| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/01121/И |
| Дугаар | 135/ШШ2018/01182 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2018/01182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/01121/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......................... тоотод оршин суугч М-н Н /утас ......................... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... тоотод оршин суух А-т овогт Б-гийн А- /утас ........../-д холбогдох,
1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие ******* 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө жирэмсэн байх үедээ таньж мэдэхгүй хүмүүст зодуулж тэрнээс хойш умайн доргилт үүсэж дутуу төрсөн. Гэтэл манай ээж болох Б.А нь намайг зодсон залуучуудтай уулзаад тэр залуучуудаас 1,300,000 төгрөг авчихсан байгаа нь Б.А-гийн өөрийнх нь бичсэн бичгээр нотлогдоно. Иймээс 1,300,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...******* нь миний төрсөн охин бөгөөд өдий хүртэл намайг хэл амаар доромжилж, үргэлж дарамталж айлган зовоодог. Би ******* том охин Ог нь 6 нас хүртэл өсгөж хооллож хувцаслаж өгсөн. Миний бие нь охин ******* дүү Х хоёрын төлбөрт авсан 1,300,000 төгрөгийг төрсөн ах Х хориход ял эдэлж байхад нь түр авч хэрэглээд ******* нь вокзал дээр болон тааралдсан газраа үргэлж мөнгө нэхэж хэл амаар доромжлоод байхаар нь ******* 1,300,000 төгрөг зээлж аман гэрээ байгуулаад А.Х, ******* нарт С.Цэрэн, Б.Болортуяа нарын хажууд өгсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Агаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.А нь Б.Э-ас охин *******-ийн эмчилгээний зардалд 1,300,000 төгрөгийг авсан болох нь шүүхэд өгсөн зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.А нь охин *******-ий эмчилгээний зардал, хохирол төлбөрт бусдаас 1,300,000 төгрөгийг авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин уг авсан 1,300,000 төгрөгийг *******-д буцаан өгсөн гэж маргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг заасан.
Хариуцагч Б.А нь дээрх авсан 1,300,000 төгрөгийг *******д буцаан өгсөн гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Агаас 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4700 дугаартай захирамжаар дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийхээр тогтоосон боловч хариуцагч Б.Агийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд уг шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 44 минутад ............... дугаарын утсаар Б.Ад өөрт нь албан ёсоор мэдэгдсэн.
Гэвч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА