Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

 

 

В.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00154 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Хариуцагч Д.О

Хариуцагчийн өмгөөлөгч З.Алтангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай эртнээс танил байсан бөгөөд Д.О газар тариалан эрхэлдэг байсан. 2011 оны 6 дугаар сараас эхлээд 2014 оны 12 дугаар саруудын хооронд нийт 25 000 000 төгрөг, 9 000 ам доллор буюу 21 853 890 төгрөг, 1 тонн 500 кг овъёсны үрийн үнэ 1 550 000 төгрөг, 17 тонн улаан буудайны үрийн үнэ 8 840 000 төгрөг зэрнийн үнэ нийт 57 243 890 төгрөг болж байгаа. Тухайн үедээ Д.О надаас дээрх мөнгө болон үр тариа авахдаа машин болон газар өгөхөөр тохиролцсон байсан бөгөөд газраа болон мөнгө нийт 16 000 000 төгрөгийн тооцоог 2015 оны 01 дүгээр сарын 20 гэхэд хийхээр тохиролцсон байсан хэдий ч өнөөдрийг хүртэл огт тооцоо хийхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир түүний газар тариалангийн ажлаа явуулдаг, үл хөдлөх хөрөнгө нь байгаа газрын шүүхэд шаардлагаа гаргаж байна. Д.Оийг эрэн сурвалжлах шийдвэрийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэр гаргуулсан. Учир нь төлбөр тооцоогоо огт хийхгүй намайг хохироож, утсаа авахгүй олдохгүй байсан. Иймд Б.Одончимдээс 57 243 890 төгрөг гаргуулан В.Г надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Д.Оээс 57 243 890 төгрөгийг гаргуулах тухай болно. Нэхэмжлэлийн агуулга нь Д.О, В.Г нар нь эртний танилууд бөгөөд Д.О нь газар тариалангийн бизнес эрхэлдэг 25 000 000 төгрөг, 9 000 ам доллар буюу 21 853 880 төгрөг 1 тонн 500 кг овъёос буюу 1 550 000 төгрөг, 17 тонн улаан буудайны үр буюу 8 840 000 төгрөг, нийт 57 243 890 төгрөгийг гаргуулах тухай юм. Д.О нь өөрийн эзэмшлийн талбайд тариалалт хийхдээ нөхцөл байдлыг хянаж хувьдаа 5 000 000 төгрөгийг авсан гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа. Эхнэрийнхээ эмчилгээний зардалд мөнгө зээлж авсан байдаг. Тухайн үед зээлсэн мөнгийг нэхэмжилж байна. Харин худалдах, худалдан авах тухай яригдаагүй болно гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг 2011 онд “Булган спирт” ХХК-д захирлаар ажиллаж байхад В.Г уулзаад газар тариалан сонирхож байна гэсэн. Тэр үед 250 000 000 төгрөгөөр өөрийн компаниа зарна гэж түүнд хэлсэн. В.Г худалдаж авъя үнийг нь танилын хувьд хямдруулаач гэсний дагуу буулгаж байлаа. Харин тэр өөрийн Лэксус 570 маркийн машин өгье гэхэд би зөвшөөрөөгүй. Тэр үед манай компани 533 га газар бүхий тариалангийн талбай бүхий техник тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа хэвийн явуулж байлаа. В.Г энэ танай талбайд өөрийн хөрөнгөөр тариалалт хийе, дараа нь худалдан авна гэж надтай тохиролцсон. Надад урьдчилгаа 5 000 000 төгрөг өгсөн. Үүнийг тариалалтын явцад шатахуун, овъёсны үр зэргээр барагдуулсан. Өөр мөнгө В.Гаас би аваагүй. Тариалалтын үед В.Г өөрөө хяналт тавьж, хүнээ ч ажиллуулсан. Тракторчин туслах ажилтан, харуул, манаач зэрэг нийт 8 хүнтэй ажилласан. Энэ хугацаанд Орхон сумын Баруун могойн 96 га, 18 га, 104 га, 10га талбайд улаан буудай, Цагаан чулуутын 24 га овъёос тарьж нийт уранштай талбайгаас 252га талбай үрлэн 20 га талбайг тариалалгүй орхисон. Тариалалтын явц мөнгөний зарцуулалтыг В.Г өөрөө хийсэн учир би сонирхож байгаагүй. Хэдэн төгрөг зарцуулсан нарийн тооцоог хөрөнгө оруулалт хийгээгүй өөрөөсөө гаргаагүй учраас би огт мэдэхгүй. В.Г зарцуулах ёстой мөнгөө тариалалтанд зарцуулсан, өөрөө ч мэдэж байгаа. Одоо яагаад гаргасан зардлаа надаас бүгдийг нэхэмжлэл гаргаж шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Угтаа манай компанийн уранш хийсэн талбайг ямар төлбөргүй ашигласан хүн. Уранш хийхэд мэдээж шатахуун, техник, ажилтны цалин хөлс биднээс гарсан. Би дараа нь В.Гыг компанийг худалдан авна гэсэн тул түрээс яриагүй юм. Түрээслэхэд тухайн үеийн ханшаар багаар бодвол түлш оролгүй га-д 40 000 төгрөг буюу нийт 10 080 000 төгрөг уринштаи талбайн түрээс га 150 000 гэвэл 37 800 000 төгрөг болно. Бусад зэрдал буюу ажлын хөлс, хоол хүнс, сэлбэг, тосолгооны материалын үнэ гэхэд л 10 000 000 орчим төгрөг шаардлагатай болдог. Хэрэв В.Г ингэж өөрийнхөө зардлыг надаас гаргуулах гэж байгаа бол бид дээрх тооцооны дагуу нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжпэлийн шаардлагын олон сая төгрөгийг би огт аваагүй. Тариалалтанд ажилласан хүмүүс хэрхэн зарцуулсан талаар гэрчлэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч тариалалтын асуудал компанитэй холбоотой учир би хариуцагч биш юм. Тухайн үед газар компанийг худалдаж авна гэж надтай ярихад нь би итгэсэн. Гэхдээ энэ жил тариагаа тарьчихаад намар авна гэж ярьж байсан. Өмнө нь Ланд круйзер 570 машинаа өгье гэж хэлэхэд нь надад машин хэрэггүй эхнэр өвдчихсөн мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тракторыг манай компани дээр авсан ч ажиллахгүй байсан учраас Тариалан эрхлэлтийг дэмжих санд буцаан өгсөн. Би өөрт нь зарах санал болгож байсан техникүүдээ засаж янзлаад ажиллуулж өгсөн. Хамаатнаасаа үрийн буудай оллоо гээд үлдэгдлийг нь авч ирсэн. Үүнээс болоод хугацаа алдаж ургацаа алдчихаад надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Биднээс өчнөөн зардал гарсан мөн техникүүдийг ашигласны төлбөр өгөөгүй. Хэрвээ хамтарч ажилласан гэж байгаа бол хувааж зардалаа гаргах ёстой. Өөрсдийн хохирлыг нэхэмжилж байгаад нь санал нийцэхгүй байна. Тухайн үед манай компанийг худалдаж авна гэж тохирсон гэхдээ гэрээ хийгдээгүй учраас нотолгоо байхгүй. Хамтарч ажилласан тохиолдолд нэг нь газраа гаргах нөгөө нь үр тариа гэх мэт зүйлсээ гаргадаг жишгээр болон ер нь аль ч нөхцөлөөр мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг Булганд байхад харуулын байранд бид 2 уулзсан. Тэр үед би энэ бичгийг хийж өгсөн ба 5 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож авсан. Тариалалтын явцад бензин нь дууссан гэх мэт асуудлууд гарч би асуудлыг шийдэхэд тусалсан нь тухайн авсан 5 000 000 төгрөгөөс илүү зардал гарсан байдаг учраас 5 000 000 төгрөгийг дурдах ёсгүй юм гэж үзэж байна. Харин бэлнээр 25 000 000 төгрөг авч байгаагүй болно. Хамтарч ажилласан гэж үзэж байгаа бол бүх эргэлтийн хөрөнгө шаардлагатай зүйлсээ нэхэмжлэгч тал гаргаж ажиллах ёстой байсан. Техник болон газрыг нь би гаргасан үүнийг бас бодолцож манайхыг хичнээн хохирол амссаныг бодох хэрэгтэй. Тэр үед хүмүүст түрээслэх гэж байхад би авъя гэж надад хэлсэн 200га газар бол ургацаа хурааж чадсан бол 300 000 000 төгрөгийн ургац хураагдах байсан. Дээр нь мөнгө нэмж авъя гэж бодсон нягтлан хүний заль байсан юм байна гэж одоо бодогддог гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Зээл өгсөн бол гэрээ байх ёстой. Нэхэмжлэгч В.Г нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ нотлох баримтаар гаргах хэрэгтэй. “Булган спирт” ХХК-ийн газар дээр тариалалт хийгдсэн гэж байгаа ч хамтарч ажилласан гэсэн нотолгоо болон хамтарч ажиллавал ашгийг хуваах тухай гэх мэт зүйлсийг нэхэмжлэлд огт дурдаагүй болно. Трактор буцаан өгсний төлбөр гаргаж өгөөгүй, 2011 оны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргаагүй байсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаагаараа бол хэрэгсэхгүй болох хэрэг болно. Гаргаж өгч байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд бичгээр болон гэрчээр нотлох ёстой байтал нотлох баримтыг гаргаж өгч чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Д.Оийг дарга төлбөр тооцооны асуудлыг цэгцэл гээд байна ингээд бичээд өгчих гэхэд нь Д.О халамцуу байсан, хүмүүс байсан учраас жоохон санаа зовоод бичээд өгчихсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжилэгдсэн төлөөлөгчийн ярианд Д.О хэзээ ч бичиж өгөөгүй гэж яриагүй үүнийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаанд 2015 он гээд засчихсан байгаа. Зугтсан гээд байгаа учраас тэрнээс хойш тоологдож байна. Хэрвээ албан ёсных нь хаягийн дагуу өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж үзэж байгаа гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В. Ганбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгч В.Г би хавтаст хэргийн 4 дүгээ талд авагдсан хариуцагчийн гар бичвэрийг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэнгүй гэж үзэж байна. Учир нь шүүх уг баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Уг бичвэрийн утгаас харвал "2011 онд тариалангийн ажил хамтарч эрхлэх зорилгоор өөрийн эзэмшлийн талбайд тариалалт хийхдээ нөхцөл байдлаа хэлж хувьдаа 5 000 000 төгрөг, шаардлагатай шинэ техник авах зорилгоор 11 000 000 орчим төгрөг, 16 000 000 төгрөгийг энэ намрын ургац хураагаад 11 дүгээр сарын 01-ний дотор төлнө" гэж, мөн доод талд нь өөр утга бүхий зүйлийг бичсэнээс харахад хожим нэмэж бичсэн болох нь тодорхой байхад шүүх бодит дүгнэлт хийсэнгүй. Дээрх бичвэрийн 2 дахь хэсэгт "...Энэ онд бид техникийн шаардлага, газар тариалангийн технологийг алдсаны улмаас ургацын болц оройтсож малд тахлуулан ургац алдаж шатсан" гэжээ. Энэ бичвэр нь 2 өр утга агуулгатай байгаагаас харахад хоёр өөр цаг хугацаанд бичсэн нь тодорхой байгаа юм. Нэг хэсэгт нь ургацаа хураагаад төлнө гэсэн байхад нөгөө хэсэгт нь ургац алдаж шатсан гэжээ. Ургац алдаад шатсан юм чинь яаж тухайн оныхоо 11 дүгээр сарын 01 гэхэд 16 000 000 төгрөг төлөх билээ. Дээрх бичвэрийг хариуцагч Д.О өөрийн гараар бичсэн болохоо үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч би өөрийн балаараа тухайн өдрийн он, сар, өдөр, нэрээ бичиж гарын үсгээ зурсан байхад шүүх өөр өнгийн балаар бичсэн байна гэсэн эрс өрөөсгөл дүгнэлтийг хийлээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан хариуцагчийн бичвэрээс харахад: А/хувийн хэрэгцээндээ зориулж 5 000 000 төгрөг, шинэ техник авах урьдчилгаанд 11 000 000 орчим төгрөг, нийт 16 000 000 төгрөг төлнө гэснээс харахад зээлийн гэрээ хийгдсэн болох нь тодорхой байхад бодит дүгнэлт хийсэнгүй. 2011 онд хамтран ажиллах гэрээ хийгдсэн байх боломжтой боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага 3 жил байх ба дээрх хугацаа өнгөрсөн гэжээ. Шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэсэн дүгнэлтийг хийж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна" гэсэн заалтад дүгнэлт хийх учиртай байсан гэж үзэж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаас харахад хамтран ажилласан эсэх нь тодорхой харагдаж байгаа юм. 16 000 000 төгрөгийг зээлдэж аваад тухайн жилдээ буюу 2011 ондоо ургац алдсан хүн яаж тэр ондоо төлбөрөө хийж чадах билээ. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр арай гэж олж уулзаад л өмнөх бичиж өгсөн бичвэр дээр нэмээд бичүүлж авсан болох нь тодорхой байна. Нэгэнт амалсан амлалтаа биелүүлээгүй учир дараа нэмэж бичүүлээд гарын үсгийг нь зуруулж авсан юм. Би Д.Оийг Булган аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд хариуцагчаар татахад хаягтаа байхгүй байсан учир Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр түүнийг эрэн сурвалжлуулсан шийдвэрээ хавсаргаж өгөөд байхад шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00154 дугаартай шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү. Хуралд оролцуулж гомдлоо тайлбарлах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

            Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Д.Оэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлон шүүхэд хариуцагчийн бичсэн тодорхойлолтыг гаргаж өгчээ. Уг бичгийн баримтаас үзэхэд талууд хамтарч ажиллах гэсэн агуулга тусгагдсан байна. /хх 4/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...В.Г нь манай компанийг худалдаж авъя, ... манай газар дээр өөрийн хөрөнгөөр тариалалт хийхээр тохиролцсон” гэж тайлбарлаж байна.

            Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг, эсхүл хариуцагчтай хамтран ажиллах үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгаагийн аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна. Шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

            Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444 170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД