Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/03137

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 07-ны өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:

           Хариуцагч:

           35 948 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч, 11 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Талийгаач Д.Б нь   ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан 2013 оны 03 сарын 06-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай зээлж авч барьцаанд нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж   ББСБ-д шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа сунгагдаагүй харин зээл авснаасаа хойш   ББСБ-д буцааж 1 160 000 төгрөг төлсөн байдаг юм. Ингээд 2013 оны 4, 5 сарын үед   ББСБ-ын захиралтай манай нөхөр Д.Б зөвшилцөөд уг зээлийн барьцаанд тавьсан Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50 000 000 төгрөгөөр үнэлж   ББСБ-д шилжүүлж өгсөн.   ББСБ нь манай машиныг С гэх хүнд 50 000 000 төгрөгөнд тооцон шилжүүлж харин С нь   ББСБ-д манай нөхөр бид хоёрын зээлийг хүүгийн хамт төлөхөөр хоорондоо амаар ярилцаж тохиролцсон байсан. Харин С нь машины үнийг   ББСБ-д төлсөн эсэхийг миний бие мэдээгүй байна. Иймд миний нөхөр талийгаач Д.Бийн зээлийн гэрээний дагуу   ББСБ-д төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 12 000 000 төгрөг, гэрээнд заасан хүү 648 000 төгрөг, нийт 12 648 000 төгрөг, үүнээс буцааж төлсөн 1 160 000 төгрөгийг хасаад 11 488 000 төгрөг төлөх ёстой юм. Уг зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа сунгагдаагүй учир 1 сарын хүү бодогдох юм. Тэр үед машинаа л шилжүүлэхгүй бол хугацаа алдаж зээлээ төлөхөд улам хүндрэлтэй байдал үүсэхээр байсан тул зээлдүүлэгч   ББСБ-тай зөвшилцөж барьцаанд тавьсан машинаа зээлийн гэрээний дагуу   ББСБ-д шилжүүлсэн. Манай машиныг 50 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар   ББСБ-д хүлээн зөвшөөрдөг. Иймд   ББСБ-аас машины үнийн зөрүү болох 35 948 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан машины үнийн зөрүү 35 948 000 төгрөг гаргуулах шаардлагаас   ББСБ-аас талийгаач Д.Бийн сүүлд зээлийн гэрээ байгуулалгүй авсан 8 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 27 948 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Сүүлд авсан 8 000 000 төгрөгийг гэрээ байгуулаагүй авсан тул хүү тооцохгүйгээр төлөх учиртай юм гэв.

   Хариуцагч   ББСБ-ын захирал О.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Талийгаач Д.Б нь тус ББСБ-с нийт 20.4 сая төгрөгийг Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж авсан бөгөөд зээл зээлийн хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. 2014 оны 9 сарын 20-нд өөрийн найз Сд барьцаа хөрөнгө болох машиныг зарахаар тохиролцсон. С нь 2 сарын дотор буюу 2014 оны 11 сарын 20-нд Бийн зээл, хүүг бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч өнөө маргааш гэсээр өнөөдрийг хүрсэн ба энэ хугацаанд нийт зээл болон зээлийн хүү нь 49.9 сая төгрөг болсон. Зээл төлөгдөхгүй байсан тул шүүхэд өгч Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр 45.0 сая төгрөг төлөхөөр гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй л байна. Нөгөө талаар зээлийн барьцаанд тавьсан мөн давхар Сд машиныг худалдаж талийгаачийн зээл хүүг төлүүлэхээр тохиролцсон мөртлөө, зээл хүү төлөгдөөгүй нэхэгдэж байгаа гэдгийг мэдсээр байж машины хуучин гэрчилгээг ашиглаж машиныг манай гэр бүлийн өмч талийгаачийн надад үлдээсэн өв гэж нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад мөнгө нэхэмжилж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. 2012 оны 03 сарын 06-аас энэ машины эзэмшигч нь   ББСБ болсон байгаа. нь өөрийн эзэмшлийн байрыг барьцаалж манайхаас зээл авсан бөгөөд төлбөр хийхгүй алга болсон. Иймд шүүхэд өгч 3 шатны шүүхээр явж шийдвэр гарсан. Энэ хоёр зээл нь хоёр өөр барьцаатай, хугацаатай хоорондоо хамааралгүй зээл бөгөөд аль аль нь төлөгдөхгүй байсан тул шүүхэд өгч эцсийн шийдвэр гарсан. Машиныг авсан С нь амласан ёсоороо 2014 оны 11 сарын 20-нд машины үнэ болох 50,0 сая төгрөгийг төлсөн бол талийгаач Бийн зээл, хяналтын картны дагуу 30,3 сая төгрөгөөр хаагдаж үлдсэн 19.7 сая төгрөгийг талийгаачид өгөх байсан юм. Гэвч төлөгдөхгүй хугацаа сунжирснаас болж хүүний хуримтлал үүсэж нийт зээл, хүү 49.9 сая төгрөг болсон. Талийгаач Б гэнэт нас барсан бөгөөд түүний дараа хэд хэдэн удаа манай дээр ирсэн, талийгаачийн зээл хүүний тооцоо мөн зээл төлөгдөөгүй байгаа тухай түүнд танилцуулсан. нь бүх бичиг баримтны зургийг гар утсан дээрээ аваад явсан. машины үнэ төлөгдөөгүй гэдгийг сайн мэдэж байгаа. болон талийгаач  Б нь хугацаатай хүүтэй зээл авсан ба зээлийг төлөхгүй бол Иргэний хуулийн 451 – 456 дугаар зүйлийн дагуу зээл ашигласан хугацааны хүү, хугацаа хэтэрсэн бол үндсэн хүү дээр нэмж нэмэгдүүлсэн хүү төлнө гэдгийг мэдэж байгаа гэж бодож байна. Зүй нь нь гомдолтой байгаа бол машиныг 2014 оны 09 сарын 20-нд авч уначихаад өнөөдрийг хүртэл төлбөрийг хийгээгүй Сгээс хохирлоо нэхэх ёстой болохоос манай ББСБ нь Тт үнийн зөрүү өгөх ёсгүй. Машин барьцаалж зээл авсан асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Иймд Тийн машины үнийн зөрүү нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч О.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан хариу тайлбартаа Тийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаж, холбогдох шүүхийн шийдвэрийг хавсаргаж өгсөн байгаа боловч нэмж тайлбарлах зүйл байна.

нь УНЦ 00-30 улсын дугаартай бенз машины өв хүлээн авагч болох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг машин нь талийгаач Бийн нэр дээр 2013.03.05-2013.03.06-ны хооронд 1 хоног л байсан нь Автотээрийн үндэсний төвийн лавлагаанд бичигдсэн байх тул гэр бүлийн өмч болох уу. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа бол өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлөөр өвлөгчид олгоно” гэж заасан байдаг. Гэтэл энэ өвийн гэрчилгээг гаргаж өгсөн нотариатч манай байгууллагаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Нотариат өвлөх гэрчилгээг 2017 оны 06 сарын 10-нд гаргасан байдаг. Гэтэл энэ машины эзэмшигч нь 2013.03.06-наас хойш   ББСБ байдаг. Иймд бид нотариатын хууль зөрчиж өвлөх гэрчилгээ гаргасан нотариатчид гомдол гаргана. Талийгаачийн машиныг авахаар тохиролцсон С амласан хугацаандаа буюу 2014 оны 11 сарын 20-нд төлбөр барагдуулаагүй тул шүүхэд өгч 2017.07.05-нд шүүхийн шийдвэр эцэслэн гарсан. Сгийн хүсэлтээр мөн машины дугаарыг УНЦ 00-30 гэж солисон. Гэтэл өв хүлээн авах гэрчилгээн дээр УНЕ 9944 дугаар бичсэн байсан. С шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлсөн нөхцөлд талийгаач Бийн зээл, хүү хаагдаж, машин Сд шилжинэ. мэдсээр байж зээлийн барьцаанд тавьж цаашлаад бусдад худалдсан машиндаа өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл юм. Иймд Тийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                         

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.нь хариуцагч   ББСБ-д холбогдуулан анх шүүхэд машины үнийн зөрүү гэх 35 948 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээр анх шаардсан 35 948 000 төгрөгөөс сүүлд авсан гэх 8 000 000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 27 948 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаагаа тодруулан тайлбарласан болно.       

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

     Талийгаач Д.Б нь 2013 оны 03 сарын 06-ны өдөр   ББСБ-тай Зээлийн ба Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан, 12 000 000 төгрөгийг 2013.03.06-ны өдрөөс 2013.04.06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ.

     Зээлдэгч Д.Б нь   ББСБ-аас зээлсэн 12 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.

     Дээрх гэрээний дагуу барьцаалсан Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдэгч болох талийгаач Д.Б нь 2014 оны 09 сарын 20-ны өдөр найз Д.Сд 50 000 000 төгрөгөөр зарахаар, Д.С нь 2 сарын дотор буюу 2014 оны 11 сарын 20-нд Д.Бийн   ББСБ-аас авсан 12 000 000 төгрөгийн зээл, түүний хүүг болон сүүл авсан гэх 8 000 000 төгрөгийг тус тус бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцсон үйл баримт зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдож, энэ талаар талууд маргаангүй байна.

Гэтэл Д.С нь   ББСБ-аас авсан Д.Бийн зээл, түүний хүүг нь 2014 оны 11 сарын 20-нд төлөхөөр амласан хугацаандаа төлөөгүйн улмаас хариуцагч ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 сарын 05-ны өдөр 183/ШШ2017/01591 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Д.С нь 10 сая төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний өдөр, 12 500 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор, 22 500 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 01-ний дотор тус тус 3 хувааж нийт 45 000 000 төгрөгийг төлөх,   ББСБ нь 00-30 УНЗ улсын дугаартай Бенз маркийн автомашиныг 45 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа Д.Сгийн нэр дээр шилжүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 183/ГЗ2017/10460 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, шүүхийн 183/ГХ2017/01019 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй болно.

Нэхэмжлэгч М.нь   ББСБ-аас зээлийн болон барьцааны гэрээгээр барьцаалсан Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн зөрүү гэх 27 948 000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 84 дугаартай тойргийн нотариатч С.Гийн 2017 оны 06 сарын 10-ны өдөр олгосон Өвлөх эрхийн 36 дугаар гэрчилгээг үндэслэн Иргэний хуулийн 520, 531 дугаар зүйлүүдэд заасны дагуу гаргуулна гэж хариуцагчаас шаарджээ.

            Хариуцагч   ББСБ-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгч М.мэдсээр байж зээлийн барьцаанд тавьж, цаашлаад бусдад худалдсан машиндаа өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан,   ББСБ-д зээл авахдаа барьцаалсан Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 0030 УНЦ болгон өөрчилсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тодорхойлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд талийгаач Д.Бийн сүүлд гэрээ хийгээгүй, хүүгүй авсан 8 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаар анх тодорхойлсон 35 948 000 төгрөгөөс хасч үлдэх 27 948 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа боловч талийгаач Д.Б нь 2014 оны 02 сарын 17-ны өдөр хариуцагч ББСБ-аас 8.368.330 төгрөгийг авсан болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлдэгч Д.Бийн хяналтын карт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01591 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй ба үндэслэлгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч байхаар заажээ.

            Хэдийгээр хуульд зааснаар М.нь талийгаач Д.Бийн эд хөрөнгө, эрхийг өвлөх эрхтэй байх боловч нэхэмжлэлээр шаардаж буй Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн зөрүү гэх 27 948 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй болох нь дээр дурдсан дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд М.Тийн 27 948 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

  ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан   ББСБ-с 27 948 000 төгрөг гаргуулах тухай М.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 000 төгрөгийн 337 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 310 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч М.Хд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ