Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2017/00682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01792/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ..... Ш..овогт Д. Б.,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Б.овогт Д. У.

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Х.. овогт Б.С.,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг,.сумын . баг, ойчид ..тоотод оршин суух, регистрийн дугаар .., И.овогт Ж. Ц. нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... байрлах Ш.Г- ХК-нд холбогдох

 Ш.Г- ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж Б.С- 10.368.000 төгрөг, Ж.Б- 9.984.000 төгрөг, Д.У- 9.984.000 төгрөг, Д.Б- 10.368.000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С-, Ж.Б-, Д.У-, Д.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЖ.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох группт орсон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр наснй тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд доод тал нь 20 гаран жил, дээд тал 30 гаран жил ажилласан. Бид Геологи, Уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тариф/ын хэлэлцээрийн 5.5-д “Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан  жилээр  үржүүлж нэг удаа тэтгэмж

олгоно.” гэж заасны дагуу “Ш.Г-” ХК-н захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс Ш.Г- ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад МШӨ-ний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж нийт 51.456.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дээрх ахмадууд нь 1974-1982 оны хооронд Ш.Г-ын уурхайд орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байсан бөгөөд сүүлд тэтгэвэрт гарсан юм. Геологи уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифд зааснаар геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилчдыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байна. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн байсан. 2013-2014 оны хамтын тарифын хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгсөн байна. Хөдөмөрийн хуулинд өндөр настай ахмадууддаа байгууллагууд тэтгэмж олгох талаар заасан байдаг. Эдгээр ахмадууд нь Ш.Г-ын уурхайд тэтгэмж гаргуулахаар хандаж байсан. Хариуцагч тал өөрсдийн хуулинд заасан үүргийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Шүүхэд эрх ашиг нь зөрчигдсөн хэн ч нэхэмжлэл гаргах эрхтэй. Ш.Г-ын уурхайн хувьд ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Энэ тохиолдолд ахмадууд хамтын маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй гэж байна, эдгээр ахмадуудад тэтгэлэг өгөх нь ажил олгогчийн үүрэг. Хамтын хэлэлцээрийн тарифыг хамтын гэрээнд тусгасан тусгаагүй уул уурхайн салбарт заавал дагаж мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан байна. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээндээ нөхөн төлбөр нэрээр тусгасан байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хамтын тарифын хэлэлцээрийг үндэслээд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргасан байна. 2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамтын хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй байна. Нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт нь ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй байна. Хамтын тарифын хэлэлцээрийн 1.1-д зааснаар уг хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулан, гэрээндээ хамтын тарифын хэлэлцээрт заасан заалтыг тусгаснаар  байгууллага гэрээгээ мөрдөн ажиллана гэсэн байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээндээ тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байна. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий биш этгээд хамтын тарифын хэлэлцээр дээр гарын үсэг зурсан байна. Хамтын гэрээнд тусгаж мөрдөж ажиллана гэж хамтын хэлэлцээрт заагаад өгсөн байна. Хамтын гэрээ хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг зохицуулдаг ёстой юм. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилчдын асуудлыг зохицуулахаар журамласан болохоос урьд ажиллаж байсан ахмадуудад хамаагүй гэж үзэж байна. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэмтгэмж өгөх ёстой.  Хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг хамтын гэрээнд зааж өгөөч гэж нэхэмжлэгч нар хүсэлт өгснийг тухайн үеийн удидлагууд санхүүгийн боломжгүй байгаа тул дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Хамтын тарифын хэлэлцээрийн үүргийг биелүүлээгүй бол 9 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээрийг биелүүлээгүй бол хүлээх хариуцлагыг зааж өгсөн байна. Манай байгууллагын Үйлдвэрчний эвлэл энэ асуудлаар хамтын маргаан үүсгээгүй  байна. Манайд ажиллаж байсан ахмадууд нь хамтын маргаан үүсгэх боломж байхгүй. Өнөөдөр хамтын маргаан үүсгэсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Хамтын хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан гэрээний харилцаа нь тэгш эрхийн зарчим дээр явагддаг юм. Ажиллаж байсан байгууллага нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээр дээр заагаагүй. Ажилтнуудын эрхийг хамгаалахаар ерөнхий нөхцөл болгож хэлэлцээрт оруулж баталсан байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байгаад хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Эдгээр хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ тэтгэлэгээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар тэтгэмж гаргуулж авсан. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Энэ тохиодолд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С-, Ж.Б-, Д.У-, Д.Б- нар нь хариуцагч Ш.Г- ХК-д холбогдуулан тус уурхайд ажиллаж байгаад Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаа тул Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэснийг хэрэгжүүүлээгүй, хамтын гэрээнд тусгаагүй  учир эрх зөрчигдөж байна гэж үзэн Б.С- 27 жил уурхайд ажилласны нэг удаагийн тэтгэмж 10.368.000 төгрөг, Ж.Б- 26 жил, 9.984.000 төгрөг, Д.У- 26 жил, 9.984.000 төгрөг, Д.Б- 27 жил 10.368.000 төгрөг тус тус нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.Г- ХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна, хамтын хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б- нь 1976 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ш.Г-ын Уурхайд нэгдсэн засварт халуун төмөрчний дагалдангаар ажиллаж байгаад 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь түүнд 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай тухай мэдээ хэсгийн  бичилт, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 038910 тоот нийгмийн даатгалын дэвтэр дэх даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэх бичилтээр тогтоогдож, Ш.Г-ын уурхай,Ш.Г- ХК-д нийт 27 жил ажиллаж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 46-56 дугаар хуудас/,

Нэхэмжлэгч Д.У- нь 1978 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ш.Г-ын Уурхайн холбоонд залгагчаар ажилд орж 2003 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь түүнд 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай тухай мэдээ хэсгийн бичилт, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 032330 тоот нийгмийн даатгалын дэвтэр дэх даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэхь бичилтээр тогтоогдож Ш.Г-ын уурхай,Ш.Г- ХК-д нийт 26 жил ажиллаж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн дааталын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 57-68 дугаар хуудас/,

Нэхэмжлэгч Б.С- нь 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ш.Г-ын Уурхайн төмөр зам хэсэгт замчнаар ажилд орж 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь түүнд 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай тухай мэдээ хэсгийн  бичилт, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 040390 тоот нийгмийн даатгалын дэвтэр дэх даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэх бичилтээр тогтоогдож Ш.Г-ын уурхай,Ш.Г- ХК-д нийт 27 жил ажиллаж, мэргэжлээс  шалтгаалах өвчний улмаас 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн дааталын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн  магадлах  комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон  хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 69-77 дугаар хуудас/,

Нэхэмжлэгч Ж.Б- нь 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ш.Г-ын Уурхайд орон сууцны цэвэрлэгчээр ажилд орон ажиллаж байгаад 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь түүнд 1977 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай тухай мэдээ хэсгийн  бичилт, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 040487 тоот нийгмийн даатгалын дэвтэр дэх даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэх бичилтээр тогтоогдож Ш.Г-ын уурхай,Ш.Г- ХК-д нийт 26 жил ажиллаж, мэргэжлээс  шалтгаалах өвчний улмаас 2005 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн дааталын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн  магадлах  комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон  хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 78-86 дугаар хуудас/,

Нэхэмжлэгч нар Ш.Г-ын Уурхай, Ш.Г- ХК-д хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан дээрх ажилтанууд нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон  нийгмийн дааталын сангаас тэтгэмж авч байгаад ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн  магадлах  комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацаа   цуцлагдсанаар тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, Геологи  уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж  нэг удаа тэтгэмж  олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь  ажил олгогч хуулийн этгээдээс шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.5-д  ...  салбар, мэргэжлийн түвшинд  нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно гэснээр  Геологи  уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийг  Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл,  уул уурхайн салбарын ажил олгогч,эздийн төлөөлөгчид,  эрх олгогдсон салбарын ажилчдын  төлөөлөгчид баталгаажуулсан бөгөөд  мөн хуулийн 15 дугаар зүйлийн  15.2-т зааснаар салбар /салбар дунд/-ын  мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ гэснээр  Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа тул 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн  нь Монгол улсын уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны архивын 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн лавлагаа,хуулбараар нотлогдож байгаа, иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор  салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хамтын хэлэлцээр гэж хуульчилсан байна.

 Иймд  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэх үндэслэл буюу ажил олгогчид үүрэг болгоогүй, Уул Уурхайн салбарын ажил олгогч эздийн төлөөлөлд оролцсон  Ш.Г- ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга   тухайн компанийн эрх мэдэл бүхий албан тушаалтан биш гэж маргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Тус хэлэлцээрийн  9.1-д зааснаар хэлэлцээр нь бүртгүүлсэн өдрөөс 2 жилийн хугацаанд хүчинтэй, 9.6-д зааснаар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх болно гэснээр нэхэмжлэгч нар  шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу хандсан нь Сум дундын шүүхийн 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 495 тоот  урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  шүүгчийн 495 тоот захирамж, 2016 оны 02 дугаарс арын 02-ны өдрийн хөдөлмөрийн маргаан зохицуулах арбитрын зөвлөмж зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэснээр хэлэлцээрийн 3.1.1-д  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон тохиолдолд шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарын хөлсний доод хэмжээг тогтоон мөрдөн ажиллахаар тогтоосон  байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэснээр 2013-2014 онд хуулиар тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  384.000 төгрөг гэж мөрдөхөөр  тогтоосон байна.

Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/-ын хэлэлцээрийг   холбогдох заалтыг хамтын гэрээнд тусгаагүй гэж байгаа боловч Ш.Г- ХК-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/110 тоот Ахмад уурхайчдын төлөөлөлийн саналд өгсөн хариуд... Хамтын хэлэлцээрийн 5.7,5.9 дэх заалтууд манай хамтын гэрээнд тусгагдан мөрдөгдөж байна. Тус компани шинэ техник хэрэгсэл авч  парк шинэчилэлт хийх, мөн шинээр нүүрс угаах үйлдвэр барьж ашигалалтад оруулах хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж Олон улсын банк санхүүгээс зээл тусламж хүсэж байгаа тул Хамтын хэлэлцээрийн 5.2, 5.5 дахь заалтуудыг гэрээнд тусгах боломжгүй ...гэж хариу өгч байсан хэдий ч энэ нь ҮЭ –ийн хороотой зөвшилцсөн болон ажилтны төлөөлөлийн санал мөн эсэх нь тодорхойгүй, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 03 дугаар сарын 01-ныг хүртэл хүчинтэй мөрдөгдөж байсан Хамтын гэрээний нэгдүгээр бүлэг, ерөнхий зүйл хэсэгт ГУУСалбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээр бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав гэж тодотгосон байна.

 Мөн салбарын тариф хэлэлцээр нь нийтлэг үндэслэлд зааснаар тухайн салбарын ажилтаны бусад салбарын ажилтнаас ялгагдах хөдөлмөрлөх орчингоос хамааралтайгаар   хөдөлмөрлөж буй орчингоос үүсэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хамгаалах, нөхөх зорилготой бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахинаар ихэсгэн тогтоосон хэмжээг урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний   дээд хэмжээ гэж үзэн, үүнээс өөрөөр санхүүгийн чадавхи бусад хүчин зүйлд тулгуурлан тогтоож болох боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоох үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснийг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгч нарт олгох тэтгэмжийн хэмжээг 192.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Б-д /27 жил х 192 000 төгрөг/ 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.У-т /26х192 000 төгрөг/ 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б.С-д /27 жил х 192 000 төгрөг/ 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б-т /26 жил х 192 000 төгрөг/ 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч “Ш.Г- ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.У-т 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б.С-д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б-т 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч Ш.Г- ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-ын 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.У-ийн 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б.С-гийн 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б-ын 4.992.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Г- ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 259.710 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.АЛТАНТУЯА