Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 900

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00900

 

 

Ц.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бий хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдаж, битүүмжлэгдсэн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон баримт биш, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь хууль зөрчиж хууль ёсны өмчлөгч миний болон бидний хүүхдүүдийн өмчлөлийн байрыг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Ц.Б миний бие тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тал биш учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг заавал хийлгэсэн байх шаардлагагүй бөгөөд энэ талаар тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзай 6-р хэсэг гудамжны 662 тоотод байрлах 96 м.кв хувийн сууцыг 700 м.кв талбайтай газрын хамт үнэлэгдсэн үнийн 70 хувиар 28,472,500 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр оруулахад санал ирээгүй тул үнэлэгдсэн үнийн 50 хувиар буюу 20,337,500 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулахад мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдэх хуудсаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Н.Ш.Ш.Г.Гт холбогдох Ц.Бий улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай, 700 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан   шатны   шүүхийн   шүүгчийн   2018   оны    11    дүгээр   сарын   28-ны   өдрийн    181/ШШ2018/02457 дугаартай захирамжаар хариуцагч Ай Ди Ай Си Эм ХХК. Б.Билгүүн нараас 115 861 178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эй Ар И Си моргаж компорэйшн ББСБ   ХХК-д   олгож,   барьцааны   хөрөнгөөр   үүргийн   гүйцэтгэлийг   хангуулахаар шийдвэрлэсэн.   Тус   шүүхийн   шийдвэрээр  шийдвэр  гүйцэтгэх   ажиллагаа  явуулж, хариуцагч    Б.Билгүүний   хөрөнгө   гэж   өмчлөлийн   эрхийн   улсын   бүртгэлийн   Ү-2203030063  дугаартай  СБД-ийн   19-р хороо  Санзайн  6-р  хэсэг 662 тоот 96  МКЕ талбайтай   хувийн   сууц,   мөн   тоотод   байрлах   нэгж   талбарын   18640334736562 дугаартай 700 м.кв газрыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дуусгасан байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар    болон шүүх Б.Билгүүний хөрөнгө биш гэж 2 үндэслэлээр тайлбарлан ажиллагаа, шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Маргаж буй тус шүүхийн шийдвэрт Я.Батжаргал, Ц.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаартай СБД-ийн 19-р хороо Санзайн 6-р хэсэг 662 тоот 96 мкв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай 700 МКВ газрыг барьцаалсан барьцаалбар байхгүй, барьцаалаагүй, мөн худалдан борлуулах талаар заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулна гэж зохицуулаагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Я.Батжаргал болон "Хорго хангай' ХХК-ийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулах үүрэгтэй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь "Хорго хангай" ХХК, иргэн Я.Батжаргал нараас 18.600.000 Д.Оюунд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг хийгээгүй. Б.Билгүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр төлбөрөө төлж барагдуулж, барьцааны хөрөнгөө чөлөөлүүлж байхад надад хамааралгүй "Хорго хангай" ХХК-ийн нэрийн өмнөөс миний хөрөнгийг хурааж битүүмжилсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1, 40 2-т зааснаар тухайн хэрэгг хамааралтай, ач холбогдолой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Мөн хуулийн 38 дугаар зүйийн 38.5-д зааснаар нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл, хэргийн материалтай танилцсан огноогоор нотлогдож байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02887 дугаар захирамжаар Я.Батжаргалаас 18 600 000 төгрөг гаргуулж Д.Оюунд олгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1298 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж ажиллагаа явагдсан байна. /хх 32, 37-40 дүгээр тал/

Н.Ш.Ш.Г.Г нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 156/01 тоот тогтоолоор Я.Батжаргалын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, мөн тоотод байрлах нэгж талбарын 18640334736562 дугаартай 700 м.кв газар, хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хурааж, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үнэлгээчин томилж, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр талуудад танилцуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 73, 76, 84, 87-97/

Нэхэмжлэгч нь гомдлын үндэслэлээ “... үл хөдлөх эд хөрөнгө Я.Батжаргалын өмчлөлийнх боловч эхнэр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна...” гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Я.Батжаргал нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг, төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Н.Ш.Ш.Г.Г, төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г нь уг шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн төлбөр төлөгчийн эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасан арга хэмжээний хүрээнд битүүмжлэх ажиллагаа явуулжээ. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь төлбөр төлөгч Я.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тоот зэрэг баримтаар нотлогдсон. /хх79, 84/ Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон байна.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учир шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД                    

                                      ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                     Б.НАРМАНДАХ