Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2017/00061

 

Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 682 дугаар шийдвэр,

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар магадлалтай,       

            Д нарын нэхэмжлэлтэй,

            “Шарын гол” ХК-д холбогдох

           “Шарын гол” ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж Б 10.368.000 төгрөг, Ж 9.984.000 төгрөг, Д 9.984.000 төгрөг, Д 10.368.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

      Нэхэмжлэгч Б , Ж , Д , Д нарын нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Доржсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох группт орсон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд доод тал нь 20 гаруй жил, дээд тал  нь 30 гаруй жил ажилласан. Бид Геологи, Уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д “Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно.” гэж заасны дагуу “Шарын гол” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс “Шарын гол” ХК-иас ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж нийт 51.456.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дээрх ахмадууд нь 1974-1982 оны хооронд Шарын голын уурхайд орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байсан бөгөөд сүүлд тэтгэвэрт гарсан. Геологи уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифд зааснаар геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилчдыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байна. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн байсан. 2013-2014 оны хамтын тарифын хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгсөн байна. Хөдөлмөрийн хуульд өндөр настай ахмадууддаа байгууллагууд тэтгэмж олгох талаар заасан байдаг. Эдгээр ахмадууд нь Шарын голын уурхайд тэтгэмж гаргуулахаар хандаж байсан. Хариуцагч тал өөрсдийн хуульд заасан үүргийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд эрх ашиг нь зөрчигдсөн хэн ч нэхэмжлэл гаргах эрхтэй. Шарын голын уурхайн хувьд ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Энэ тохиолдолд ахмадууд хамтын маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй гэж байна. Эдгээр ахмадуудад тэтгэлэг өгөх нь ажил олгогчийн үүрэг. Хамтын хэлэлцээрийн тарифыг хамтын гэрээнд тусгасан тусгаагүй уул уурхайн салбарт заавал дагаж мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан байна. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээндээ нөхөн төлбөр нэрээр тусгасан байна гэж үзэж байна гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хариу   тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамтын тарифын хэлэлцээрийг үндэслээд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргасан байна. 2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамтын хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй. Нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй. Хамтын тарифын хэлэлцээрийн 1.1-д зааснаар уг хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулан, гэрээндээ хамтын тарифын хэлэлцээрт заасан заалтыг тусгаснаар байгууллага гэрээгээ мөрдөн ажиллана гэсэн байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээндээ тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байна. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий биш этгээд хамтын тарифын хэлэлцээр дээр гарын үсэг зурсан байна. Хамтын гэрээнд тусгаж мөрдөж ажиллана гэж хамтын хэлэлцээрт заагаад өгсөн байна. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилчдын асуудлыг зохицуулахаар журамласан болохоос урьд ажиллаж байсан ахмадуудад хамаагүй гэж үзэж байна. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэтгэмж өгөх ёстой. Хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг хамтын гэрээнд зааж өгөөч гэж нэхэмжлэгч нар хүсэлт өгснийг тухайн үеийн удирдлагууд санхүүгийн боломжгүй байгаа тул дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Хамтын тарифын хэлэлцээрийн үүргийг биелүүлээгүй бол 9 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээрийг биелүүлээгүй бол хүлээх хариуцлагыг зааж өгсөн байна. Манай байгууллагын Үйлдвэрчний эвлэл энэ асуудлаар хамтын маргаан үүсгээгүй байна. Манайд ажиллаж байсан ахмадууд нь хамтын маргаан үүсгэх боломж байхгүй. Өнөөдөр хамтын маргаан үүсгэсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан гэрээний харилцаа нь тэгш эрхийн зарчим дээр явагддаг. Ажиллаж байсан байгууллага нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээр дээр заагаагүй. Ажилтнуудын эрхийг хамгаалахаар ерөнхий нөхцөл болгож хэлэлцээрт оруулж баталсан байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байгаад хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Эдгээр хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар тэтгэмж гаргуулж авсан. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Ийм учраас нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 682 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Д-д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д т 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж т 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч “Шарын гол” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д-ын 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д ийн 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б гийн 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж ын 4.992.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Шарын гол” ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 259.710 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Д т “4.992.000 төгрөг” гэснийг “3.650.400 төгрөг”, Б д “5.184.000 төгрөг” гэснийг “3.790.800 төгрөг” гэж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Д ийн 1.341.600 төгрөг, Б гийн 1.393.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг “Шарын гол” ХК-иас улсын тэмдэгтийн хураамж болох “259.710 төгрөг” гэснийг “246.036 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 127 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5 дахь хэсэг буюу “Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэсэн заалтыг үндэслэн, “Шарын гол” ХК-ийн ажилтан биш /олон жилийн өмнө хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон/ иргэн Д , Д , Б , Ж нарт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 13.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.1.2-д “Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж маш тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш байхад /хамтын хэлэлцээр байгуулах үе болон өнөөдөр ч/ Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг ноцтойгоор зөрчиж, ажилтан биш хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэлээ гаргаж ирж чадаагүй. Харин хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхойлон заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь хэсгийн “...байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах..” гэснийг үндэслэн, хамтын гэрээнд ажилтан биш хүмүүстэй холбоотой асуудлыг тусгасан тохиолдолд л хамтын гэрээ ажилтан биш хүнд үйлчлэх боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, хамтын хэлэлцээр бол ямар ч тохиолдолд ажилтан биш хүнд үйлчлэхгүй, хамтын гэрээ дээрх тохиолдолд л ажилтан биш хүнд үйлчилж болохоор хууль зүйн зохицуулалт 1999 оноос өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Тийм ч учраас Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн Ерөнхий зүйл буюу 1.1-д “Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи, уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана” гэж заасан бөгөөд хамтын гэрээндээ тусгасны үндсэн дээр хэрэгжүүлэх нь энэхүү заалтаас маш тодорхой харагдана. Хамтын гэрээнд тусгаж байж, ажилтан биш хүмүүст хамтын хэлэлцээрийн заалт, хамтын гэрээний дагуу үйлчилж, ажилтан биш хүмүүсийн шаардах эрх үүснэ. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцааг тогтоож өгсөн бөгөөд 19.1.5-д “мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн хүрээний хөдөлмөрийн харилцааны асуудал”-ыг зохицуулахаар зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрээр хэзээ ч ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулдаггүй, тэр тусмаа ажилтан биш хүмүүстэй холбоотой ямар ч асуудлыг зохицуулдаггүй болох нь илэрхий байна. Хөдөлмөрийн хуулийн үзэл баримтал болон Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга ч гэсэн аж ахуйн нэгж байгууллагад хүчээр бусдад төлбөр төлүүлэх үүрэг үүсгэхийг зөвшөөрөхгүй. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон аж ахуйн нэгж байгууллага байгаа бөгөөд хэлэлцээрт төлөөлөгчөөр оролцож гарын үсэг зураагүй олон аж ахуйн нэгжүүд мэдээ ч үгүй, оролцоо ч үгүй байхад хамтын хэлэлцээрийн 5.5 гэсэн заалтын дагуу ажиллаж байгаад гарчихсан ажилтан биш хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж төлөхөөр болвол шударга ёсонд үл нийцнэ. Тийм болохоор л салбарын хэмжээнд бодлого, зорилт болгож байгаа эдгээр асуудлыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж нөхцөл нь байвал үйлдвэрчний эвлэл, ажилтны төлөөлөгчидтэйгөө хэлэлцээр хийж шийдэх эрхийг нь буюу хамтын гэрээ байгуулан ажиллах ёстойг хамтын хэлэлцээрийн эхний зүйлд бичсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бол Иргэний эрх зүйн харилцааны дэд салбар эрх зүйн харилцаа тул диспозитив зарчим үйлчилж, чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр аливаа эрх, үүрэг хүлээж эрх зүйн харилцааг үүсгэнэ.

Хамтын гэрээнд тусгаж байж хэрэгжүүлнэ гэдэг нь Хамтын хэлэлцээрийн заалт, Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалт зэргээс гадна хамтын хэлэлцээрийн нэг тал болох салбарын ажил олгогч эздийн төлөөлөгчдийн нэрсээр тодорхой харагдана. Тухайлбал цөөн хэдэн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагч, ажилтан, ТУЗ-ын нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга зэрэг албан тушаалтан компаниа төлөөлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарагдаагүй байдлаас харагдана. Энэхүү хэлэлцээр батлагдсанаар аливаа ажил олгогч компани хэдэн зуун сая төгрөгийг ажилтан болон ажилтан биш хүмүүст төлөх үүрэг үүсгэх үр дагавартай байсан бол юу гэж компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх эрхгүй, компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй хүмүүс гарын зурах вэ дээ. Гүйцэтгэх захирал ч бүх гэрээ хэлцлийг дангаараа байгуулах эрхгүй төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авдаг асуудал байдаг. Гагцхүү хамтын гэрээнд тусгаж буюу хамтын гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд нь хамтын гэрээгээр тохиролцсоноор л үүрэг хүлээнэ гэдэг нь ойлгомжтой болохоор жирийн ажилтнууд гарын үсэг зурсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд “Шарын гол” ХК-д хамтын гэрээнд тусгаж өгөөчээ гэдэг хүсэлтийг 2014 онд гаргаж, “Шарын гол” ХК хариуг нь 2014 оны 05 сарын 16-ны өдөр 4/110 тоотоор “хамтын гэрээнд 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй байна” гэж мэдэгдсэн байдаг. Энэхүү албан тоотыг нэхэмжлэгчдийн зүгээс нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Шүүх хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэснээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдаснаас үзэхэд хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ёстой Хамтын хэлэлцээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Хамтын гэрээ гэдэг бол ажил олгогч дангаараа бүх нөхцөлийг нь тохирч, дангаараа хүчин төгөлдөр болгодог асуудал биш байхад энэхүү асуудлыг хамтын гэрээнд байхгүй ч тусгах ёстой асуудал байсан тул хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульт ёсыг бүдүүлгээр зөрчсөнийг харуулна. Хэлэлцээрийн заалтыг аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг нь шийдвэрлэж хамтын гэрээндээ оруулсан тохиолдолд л шаардах эрх үүснэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

         Нэхэмжлэгч Б , Ж , Д , Д нар нь хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдуулан тус уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаа тул Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэснийг хэрэгжүүлээгүй, хамтын гэрээнд тусгаагүй учир эрх зөрчигдөж байна гэж үзэн Б 27 жил уурхайд ажилласны нэг удаагийн тэтгэмж 10.368.000 төгрөг, Ж 26 жил, 9.984.000 төгрөг, Д 26 жил, 9.984.000 төгрөг, Д 27 жил, 10.368.000 төгрөг тус тус нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хариуцагч “Шарын гол” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хамтын гэрээ хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг зохицуулдаг. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэтгэмж өгөх ёстой, хамтын хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй гэж маргажээ.

        Шарын голын Уурхай болон “Шарын гол” ХК-д ажиллаж байсан дээрх ажилтнууд нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

        Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийн 5.5-д “салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нь ажил олгогч хуулийн этгээдээс хэлэлцээрт заасан нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.5-д нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэж тохиролцсон байна.

           Хамтын гэрээ хэлэлцээр нь тус байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон, өндөр насны тэтгэвэрт гарсан этгээдийн нийгмийн асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд дээрх хэлэлцээрийн 5.5-д тус салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон иргэд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа тохиолдлыг тусгайлан тусгажээ.

           Нэхэмжлэгч нар 2013-2014 онд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  192.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж, уул уурхайн салбарын хөлсний доод хэмжээг 384.000 төгрөг гэж тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг төсөөтэй хэрэглэн тэтгэмжийн хэмжээг 192.000 төгрөгөөр тооцож Д , Д , Б , Ж нарт олгохоор шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.  

           Харин нэхэмжлэгч Д , Б нарын тэтгэвэрт гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анхан шатны шүүх буруу тооцсон гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.000 төгрөгөөр тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Хариуцагч “Шарын гол” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.036 /хоёр зуун дөчин зургаан мянга, гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН