Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 208/МА2022/00006

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 208/МА2022/00006

 

 

Л.*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай шийдвэртэй

 

Хүсэлт гаргагч Л.*******,

 

Хүсэлтийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт байрлах хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн дэргэдэх талхны газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

Хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Хүсэлт гаргагч Л.******* хүсэлтдээ:

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох

 

1992 онд хувьчлал гэж юм болоод тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн үндсэн объектыг цэнхэр тасалбараар хувьчилсан. Нэг хэсэг нь ХК болон хувьчлагдаад нэг хэсэг нь болох энэ зурган дээр харагдаж байгаа энэ буланд байгаа талхны газар, цайны газар, гутал засварын газруудыг ажилчдаа хувьчилж өгсөн. Эдний хувьцааг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын өмч хувьчлалын комиссоос дуудлага худалдаа зарласан. Тухайн үед тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн талхны газар, цайны газар гэсэн урт хэсгийг ягаан тасалбараар худалдсан. Тэгээд дуудлага худалдаа болж хувьчлалын захирамж гарсан байдаг. Энэ захирамжаар *******ийн ******* гэдэг хүн авсан байдаг. Ингэж авснаас хойш би 2,3 жилийн дараа *******аас 350 төгрөгөөр худалдаж авсан. ...Тухайн үед би хөөцөлдөөд явж байсан газаргүй болохоор үл хөдлөхөө авч чадахгүй байгаад хугацаа алдсан. Үнэн юм болохоор явсаар байгаад өнөөдөр бодит байдал дээр талхны газрын энэ хэсэг дуудлага худалдаагаар орсон байсан тэгээд би худалдаж авсан. Тийм учраас миний өмчлөл гэдгийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. ...Анхны хуралд дээр *******ийн ******* гэх хүн өөрөө гэрчилсэн энэ гэрчийн мэдүүлгийг энэ бүртгэлд аваасай гэж бодож байна. Дуудлага худалдаагаар Ж.*******ыг авсан гэсэн юм байхгүй байна гэж гомдол дээрээ бичсэн байсан. Энэ хүн бүүр худалдаж авсан гэж бичээд мөнгө тушаасан баримтыг ард нь хавсаргасан байгаа энэ тухайн үеийн протоколыг аймгийн архиваас авсан. Тиймээс анх дуудлага худалдаагаар авсан нотлох баримтууд байгаа учраас энэ нотлох баримтуудыг үндэслээд миний өмч мөн болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ...Ж.******* гэдэг хүнийг өмч хувьчлалаар 1992 онд өмч хувьчлалын 52 дугаар тогтоолоор Ж.*******т олгосонд бол манай зүгээс маргахгүй ээ. Харин Ж.*******аас Л.******* авсан гээд байгаа дээр нь манайх нийцэхгүй байна.

1993 онд Л.*******, Ж.******* гэх хүнээс 350 төгрөгөөр худалдан авсан гэсэн тайлбарыг өгдөг. ******* ч мөн гэрчийн мэдүүлэгтээ 350 төгрөгөөр зарсан гэж ярьдаг. ...Л.******* гэдэг хүний энэ миний өмч гэж маргаж байгаа зүйл нь Ж.******* гэдэг хүний 350 төгрөгөөр худалдаж авсан баримт, худалдах худалдан авах гэрээ гэсэн ийм 2 зүйлээр би энийг худалдаж авсан юмаа гэж яриад байдаг гэтэл энэ нотариатчийн үйлдэл нь 2015 оны үйлдэл байдаг гэтэл тухайн маргаан бүхий объектыг газрын хамт Майнд Теч ХХК буюу ургамлын тосны үйлдвэр нь 2014 онд газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ авагдсан байдаг. Энэ баримтууд нь хэрэгт бүрэн дүүрэн авагдсан байгаа. Мөн дээрээс нь би нотлох баримтаар 2 зураг авчирсан байгаа. Манай компани балгас болсон барилгыг маш их хэмжээний хөрөнгө оруулаад ийм том үйлдвэрийг барьсан. Кадастрын зургууд дээр маш тодорхой байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна. Манай компани 2012 онд Гүнгэрваа гэдэг компани захирал Батсайхан гэдэг хүнээс худалдаж авсан. Ингээд 1992 оны асуудал яригдаад эхлэнгүүт аль алинд нь нотлох баримт байхгүй Гүнгэрваа компаний захирал Батсайхан гэдэг хүн Ж.******* гэдэг хүнээс бас яаж авсан нь тодорхойгүй тийм зүйлүүд хэрэгт байгаад байна. Ер нь бол худалдах худалдан авах гэрээ нь хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгч нь өөрөө тухайн объектын 100 хувь өмчлөгч гэдгээ бүрэн дүүрэн нотлох ёстой. Нотлоод байгаа зүйлүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндсэн тайлбартай байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаад байгаа хүсэлтийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лхагвасүрэнгийн *******г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын байрны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо:

 

Тус шүүхийн 2021.12.22-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр иргэн Л.*******гийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт орших хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнд дараах үндэслэлүүдээр гомдолтой байна.

 

Маргаан бүхий объектыг Ж.******* нь Л.*******д 1993 онд худалдсан гэдэг боловч 2013.11.13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг шүүхэд хэргийн материалд өгдөг,

Үүнээс үзэхэд Л.******* нь шүүхэд хуурамч баримт үйлдэж өгснийг шүүх үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... кадастрын зураг ... нотлох баримтын шаардлага хангаагүй гэжээ. ИХШХШТХ-ийн 44.2-т ... бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэсэн зохицуулалттай байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад бидний 1 зүгээс энэхүү нотлох баримтууд, гэрээ, гэрчилгээнүүд Худалдаа хөгжлийн банкинд барьцаалбараар бүртгэгдсэн бид эх хувиар нь гаргаж өгөхгүй байгаагаа илэрхийлдэг. Гэтэл шүүх энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг огт хүсээгүй. Хэрэгжүүлэхийг огт хүсээгүй гэдэг нь дараах үйл баримтаар бүрэн дүүрэн харагддаг. Үүнд:

1.Б.Алтанцэцэг шүүгчийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 362 дугаар шийдвэрийг гаргахад нь Майнд Тэч ХХК-иас манай байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад тус хүсэлтийг огт шийдвэрлэхгүй шийдвэр гаргадаг. Ингээд бид бүхэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой болсон.

2.2019.11.13-ны 277 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хуудасны 2 дугаар догол мөрөнд Даргалагчаас: Би 5 дахь өдөр туслахтайгаа үзлэг хийх гэж очсон боловч өөрөө байхгүй, Тамгын газарт нь хүн байхгүй байсан шүүгч үзлэг хийх гэж ажлын өдөр очсон атлаа Тамгын газарт нь хүн байхгүй байсан гэж байгаа нь Тус сумын Засаг захиргаа болон Тамгын газрын ажилчид бүгдээрээ ажлаа хийхгүй, Төрийн алба тасралтгүй явах зарчмыг алдагдуулсан болж таараад байгаа юм. /Тэгэхээр энэ шүүгч ажлаа хийдэггүй, хийхдээ дутуу хийдэг гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа юм/ Иймд ИХШХШТХ-ийн 44.2-т заасан зохигчид өөрсдөө гаргах боломжгүй баримтыг шүүх үзлэг явуулах шинжлэн судлах боломж бас байхгүй.

3.Анхнаасаа эсрэг талд үйлчилсэн гэх хардлага төрүүлсэн шүүгчээс болон шүүх бүрэлдэхүүнээс манай байгууллага татгалзах хүсэлтээ гаргасан боловч бидний хүсэлтийг хангахгүй байсан тул арга буюу хурлаа хийлгэхэд 2019 онд гаргасан шийдвэрээ дахин давтаж гаргасан,

4.Энэхүү хэрэг маргаанд процессын хуулийн хугацаа гэдэг зүйл бол огт хамаагүй юм шиг хэргийг хянасан нь үнэхээр харамсал төрүүлнэ.

 

Ажил хийж байгаа аж нэгжүүдээс мөнгө салгаж авах гэсэн Л.******* гэгч иргэнийг шүүх хуулийн байгууллага энэ мэтээр өөгшүүлж болохгүй юм, мөн эрх зүйн оюутны ч гаргахааргүй алдааг гаргасан шүүгч Б.Алтанцэцэгийг тухайн үед нь бид бүхэн Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаж өгсөн тохиолдолд хангалттай огцруулах хэмжээний алдааг гаргасан, уужуу сэтгэл гаргаж гомдол гаргаагүйгээ ч энд дурдах нь зүйтэй байх.

Тэгэхээр маргаан бүхий объектын гэрчилгээ, газрын гэрчилгээ, газрын кадастрын зураг зэргийг, түүнчлэн Төрийн өмчийн хороог гуравдагч этгээдээр татан оролцуулах нөхцөл бололцоог олгож, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Өөрөөр хэлбэл Б.Алтанцэцэг шүүгч нь бидний гаргасан хүсэлтийг огт хангахгүй нь тодорхой, хүсэлт гаргах боломж олгохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хурал даргалсан нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагдахыг илэрхийлье.

Иймд анхнаасаа иргэн Л.*******гийн талд шийдвэрлэгдэх нь тодорхой байсан хэрэг буюу шүүхийн 2021.12.22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би энэ объектыг н.******* гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үед хувьчлалын үеэр жижиг хувьцаагаараа ажилчдадаа хэсэг газрыг өгөөд том хувьцаагаараа хувьцаат компани байгуулсан байсан. Хувьцаат компани нь тусдаа аж ахуйн нэгж, жижиг хувьцаа зарласан цайны газар, талхны газар, гутал засвар хэсэг объектыг тусад өмч хувьчлалын комиссоос тусгаарласан байсан объект юм. Гэтэл цайны газар ашигласан байшин эргэн тойрны хашааг буулгаад Майнд Тэч ХХК эзэнгүй байхад нь авчихаад өөрсдөө зарсан байсан. Тухайн компани худалдаж авахаас өмнө аж ахуйн нэгжийн жижиг хувьцаагаар хувьцаалсан хэсгийн газрыг хүн авсан. Тиймээс би гомдлыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэ компанид газар, объект огт хамааралгүй юм. Өөрсдийнх нь үзүүлээд байгаа газрын зурагт нь хүртэл харагдаж байгаа. Энэ газрыг өөр хүмүүс авсан байсан. Тухайн газрыг авахдаа дээр нь баригдсан байсан миний байшинг хүртэл авчихсан байсан. Миний хувьд шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Л.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт байрлах хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж, уг объектын шударга эзэмшигчээр тогтоож шийдвэрлэснийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Майнд Тэч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Майнд Тэч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******оос ...Л.******* нь шүүхэд хуурамч баримт үйлдэж өгснийг шүүх үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багт байрлах хуучнаар тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын 13x6 харьцаатай блокон байшинг Сэлэнгэ аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 52 тоот тогтоолоор хувьчлах тухай шийдвэр гарч, уг тогтоолын хавсралтад дээрх талхны газрыг *******ийн ******* хувьчилж авсан талаар тусгагдсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Маргаан бүхий объектын хувьчлалын баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч Ж.******* нь 1992 оноос хойш эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ олгох түр журмууд болон Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оноос 2018 он/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оноос/ дагуу өөрийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө ирсэн талаарх баримтаа бүрдүүлж эд хөрөнгийн улсын бүртгэлээ хийлгээгүй, өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ баримтаа аваагүй байх үедээ буюу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Л.*******д худалдаж, гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байна.

 

Энэ худалдах худалдан авах гэрээ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 ...Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно, Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.9-д Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө/автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж хийгдсэн гэрээ байх бөгөөд Ж.******* өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэдгээ нотолсон баримтаа хуулийн дагуу бүрдүүлж авсны дараа түүнд хөрөнгийг захиран зарцуулах эрх үүснэ.

Дээрхи баримтаар үл хөдлөх хөрөнгө нь хэргийн хүсэлт гаргагч Л.*******гийн эзэмшил өмчлөлд албан ёсоор шилжиж ирээгүй байх тул түүнийг тухайн хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх бөгөөд түүний хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор... хуульчилсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлохгүйгээр шууд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүхэд мэдүүлэх эрх нь хуульд заасан хэлбэр журмын дагуу гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл, гомдлоос гадна онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хуульд заасан сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт байдаг. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдээс онцгой ажиллагааны журмаар гаргасан хүсэлт нь хэн нэгэн этгээдэд хандаж гаргасан шаардлага биш юм.

Гэтэл тус хэргийн хувьд иргэний хүсэлтээр шийдвэрлэгдэх бус үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн маргаантай асуудал байхад шүүх тус иргэний хүсэлтэд иргэний хэрэг үүсгэн улмаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэн Ж.******* нь хувьчилж авсан үл хөдлөх хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, улмаар захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Мөн тус хөрөнгө нь одоо Майнд Тэч ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбарладаг тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болох талаар илт маргаантай гэж үзэхээр байна.

 

Иймд хөрөнгийн өмчлөлийн талаар сонирхол бүхий этгээд болох иргэн Ж.*******, хүсэлт гаргагч Л.******* нар нь маргаанаа тодорхой хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин тухайн хэргийн хүсэлт гаргагч Л.*******гийн хүсэлтээр тухайн хөрөнгийн шууд өмчлөгчөөр тогтоох хуулийн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдлын шаардлага хангагдаж байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Л.*******гийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт байрлах хуучин тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэрийн талхны газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ Top of Form