Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

           2018          01           29  

                                   210/МА2018/00323

 

 

 

М.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                          

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МЗКББСБ” ХХК-д холбогдох

 

35 948 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, хариуцагчийн төлөөлөгч О.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Талийгаач Д.Баттөр нь МЗКББСБ-тай зээлийн гэрээ байгуулан 2013 оны 03 сарын 06-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Benz S550 маркийн 99-44 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, МЗКББСБ-д шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, харин МЗКББСБ-д буцааж 1 160 000 төгрөг төлсөн. Ингээд 2013 оны 4, 5 сарын үед МЗКББСБ-ын захиралтай манай гэр бүлийн хүн Д.Баттөр зөвшилцөөд уг зээлийн барьцаанд тавьсан Benz S550 маркийн 99 44 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 50 000 000 төгрөгөөр үнэлж МЗКББСБ-д шилжүүлж өгсөн. МЗКББСБ нь манай машиныг Сэргэлэн гэх хүнд 50 000 000 төгрөгөнд тооцон шилжүүлж харин Сэргэлэн нь МЗКББСБ-д манай нөхөр бид хоёрын зээлийг хүүгийн хамт төлөхөөр хоорондоо амаар ярилцаж тохиролцсон. Харин Сэргэлэн нь машины үнийг МЗКББСБ-д төлсөн эсэхийг миний бие мэдээгүй байна. Иймд миний нөхөр талийгаач Д.Баттөрийн зээлийн гэрээний дагуу МЗКББСБ-д төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 12 000 000 төгрөг, гэрээнд заасан хүү 648 000 төгрөг, нийт 12 648 000 төгрөг, үүнээс буцааж төлсөн 1 160 000 төгрөгийг хасаад 11 488 000 төгрөг төлөх ёстой. Манай машиныг 50 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар МЗКББСБ-д хүлээн зөвшөөрдөг. Иймд МЗКББСБ-аас машины үнийн зөрүү болох 35 948 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас МЗКББСБ-аас талийгаач Д.Баттөрийн сүүлд зээлийн гэрээ байгуулалгүй авсан 8 000 000 төгрөгийг хасч, үлдэх 27 948 000 төгрөгийг гаргуулна. 8 000 000 төгрөгийг гэрээ байгуулаагүй авсан тул хүү тооцохгүй төлнө гэжээ.  

 

Хариуцагч “МЗКББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Талийгаач Д.Баттөр нь тус ББСБ-аас нийт 20 400 000 төгрөгийг Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж авсан бөгөөд гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүй. 2014 оны 09 сарын 20-нд өөрийн найз Сэргэлэнд барьцаа хөрөнгө болох машиныг зарахаар тохиролцсон. Сэргэлэн нь 2 сарын дотор буюу 2014 оны 11 сарын 20-нд Баттөрийн зээл, хүүг бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч өнөө маргааш гэсээр өнөөдрийг хүрсэн ба энэ хугацаанд нийт зээл болон зээлийн хүү нь 49 900 00 төгрөг болсон. Зээл төлөгдөхгүй байсан тул Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 45 000 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нөгөө талаар зээлийн барьцаанд тавьсан машиныг Сэргэлэнд худалдаж, зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү төлөгдөөгүй гэдгийг мэдсээр байж машины хуучин гэрчилгээг ашиглаж талийгаачийн надад үлдээсэн өв гэж нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан мөнгө нэхэмжилж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. 2012 оны 03 сарын 06-ны өдрөөс энэ машины эзэмшигч нь МЗКББСБ болсон. Машиныг авсан Сэргэлэн нь амласан ёсоор 2014 оны 11 сарын 20-ны өдөр машины үнэ болох 50 000 00 төгрөгийг төлсөн бол талийгаач Баттөрийн зээл, хяналтын картны дагуу 30 300 000 төгрөгөөр хаагдаж үлдсэн 19 700 000 төгрөгийг талийгаачид өгөх байсан. Гэвч зээл төлөгдөхгүй хугацаа сунжирснаас болж хүүгийн хуримтлал үүсч нийт зээл, зээлийн хүү 49 900 000 төгрөг болсон. Талийгаач Баттөр гэнэт нас барсан бөгөөд Тт зээл, хүүгийн тооцоо мөн зээл төлөгдөөгүй байгаа тухай танилцуулсан. Машин барьцаалж зээл авсан асуудал Хан-Уул дүүргийн шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Нэхэмжлэгч нь УНЦ 00-30 улсын дугаартай бенз машины өв хүлээн авагч болох нь үндэслэлгүй. Уг машин нь талийгаач Баттөрийн нэр дээр 2013 оны 03 сарын 05-ны өдрөөс 2013 оны 03 сарын 06-ны өдрийн хооронд байсан нь Авто тээрийн үндэсний төвийн лавлагаанд бичигдсэн байх тул гэр бүлийн өмч эсэх нь тодорхойгүй. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д зааснаар өвийн гэрчилгээг гаргаж өгсөн нотариатч манай байгууллагаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Нотариатч өвлөх гэрчилгээг 2017 оны 06 сарын 10-ны өдөр гаргасан байдаг. Гэтэл энэ машины эзэмшигч нь 2013 оны 03 сарын 06-ны өдрөөс хойш МЗКББСБ болсон. Өв хүлээн авах гэрчилгээнд машины улсын дугаарыг УНЕ 99-44 гэж бичсэн байсан. Иймд Тийн машины үнийн зөрүү нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан МЗКББСБ-аас 27 948 000 төгрөг гаргуулах тухай М.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 000 төгрөгийн 337 690 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 310 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч М.Хандармаад олгож шийдвэрлэжээ.

                

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч М.Тийн талийгаач нөхөр Д.Баттөр нь МЗКББСБ-аас 2013 оны 03 сарын 16-ны өдөр 12 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн хүүд 1 160 000 төгрөг төлсөн. Ингээд 2014 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн 99-44 УНЕ улсын дугаартай Бенз S550 маркийн тээврийн хэрэгслийг 50 000 000 төгрөгөнд бодож шилжүүлж өгсөн ба машиныг мөн үнийн дүнгээр Сэргэлэнд өгсөн. Ингээд Сэргэлэн зээлийг 2014 оны 11 сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Энэ үйл баримт нь хариуцагчийн энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараар давхар нотлогдож байна. Мөн машины зөрүү болох 19 700 000 төгрөгийг талийгаач Баттөрд өгөх ёстой байсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн Мөнгөн зоос ББСБ нь Сэргэлэнгээс машины үнэ болох 50 000 000 төгрөгийг нэхэмжилж талууд 45 000 000 төгрөгт эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа болно. Иймд МЗКББСБ-аас М.Тийн талийгаач нөхөр Баттөрийн авсан зээлийн гэрээний үүрэг 2014 оны 09 сарын 20-ний өдөр зээлдүүлэгчтэй тохиролцсоны дагуу Сэргэлэнд барьцааны зүйлийг шилжүүлэн өгснөөр дуусгавар болж талийгаач Д.Баттөр нь МЗКББСБ-аас хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй 19 700 000 төгрөгийг авах эрхтэй. Гэтэл Д.Баттөр нь 2016 оны 05 сард зуурдаар нас барсан учир Иргэний хуулийн 515.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Баттөрийн МЗКББСБ-аас 19 700 000 төгрөг гаргуулан авах шаардах эрх нь хууль ёсны өв залгамжлагч М.Тт шилжсэн байна.  Шүүх нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй гэж үзсэн байна. Гэтэл талийгаач Д.Баттөр нь МЗКББСБ-тай анх гэрээ хийж 12 000 000 төгрөг зээлж авснаас хойш гэрээ хийлгүй 8 000 000 төгрөг авсан байдаг. Гэтэл хариуцагчаас 8 368 330 төгрөг авсан талаарх баримт гаргаж өгсөн. Иймд 368 330 төгрөгийн зөрүү гарч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөрүүтэй ба үндэслэлгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй дүн болох 19 700 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж М.Тт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримт тогтоогдсон байна. 

 

Нэхэмжлэгч М.Т үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгсөн автомашины үнийн зөрүүд 35 948 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “МЗКББСБ” ХХК эс зөвшөөрч маргажээ.  

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч М.Тийн нөхөр нас барагч Д.Баттөр нь 2013 оны 03 сарын 06-ны өдөр 12 000 000 төгрөг 1 сарын хугацаатай, сард 4.5 хувийн хүүтэй, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 8 368 330 төгрөг тус тус зээлдэн авч, 12 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд Benz S550 маркийн 9944 УНЕ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлэн хариуцагч “МЗКББСБ” ХХК-ийн өмчлөлд нь шилжүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байна.

 

         Фидуцийн зүйл буюу автомашиныг зээлдэгч буюу нас барагч Д.Баттөр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Сэргэлэнд 50 000 000 төгрөгөөр худалдах,  Д.Сэргэлэн нь 2014 оны 11 сарын 20-ны дотор 12 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт мөн сүүлд нэмж авсан 8 000 000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэ талаар зээлдүүлэгч “МЗКББСБ” ХХК-д бичгээр мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд мараагүй байна. Иргэн Д.Сэргэлэн уг үүргээ гүйцэтгээгүйн улмаас хариуцагч байгууллага нь зээлдэгч буюу нас барагч Д.Баттөрийн гүйцэтгэх үүргийг тооцон 45 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг Д.Сэргэлэн зөвшөөрч, 10 000 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний өдөр, 12 500 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор, 22 500 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулах, 00-30 УНЗ улсын дугаартай Бенз маркийн автомашиныг 45 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа Д.Сэргэлэнгийн нэр дээр шилжүүлэхээр эвлэрснийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01591 дугаартай захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

          Маргааны зүйл болох автомашин хариуцагчийн эзэмшил, өмчлөлд 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжиж, зээлдэгч гэрээний зүйлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

           Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч үндсэн үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй тул шүүхээс нэхэмжлэгчийг автомашины зөрүү үнийг шаардах эрхгүй гэж үзсэн нь зөв, хариуцагч тал автомашины үнийн зөрүүг төлөх үүрэгтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       А.МӨНХЗУЛ