэн. Мөн манай ажил их шахуу байсан учраас Н.Эрдэнэчулуун гэдэг хүнтэй мөн 7 000 000 төгрөгийн гэрээ байгуулж нөгөө блок руу нь оруулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.16-д ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй бол алданги тооцох заалттай. Мөн ажлыг хаяж явах юм бол 30 хувь хүртэл торгууль шаардах эрхтэй. Манай компанийн зүгээс дээрх 2 заалтыг давхардуулахгүйгээр алданги 22 082 164 төгрөг тооцох тооцоо гарсан ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 22 568 050 төгрөгийн 50 хувь болох 11 284 025 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Иймд М ХХК-аас санхүүжилтээр авсан мөнгө болон хийсэн ажлын зөрүү 22 568 050 төгрөг, алданги 11 284 025 төгрөг, нийт 33 852 075 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд байрлах Бага тэнгэрийн аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын нураалтын ажил, хог хаягдал зөөвөрлөх ажил, сэргээх ажлыг тус тус гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани гэрээнд заасан ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал гарсан тухай бүрт захиалагчид албан ёсоор санал гаргаж, талууд харилцан тохиролцсоны дагуу үүссэн асуудлыг шийдвэрлэж байсан. Гэрээний нийт үнэ болох 80 000 000 төгрөгөөс нийт 67 619 800 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Ажлыг хийж байх явцад НХХК-ийн хяналтын инженер гэрээний үнийн дүнг манай ажилтнуудад задруулсны улмаас манай компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрч ажилчид ажлаа орхиж байсан. Түүнчлэн захиалагч НХХК-аас гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил хийхийг шаардаж байсан. Бидний зүгээс тухайн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд бичгээр гэрээ байгуулах шаардлагатай тавьсан боловч уг шаардлагыг гэрээ цуцлах үндэслэл болгосон. Нийт ажлын үр дүн 70 хувьд хүрсний дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 13, 14-ний өдөр тус компанийн эрх бүхий албан тушаалтан буюу хяналтын инженер ажлыг зогсоох шаардлага тавьсны дагуу М ХХК ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Манай талд нэхэмжлэгчээс албан бичиг ирж байгаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д гэрээт ажлын нийт дүн 80 000 000 төгрөгийг 20 хувь, 30 хувь, 20 хувь, 25 хувь, 5 хувь гэсэн 5 үе шаттайгаар санхүүжилт хийж, 3.4, 3.5, 3.6-д гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч тал ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ гэж тодорхой заасан. Ажлын явц 30, 70 хувьд хүрсний дараа санхүүжилт олгохоор заасан. Энэ заалтын дагуу санхүүжилт олгосон нь манай компанийн ажлын үр дүн 70 хувьд хүрсэн байсныг нотолж байна. Мөн компанийн менежер н.Ган-Ундрааг ажил дүгнэсэн мэтээр нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нараас гэрээний үнийн дүнг 80 000 000 төгрөг байхад 80 341 650 төгрөг гэж зөрүүтэй байдлаар тайлбарлаж байна. Зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэгтэй баримтаар 33 341 950 төгрөгийн ажил хийсэн гэж үзэх боломжгүй. М ХХК-аас манай ажлыг дүгнэж протокол үйлдэж өгөхийг хүссэн, ажил 70 хувьтай, 80 хувьтай явж байна гэдгийг 2019 оны 6 дугаар сарын 26, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгүүдээр хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Мерамакс ХХК-иас 22 568 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгон, нэхэмжлэлээс 11 284 025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 270 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх НХХК-ийн нэхэмжлэлтэй, М" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ илт нэг талыг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Түүнчлэн маргааны зүйлийг зөв тодорхойлж чадалгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг дурдан гэрээний зарим заалтыг иш татан гүйцэтгэгчийг гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, "М ХХК-ийн гэрчилгээнд барилгын ажил гүйцэтгэх үндсэн ба туслан гүйцэтгэгчээр ажиллах үйл ажиллагаа бүртгэгдээгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх зохигч талууд маргаагүй асуудал дээр буюу гэрээний талууд барилгын холбогдох зөвшөөрлийг шалгасны үндсэн дээр гэрээ байгуулан уг гэрээний үүргийн гүйцэтгэл, үр дагавартай холбогдон маргасан байтал шүүх эрх мэдлийн байгууллага хөндлөнгийн байх суурь зарчмыг алдагдуулсан. Нөгөө талаас иргэний хэрэг маргаанд талууд өөрийн шаардлага буюу татгалзлыг нотлоход шаардагдах нотлох баримтыг гаргаж өгсөн байтал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дэх хэсэгт заасныг зөрчин хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон мэтээр үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 2019 оны 8 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд М ХХК-ийн менежер ажилтай Л.Ган-Ундраа Ньютур" ХХК-ийн төсөвчин Г.Цогзолмаа нар барилгын талбай дээр гүйцэтгэгч М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоо хэмжээг нь нэг бүрчлэн хэмжин тулгаж, хүснэгт үйлдэн баталгаажуулсан байх ба энэ хэмжилт хийсэн үйл баримтад талууд маргаагүй болно гэж үндэслэлгүй дүгнэсэн. М ХХК-ийн менежер Л.Ган-Ундраа болон НХХК-ийн төсөвчин Г.Цогзолмаа нар нь хоёулаа уг ажпын явц, хэмжээ, хийсэн ажлын талаар тодорхой мэдэж байгаа хүмүүс биш юм. НХХК-ийн төсөвчин Г.Цогзолмаа нь уг ажлын төсвийг огт гаргаагүй, түүний ажил үүрэгт хийсэн ажлыг үр дүнг хүлээлцэх эрх, мэдлэг чадвар байхгүй гэдэг нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг. Анхан шатны шүүх хоёр талын гарын үсгээр баталгаажаагүй, нэг талын гарын үсэг бүхий баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 3.4, 3.5, 3.6-д заасны дагуу талууд гэрээг дүгнэсэн протокол үйлдэж эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч талд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ гэж тодорхой заасан. Хариуцагч талаас гэрээ дүгнэсэн баримтыг санаатайгаар гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ талуудын харилцан тохиролцсон үнийг дурдаж, нэхэмжлэгч талаас үнийн дүнг зөрүүтэй тооцсон нь үндэстэй мэт тайлбарласан нь ойлгомжгүй. Гэрээнд заасны дагуу санхүүжилт орж, протокол үйлдсэн талаар гэрч Ц.Итгэлт, Л.Ган-Ундраа, Ш.Ууганбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байхад шүүх анхааралдаа авалгүй нотлох баримтыг буруу үнэлсэн. Анхан шатны шүүх үндэслэх хэсгийнхээ 6 дугаарт ажлын явцын гэрэл зургуудын талаар дурдсан боловч тэдгээрт үнэлт, дүгнэлт өгөөгүй байна. Гэрч Ш.Ууганбаяр хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудын талаар тодорхой мэдүүлэг өгсөн байтал түүнийг үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 568 050 төгрөг, алданги 11 248 025 төгрөг, нийт 33 852 075 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасны дагуу ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсний дараа нэхэмжлэгчээс санхүүжилт орж ирсэн гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилга нураалт, хог хаягдал зөөвөрлөх, сэргээх ажлыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч НХХК нь ажлын хөлс болох 80 000 000 төгрөгийг 5 үе шаттайгаар олгохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-11 дүгээр тал/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх гэрээний 3.4-д Захиалагч нь урьдчилгаа санхүүжилт 20 хувь болох 16 000 000 төгрөгийг энэхүү гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлнэ, 3.5-д Хоёрдугаар шатны санхүүжилт 30 хувь болох 24 000 000 төгрөгийг гэрээт ажлын явц 30 хувьд хүрсний дараа гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч талд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ, 3.6-д Гуравдугаар шатны санхүүжилт 20 хувь болох 16 000 000 төгрөгийг гэрээт ажлын явц 70 хувьд хүрсний дараа гэрээ дүгнэсэн протокол үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсныг үндэслэн гүйцэтгэгч талд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нураалтын ажлын урьдчилгаа гэх утгаар 16 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нураалтын ажлын санхүүжилт гэх утгаар 24 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нураалтын ажлын дундын санхүүжилт гэх утгаар 16 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, дээрх санхүүжилтуудыг хариуцагч байгууллага буюу ажил гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд үндэслэн НХХК-аас шилжүүлсэн болох нь НХХК-ийн нэхэмжлэх болон НХХК-ийн төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдож байна. Дээрх баримтуудыг дүгнэн үзвэл хариуцагчийг ажил гүйцэтгээгүй байхад урьдчилж мөнгө шилжүүлсэн гэх байдал нотлогдохгүй байна. /хэргийн 17-19 дүгээр тал/

Түүнчлэн, хариуцагчаас гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж буюу дуусгавар болгоогүй талаар маргаагүй. Харин ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй хийсэн талаар маргасан бөгөөд нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Д.Ганчөдөртэй, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н.Эрдэнэчулуунтай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэж дуусгасан болох нь хэрэгт авагдсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 59-65, 141-143 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, дуусгавар болжээ. Хариуцагчаас гэрээгээр тохиролцсон ажлын 70 хувийг хийж гүйцэтгээгүй байхад санхүүжилтийг олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Энэхүү шийдвэрээр хариуцагч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлаа дутуу гүйцэтгэсэн, түүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан зардал, учирсан хохирлын талаар шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн төлбөр нь гүйцэтгэл хийгдээгүй байхад шилжүүлсэн эсэх талаарх маргааны хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан үндэслэлгүй тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 568 050 төгрөг, алданги 11 248 025 төгрөг, нийт 33 852 075 төгрөг гаргуулах тухай НХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 791 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХТӨР