Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2021/01193

 

 

2021 06 14 181/ШШ2021/01193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК

Хариуцагч: С Г ХХК нарт холбогдох,

С Г ХХК-иас гэрээний үүрэгт 387,379,110.75 төгрөг гаргуулах, С ХХК-иас гэрээний үүрэгт 128,784,681.15 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, өмгөөлөгч Ч.Ө, хариуцагч С Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г ХХК нь нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-тай өөрийн компаний өмчлөлийн 66-30 УНУ улсын дугаартай Экскаватор Hyundai 300, 89-60 УБ улсын дугаартай ковш, 10-38 УБ улсын дугаартай индүү техникүүдийг Дорнод аймгийн Цагаан овоо сум дахь түрээслэгч талын эзэмшлийн алтны уурхайд уурхайн ажилд түрээсээр ажиллуулах хүн хүчийг өөрийн компаниас гарган түрээслэгч талаас өгсөн үүрэг даалгаврыг гэрээний дагуу биелүүлэх, түрээслэгч тал уг тоног төхөөрөмжүүдийг ажиллуулсны түрээсэнд нэг сарын 30 хоногоор бодож, 66-30 УНУ улсын дугаартай Экскаватор Hyundai 300 тоног төхөөрөмжинд 24,200,000 төгрөг, 10-50 УБ улсын дугаартай Экскаватор Hyundai 2900 тоног төхөөрөмжинд 24,200,000 төгрөг, 24-87 УН улсын дугаартай Экскаватор Hyundai 3000 тоног төхөөрөмжинд 24,200,000 төгрөг, 89-60 УБ улсын дугаартай ковш төхөөрөмжинд 21,500,000 төгрөг, 10-38 УБ улсын дугаартай индүү төхөөрөмжинд 20,000,000 төгрөг, нийт 114,100,000 төгрөгийг сар бүрийн 23-нд Г ХХК-д түрээсийн төлбөрт төлж байх гол нөхцөлтэй тоног төхөөрөмжийн гэрээ хийсэн.

Манай компани гэрээний үүргийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэрээнд заасан тоног төхөөрөмжүүдийг ажил гүйцэтгэж буй газар, ажиллуулах хүнтэйгээ хамт суурин байлгаж ажил үүргээ гүйцэтгэсэн.

С Г ХХК нь манай Г ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөн дээрх С ХХК-ний ажил үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Цагаан овоо сум дахь түрээслэгч талын эзэмшлийн алтны уурхайд, уурхайн ажилд 66-30 УНУ улсын дугаартай Экскаватор Hyundai 300, 24-87 УН улсын дугаартай Экскаватор Hyundai 3000 эксковаторуудад молдокыг сарын 13,000,000 төгрөгөөр ажиллуулах нөхцөлтэй тоног төхөөрөмжийн гэрээ хийсэн.

Манай компани гэрээний дагуу тоног төхөөрөмж болон тоног төхөөрөмжийг ажиллуулах хүчний хамт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл суурин байлгаж ажил үүргээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Гэвч С Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийн зарим хэсгийг одоо хүртэл төлөхгүй байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэрэг дээр үндэслэн хариуцагч нарын төлөх төлбөрийн хэмжээ өөрчлөгдөж байгаатай холбогдуулан С ХХК, С Г ХХК нараас Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох нийт 532,056,605 төгрөг гаргуулах шаардлагаа 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дараах байдлаар тодруулсан.

Нотлох баримтын хүрээнд авч үзвэл С Г ХХК-иас ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 153 тоот албан бичгээс үзэхэд 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөрийг тус компани хариуцахаа илэрхийлсэн хэдий ч үнийн дүнгийн тухайд зөрүүтэй байгаа болно. Иймд С ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний зарим төлбөрийг С Г ХХК хариуцах үндэслэлтэй тул С Г ХХК-иас 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөр болох 328,556,800 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1813 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний төлөгдөөгүй төлбөр болох 56,663,010.75 төгрөг, алданги 2,159,300 төгрөг, нийт 387,379,110 төгрөг гаргуулах,

С ХХК-иас 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байсан бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги болох 74,290,682 төгрөг, 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сард индүүний сул зогсолтын төлбөр 26,400,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 эксковатор, 1 ковшийн түрээсийн төлбөр 18,729,333 төгрөг, алданги 9,364,665.15 төгрөг, нийт 128,784,681.15 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

С ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Талууд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 2-т зааснаар Хэрэв гэрээний хугацаа дуусахад талууд бичгээр гэрээний хугацааг сунгаагүй боловч ажил үргэлжилсээр байвал гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно. гэж заасны дагуу манай компани ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан тул уг заалтын дагуу гэрээ сунгагдсанд тооцохоор байгаа билээ. Мөн уг гэрээнд гэрээг дуусгавар болох нөхцөлийг талууд маш тодорхой тусгасан бөгөөд гэрээний 4.3-т Төхөөрөмжийг ажлын талбайгаас буцах трейлер дээр ачиж хөдөлсөнөөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болно гэж заасан. Манай компани 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төхөөрөмжийг ажлын талбайгаас ачиж хөдөлсөн бөгөөд гэрээг энэ өдрөөр дуусгавар болно гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК, Г ХХК нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан. Гэрээгээр тохиролцох шаардлагатай зүйлүүдийг харилцан тохиролцож, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаанд аль нэг тал гэрээг дуусгавар болох талаар харилцан тохиролцсон, эсвэл гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн мэдэгдэл байдаггүй. Гэрээнд зааснаар мөн Иргэний хуульд зааснаар хэрэв аль нэг тал мэдэгдэл өгөөгүй ажлаа гүйцэтгээд явж байгаа бол түрээсийн гэрээг сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Тэгэхээр ажлаа үргэлжлүүлээд хийж байсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. Хариуцагч нар ч маргадаггүй. Ямартай ч 2019 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Хариуцагч нарын хооронд маргаад байгаа асуудал нь хэн энэ төлбөрийг төлөх вэ? гэдэг дээр маргаж байгаа. Түрээсийн төлбөрийг төлөх этгээд буюу С ХХК, С Г ХХК нарыг нэхэмжлэгч талын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Тэгэхээр гэрээ хуулинд зааснаар үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой. Г ХХК-ийн зүгээс энэ нь С ХХК, нөгөө нь С Г ХХК-д хамаарах юм байна гэж хуваах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч төлбөр төлөх үүргийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу бүхэлд нь шаардах эрхийг нээж өгсөн. Иймд С ХХК, С Г ХХК нартай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийг тус тусад нь шаардаж байна.

С Г ХХК гэрээ байгуулагдаагүй гэж үзээд байгаа. Г ХХК талбай дээр тоног төхөөрөмжийг ямар зорилгоор аваачсан гэхээр С ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнөөр аваачсан. Тэр түрээсийн гэрээний нөхцөл дуусан дуустлаа ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Хэрэв энэ нөхцөлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол талбай дээр С ХХК, С Г ХХК аль нь ч бай дуусгах хэрэгтэй. Энэ нөхцөлийг Г ХХК хүлээн зөвшөөрсөн учраас техникийг аваачсан, 2019 оны 5 сар хүртэл техникийг ажиллуусан.

Мөн гэрээний төлбөрийг С Г ХХК төлж байсан нь нотлогдож байна. Энэ нөхцөл байдлаас үзэхэд С Г ХХК төлбөрийг төлөх үүрэгтэй. С Г ХХК түрээсийн төлбөрийг мото цагаар тооцох талаар яригдсан. Мото цагийн хэмжээ ч тэр, мото цагаар тооцож байгаа төлбөрийн хэмжээг ганцхан С Г ХХК өөрөө тогтоож байна. Бид нар ийм л мөнгө өгнө гээд Г ХХК-д санал болгоод байна. Ажилласан уу, ажилласан гэхдээ энэ бол түрээсийн харилцаа. Ямар нэгэн юм түрээслэхдээ би 3 сар түрээсэлсэн, гэхдээ 3 цаг ашигласан гэж түрээсийн төлбөрийг төлдөггүй. Хэрэв ийм харилцаа үүсгэх гэж байгаа, ажилласан хугацаагаар төлбөрийг төлөх гэж байгаа бол хөлсөөр ажиллах юм уу, ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд шийдвэрлэх болно. Техникийн түрээсийн үнэлгээг С Г ХХК өөрийнхөө тогтоосон үнэ, өөрийнхөө тогтоосон аргаар тооцоод байгааг Г ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

С ХХК Алдангийг яагаад биднээс нэхээд байна. С Г ХХК төлөх ёстой гэсэн тайлбар хэллээ. Г ХХК-ийн хувьд С ХХК-тай байгуулсан гэрээний ажлыг хийсэн гэсэн байр суурьтай байна. С ХХК-ийн зарим үүргийг С Г ХХК хүлээн зөшөөрч байгаа боловч С ХХК гэрээгээр хүлээсэн алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Яагаад гэвэл С ХХК гэрээг дуусгавар болгоогүй хүчин төгөлдөр үргэлжлүүлж байсан. Ийм үндэслэлээр алдангийг С ХХК-иас нэхэмжилж байна.

С ХХК хариу тайлбартаа гэрээний хугацаа дууссан гэдэг. Энэ хүмүүст дууссан байж болно. Дууссан гэж бодож болно, гэвч гэрээг дуусгаагүй. Гэрээний нэг тал нь дууссан гэж бодоод байдаг, нөгөө тал нь ажлыг нь хийгээд байдаг. Тэгээд гэрээг дуусгавар болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байдаг.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэрэв гэрээг дуусгавар болгож байгаа гэж үзэж байгаа бол дуусгавар болох харилцаа нь цэвэр гэрээний 2 талын хооронд хийгдэх ёстой харилцаа. Өөрөөр хэлбэл шүүхэд шаардлага гаргаж дуусгавар болсныг тогтоолгох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Цэвэр талууд харилцан тохиролцсоноор хийгдэх зүйл юм. Хэрэв дуусгавар болох хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хэлцэл хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх ёстой. Хэлцэл хийгдсэн талаарх нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Ямар үндэслэлээр гэрээ цуцалсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн үндэслэлийг үзэхээр гэрээний хугацаа дууссан, цаашид ажилласан ч гэсэн С ХХК хамаагүй болсон гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй учраас Г ХХК, С Г ХХК-ийн ажлыг хийж байна гэдгээ ойлгоод яваад байсан юм шиг, тэр нь С ХХК-ийн гэрээг дуусгавар болох үндэслэл болж байгаа мэтээр тайлбарлаад байна. Ийм үндэслэлээр гэрээ дуусгавар болохгүй. Ийм үндэслэлээр бид гэрээг хүчин төгөлдөр үргэлжлээд явж байгаа, гэрээний зарим үүргийг С Г ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл С Г ХХК-ийн ажлыг С ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хийсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.С Г ХХК болон Г ХХК-ийн хооронд Тоног төхөөрөмжийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд гэрээ байгуулах гол нөхцөлийн талаар буюу тухайн техникүүдийн ажилласан цагийг нэг сард ажилласан мото цагаар тооцох эсхүл мотоцагийн хязгааргүйгээр /нэг сард тогтмол тооцох/ тооцох эсэх дээр одоог хүртэл тохиролцож чадаагүй байгаа нь тэдгээрийн хооронд илгээж байсан албан тоот, и-мейлүүдээс маш тодорхой харагддаг.

Дээр дурьдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулахаар зорьж байсан тохиролцоо, гэрээний зүйл, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө буюу техник, тоног төхөөрөмж шилжүүлж, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх журам, хариу төлбөр төлөх нөхцөл зэргээс дүгнэж үзэхэд энэхүү харилцаа нь Монгол улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтад заасан Түрээсийн гэрээний харилцаа байна.

Мөн иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд ... гэж заасны дагуу аливаа төрлийн түрээсийн гэрээ нь заавал бичгээр байгуулагдсан байхыг хууль зүйн хувьд шаардах бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж маш тодорхой зааж өгчээ. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна.

Иймээс Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээ байгуулагдаагүй нөхцөлд түрээслэгч түрээслүүлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа 2019 оны 02-р сараас 04-р сарын түрээсийн төлбөр гэсэн хэрнээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 23,152,800 төгрөг нэхэмжилсэн нь зөрчилдөж байна. Бид Г ХХК-тай гэрээ байгуулаагүй ч гэсэн манай ажилтан тухайн тоног төхөөрөмжийн цагийн бүртгэлийг хийгээд явж байсан. Тухайлбал, 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 03 дугаар сарын 31-ний хооронд эксковатор 2900 ЛС 30 хоногийн хугацаанд 30 цаг, эксковатор 300 ЛС 138 цаг, эксковатор 3000 ЛС 73 цаг, ковш СЛ50ТС 306 цаг ажилласан. 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарыны 30-ны хооронд эксковатор 2900 ЛС 75 цаг, эксковатор 300 ЛС 4 цаг, эксковатор 3000 ЛС 124 цаг, ковш СЛ50ТС 128 цаг ажилласан. Гэрээ байгуулагдаагүй байж өөрсдийн дурын тоог бичээд оруулаад ирсэн.

Манайх боломжгүй, ингэж тооцно гэхээр Г ХХК ажлаа хийгээд байдаг. Өөрөөр хэлбэл манай мото цагаар тооцно шүү гэж хэлсэн саналыг хүлээн зөвшөөрөөд хийгээд байсан гэсэн үг.

С Г ХХК болон Г ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1813 тоот Тоног төхөөрөмж түрээслэх түрээсийн зөвхөн 1 гэрээ байгуулагдажж, гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан.

Молдокын гэрээ 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж 2019 оны 01 дүгээр сарын 11-ний хүртэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 2019 оны 02 дугаар сарын 11-ний хүртэл хугацааны төлбөрийн урьдчилгаа зарим хэсэг 3,690,322 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлөгдөөд үлдэгдэл 10,609,678 төгрөг нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гүйлгээ хийгдсэн 80,357,200 төгрөгт орсон шүү. Тухайн гэрээгээр эксковаторын молдок Soosan500 маркийн техникийг 2 сарын хугацаатай, 1 сарын хугацаанд НӨАТ ороогүйгээр 13 сая төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. С Г ХХК-ийн хувьд 2 сарын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн гэрээтэй холбогдуулж Г ХХК нь төлөгдөөгүй төлбөр болох 56,663,010 төгрөг, алданги 2,159,300 төгрөг, нийт 58,822,310 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ шаардлагын хүрээнд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Алдангийн хувьд манайх түрээсийн гэрээнд заасан хугацаанд төлөлтөө хийсэн учраас үүрэг зөрчсөн ойлголт гэрээгээр үүсэхгүй юм.

Бусад тоног төхөөрөмж, техникүүдийн түрээсийн хувьд бичгээр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй буюу дээр дурдсанчлан гэрээ байгуулах гол нөхцлийн талаар буюу тухайн техникүүдийн ажилласан цагийг нэг сард ажилласан мото цагаар тооцох эсхүл мото цагийг хязгааргүйгээр тооцох буюу нэг сард тогтмолоор тооцох эсэх дээр одоог хүртэл харилцан тохиролцож чадаагүй.

Нэхэмжлэгч талаас манайхыг хамтран гүйцэтгэгч гэж тодорхойлсон. Гэтэл хамтран хүлээх үүрэг нэг бол гэрээ үгүй бол хуулийн дагуу үүсдэг. Манайд хүчин төгөлдөр хэлцлийн шинжтэй үүрэг үүсээгүй байхад танайх хамтран үүрэг гүйцэтгэгч учир хариуцах ёстой гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 3 түрээсийн гэрээгээр түрээсийн гэрээний эрх үүрэг харилцаа С ХХК болон нэхэмжлэгч Г ХХК нарын хооронд үүссэн. Түрээсийн гэрээний үнэ тохиролцоогүй, үнэ тохирсоныг тогтоох боломжгүй түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй зохигчдын хариуцлагагүй байдал байгаа юм. Хэн алиныг буруутгах вэ дээ. Гэхдээ яг ийм буруутай үйл ажиллагаанд алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Бид иргэний шүүх хуралдаанд оролцож байна, шударга байх ёстой. Манайх тоног төхөөрөмжийг ашигласан тухайд маргаан байхгүй. Ер нь бол ашигласан төлбөртөө санхүүгийн тайланд тусгагдсан 156,230,983 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Манайхаас нэгэнт ажил хийгдсэн, хэн хэн нь хохирч болохгүй гэж үзээд хурлаас өмнө зөндөө уулзсан. Бидний хүлээн зөвшөөрч байгаа 156,230,983 төгрөгт бүх тоног төхөөрөмж, молдокны төлбөр орсон.

Байгууллагын нягтлан бодогч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа бүртгэлийг үнэн зөв хийх үүрэгтэй. Манайх санхүүгийн тооцоог гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч байгууллагаас санхүүгийн тооцоо албан ёсоор хэрэгт авагдаагүй. Байгууллагын захирал, хуулийн этгээд нь бүх юмаа бодоод яваад байдаг. Аль баримт үндэслэлтэй гэдэг нь эргэлзээтэй.

Хамгийн сүүлд нэхэмжлэгч биднээс төлбөр нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Хариуцагч бид нарын хувьд татгалзлаа бүрэн нотолж байна. Иймд бидний хүлээн зөвшөөрсөн 156,230,983 төгрөгөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэв.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон сая шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Г ХХК тооцооллын алдаатай тайлбар гаргалаа. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа 128,784,681 төгрөг гэж гаргасан. Сая шүүх хуралд хэлэхдээ 128,777,681 төгрөг нэхэмжилж байна гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч анхнаасаа тооцооллын алдаатай яваад байна. Талууд аль, аль нь 2018 оны 10 дугаар 25-ны өдрийн гэрээ хэний хүсэл сонирхлын үүднээс хэрхэн байгуулагдах болсон, төлбөр тооцоо хэрхэн төлөгдөж байсан талаар нэг зүйл ярьдаг. Энэ талаар маргадаггүй.

Баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд ашиглагдах индүүнээс бусад хүнд даацын тоног төхөөрөмжийг С Г ХХК хариуцахаар С ХХК болон С Г ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу манайх Г ХХК-иас индүү түрээслэхээр болсон. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг харахаар энэ гэрээ гурван талтай, гурван ашиг сонирхлын үүднээс хийгдсэн гэж харагдана. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Г ХХК, С Г ХХК нарын ашиг сонирхолд илүү нийцсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн харилцааны хүрээнд талуудын хоорондох итгэлцэл чухал юм. Хариуцагч С Г ХХК бутлуурын үйлдвэр, баяжуулах үйлдвэр гэдэг хоорондоо асар том зөрүүтэй хоёр өөр том бүтээн байгуулалт хийсэн. Бутлуурын үйлдвэрийн гэрээний үнийн дүн бага байхад баяжуулах үйлдвэрийн гэрээний дүн 8,6 тэрбум төрөгийн үнэтэй том бүтээн байгуулалт юм. Тэгэхээр ашиглах тоног төхөөрөмж өөр, өөр байна.

С ХХК нь 2018 онд Бутлуурын үйлдвэрийн барилгыг барихдаа Г ХХК-иас 2 тоног төхөөрөмж түрээсэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулаад Хьюндэй 2004 маркийн 10-50УБ улсын дугаартай 1 ширхэг эксковаторыг 19,800,000 төгрөгөөр, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дахин тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж 89-60 УБ улсын дугаартай 650 маркийн авто ачигч буюу ковшийг 15,000,000 төгрөгөөр 1 сарын хугацаатай түрээсэлж байсан.

Гэтэл Г ХХК, С ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар 25-ны өдрийн гэрээнд заасан үнийн дүнг Г ХХК, С Г ХХК нар хоорондоо тохиролцож тогтоосон. Гэрээнд түрээсийн төлбөр яаж өөрчлөгдсөн гэхээр 19,800,000 төгрөгөөр түрээсэлж байсан эксковатор НӨАТ орсон үнэ 26,620,000 төгрөг, 15,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан ковш 23,650,000 төгрөг болж өссөн. Энэ дүн бол Г ХХК, С Г ХХК нар хоорондоо тохиролцсон үнийн дүн.

С Г ХХК-ийн Грейг Вүүд захирлын гэрчийн мэдүүлгээс харахад С Г ХХК хөрөнгийн биржид бүртгэлтэй, хяналт шалгалт, дамжлага ихтэй байдаг учраас үйлдвэр хариуцсан захирал нь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хугацаа алдахгүй явуулахын тулд дахиж Г ХХК-тай гэрээ байгуулах гэхээр хугацаа алдаад байсан. Нөгөөтэйгүүр манайх баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд үндсэн гүйцэтгэгч, Г ХХК-тай өмнөх барилгын ажилд гэрээлж байсан утгаараа Г ХХК-тай индүү түрээслэх түрээсийн гэрээ хийх юм чинь 4 тоног төхөөрөмжийг нэмээд оруулчих, тэгээд төлбөрийг манайх С Г ХХК-иас нэхэмжлээд төлбөрийг Г ХХК руу шилжүүлэх гэсэн гурвалсан тохиролцоо байсан. Үүнд талууд маргадаггүй.

Манайх индүү ашиглах 1 сарын тоног төхөөрөмжийн гэрээнд 4 тоног төхөөрөмжийг нэмж оруулснаас өнөөдөр хохирогч болоод шүүхээр 2-3 жил явж байна.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1 сарын хугацаатай гэрээний 5 тоног төхөөрөмжийн зөвхөн индүүг манай компани хариуцаад бусад 4 тоног төхөөрөмжийн төлбөрийг Г ХХК манайхаас нэхэмжлэнгүүт манайх С Г ХХК руу нэхэмжилдэг. Ингэж нэхэмжлэхдээ манайх индүүний төлбөрийг оруулдаггүй. Яагаад гэвэл үндсэн гэрээнийхээ хүрээнд индүү манайх учраас. Энэ зарчмаараа 2018 оны 11, 12 сарын төлбөр төлөгдсөн.

2019 оны 01 дүгээр сараас Г ХХК, С Г ХХК шууд гэрээлэх болсон тул гэрээг харилцан тохиролцоод дуусгавар болгосон гэж ойлгож байсан. Нөгөөтэйгүүр Г ХХК нь С Г ХХК-иас 1 сарын төлбөр 80,357,200 төгрөгийг нэхэмжилж, С Г ХХК нь Г ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд Г ХХК-иас энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэг ч төгрөг манай компаниас нэхэмжилж байгаагүй.

Энэ 2 компаний хооронд тохиролцоо явагдаад байсан, тоног төхөөрөмжийг С Г ХХК ашиглаад байсан нь хэрэгт авагдсан хангалттай нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно.

Г ХХК, Саади Констракшин ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 23-аас 2018 оны 10 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл төлбөр болох 18,729,333 төгрөг, 2018 оны 12 дугаар сард зогссон индүүний сул зогсолтын төлбөр болох 13,200,000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сард зогссон индүүний сул зогсолтын төлбөр болох 13,200,000 төгрөг, алданги 83,655,348.15 төгрөг, нийт 128,784,681.15 төгрөг нэхэмжилжээ.

Г ХХК, Саади Констракшин ХХК-иас 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байсан бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний хоорондох төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги болох 83,655,348.15 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги бол гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах арга байдаг. Гэрээний үндсэн төлөх үүргийг С Г ХХК-иас нэхэмжилсэн атлаа С Г ХХК-ийн хугацаанд нь төлөөгүй үүргийн алдангийг манай компани төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2018 оны 10 дугаар сарын 23-аас 2018 оны 10 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл төлбөр болох 18,729,333 төгрөгийн тухайд 10 дугаар сарын 23-ны өдөр гэхээр гэрээ байгуулагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр зурагдаагүй байсан үе. Бидний бизнесийн тогтсон харилцааны хувьд өмнө 07 дугаар сарын гэрээнд Г ХХК манайх руу тээврийн төлбөр төлөх нэхэмжлэл явуулаад төлбөр төлөгдсөнөөр тээвэр ачилт хийгддэг. Хэрэгт авагдсан баримтаар индүүний тээврийн төлбөрийг манайх 11 дүгээр сарын 01-нд төлсөн, нөгөө 2 тоног төхөөрөмжийн тээврийн төлбөрийг 10 дугаар сарын 30-нд төлсөн. Энэ 600-700 км замд богино хугацаанд очоод ажлаа хийх боломжгүй.Нөгөөтэйгүүр талбай дээр байсан 2 тоног төхөөрөмжийг С Г ХХК ашигласан, манайх ашиглаагүй.

Тоног төхөөрөмжийн бүртгэлийг харахаар эргэлзээтэй. 4 тоног төхөөрөмжийн бүртгэлээс харахаар дахиад бид нарын маргаантай байдаг 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан олон баримттай давхарддаг. Нэг тоног төхөөрөмжид 2 өөр төрлийн бүртгэл байдаг. Тэгээд ашигласан гээд нуруу уусгалтын талбайн шороог зөөсөн. Нуруу уусгалтын талбай бол Саади Констракшин ХХК-ний барьж байсан Баяжуулах үйлдвэрийн барилгад хамаагүй талбай юм.

Дээрх үндэслэлийн улмаас 2018 оны 10 сарын төлбөрийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь Г ХХК 2018 оны 10 дугаар сарын төлбөрийг нэхэмжилж байгаагүй. Яагаад гэвэл ажил хийгдээгүй. Энэ гэрээний төлбөртэй холбоотой 8 хоногийн ажил хийсэнтэй холбоотой төлбөр тооцоо байдаг бол С Г ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Индүүний сул зогсолтын төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Индүүг зөвхөн 1 сарын хугацаатай түрээсэлсэн. Индүү 11 дүгээр сардаа ашиглагдаад дууссан. Г ХХК талбайгаас индүүгээ авахгүй байсан. Өмнө бас эксковатор, ковшоо авахгүй байж байгаад дараагийн ажилд орсон. Өвлийн улиралд индүү ажиллана гэсэн ойлголт байхгүй. Манайд 2-3 сар ашиглаад байх шаардлага байхгүй.

Г ХХК-иас ирсэн нэхэмжлэлд индүүний төлбөр байдаггүй. Хэрэв гэрээ өөрчлөгдсөн бол 4 тоног төхөөрөмжтэйгөө нийлүүлээд мөн адил сул зогсолтын төлбөрөө нэхэмжлэх байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Г ХХК болон С ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 сарын хугацаатай байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг дараах байдлаар нотолж байна.

1-р хавтаст хэргийн 213-р талд авагдсан Г ХХК-ийн албан тоот, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г ХХК-ийн захирал Ж.Батчулуун, С Г ХХК-ийн захирал Грейг Вүүдэд илгээсэн албан захидал, 2-р хавтаст хэргийн 9-р талд авагдсан төлбөрийн баримт, шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн мэйлээр тогтоогдоно. Мөн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Грейг Вүүд захирлын мэдүүлгээс харагдана. Энэ 2 компани гэрээний гол нөхцөлийг одоог хүртэл тохиролцож чадаагүй байгаа. Гэрээтэй байсан гэдэг утгаар манайхыг хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна. Нэг тал нь тоног төхөөрөмжөө ашиглуулаад байдаг. Нөгөө тал нь ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө мөнгө төлөхгүй үндэслэлгүй гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа С Г ХХК болон Г ХХК нарын хооронд байгуулсан молдокын гэрээ 2019 оны 2 дугаар сарын 11-нд дууссан юм байна. Энэ гэрээнд заасан гэрээг дуусгавар болгох зохицуулалт нь манайхтай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны гэрээний зохицуулалт 7.1-т заасантай яг адилхан. Талууд харилцан тохиролцсоноор гэрээг дуусгавар болгож байна. Гэтэл 2 сарын гэрээний хугацаа дууссан цаашид гэрээгүй үргэлжилсэн тайлбар хэлээд байна. Гэтэл адилхан зохицуулалттай гэрээнд дуусгавар болгосон талаар ямар нэгэн нотлох баримтыг Г ХХК тооцооны баримт үйлддэггүй нь давхар харагдана. 2018 оны 10 дугаар сарын 25-ны гэрээнд мөн адил харилцан тохиролцсон гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдоно.

Харилцан тохиролцсон гэдэг нь ямар нэг бичгээр гарын үсэг зурж, бие биедээ мэдэгдэнэ гэсэн хууль болон гэрээнд ямар нэгэн тухайлсан зохицуулалт байхгүй.

Иймд С ХХК, Г ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ХХК, С Г ХХК нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж харагдахгүй байгаа. Тоног төхөөрөмжийг С Г ХХК ашиглаж байснаа хүлээн зөвшөөрдөг. С Г ХХК 2018 оны 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг С ХХК-иар дамжуулаад Г ХХК-д төлсөн. 2019 оны 01 дүгээр сараас хойш шууд Г ХХК нь шууд С Г ХХК-д нэхэмжлэлээ өгч тооцоогоо хийх болсон. 2018 оны 11, 12 дугаар сарын төлбөрийг бүтэн цагаар буюу мото цагаар тооцсон тооцоолол байхгүй учир гэрээний дагуу шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сард өгсөн төлбөр бол Г ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнг С Г ХХК багасгаж өгсөн буюу өөрсдийн тооцооллоор тооцож өгсөн харагдаж байна. Иймд 2019 оны 01 дүгээр сард төлсөн төлбөрийн хэмжээгээр дараа сарын төлбөрүүдийг гаргуулах боломжтой байна гэж харж байна. Адилхан Монгол компани хохирох вий гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгч нь ёс зүйгүй хандаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг хэлэхдээ хариуцагч нар төлбөр төлөх асуудалд маргаагүй гэсэн. Бид маргасан асуудал байхгүй. Та нар гэрээ байгуулаагүйн улмаас манайх оролцоод явж байна. Хариуцагч нар 156,230,983 төгрөгийг төлье гэж эвлэрэх саналаа илэрхийлсэн байдаг. Гэтэл өөрсдөө үнийн дүнд тохиролцож чадаагүйн улмаас ийм байдал үүссэн. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ одоо болтол дуусгавар болоогүй биш. Гэрээг дуусгавар болсон нь хэрэгт авагдсан материалууд, нотлох баримтаар тогтоогдоно.

Манай "С" ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажилласан 3 эксковатор, 1 ковшийн төлбөрт 18,729,333 төгрөг, үүний алданги 9,364,665 төгрөг нэхэмжилсэн. Энэ шаардлагатай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ гэрээнд манай компаний эрх бүхий ажилтны гарын үсэг, тамга тэмдэг байхгүй баримтыг үндэслээд 8 хоногийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Бодит байдал дээр түрээсийн гэрээнд заагдсан 5 тоног төхөөрөмж Г ХХК-ийн үндсэн тоног төхөөрөмж мөн эсэх нь хэрэгт баримтаар авагдаагүй. Гэрээ байгуулсан ч тухайн тоног төхөөрөмж эзэмших эрхтэй этгээдийн гэрээ байгуулагдсан нь эргэлзээтэй. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн байж болзошгүй. Гэрч н.Цэвээндоржийн мэдүүлэгтээ Тоног төхөөрөмж хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй, 10 сарын сүүл 11 сарын эхээр ирсэн гэх бүдэг бадаг тайлбар өгсөн. Хэргийн материалд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдснаас эхлээд ашиглаад явсан тухай баримт байхгүй. Гэрч н.Цэвээндорж зарим нэг баримтад нөхөж гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй, би мэдэхгүй байна гэж хэлдэг. Тэгэхээр тухайн гэрээ байгуулагдсанаас эсэхээс шууд ашиглагдаад явсан эсэх нь тогтоогдохгүй.

Манайх 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанбаатараас Дорнод аймаг руу уурхайн талбай руу авч ирэх төлбөрийг төлсөн. Түүнээс хойш ажил хийгдсэн гэж үзэхээр байна. Тухайн гэрээ шууд сарын хугацаагаар тооцоо явдаг учраас дунд нь тооцоолол хийгээгүй. Гэхдээ гэрээ 25-нд гэсэн ч тоног төхөөрөмжөө талбай дээрээ орхиод 11-р сараас явсан гэдэг нь харагдаж байна. Дээрээс нь тоног төхөөрөмж хэдний өдрөөс ажиллаж эхэлсэн нь тогтоогдохгүй байгаа юм. Ажлын талбайд очсон гэдэг баримт байхгүй. 2018 оны 11, 12-р сарын төлбөрийг нэхэмжлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөртэй холбоотой нэхэмжлэх ирж байгаагүй. Тооцооллын хувьд зөрүүтэй. Гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 31-ний хүртэл хийгдсэн ажлын төлбөрийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч энэ хооронд хийдэл гарсныг хүлээн зөвшөөрч байна. Манай "С" ХХК-тай холбоотой баримт байхгүй.

Индүүний сул зогсолтын төлбөр гэдэг асуудал байхгүй. Манайх индүү ашиглахаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн. Индүүний сул зогсолтыг өмнө нь нэхэмжилж байгаагүй. 2021 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа нэхэмжилсэн гэдгийг тодруулах нь зүйтэй. Индүүг 1 сарын хугацаатай ашигласан төлбөрөө төлсөн, ямар нэгэн байдлаар 2018 оны 12, 01 дүгээр сард индүүний нэхэмжлэх ирж байгаагүй.

2019 оны 01 дүгээр сараас гэрээ дуусгавар болсон гэдэг маань талуудын хоорондох гэрчийн мэдүүлэг, имэйлд үзлэг хийсэн баримтуудаар харах юм бол энэ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болсныг талууд харилцан тохиролцсон харагдаж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээтэй холбоотой гэрээний үүргийн асуудал яригдахгүй. Нийт 74,291,682 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Алдангийн задаргааг авч үзвэл 2019 оны 01, 02, 03, 04 сарыг дуустал алданги нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан 0,3 хувиар тооцож нэхэмжилсэн. Тэгэхээр манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой болж байна. Гэтэл гэрээгүй хийгдсэн ажлын алдангийг "С" ХХК-ийн дуусгавар болсон гэрээгээр нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон учраас хэлэхэд 80,357,200 төгрөг төлсөн, мөн 156,230,983 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөөд дээр нь цагийн бүртгэл гаргаж өгөөд байгаа нөхцөл байдлаар хэрэв 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөхтэй холбоотой тооцоо байх юм бол та албан ёсны баримтаа гаргаад С Г ХХК-иас нэхэмжилбэл гаргаж өгөх боломжтой байна. Та нэхэмжлэлийн шаардлагаа зохих этгээдээс нэхэмжилж, нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэх хэрэгтэй. 2018 оны 10 дугаар сарын 23-наас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх баримтыг гэрч Цэвээндорж баримтад нөхөж зурсан гэж яриад байна. Дээр нь тэр ажил хийгдсэн гэж яриад байна. Та зохих этгээдээс төлбөрөө нэхэмжилбэл таны нэхэмжлэлийн шаардлага тодорхой хэмжээнд барагдах нөхцөл байдал байна. Түүнээс биш дуусгавар болсон гэрээтэй холбоотой асуудлаар дахин дахин яваад байвал та өнөөдөр цаг хугацаагаар хохирч байна.

Мото цагаар тооцно гэж харилцан тохиролцоогүй ч гэсэн 1 сард 80,357,200 төгрөг төлж байна гэдэг тухайн 1 сарын ажлыг 80,357,200 төгрөгөөр хийнэ гэдгээ С Г ХХК хүлээн зөвшөөрч байгаа учраас 2019 оны 02, 03, 04, 05 сарыг дуустал энэ үнийн дүнгээр тооцож нэхэмжлэгч компанид гаргуулаад өгөөч. Тэгэхгүй бол тооцоо байхгүйн улмаас бөөн гомдол цөхрөл болоод дунд нь манай компанийг чирээд 3 жил болчих юм. Иймд С Г ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сард хүлээн зөвшөөрч байсан үнийн дүнгээр нь тооцоод шийдвэрлээд өгчих юм бол энэ хэрэг нааштай шийдэгдэж, хэн алины эрх ашиг хангагдах болов уу гэж бодож байна.

Ж.Батчулуун захирлын хувийн байдал яригдаж байгаатай холбогдуулж тайлбар хэлье. Өмнөх хүмүүсийн гарын үсэг дуурайсан асуудлыг энэ баримтыг манайх өгсөн гэж ярьдаг. Гэтэл өөрсдөө нотлох баримтаар гаргаж хэрэгт өгсөн. "С" ХХК-ийн гаргаж өгсөн компаний ажилтан Рендигийн гарын үсэгтэй холбоотой баримт 2019 оны 03,04,05 дугаар сарын түрээсийн төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой баримтуудад авагдсан. Тэр үед талуудын гэрээний харилцаа дууссан байхад манайх юуны төлөө тийм баримт үйлдэх вэ? Тэгэхээр хэний ашгийн төлөө энэ баримт үйлдэгдсэн нь харагдаж байна. Танай өгсөн баримтыг өгсөн гэдэг үндэслэлгүй тайлбар ярьж болохгүй. Энэ тухай өнөөдрийн шүүх хуралдаанд дурдах нь зүйтэй, эрүүгийн журмаар асуудал шийдэгдээд явна.

Манайхтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага бүгд тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г ХХК нь хариуцагч С Г ХХК-иас гэрээний үүрэгт 387,379,110.75 төгрөг гаргуулах, С ХХК-иас гэрээний үүрэгт 128,777,681 төгрөг гаргуулах, С ХХК нь Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага /2хх, 231-232/-ыг тус тус гаргажээ.

Саади консракшн ХХК нарт холбогдуулан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 532,056,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл /1хх, 1-2/ гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С Г ХХК-иас гэрээний үүрэгт 387,379,110.75 төгрөг гаргуулах, С ХХК-иас гэрээний үүрэгт 128,784,681 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /3хх, 182-183/ боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, С ХХК-иас гэрээний үүрэгт 128,777,681 төгрөг гаргуулах гэж тайлбарласан болно.

Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр тодруулсан шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар Г ХХК нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сум дахь Алтан-Овоо төслийн талбайд хариуцагч нартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлэн ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна.

С Г ХХК болон С ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №181201 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Баяжуулах үйлдвэрийн зориулалттай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Уг гэрээний 8.1, хавсралт 1-н тэмдэглэл 6-д Нягтаршуулагчаас бусад суурийн ажилд ашиглагдах хүнд даацын тоног төхөөрөмж үйлчлүүлэгчээс гарна гэж заажээ. /2хх, 203-230/

Г ХХК, С ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г ХХК нь өөрийн өмчлөлийн Hyundai 300, Hyundai 2900, Hyundai 3000 маркийн 3 эксковаторыг тус бүрийг 1 сарын 24,200,000 төгрөг, SEM650B маркийн ковшийг 1 сарын 21,500,000 төгрөг, SEM8128 маркийн индүүг 1 сарын 20,000,000 төгрөгийн төлбөртэй С ХХК-д мэргэжлийн операторуудын хамт Дорнод аймгийн Цагаан овоо сум дахь алтны уурхайд түрээсээр ажиллуулах, С ХХК нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,3%-тай тэнцэх алданги нэмж төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх, 7-8/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бичгээр байгуулсан дээрх гэрээ нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Түрээслэгч Г ХХК нь түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сум дахь Алтан-Овоо төслийн талбайд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулсан үйл баримтад зохигчид маргаагүй.

1.1. Нэхэмжлэгч Г ХХК нь 3 эксковатор, 1 ковшийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 18,729,333 төгрөг, алдангид 9,364,665.15 төгрөгийг С ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г ХХК нь Хьюндай 300 маркийн эксковаторыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх төлбөрт 1,774,666.30 төгрөг, Хьюндай 2900 маркийн эксковаторыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөрт 7,098,666.30 төгрөг, Хьюндай 3000 маркийн эксковаторыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөрт 3,549,332.60 төгрөг, СЕМ650В маркийн ковшийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төлбөрт 6,306,666.30 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн.

Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 5.1-т зааснаар Хьюндай 300 маркийн эксковаторыг талбайд очмогц /нэг сарын 30 хоногоор тооцож 24,200,000 төгрөг/, Хьюндай 2900 маркийн эксковаторыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс /нэг сарын 30 хоногоор тооцож 24,200,000 төгрөг/, Хьюндай 3000 маркийн эксковаторыг талбайд очмогц /нэг сарын 30 хоногоор тооцож 24,200,000 төгрөг/, СЕМ650В маркийн ковшийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн /нэг сарын 30 хоногоор тооцож 21,500,000 төгрөг/ түрээсийн үнэлгээг тооцохоор, 6.3-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж заасан. /1хх, 7-8/

Дээрх гэрээнд заасны дагуу 3 эксковатор, 1 ковшийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох түрээсийг төлбөрийг тооцоход:

- Хьюндай 300 маркийн эксковаторын 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 2 хоног ажилласан түрээсийн төлбөрт 1,613,333.33 төгрөг /24,200,000/30 = 806,666.67*2 хоног/,

- Хьюндай 2900 маркийн эксковаторын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 7 хоног ажилласан түрээсийн төлбөрт 5,646,666.69 төгрөг /24,200,000/30 = 806,666.67*7 хоног/,

- Хьюндай 3000 маркийн эксковаторын 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 4 хоног ажилласан түрээсийн төлбөрт 3,226,666.68 төгрөг /24,200,000/30 = 806,666.67*4 хоног/,

- СЕМ650В маркийн ковшийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 7 хоног ажилласан түрээсийн төлбөрт 5,016,666.69 төгрөг /21,500,000/30 = 716,666.67*7 хоног/, нийт 15,503,333.40 төгрөг болно.

Хэдийгээр С Г ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №181201 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 8.1, хавсралт 1-н тэмдэглэл 6-д Нягтаршуулагчаас бусад суурийн ажилд ашиглагдах хүнд даацын тоног төхөөрөмж үйлчлүүлэгчээс гарна гэж заасан боловч нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь С Г ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс өмнөх хугацаанд хамаарах тул 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 эксковатор, 1 ковшийн түрээсийн төлбөрт 15,503,333.40 төгрөгийг С ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-д төлөх үүрэгтэй.

Г ХХК, С ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 5.3-т Сар бүрийн 23-аар тасалбар болгон тооцоо нийлж төлбөрийг нэхэмжилнэ. Төлбөрийг нэхэмжилснээс хойш ажлын 5 хоногт багтаан түрээслүүлэгч талын Хаан банк дахь 5009337756 тоот дансанд шилжүүлдэг байна гэж заасан.

Иймд С ХХК нь 15,503,333.40 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлөх үүрэгтэй байсан гэж үзэж, энэ хугацаанаас алдангийг тооцоолох үндэслэлтэй тул 15,503,333.40 төгрөгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 184 хоногийн 0,3%-иар алдангийг тооцоход 855,784 төгрөг /15,503,333.40х0.3%=4,651х184/ болно.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар С ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 эксковатор, 1 ковшийн түрээсийн төлбөрт 15,503,333.40 төгрөг, алдангид 855,784 төгрөг, нийт 16,359,117.40 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс Хьюндай 300 маркийн эксковатор, СЕМ650В маркийн ковшийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ажилласан түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн боловч гэрээ байгуулагдахаас өмнө аль компанийн ажлыг хийсэн нь тодорхойгүй, гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнөх тооцоо байх тул үлдэх 11,734,880.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.2. Нэхэмжлэгч нь Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 3.7-д заасны дагуу СЕМ8218 маркийн индүүний сул зогсолтын төлбөрт 2018 оны 12 дугаар сард 13,200,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 13,200,000 төгрөг, нийт 26,200,000 төгрөгийг С ХХК-иас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч С ХХК нь татгалзлын үндэслэлээ Дээрх гэрээний дагуу индүүг 1 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш индүүг ашиглаагүй. Өвлийн улиралд индүү ажиллана гэсэн ойлголт байхгүй учраас сул зогсолтын төлбөр төлөх үүрэггүй. Энэ нь нэхэмжлэгч Г ХХК-иас манай компанид нэхэмжлэх ирүүлж байгаагүй, мөн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан индүүг түрээсэлсэн зэргээр нотлогдоно гэж тайлбарласан.

Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 3.7-д Ажлын талбар дахь аливаа сул зогсолт, байгалийн аюул гамшгаас болсон сул зогсолт, ажил гүйцэтгэж байгаа компанийн дотоод болон гадаад харилцааны шалтгаанаас үүдэх сул зогсолтыг Б тал бүрэн хариуцан ажиллах ба албан бичгээр ирсэн албан тоотыг үндэслэн сул зогсолтыг 60 хувиар тооцон нэхэмжилнэ, 5.4-т Хэрэв сул зогсолт үүсэхээр бол түрээслэгч тал энэ талаар албан бичиг ирүүлнэ. Энэ албан бичигт заасан хугацаанд түрээсийн төлбөрийн 60 хувиар тооцон түрээслүүлэгч талд төлнө гэж тус тус заажээ.

Хариуцагч С ХХК-ийн зүгээс гэрээний 5.4-т заасны дагуу сул зогсолт үүсэх талаар Г ХХК-д албан бичиг ирүүлж байсан талаар болон Г ХХК нь 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын индүүний сул зогсолтын төлбөрийг нэхэмжилж байсан талаарх баримтгүй, нэхэмжлэгч Г ХХК нь индүүний сул зогсолтын төлбөр 26,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

1.3. Нэхэмжлэгч нь Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 23,152,800 төгрөг, 2019 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын түрээсийн төлбөр 303,504,000 төгрөг, нийт 328,556,800 төгрөгийг С Г ХХК-иас гаргуулах, 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын төлөгдөөгүй төлбөрт тооцсон алданги 74,290,682 төгрөгийг С ХХК-иас гаргуулах,

С ХХК нь Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хүрээнд нийт 731,286,741.94 төгрөгийн ажил хийснээс С ХХК 273,113,025 төгрөг, С Г ХХК 80,357,200 төгрөг төлсөн, одоо дээрх гэрээний дагуу 2019 оны 2-4 дүгээр сарын түрээсийн төлбөр 328,556,000 төгрөгийг С Г ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 153 тоот албан бичгийн дагуу С Г ХХК хариуцах үндэслэлтэй гэж, мөн уг төлбөрийг хугацаандаа төлөгдөөгүйн цлмаас тооцсон алданги болох 74,290,682 төгрөгийг гэрээний дагуу С ХХК хариуцах үндэслэлтэй гэж тодорхойлон нэхэмжилсэн.

С Г ХХК татгалзлын үндэслэлээ Г ХХК-тай гэрээ байгуулах гол нөхцлийн талаар буюу тухайн техникүүдийн ажилласан цагийг нэг сард ажилласан мото цагаар тооцох, эсхүл мото цагийн хязгааргүйгээр тооцох эсэх дээр тохиролцож чадаагүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасны дагуу түрээсийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэвч Г ХХК нь манай компаний тавьсан санал буюу түрээсийн төлбөрийг мото цагаар тооцох саналыг хүлээн зөвшөөрч, тоног төхөөрөмжүүдээ түрээсэлсэн учир мото цагаар тооцсон төлбөр болох 156,230,983 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

С ХХК татгалзлын үндэслэлээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК-тай байгуулсан гэрээ бол С Г ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан гэрээ бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дээрх хоёр компани шууд гэрээлэх болсон тул С Г ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн хариуцлага болох алдангийг манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, улмаар Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Г ХХК, С ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь 1 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3-т зааснаар гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, техникүүдийг ажлын талбайгаас буцах трейлер дээр ачиж хөдөлсөнөөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болохоор тохиролцжээ.

Хариуцагч С ХХК нь дээрх гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 84,295,000 төгрөг, нийт 119,295,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100,075,160 төгрөг, нийт 219,075,160 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-ийн Хаан банкны 5009337756 тоот дансанд төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан депозит дансны хуулга, гэрч Б.Дуламсүрэнгийн ...11 сарын төлбөрт 119,925,000 төгрөг, 12 сарын төлбөрт 100,075,160 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин С Г ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 80,357,200 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Г ХХК-д шилжүүлжээ. /2хх, 9/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, Г ХХК, С Г ХХК нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь:

- Г ХХК-ийн С Г ХХК-д хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19/22 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /...Бид анх 2018 оны 10 дугаар сард техникүүдээ түрээсэнд гаргаж байхдаа тооцоогоо сараар хийхээр ярилцаж тохиролцсон бөгөөд 2018 оны 11, 12 сарын төлбөрөө С ХХК-иар дамжуулан гэрээлж, энэхүү тохиролцооны дагуу тооцоогоо хийж хүлээж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс танай байгууллагатай шууд гэрээлэх болсон бөгөөд дээрх гэрээний нөхцөлөөр үргэлжлүүлэн гэрээлэх хүсэлтэй байгаа тухайгаа албан бичгээр удаа дараа мэдэгдэн танай байгууллагын холбогдох хүмүүстэй олон удаагийн уулзалт зохион байгуулж, тэдний албан хариуг хүлээсээр өнөөдрийг хүрлээ.../, /1хх-123/

- Гэрч Грегори ормэ вэстерний ...Уурхайн ажилдаа Г ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашигласан...Яг энэ үед манай уурхайн сайт дээр ажил явагдаж байсан нь үнэн. Түүнтэй зэрэгцээд бид нар гэрээн дээр гарын үсэг зурахаар хэлэлцэж, ярилцаж байсан...Би яг нэг сарын хэдэнд гээд өдөр, хоног, үнийн дүнг тодорхой санахгүй байгаа ч гэсэн Г ХХК-д мөнгө төлсөн...Үйл ажиллагаагааг тасралтгүй явуулах, мэдээж цаг хугацааны хувьд ажлыг явуулах шахалт байсан. Би түрүүн хэлсэнчлэн С ХХК-ийн энэ тоног төхөөрөмжийн асуудал анхнаасаа яригдсан учир цаг хэмнэх үүднээс Саади ХХК-тай гэрээ байгуул гэсэн. Анхнаасаа С ХХК-тай гэрээ байгуулаад явж байсан учраас С ХХК-иар дамжаад ажил явбал илүү цаг хэмнэсэн үйлдэл байх байх аа гээд тухайн үед тэгж шийдсэн... гэх мэдүүлэг, /2хх, 139-143/

- Гэрч Рэнди Сагун Сакатанигийн ...Энэ 5 төхөөрөмжөөс С ХХК-ийн үйл ажиллагаанд зөвхөн индүүг ашиглаж байсан, бусдыг ашиглаагүй... С Г ХХК нь индүүнээс бусад хүнд даацын машин механизмыг хариуцна гэсэн. Гэрээ хийхэд заасан байсныг бид нар хариуцна гээд гэрээний заалтуудаа хассан юм байна...Г ХХК-ийн эксковатор, ковш, индүүг ашигласан. Гэхдээ индүүнээс бусад машин механизм бол гэрээнд заасны дагуу С Г ХХК-ийн үүрэг байсан... гэх мэдүүлэг, /2хх, 144-147/

- С ХХК-ийн захирал Дилшад Алигийн [email protected] цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал Ж.Батчулууны хариуцагч С Г ХХК-ийн захирал Грегори ормэ вэстерн-д 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр илгээсэн и-мейл буюу цахим шуудан, ...Сайн уу, ноён Грег, 2018 оны Арванхоёрдугаар сар болон 2019 оны Нэгдүгээр сарын төлбөрийн нэхэмжлэлийг төгрөгөөр доор харуулав..Арванхоёрдугаар сарын төлбөрийг Али аль хэдийн надад төлчихсөн байгаа. Али арванхоёрдугаар сарын үлдэгдэл төлбөрийг маргааш төлөх болно. Та 2018 оны Арванхоёрдугаар сарын төлбөрийг Алид төлж чадах уу? Би 2019 оны Нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Стед голд ХХК-тай гэрээ хийхийг хүсч байна.../, /3хх, 9/

- Г ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19/58 тоот албан бичгийн хуулбар /...Манай байгууллага нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн 3 эксковатор, 1 ковш, 1 молдок танай байгууллагад түрээслүүлж байгаа билээ.../, /3хх, 76х/

- Г ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19/60 тоот албан бичгийн хуулбар /...Бид танай байгууллагад түрээсээр гарч ажиллахдаа Грег вүүд захиралтай анх тохиролцсон нөхцлийн дагуу түүний хүсэлтээр Молдокноос бусад техникүүдийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээнд танай байгууллагаас төлбөрөө авахдаа С ХХК-ийн дансыг ашигласны төлбөр болгож, техникүүдийн үнийг өөрчилж хийснээс бусад бүх нөхцлийг тухайн үед тохиролцсоны дагуу гэрээнд тодорхой тусгасан. Мөн тус гэрээний дагуу бид ажил үүргээ гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны 11 болон 12 сарын төлбөрөө энэхүү гэрээний дагуу хүлээж авсан. Одоог хүртэл тус гэрээний үндсэн нөхцөлүүдийн дагуу ажиллаж байна гэж ойлгож байгаа. Бид Грег вүүд захирлын хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн танай байгууллагатай шууд гэрээлэх шаардлагатай болсон.../, /3хх, 65х/

- С Г ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 153 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /...Бидний тооцоогоор 2019 оны 2-4 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 156,230,983 төгрөг болж байна. Бид та бүхэнтэй удаа дараа уулзаж гэрээний нөхцлийг тохирохыг хүссэн боловч хоёр талаас тохиролцоонд хүрч чадахгүй өдийг хүрлээ. Бид дээрх 156,230,983 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна/, /3хх, 77/

- 2018 оны 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг С Г ХХК-иас С ХХК-д төлж байсан баримтууд, /3хх, 38-39, 41-42/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-ийн Г ХХК, С Г ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-гээр хүлээсэн үүрэг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсоныг тогтоолгох тухай С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш Г ХХК, С Г ХХК нарын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд зохигчид гэрээ байгуулахаар хэлэлцэж байсан боловч гэрээ байгуулах гол нөхцлийн талаар тохиролцож чадаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд С Г ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-ийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С Г ХХК-иас шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, Г ХХК, С Г ХХК нар нь гэрээ байгуулах гол нөхцөлийн талаар тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй боловч Г ХХК-ийн техник, тоног төхөөрөмжүүдийг С Г ХХК ашиглаж байсан болохоо хүлээн зөвшөөрч, 2019 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 80,357,200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул С Г ХХК нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж эд юмсын үр шимийг бий болгосон гэж үзнэ. Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс буцаан шаардах шаардлагад олох ёстой байсан орлого, үр шим хамаарах бөгөөд буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар үүснэ.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2019 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг хариуцагч С Г ХХК-ийн хүлээн зөвшөөрч төлсөн хэмжээгээр буюу 2019 оны 01 дүгээр сарын төлбөрт төлсөн 80,357,200 төгрөгөөр тооцож, 241,071,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний дагуу 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийн алданги болох 74,290,682 төгрөгийг С ХХК-иас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан.

Шүүх хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийн үүргийг С Г ХХК хариуцан төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч С ХХК-иас гаргуулахаар шаардсан 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийн алдангийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн 74,290,682 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С Г ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1813 тоот гэрээний дагуу 56,663,010.75 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх алданги 2,159,300 төгрөг, нийт 58,882,310.75 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч С Г ХХК нь дээрх гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулагдсан, 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, 2019 оны 01 дүгээр сарын үлдэгдэл төлбөр 10,609,678 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 80,357,200 төгрөгийг төлөхөд хамт төлсөн гэх тайлбарыг гаргасан.

Г ХХК, С Г ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №1813 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г ХХК нь өөрийн өмчлөлийн Соосан 500 маркийн эксковаторын молдокыг 1 сарын 13,000,000 төгрөгийн төлбөртэй С Г ХХК-д түрээслүүлэх, С Г ХХК нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,1%-тай тэнцэх алданги нэмж төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх, 9-10/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бичгээр байгуулсан дээрх гэрээ нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Дээрх гэрээний хүрээнд 94,053,333.33 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүнээс 37,390,322.58 төгрөгийг С Г төлсөн. Одоо үлдэх төлбөр болох 56,663,010.75 төгрөг, алданги 2,159,300 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т Талууд гэрээний хугацааг 2 сар, талууд харилцан тохиролцож сунгах-аар заажээ. /1хх, 9-10х/

Хариуцагч С Г ХХК нь гэрээгээр тохирсон молдокны 2018 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14,300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3,690,322.58 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /2хх, 8, 13х/

Г ХХК, С Г ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1813 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч талуудын хэн аль нь цуцлах санал гаргаагүй, С Г ХХК нь гэрээнд заасан молдокыг 2019 оны 5 дугаар сар хүртэл ашигласан болох нь Г ХХК-ийн нэхэмжлэх, С Г ХХК-ийн ажилласан цагийн бүртгэл зэрэг баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд С Г ХХК нь Г ХХК-ийн молдокыг ашигласан тул гэрээнд заасан төлбөрийн нөхцлөөр буюу 1 сарын 13,000,000 төгрөгөөр тооцож 65,000,000 /13,000,000*5 сар/ төгрөгийг дээрх гэрээний хүрээнд С Г ХХК нь төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С Г ХХК нь 37,390,322.58 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тул С Г ХХК нь одоо 27,609,677.42 төгрөг /65,000,000-37,390,322.58/-ийг молдокны түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй.

Хариуцагч С Г ХХК нь дээрх төлбөрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 13,000,000 төгрөг төлөхөөс 3,690,322.58 төгрөгийг төлсөн тул үлдэх 9,309,677.42 төгрөгийг гэрээний 5.5-д Сар бүрийн эцэст тооцоо нийлж, төлбөрийг нэхэмжилнэ гэс заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ. Мөн гэрээний 6.4-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө заасан тул 9,309,677.42 төгрөгийн алданги болох /2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13 хүртэлх 93 хоногийн алдангийг 0,1%-иар тооцоход 9,309,677.42х0.1%=9,309.68х93 хоног / 865,800.24 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу Г ХХК-д төлөх үүрэгтэй.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч Г ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны молдокын түрээсийн төлбөрт алданги шаардах эрхгүй.

Мөн нэхэмжлэгч Г ХХК нь С Г ХХК-иас молдокны буцах тээврийн зардалд 2,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.7-д Техникийг ажлын талбайд хүргэх болон буцах тээврийн зардлыг Б тал хариуцна. Тээврийн зардал нэг талдаа 2,000,000 төгрөг ба үүнд НӨАТ ороогүй гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар молдокны буцах тээврийн зардлыг С Г ХХК төлсөн нь тогтоогдохгүй байх тул С Г ХХК-иас 2,000,000 төгрөгийг Г ХХК-д олгох үндэслэлтэй.

Түүнчлэн, С Г ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын молдокны түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 80,357,200 төгрөгийг төлөхөд хамт төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 80,357,200 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /2хх, 9/ баримт нь 1 сарын техник түрээс гэсэн утгатай, аль техник тоног төхөөрөмжийн төлбөр болох нь тодорхойгүй байх тул дээрх төлбөрийг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар С Г ХХК-иас молдокны түрээсийн төлбөрт 27,609,677.42 төгрөг, алданги 865,800.24 төгрөг, тээврийн зардал 2,000,000 төгрөг, нийт 30,475,477.66 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хариуцагч С ХХК-иас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний төлбөрт 16,359,117.40 төгрөг, хариуцагч С Г ХХК-иас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК, С Г ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1813 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний төлбөрт 10,175,477.66 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 261,371,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228,250,596.24 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох тухай С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 16,359,117.40 төгрөг, С Г ХХК-иас 271,547,077.66 төгрөг гаргуулан Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228,250,596.24 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК, С ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Г ХХК-иас төлсөн 2,818,250 төгрөг, С ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С ХХК-иас 239,746 төгрөг, С Г ХХК-иас 1,515,685 төгрөгийг тус тус гаргуулж Г ХХК-д, Г ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж С ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ