Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00411

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2020/00411 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *******, 11-р хороо, 8-р байрны 10 тоотод оршин суух, Жамьян овогт Цэцгээгийн Билгүүн /Рд: хн 79091903/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *******,*******,*******,*******,*******холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдаж, битүүмжлэгдсэн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзай 6-р хэсэг гудамжны 662 тоотод байрлах 96 м.кв хувийн сууцыг 700 м.кв талбайтай газрын хамт үнэлэгдсэн үнийн 70 хувиар 28,472,500 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр оруулахад санал ирээгүй тул үнэлэгдсэн үнийн 50 хувиар буюу 20,337,500 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулахад мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдэх хуудсаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Билгүүн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 м.кв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй, нэхэмжлэгчээс ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4/20111 дугаар мэдэгдэл /хх-5/, 0395440 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ /хх-25/, 2012.06.06-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ /хх-61-62/, нэгж талбарын 18644325581114 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн кадастрын зураг /хх-63/, зарлагын баримтууд /хх-64-67/ , түүнчлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй /хх-6-14/ баримтыг,

Хариуцагчаас ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.16-ны өдрийн 01584 дугаартай шийдвэр /хх-31-32/, тус шүүхийн 2017.01.30-ны өдрийн 01781 дугаар шүүгчийн захирамж, 174 дугаар гүйцэтгэх хуудас /хх-30, 33/, 2017.10.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 17281089 дугаар тогтоол /хх-34/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.01.11-ний өдрийн 4/792 тоот албан бичиг /хх-35/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх-36/, Сүхбаатар дүүргийн газрын албаны 2018.02.09-ний өдрийн 11/141 тоот албан бичиг /хх-37/, нэгж талбарын 18644325581114 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн кадастрын зураг /хх-38/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-39, 42-43/, 2018.04.04-ний өдрийн 156/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-40/, 2019.08.20-ны өдрийн 156/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-41/, төлбөр төлөгчийн үнийн санал /хх-44/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.09.04-ний өдрийн 4/19266 тоот мэдэгдэл /хх-45/, Хас банкны 2019.09.13-ны өдрийн 13/4972 тоот албан бичиг /хх-46/, 2019.09.13-ны өдрийн 283 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-47/, Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-48-55/-г тус тус баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

Нэхэмжлэгч ...барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулна гэж зохицуулаагүй, ...төлбөр төлөгч Ч.Батжаргалын эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулах үүрэгтэй гэж,

хариуцагч ...шүүхийн шийдвэрт заасан газарт холбогдох ажиллагаа хийж, төлбөр төлөгч Я.Батжаргалын буюу нэг иргэний өмчид бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж, маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02887 дүгээр шүүгчийн захирамжаар[1] Я.Батжаргалаас 18,600,000 төгрөг гаргуулж Д.Оюунд олгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 12-р сарын 06-ны өдрийн 1298 дугаартай гүйцэтгэх хуудас[2] бичигдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэж, ажиллагаа явуулжээ.

 

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 6-р сарын 18-ний өдөр 156/01 тоот тогтоолоор уг өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 мкв газар, хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хурааж, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үнэлгээчин томилж, 2019 оны 9-р сарын 12-ны өдөр талуудад танилцуулсан байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар нь[3] Я.Батжаргалын өмчлөлийн, нэг иргэний өмч, хамтран эзэмшигчгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Билгүүн нь уг өмчлөлийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түвшинжаргал нь Ц.Билгүүн нь Я.Батжаргалын эхнэр юм. Тэдний болон хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж тайлбарлана.

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг, төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д зааснаар Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Билгүүний ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ц.Билгүүний улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг дээрх хугацаанд гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор түүний оршин суугаа газар хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд болон ажлын газрын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

 

 


[1] Хавтаст хэргийн /5-6/

[2] Хавтаст хэргийн /37/

[3] Хавтаст хэргийн /13-14/