Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­110 

 

 

 

 

 

 

 

 

2022          09             14                                                          2022/ШЦТ/110                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ш.Э,

Шүүгдэгч: С.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: П.Г цахимаар/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э, С.Б нарт  холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, 10-23 тоот хаягт оршин суух, хэрэгт татагдахын өмнө Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ш.Э /РД:****************/,

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Уурхайчин хорооллын 3-31 тоот хаягт оршин суух, хэрэгт татагдахаас өмнө Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.Б /РД:**************/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Э, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас 3000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ: “Бид хоёрын холбогдсон гээд байгаа энэ асуудал 2019 оны 5 сард болсон. Тухайн өдөр мөрдөгч Батжаргал, Бямбадорж бид 3 “Түмэн заг” ХХК дээр очиж хяналт шалгалт хийсэн. Тухайн үед Заяат гэх нөхөр эрүүл биш согтуу байдалтай ямар ч өөрийгөө илэрхийлэх чадваргүй согтуу мансуурсан байдалтай байсан. Бид нар тухайн үед авчраад Бямбадоржийн өрөөнд оруулаад шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд Бямбадоржийн өрөөнд үлдээгээд Батжаргал дараагийнхаа ажлыг бодсон байдаг. Бямбадорж бид 2-ыг бүлэг гэж үзээд байгаа. Бүлэг гэж үзэх юм бол Батжаргал хаачсан юм. Батжаргалын үйлдлийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгээд намайг хамт бүлэглэсэн гээд яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэргийн материалд Энхболд гэдэг хүн тэр мөнгөнөөс хэдийг авч үрсэн юм. Хэрэг дотор ийм ажиллагаа байхгүй. Урьд өмнөх шүүх хурлаар энэ үйлдэл дахин дахин яригдсан. Албаны шалгалт гэдэг юм хийгдсэн. Тэгээд Нандинжаргал хурандаа Заяатыг ганцаарыг нь өрөөнд суулгаж байгаад видео бичлэг хийсэн байдаг. Тэр хүн бичлэг хийхдээ юу гэж хэлж зааж өгөөд бичлэг хийснийг би ч мэдэхгүй. Энд байгаа хүмүүс ч мэдэхгүй. Тэр нөхөр Монгол улсын иргэн биш гадаадын иргэн, тэнд мэдүүлэг өгч ярьж байхдаа мэдээж бид нарыг айлгаж ичээж сандаргаж чадсан юм чинь тэр хүнийг айлгах нь тэр хүмүүст юу ч биш. Биднийг албаны шалгалт ирээд хийхэд тэгсэн гээ биз дээ, ингэсэн гээ биз дээ гээд ерөөсөө өөрөө бараг зааж өгөөд илтгэх хуудас бичүүлж авсан. Илтгэх хуудасны хүрээнд надаас тайлбар бичүүлж авсан. Тухайн үед биднийг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангах талаар огт тайлбарлаагүй. Том том дарга нар шууд ирээд албаны шалгалт хийсэн. Тэр хүнийг өрөөнд оруулаад бичлэг хийгээд тайлбар авсан асуудлууд, тэр хүн айж ичсэндээ юу ярихаа ч мэдэхгүй. Би өөрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Би хамааралтай бол Батжаргал гэдэг хүн хамааралтай гэж үзэж байна. Өөр тайлбар байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Ер нь Энхболдтой санал нэг байна. Бид хоёрыг бүлэглэсэн гэж үзээд байх юм, энэ хэрэгт Батжаргал, Энхболд хоёр хамааралгүй гэж хэлээд байгаа. Тухайн үед би Заяатыг өрөөндөө оруулж ирээд биед нь байгаа эд зүйлсийг гаргаж ирсэн. Ми ми бодис тухайн үед “Түмэн заг” ХХК дээр очиход байсан. Түүнийг аваад явсан. Тухайн үед Заяат согтуу эрүүл нь мэдэгдэхгүй манарсан байдалтай байсан. Тэр үед Батжаргал, Энхболд хоёр “Түмэн заг” ХХК хамт яваад Заяат гэдэг хүнийг манай өрөөнд авчирч хүлээлгэж өгсөн. Тухайн үед Заяатаас мэдүүлэг авах гэсэн боловч эрэл согтуу нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд орчуулагч, хэлмэрч олоод ир гээд явуулсан. Тухайн үе явуулахдаа биед нь шалгалт хийхэд 3000 юань, ми ми гэдэг бодис гарч ирсэн. Маргааш өглөө нь ирчхээд би паспортоо Өмнөговь аймаг авч яваад визээ сунгуулчхаад орчуулагч, хэлмэрч олоод ирье гэсэн би тухайн үед дарга цэрэгтээ хэлээгүй. Тэгээд Заяатыг явуулаад надад 3,000 юань, ми ми бодис эд мөрийн баримт надад байсан. Тэгээд хэд хоногийн дараа яваад алга болсон. Түүнээс хойш би “Түмэн заг” ХХК дээр 2-3 удаа очиход байгаагүй. Тэгээд энэ дээр бүлэглэсэн гэж үзээд байна. Хэрвээ бүлэглэсэн гэж үзэх юм бол Заяат дээр Батжаргал бид гурав гурвуулаа тэнд очиж байсан. Яагаад бид хоёрыг бүлэглэсэн гэж үзээд байгаад гайхаж байна. Заяат шүүх хуралд оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж байгаа.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах гэж байгаа бол jiyatu бас л байх л ёстой. Өөр зүйл байхгүй. Бид хоёрыг бүлэглэсэн гэж яллах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн яллаж байгаа гэм буруугийн дүгнэлт дээр санал нийлэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамтран оролцох гэдгийг хуульчлаад өгсөн байгаа. Тэгэхээр 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг 2 буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэж заасан. Бүлэглэсэн гэж үзэж байгаа юм бол Батжаргалын үйлдлийг яагаад бүлэглэсэн гэж үзэхгүй байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим гэж байгаа. Энэ хоёрыг бүлэглэсэн гэсэн ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Ядахдаа хоорондоо ярьсан яриа утасны мессеж тийм зүйл байхгүй. БНХАУ-ын иргэн Jiyatu-аас мэдүүлэг болог бичлэг хийж тайлбар дээр Бямбадорж гэдэг хүнтэй л харьцаа үүсгэсэн байгаад байгаа. Энхболд гэдэг хүнтэй ямар нэгэн харьцаа үүсгээгүй байдаг. Ийм нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа. Хэрвээ бүлэглэсэн байдлаар энэ гэмт хэргийг үйлдсэн байх юм бол 3000 юань хаанаас хурааж авсан асуудал бас яригдана. Бүлэглэсэн байх юм бол 3000 юань энэ 2 хүн хувааж авдаг юм байгаа биз дээ. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар хэргээ эргэлзээтэй байдал үүсэх юм бол шүүх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн энэ заалтыг хэрэглэж өгнө үү, миний үйлчлүүлэгч нарын нотолбол зохих байдал нотлогдоогүй учраас нэг бол цагаатгаж өгнө үү эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, Jiyatu-ын өгч байгаа мэдүүлгүүд нь нэр тооны хувьд зөрүүтэй, мөн Jiyatu-ыг шүүх хуралдаанд оролцуулъя гэж байгаа санаа нь өөрөө хэрвээ магадгүй шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах явах юм бол хэргийн ээдрээ төвөгтэй байдал бүрэн тайлагдах үндэслэлтэй учраас Jiyatu-ыг оролцуулах санал гаргасан. Болдоггүй юм аа гэхэд цахимаар мэдүүлэг авч болно гэж хэлсэн. Гэрчийн мэдүүлэг л хамгийн голлох нөхцөл байдал үүснэ. Хахууль өгсөн нэг ч үг байхгүй байгаа. Энэ хоёр хүнийг шалгасан юм бол Jiyatu-ыг яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлээр шалгаагүй юм бэ, энэ нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, нөхцөл байдал алдагдсан. Тийм учраас цагаатгах байр суурьтай байна. Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энхболд яагаад Батжаргалтай адилхан үйлдэлтэй байж байгаад ингээд БАтжаргал нь хэрэгсэхгүй болгоод Энхболд нь яваад байгаа юм бэ. Энхболд бас нэг өөр хэрэг дээр шалгагдаж байсан байхгүй юу. Сүүлд нь ингээд хэрэгсэхгүй болсон юм. Энийг бас ойлгох хэрэгтэй. Та энийг андуураад байх шиг байна. Энхболд гэдэг хүн өөр нэг үйлдэл дээр шалгагдаж байсан. Энхболд 2 үйлдэлтэй. Бямбадорж, Энхболд, Батжаргал 3 бүлэглэсэн гэсэн ийм үйлдэлтэй явж байсан. Бүлэглэсэн гэдэг үйлдэл байхгүй болонгуут Батжаргалын үйлдэл хэрэгсэхгүй болсон юм. Энхболдыг шалгах гэхээр бас нэг үйлдэл явагдаад байсан. Тэгээд сүүлд нь хэрэгсэхгүй болсон. Тийм учраас урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаасан. Энэ үйлдлийг нэмж шалга гээд. Энхболдын үйлдлийг нэмж шалгаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дараа прокурорт буцаад Энхболдын үйлдэл хэрэгсэхгүй болсон. Тэгчхээд одоо бүлэглэсэн гээд дайраад байх юм. Бүлэглэсэн гэх ямар нотлох баримт үндэслэл байгаад байгаа юм. Энхболдын үйлдэл Батжаргалын үйлдэлтэй мөн адил хэрэгсэхгүй болсон байх ёстой. Бүлэглэсэн гэсэн ямар нэгэн баримт бичиг байхгүй. Бямбадоржийн үйлдлийг яриад байгаа. Шүүхийн өмнө хэн ч байсан эрх тэгш байна гэсэн энэ заалтыг зөрчөөд байгаа. Хэрвээ  Бямбадоржийг Jiyatu-аас хахууль өгөхийг шаардсан гэж яллаж байвал Jiyatu-аас мэдүүлэг авчаад Jiyatu яагаад яллаагүй юм. Jiyatu гэдэг хүн хахууль өгсөн байна. Тэгвэл Jiyatu яагаад яллахгүй байгаа юм. Шүүхийн өмнө эрх тэгш байдал энэ дээр алдагдчихаад байна. Jiyatu гэдэг хүнээс мэдүүлэг авчхаад за баярлалаа гээд гаргаад явуулчхаж байгаа юм. Мэдүүлэг дээрээ надаас хахууль нэхэж шаардаагүй. Торгууль нэхээд мөнгө аваад үлдсэн гэж л байгаа. Тэгэхээр хууль зүйн үндэслэлтэй юманд дүгнэлт хийж байх ёстой. Бид бүгд л хуульч учир. Хахууль авсан шаардсан гэдгийг гэрчилсэн ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Jiyatu-аас авсан мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бүгд ноцтой зөрчсөн байдаг. Гэсэн хэдий ч би өөрийн үйлчлүүлэг нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүхэд энийг шинжлэн судлуулаад байгаа юм. Тийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 заасан заалтыг л баримталж байгаа юм.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Заяа /Jiyatu/-гийн өгсөн мэдүүлэг  /1-р хх-ийн 5-6/,

Ш.Энхболдын Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст бичиж өгсөн болон асуугдаж өгсөн тайлбар /1-р хх-ийн 11-13, 28/,

С.Бямбадоржийн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст бичиж өгсөн болон асуугдаж өгсөн тайлбар /1-р хх-ийн 15-16/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Төрмөнхийн бичиж өгсөн илтгэх хуудас /1-р хх-21/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Энхболдын өгсөн тайлбар /1-р хх-ийн 27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хх-62-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-65-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Энхболдын өгсөн мэдүүлэг /1-р хх-67-68/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /1-р хх-69-70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Төрмөнхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-71-72/,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн б/508 дугаартай “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаал /1-р хх-75/,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 868, 421, Б/350, Б/334 дугаар тушаал /1-р хх-76-80/,

Jiyatu-гийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /1-р хх-89-90/,

С.Бямбадорж, Ш.Энхболдын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-94-95/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-234-235/,

Ш.Энхболдыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /1-р хх-245-246/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Энхболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бямбадоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 7-12/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2-р хх-ийн 42-44/,

С.Бямбадоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 47, 48/,

Ш.Энхболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2-р хх-ийн 49, 50/,

Эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 52, 58-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нандинжаргалын өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 88-89/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-д бичигдсэн бичлэг зэрэг бичгийн болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

    Шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Энхболд нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны хүртэл эрүүгийн мөрдөгчөөр, шүүгдэгч С.Бямбадорж нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 868 дугаар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/350 дугаар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаартай тушаалуудаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-75, 76, 78/

Шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарын ажиллаж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасны дагуу нийтийн албан тушаалтан байна.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Энхболд, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Бямбадорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Б.Заяа /Jiyatu/-аас 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Заяагийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард “Түмэн заг” ХХК-ийн  ажлын байрандаа байж  байхад Цогтцэций  сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч Бямбадорж гэдэг хүн танихгүй 2  хүний хамт  ирээд миний өрөөнд надтай хамт орж ирээд миний хувцасны шүүгээнд дотор  байсан МиМи  бодисыг хурааж авсан. Тэр МиМи бодис маань эмийн хуруу шилэн дотор  хадгалж байсан. Тэгээд Бямбадорж цагдаа миний паспортыг хурааж авч Цэций сумын  цагдаагийн хэлтэс дээр ирж №7 гэсэн өрөөнд оруулж намайг “та мансууруулах төрлийн МиМи бодис татлаа” гэж хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд жаахан байж байгаад би  өөрөө “энэ  асуудалдаа торгуулъя” гэсэн юм .Тэгсэн чинь Бямбадорж намайг 10.000 юаниар торгоно” гэсэн юм. Тэгээд би ярьж гуйж байгаад 3000 юаниар  торгуулах болсон. Тэгээд би асуудлын маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр ирж Бямбадоржид №7 дугаартай албан тасалгаанд 3000 юань бэлнээр /дандаа 100-тын дэвсгэртээр/ өгсөн. Намайг мөнгөө /юань/ өгөх үед хажууд нь хамт очсон нэг хүн нь байсан. Тэгээд намайг мөнгөө өгсний дараа паспортыг минь гаргаж өгсөн. Тэгээд би паспортоо аваад явсан. Надаас хурааж авсан “ми ми” бодисыг буцааж өгөөгүй. Тэд нар өөрсдөө авсан” гэх тайлбар /1-р хх-5-6/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас авсан тайлбарыг бэхжүүлсэн бичлэг /эд мөрийн баримтаар ирсэн СD/,  

 Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Д.Отгонбаатарын өгсөн: “...2019 оны 04 сард  санаж байна, өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Үйлдвэрийн байран дээр байхад  гаднаас 3 хүн  орж ирсэн бөгөөд Заяатыг аль өрөөнд байгааг асуусан  ингээд надтай хамт ажилладаг Батсайхан өрөөг нь зааж өгөөд нөгөө 3 хүн Заяатын өрөөнд ороод хаалгаа хаасан. Ингээд Заяатыг аваад явсан бөгөөд нэлээн орой заяат буцаж ирсэн. Тухайн үед Заяатаас яана гэж байна гэж асуусан чинь торгоно гэж байна гэж хариулсан. Хэдэн төгрөгөөр торгох талаар яриагүй. Маргааш нь Заяат надтай хамт сумын төв рүү  яваад цагдаагийн гадаа  буугаад үлдсэн. Заяат гарж ирээд таксигаар  араас ирсэн. Хэдэн төгрөгөөр торгуулсан талаар тодруулахад 3000 юаниар  торгуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-62-63/,

 Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Төрмөнхийн бичсэн: “би тус Цагдаагийн хэлтэст ирж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг өдөр тутам гар бүртгэлээр бүртгэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг. Тус бүртгэлд 249 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-аас 12-ны өдөр “ми ми” гэх бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл авсан болон шалгасан талаар алба хаагчдаас ямар нэг зүйл танилцуулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд энэ талаар бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болно” гэх илтгэх хуудас /1-р хх-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Төрмөнхийн өгсөн “...Хяналт шалгалтаар  ирсэн хүмүүс тухай албан хаагч нарыг нэг нэгээр  нь дуудаж уулзаж байсан. Дотоод хяналт  шалгалтын албан хаагч нар намайг  өрөөндөө дуудаад Бямбадоржтой  хамт яваад Ми Ми бодисыг аваад ир гэхээр нь Бямбадоржоос яг наад зүйл чинь байгаа юм уу гэж ам асууж авч гараад Бямбадоржийн гэрт нь очоод Бямбадорж үүдний амбаарынхаа хажуу талаас төмөр хайрцагтай Ми Ми гаргаж ирэхээр нь тэрийг нь тэр чигээр нь авчраад хяналт шалгалтын Нандинболорт” өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-71-72/,

 Шүүгдэгч С.Бямбадоржоос 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр: “Ханз үсгэн бичиглэл бүхий сонины цаасанд боосон нунтаг цагаан бодис 10 грамм /нийлэг уутанд савлаж жинлэв/, НӨАТ-ын баримтын цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис 3 грамм /нийлэг уутанд савлаж жинлэв/, 10 см-ийн өргөнтэй, цаасан дамрыг ороож хуйлсан тугалган цаас 1 ш, хөх, ягаан, цагаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ш, 10 см-ийн урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1ш, 10 см-ийн урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ш, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юанийг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ш, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5 см харьцах нь 9.5 см, хамгийн бага нь 6 см харьцах нь 2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нандинжаргалын өгсөн: “Миний хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагч Н.Батжаргал, Ш.Энхболд,С.Бямбадорж  нараас иргэдээс гаргасан  гомдолд холбогдуулж  тайлбар мэдүүлэг авахдаа айлгаж дарамталсан, шахаж хөтөлж тайлбар авсан асуудал байхгүй. Дээрх хүмүүсийг нэг бүрчлэн тайлбартай танилцуулж уншиж танилцсан талаар нь бичүүлж тайлбар дээр гарын үсгийг нь зуруулсан. Н.Батжаргал, Ш.Энхболд, С.Бямбадорж нар тайлбартай танилцаад гарын үсгээ зурсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батжаргалын өгсөн “...би Вандангаас өгсөн мэдээллийг тэмдэглэл хөтөлж аваагүй, бүртгэлд оруулаагүй. Тэр дор нь шалгах эрх бүхий албан хаагч болох Бямбадорж, Энхболд нар дамжуулж хэлсэн...манай цагдаагийн хэлтсийн хувьд гэмт хэргийн шинжтэй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй дуудлага мэдээлэлд эрүүгийн мөрдөгч нар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж материалжуулаад хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалган, яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосны дараа Мөрдөн байцаах тасаг руу хэргийг шилжүүлдэг. Үүний дараа мөрдөгч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-65-66/,

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн дэд хурандаа Д.Нандинжаргалаас Ш.Энхболдыг асууж авсан: “би 2019 оны 04 дүгээр сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/ хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бямбадорж, мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батжаргал бид нар “Түмэн заг” ХХК-ийн байранд очиж өвөрмонгол нөхөр өрөөндөө ми ми гэх мансууруулах бодис татсан байдалтай ширээн дээр нь татсан хэрэгсэл нь байсан. Тэгээд тухайн этгээдийг уг бодисыг хаанаас авсан талаар асуухад Цогтцэций сумын төвөөс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд тухайн өвөрмонгол иргэний паспортыг хурааж авч цагдаагийн хэлтэс дээр авч ирж дахин уг бодисыг хаанаас авсан талаар асууж авсан газрын нь заалгаж очиж үзэхэд хүнгүй байсан. Тэгээд тэр өвөрмонгол иргэний паспортыг хурааж авч маргааш ирж уулз гээд явуулсан. Маргааш өглөө нь 10 цагт ирэхэд нь худалдаж авсан газрыг нь заалгах гэсэн чинь зааж өгөөгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлд оруулаагүй. Тэгээд тэр этгээд 3000 юань бэлэн авч ирж өгсөн тул паспортыг нь буцааж өгч явуулсан. Уг мөнгийг ахмад Батжаргал, ахлах дэслэгч Бямбадорж бид 3 мянга, мянган юаниар нь хувааж авч хувийн хэрэгцээнд зарцуулсан нь үнэн. Би хууль бус үйлдэл хийсэндээ их гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх тайлбар /1-р хх-12/,

 Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн дэд хурандаа Д.Нандинжаргалаас С.Бямбадоржийг асууж авсан: “Би 2019 оны 04 дүгээр сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/ эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Энхболд, мөрдөгч цагдаагийн ахмад Н.Батжаргал бид нар “Түмэн Заг” ХХК-ийн нүүр угаах үйлдвэрийн байранд өвөрмонгол залуу /нэрийг нь мэдэхгүй/ мансууруулах төрлийн бодис “ми ми” өрөөндөө хэрэглэж байхаар нь “ми ми” гэх төмөр хайрцагтай байсныг авч тэр өвөрмонгол залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирж маргааш ир гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь өвөрмонгол залуу ирэхдээ өөрөө торгуулаад явъя гэж гуйхад нь Батжаргал, Ш.Энхболд нартай уулзаж яриад 3.000 юанийг өвөрмонгол залуугаас авсан. Тухайн мөнгийг би аваагүй Ш.Энхболд уг мөнгийг авсан. Би ямар ч байсан ахлах дэслэгч Ш.Энхболдоос “3000 юань монгол мөнгөөр хэд болох бэ” гэж асуухад тэр “1 сая гаран төгрөг болно” гэж хэлж байсныг санаж байна. Тэр өвөрмонголоос хурааж авсан хайрцагтай “ми ми” гэх бодисыг нь би машины ард хийсэн байсан. Одоо ч тэр нь миний машины ард байгаа. Уг мэдээллийг бүртгэлд оруулаагүй, дарга нартаа энэ талаар огт мэдэгдээгүй. Бүртгэлд ч оруулаагүй. Өвөрмонгол иргэний паспортыг хурааж аваад би өрөөндөө хадгалж байгаад маргааш өглөө нь 3000 юань авч ирэхэд нь паспортыг нь буцааж өгсөн...” гэх тайлбар /1-р хх-16/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл болон эд мөрийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж байгаа болон тэдний өмгөөлөгчийн шүүгдэгч нарыг цагаатгах байр суурь, санал дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч нарын болон өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.     

Иймд шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын дагуу өөрийн эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж, өөртөө шууд эд материалын болон материаллаг бус ямар нэгэн ашиг олохыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээдүүдийн тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нь нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болох бөгөөд хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх ба оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй эс үйлдэхгүйгээр илэрч байдаг.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Бямбадорж, Ш.Энхболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч С.Бямбадорж, Ш.Энхболд нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48, 50/-аар тус тус тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 Шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “хөх, ягаан тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ын урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юанийг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй өөр хоорондоо ижил бус дүрстэй, нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа“ гэж бичиж эд мөрийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй ба эд мөрийн баримт тус газарт хадгалагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16в/519 дугаартай албан бичгээр тогтоогдсон, эд мөрийн баримт устсан байж болзошгүй нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэн шалгуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/163 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн устгуулах, БНХАУ-ын иргэн Б.Заяа /Jiyatu/-гийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3,000 юанийг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Ш.Энхболдын эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай “Тоёота Премио” маркын суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Энхболдод буцаан олгож шийдвэрлэв.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Дугант овогт Шоовдорын Энхболд, Боржигин овогт Сүрэнжавын Бямбадорж нар нь бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3000 юань буюу 1,175,580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарт оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ш.Э, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Ш.Энхболдын эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай “Тоёота Премио” маркын суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Энхболдод буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн устгуулах, БНХАУ-ын иргэн Б.Заяа /Jiyatu/-гийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “хөх, ягаан тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ын урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юанийг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй өөр хоорондоо ижил бус дүрстэй, нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа“ гэж бичиж эд мөрийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй ба эд мөрийн баримт тус газарт хадгалагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16в/519 дугаартай албан бичгээр тогтоогдсон, эд мөрийн баримт устсан байж болзошгүй нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэн шалгуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/163 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3,000 юанийг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт оруулсугай.

10. Шүүгдэгч Ш.Э, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ