Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2022/00006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг 3 дугаар хэсэг 3 дугаар байр 1-4 тоотод оршин суух, /ЦЖ:63072705, утас:89032352/ Боржигон овогт Лхагвасүрэнгийн *******гаас гаргасан

 

Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ.... 1992 онд хувьчлал гэж юм болоод тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн үндсэн объектыг цэнхэр тасалбараар хувьчилсан. Нэг хэсэг нь ХК болон хувьчлагдаад нэг хэсэг нь болох энэ зурган дээр харагдаж байгаа энэ буланд байгаа талхны газар, цайны газар, гутал засварын газруудыг ажилчдаа хувьчилж өгсөн. Эдний хувьцааг Сэлэнгэ аймгийн ******* сумын өмч хувьчлалын комиссоос дуудлага худалдаа зарласан. Тухайн үед тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн талхны газар, цайны газар гэсэн урт хэсгийг ягаан тасалбараар худалдсан. Тэгээд дуудлага худалдаа болж хувьчлалын захирамж гарсан байдаг. Энэ захирамжаар Жүгдэрийн Болдбаатар гэдэг хүн авсан байдаг. Ингэж авснаас хойш би 2,3 жилийн дараа Болдбаатараас 350 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед хүмүүс гадагшаа дотогшоо их явдаг байсан Болдбаатар ОХУ яваад бараг 25 жил болоод ирсэн.Урт цагаан байшин байсан энийг 3 хүн худалдаж авсан байсан бусад нь байшингуудаа нураагаад аваад явчихсан ганцхан миний байшин үлдсэн яагаад гэвэл би Гонир ХК-ийн манаач Баярсайхан гэдэг хүнээр би харуулаад ирсэн. Өмнөх хурал дээр Ж.Болдбаатар гэх хүн гэрчийн мэдүүлэг дээрээ энэ талаар хэлсэн байгаа. Тэгээд би 2014 онд албан ёсны болгоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл газрыг өөр хүн авсан байсан.Авахдаа эднийх ч аваагүй Очирбаатар гэдэг хүн авсан байсан. Яагаад авсан бэ гэхээр Гонир ХК-ийн манаачийн пүтик байдаг байсан энийг энэ хүн өрөнд өгсөн байгаа юм өрөнд өгмөгц Гонир ХК-ийн хөрөнгөөс салгаж болохгүй болохоор эргэн тойрон газрыг нь авсан юм байна лээ. Тэгээд Ж.Болдбаатараас авснаас хойш байшин дээрээ очиход эднийх эзэмшсэн байхаар нь би хэлэхэд та бичиг баримтаа аваад ир гэсэн. Тухайн үед би хөөцөлдөөд явж байсан газаргүй болохоор үл хөдлөхөө авч чадахгүй байгаад хугацаа алдсан. Үнэн юм болохоор явсаар байгаад өнөөдөр бодит байдал дээр талхны газрын энэ хэсэг дуудлага худалдаагаар орсон байсан тэгээд би худалдаж авсан. Тийм учраас миний өмчлөл гэдгийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Эднийх үл хөдлөхийн гэрчилгээ авахдаа 2014 онд авсан байсан. Үлд хөдлөхийн гэрчилгээнд нь манай байгаа хэсэг ерөөсөө ороогүй газарт нь ч ороогүй хэзээ хойно Очирбаатар гэдэг хүнээс эднийх аваад энэ газрыг нь оруулчихсан байгаа байхгүй юу. Би Болдбаатараас худалдаж авснаас хойш бараг 30 жил хадгалж байна. Тэгж ярих юм бол танай граш барьсан газар чинь Цэрэндулам гэдэг хүний юм. Одоо дээр нь нэг юм барьсан болохоор бүүр өмчилнө биз. Бариагүй манай газрыг манай газар гэж яриад байгаа хүмүүс. Анхны хуралд дээр Жүгдэрийн Болдбаатар гэх хүн өөрөө гэрчилсэн энэ гэрчийн мэдүүлгийг энэ бүртгэлд аваасаа гэж бодож байна. Дуудлага худалдаагаар Ж.Болдбаатарыг авсан гэсэн юм байхгүй байна гэж гомдол дээрээ бичсэн байсан. Энэ хүн бүүр худалдаж авсан гэж бичээд мөнгө тушаасан баримтыг ард нь хавсаргасан байгаа энэ тухайн үеийн протоколыг аймгийн архиваас авсан. Тиймээс анх дуудлага худалдаагаар авсан нотлох баримтууд байгаа учраас энэ нотлох баримтуудыг үндэслээд миний өмч мөн болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлага гэж би ойлгож байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламжийн тэжээлийн үйлдвэрийн талхны газрын байрны өмчлөгч мөн болохыг тогтоолгож өгнө үү гэж байна. Энэ шаардлагатай нь холбогдуулж дараах тайлбарыг өгье. Ер нь бол Ж.Болдбаатар гэдэг хүнийг өмч хувьчлалаар 1992 онд өмч хувьчлалын 52 дугаар тогтоолоор Ж.Болдбаатарт олгосонд бол манай зүгээс маргахгүй ээ. Харин Болбаатараас ******* авсан гээд байгаа дээр нь манайх нийцэхгүй байна. 1993 онд *******, Болдбаатар гэх хүнээс 350 төгрөгөөр худалдан авсан гэсэн тайлбарыг өгдөг. Болдбаатар ч мөн гэрчийн мэдүүлэгтээ 350 төгрөгөөр зарсан гэж ярьдаг. *******, Болдбаатар нар ямар ч огноо дугааргүйгээр 350 төгрөгөөр хоорондоо худалдсан гэсэн баримт хавтас хэргийн 05 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ бол ямар ч огноо байхгүй энийг нь Сэлэнгэ аймгийн 118 дугаартай тойргийн нотариатч ямар ч үндэслэлгүй зүйлийг баталсан. Мөн дээрээс нь *******, Болдбаатар хоёрын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээ мөн нөхөж хийсэн бас ямар ч огноо дугааргүй. ******* гэдэг хүний энэ миний өмч гэж маргаж байгаа зүйл нь Болбаатар гэдэг хүний 350 төгрөгөөр худалдаж авсан баримт, худалдах худалдан авах гэрээ гэсэн ийм 2 зүйлээр би энийг худалдаж авсан юмаа гэж яриад байдаг гэтэл энэ нотариатчийн үйлдэл нь 2015 оны үйлдэл байдаг гэтэл тухайн маргаан бүхий объектыг газрын хамт Майнд Теч ХХК буюу ургамлын тосны үйлдвэр нь 2014 онд газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ авагдсан байдаг. Энэ баримтууд нь хэрэгт бүрэн дүүрэн авагдсан байгаа. Мөн дээрээс нь би нотлох баримтаар 2 зураг авчирсан байгаа. Манай компани балгас болсон барилгыг маш их хэмжээний хөрөнгө оруулаад ийм том үйлдвэрийг барьсан. Кадастрын зургууд дээр маш тодорхой байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна. Манай компани 2012 онд Гүнгэрваа гэдэг компани захирал Батсайхан гэдэг хүнээс худалдаж авсан. Ингээд 1992 оны асуудал яригдаад эхлэнгүүт аль алинд нь нотлох баримт байхгүй Гүнгэрваа компаний захирал Батсайхан гэдэг хүн Болдбаатар гэдэг хүнээс бас яаж авсан нь тодорхойгүй тийм зүйлүүд хэрэгт байгаад байна. Ер нь бол худалдах худалдан авах гэрээ нь хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгч нь өөрөө тухайн объектын 100 хувь өмчлөгч гэдгээ бүрэн дүүрэн нотлох ёстой. Нотлоод байгаа зүйлүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндсэн тайлбартай байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаад байгаа хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Шүүх хүсэлт гаргагч Л.*******гаас гаргасан Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Л.******* нь 1993 онд хуучнаар Баруунхараа сангийн аж ахуйн тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын 13х6 хэмжээтэй 2 давхар байшинг иргэн Ж.Болдбаатараас 350000 төгрөгөөр худалдан авсан нь хүсэлт гаргагч Л.*******гийн тайлбар мэдүүлэг болон гэрч Ж.Болдбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Анх 1992 оны хувьчлал явагдахад тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн тахны цехийн 2 давхар байрыг дуудлага худалдаагаар бага хувьчлалын 31 ширхэг ягаан тасалбараар авч байсан дараа нь хувиараа эрхлэх аж ахуй байгуулж үйл ажиллагааг нь үргэлжлүүлж талх хийж байгаад би 1993 онд *******д 350000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг, мөн Ж.Болдбаатар, Л.******* нарын хооронд нөхөн хийгдсэн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Баруунхараа тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийг хувьчлах тухай БНМАУ-ын Сэлэнгэ аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №52 дугаар тогтоолоор уг объектыг Ж.Болдбаатарт худалдсан тухай баримт зэргээр уг объектыг иргэн Ж.Болдбаатараас Л.******* нь худалдан авсан болох нь тогтоогдож байна. 

Иймд хүсэлт гаргагч Л.*******г Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын байрны шударга эзэмшигчээр тогтоох нь үндэслэлтэй байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан ... Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-ийн 16 дугаар хуудас/, Аж ахуйн нэгж /Майндтэч/-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /ХХ-ийн 17 дугаар хуудас/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /ХХ-ийн 18-21 дүгээр хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир нотлох баримтаар тооцоогүй болно.

Хүсэлт гаргагч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лхагвасүрэнгийн *******г Сэлэнгэ аймгийн ******* сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын байрны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.А

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2022/00006

Сэлэнгэ аймаг

 

...............................