Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Гаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О гуайтай дээр үеийн танил байсан бөгөөд Б.О газар тариалан эрхэлдэг байсан бөгөөд 2011 оны 6 дугаар сараас эхлээд 2014 оны 12 дугаар саруудын хооронд нийт 25 000 000 төгрөг, 9 000 ам доллор буюу 21 853 890 төгрөг, 1 тонн 500 кг овъёсны үрийн үнэ 1 550 000 төгрөг,17 тонн улаан буудайны үрийн үнэ 8 840 000 төгрөг зэрнийн үнэ нийт 57 243 890 төгрөг болж байгаа. Тухайн үедээ Б.О надаас дээрх мөнгө болон үр тариа авахдаа машин болон газар өгөхөөр тохиролцсон байсан бөгөөд газраа болон мөнгө нийт 16 000 000 төгрөгийн тооцоог 2015 оны 01 дүгээр сарын 20 гэхэд хийхээр тохиролцсон байсан хэдий ч өнөөдрийг хүртэл огт тооцоо хийхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир түүний газар тариалангийн ажлаа явуулдаг, үл хөдлөх хөрөнгө нь байгаа газрын шүүхэд шаардлагаа гаргаж байна. Б.Оийг эрэн сурвалжлах шийдвэрийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэр гаргуулсан.Учир нь төлбөр тооцоогоо огт хийхгүй намайг хохироож байгаан дээр утсаа авахгүй олдохгүй байсан. Иймд Б.Оээс 57 243 890 төгрөг гаргуулан В.Г надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Б.Оээс 57 243 890 төгрөгийг гаргуулах тухай болно. Нэхэмжлэлийн агуулга нь Б.О, В.Г нар нь эртний танилууд бөгөөд Б.О нь газар тариалангийн бизнес эрхэлдэг 25 000 000 төгрөг, 9 000 ам доллар буюу 21 853 880 төгрөг 1 тонн 500 кг овъёос буюу 1 550 000 төгрөг, 17 тонн улаан буудайны үр буюу 8 840 000 төгрөг, нийт 57 243 890 төгрөгийг гаргуулах тухай юм. Б.О нь өөрийн эзэмшлийн талбайд тариалалт хийхдээ нөхцөл байдлыг хянаж хувьдаа 5 000 000 төгрөгийг авсан гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа. Эхнэрийнхээ эмчилгээний зардалд мөнгө зээлж авсан байдаг. Тухайн үед зээлсэн мөнгийг нэхэмжилж байна. Харин худалдах, худалдан авах тухай яригдаагүй болно гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг 2011 онд “Б.С” ХХК-д захирлаар ажиллаж байхад В.Г уулзаад газар тариалан сонирхож байна гэсэн. Тэр үед 250 000 000 төгрөгөөр өөрийн компаниа зарна гэж түүнд хэлсэн. В.Г худалдаж авъя үнийг нь танилын хувьд хямдруулаач гэсний дагуу буулгаж байлаа. Харин тэр өөрийн Лэксус 570 маркийн машин өгье гэхэд би зөвшөөрөөгүй. Тэр үед манай компани 533га газар бүхий тариалангийн талбай бүхий техник тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа хэвийн явуулж байлаа. В.Г энэ танай талбайд өөрийн хөрөнгөөр тариалалт хийе, дараа нь худалдан авна гэж надтай тохиролцсон. Надад урьдчилгаа 5 000 000 төгрөг өгсөн. Үүнийг тариалалтын явцад шатахуун, овъёсны үр зэргээр барагдуулсан. Өөр мөнгө В.Гаас би аваагүй. Тариалалтын үед В.Г өөрөө хяналт тавьж, хүнээ ч ажиллуулсан. Тракторчин туслах ажилтан, харуул, манаач зэрэг нийт 8 хүнтэй ажилласан. Энэ хугацаанд Орхон сумын Баруун могойн 96га, 18га, 104га, 10га талбайд улаан буудай, Цагаан чулуутын 24га овъёос тарьж нийт уранштай талбайгаас 252га талбай үрлэн 20га талбайг тариалалгүй орхисон. Тариалалтын явц мөнгөний зарцуулалтыг В.Г өөрөө хийсэн учир би сонирхож байгаагүй. Хэдэн төгрөг зарцуулсан нарийн тооцоог хөрөнгө оруулалт хийгээгүй өөрөөсөө гаргаагүй учраас би огт мэдэхгүй. В.Г зарцуулах ёстой мөнгөө тариалалтанд зарцуулсан, өөрөө ч мэдэж байгаа. Одоо яагаад гаргасан зардлаа надаас бүгдийг нэхэмжлэл гаргаж шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Угтаа манай компанийн уринш хийсэн талбайг ямар төлбөргүй ашигласан хүн. Уринш хийхэд мэдээж шатахуун, техник, ажилтны цалин хөлс биднээс гарсан. Би дараа нь В.Гыг компанийг худалдан авна гэсэн тул түрээс яриагүй юм. Түрээслэхэд тухайн үеийн ханшаэр багаар бодвол түлш оролгүй га-д 40 000 төгрөг буюу нийт 10 080 000 төгрөг уринштаи талбайн түрээс га 150 000 гэвэл 37 800 000 төгрөг болно. Бусад зэрдал буюу ажлын хөлс, хоол хүнс, сэлбэг, тосолгооны материалын үнэ гэхэд л 10 000 000 орчим төгрөг шаардлагатай болдог. Хэрэв В.Г ингэж өөрийнхөө зардлыг надаас гаргуулах гэж байгаа бол бид дээрх тооцооны дагуу нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжпэлийн шаардлагын олон сая төгрөгийг би огт аваагүй. Тариалалтанд ажилласан хүмүүс хэрхэн зарцуулсан талаар гэрчлэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээд ч тариалалтын асуудал компанитэй холбоотой учир би хариуцагч биш юм. Тухайн үед газар компанийг худалдаж авна гэж надтай ярихад нь би итгэсэн. Гэхдээ энэ жил тариагаа тарьчихаад намар авна гэж ярьж байсан. Өмнө нь Ланд круйзер 570 машинаа өгье гэж хэлэхэд нь надад машин хэрэггүй эхнэр өвдчихсөн мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тракторыг манай компани дээр авсан ч ажиллахгүй байсан учраас Тариалан эрхлэлтийг дэмжих санд буцаан өгсөн. Би өөрт нь зарах санал болгож байсан техникүүдээ засаж янзлаад ажлуулж өгсөн. Хамаатнаасаа үрийн буудай оллоо гээд үлдэгдлийг нь авч ирсэн. Үүнээс болоод хугацаа алдаж ургацаа алдчихаад надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Биднээс өчнөөн зардал гарсан мөн техникүүдийг ашигласны төлбөр өгөөгүй. Хэрвээ хамтарч ажилласан гэж байгаа бол хувааж зардалаа гаргах ёстой. Өөрсдийн хохирлыг нэхэмжилж байгаад нь санал нийцэхгүй байна.

Тухайн үед манай компанийг худалдаж авна гэж тохирсон гэхдээ гэрээ хийгдээгүй учраас нотолгоо байхгүй. Хамтарч ажилласан тохиолдолд нэг нь газраа гаргах нөгөө нь үр тариа гэх мэт зүйлсээ гаргадаг жишгээр болон ер нь аль ч нөхцөлөөр мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг Булганд байхад харуулын байранд бид 2 уулзсан. Тэр үед би энэ бичгийг хийж өгсөн ба 5 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож авсан. Тариалалтын явцад бензин нь дууссан гэх мэт асуудлууд гарч би асуудлыг шийдэхэд тусалсан нь тухайн авсан 5 000 000 төгрөгөөс илүү зардал гарсан байдаг учраас 5 000 000 төгрөгийг дурдах ёсгүй юм гэж үзэж байна. Харин бэлнээр 25 000 000 төгрөг авч байгаагүй болно. Хамтарч ажилласан гэж үзэж байгаа бол бүх эргэлтийн хөрөнгө шаардлагатай зүйлсээ нэхэмжлэгч тал гаргаж ажиллах ёстой байсан. Техник болон газрыг нь би гаргасан үүнийг бас бодолцож манайхыг хичнээн хохирол амссаныг бодох хэрэгтэй. Тэр үед хүмүүст түрээслэх гэж байхад би авъя гэж надад хэлсэн 200га газар бол ургацаа хурааж чадсан бол 300 000 000 төгрөгийн ургац хураагдах байсан. Дээр нь мөнгө нэмж авъя гэж бодсон нягтлан хүний заль байсан юм байна гэж одоо бодогддог гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Зээл өгсөн бол гэрээ байх ёстой. Нэхэмжлэгч В.Г нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ нотлох баримтаар гаргах хэрэгтэй. “Б.С” ХХК-ийн газар дээр тариалалт хийгдсэн гэж байгаа ч хамтарч ажилласан гэсэн нотолгоо болон хамтарч ажиллавал ашгийг хуваах тухай гэх мэт зүйлсийг нэхэмжлэлд огт дурдаагүй болно. Трактор буцаан өгсний төлбөр гаргаж өгөөгүй, 2011 оны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргаагүй байсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаагаараа бол хэрэгсэхгүй болох хэрэг болно. Гаргаж өгч байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд бичгээр болон гэрчээр нотлох ёстой байтал нотлох баримтыг гаргаж өгч чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Б.Оийг дарга төлбөр тооцооны асуудлыг цэгцэл гээд байна ингээд бичээд өгчих гэхэд нь Б.О халамцуу байсан, хүмүүс байсан учраас жоохон санаа зовоод бичээд өгчихсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжилэгдсэн төлөөлөгчийн ярианд Б.О хэзээ ч бичиж өгөөгүй гэж яриагүй үүнийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаанд 2015 он гээд засчихсан байгаа. Зугтсан гээд байгаа учраас тэрнээс хойш тоологдож байна. Хэрвээ албан ёсных нь хаягийн дагуу өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж үзэж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Б.Оэд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Оэд 2011 оны 06 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын хооронд 25 000 000 төгрөг, 9 000  ам доллар буюу 21 853 890 төгрөг, 1.5 тонн овьёсны үрийн үнэ 1 550 000 төгрөг, 17 тонн улаан буудайн үрийн үнэ 8 840 000 төгрөг, нийт 57 243 890 төгрөг зээлүүлсэн тул зээлийн гэрээний дагуу төлбөрийг гаргуулна гэж тайлбарлаж байна. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй би нэхэмжлэгч В.Гаас мөнгө зээлж байгаагүй. В.Г нь 2011 онд миний тариалангийн талбайд өөрийн хөрөнгөөр тариалалт хийе, дараа нь талбайг худалдан авна гэж надтай тохиролцсон. Надад урьдчилгаа 5 000 000 төгрөг өгсөн. Үүнийг тариалалтын явцад шатахуун, овъёсны үр зэргээр барагдуулсан. Зээл аваагүй тул төлбөр төлөхгүй гэж маргав.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй баримт бол хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч  Б.Оийн гар бичвэр гэж тайлбарладаг боловч уг баримтын агуулга болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авч байсан талаар маргаагүй хэдий ч энэ мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлүүлж байсан, зээлийн төлбөрийг нэхэмжлэлд дурдсан 2015 оны 01 дүгээр сарын 20 гэхэд төлөх байсан гэсэн тайлбар нь нотлогдохгүй, хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна. Учир нь  хариуцагчийн бичиж өгсөн гэх бичвэрийн хэсгээс он, сар, өдөр, нэхэмжлэгчийн гарын үсэг нь өөр өнгийн бэхээр бичигдсэн, он сар өдөр нь харагдахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Дээрхийг нэгтгэхэд В.Г, Б.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч В.Одончимэдээс зээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Хэргийн үйл баримтаар талуудын хооронд 2011 онд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх боломжтой боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба дээрх хугацаа өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Озээлийн гэрээний үүрэгт 57 243 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.САРАНТУЯА