Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01332

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01332

 

 

ГТ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/01193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГТ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч СК- ХХК, СГ- ХХК-иудад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт СГ- ХХК-аас 387 379 110 төгрөг, СК- ХХК-аас 128 784 681 төгрөг тус тус гаргуулах үндсэн, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч СГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батчулуун, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч СК- ХХК-ийн төлөөлөгч Ж.Сэвжид, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагч СГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГТ- ХХК нь СК- ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж 3 ширхэг экскаватор, 1 ширхэг ковш, 1 ширхэг индүүг Дорнод аймгийн Цагаан овоо сум дахь түрээслэгч талын эзэмшлийн алтны уурхайд ажиллуулахаар түрээсэлсэн, мөн тус техникүүдийг ажиллуулах ажилтанг манай компани гаргасан. Түрээслэгч тал уг тоног төхөөрөмжүүдийг ажиллуулсны төлбөрт нэг сарын 30 хоногоор тооцож 66-30 УНУ улсын дугаартай Хьюндай 300 маркийн экскаваторыг 24 200 000 төгрөг, 10-50 УБ улсын дугаартай Хьюндай 2900 маркийн экскаваторыг 24 200 000 төгрөг, 24-87 УН улсын дугаартай Хьюндай 3000 маркийн экскаваторыг 24 200 000 төгрөг, 89-60 УБ улсын дугаартай ковшийг 21 500 000 төгрөг, 10-38 УБ улсын дугаартай индүүг 20 000 000 төгрөг, нийт 114 100 000 төгрөгийн хөлс төлөх, төлбөрийг сар бүрийн 23-ны өдөр төлөхөөр тохиролцсон.

Манай компани гэрээний үүргийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тоног төхөөрөмжүүдийг ашиглуулсан. СГ- ХХК нь ГТ- ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр СК- ХХК-д 66-30 УНУ улсын дугаартай экскаватор Хьюндай 300, 24-87 УН улсын дугаартай экскаватор Хьюндай 3000 экскаваторуудад молотокыг сарын 13 000 000 төгрөгөөр ажиллуулах нөхцөлтэй тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсан. Гэвч СГ- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийн зарим хэсгийг төлөөгүй.

Иймд СК- ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний зарим төлбөрийг СГ- ХХК хариуцах үндэслэлтэй тул СГ- ХХК-аас 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөр болох 328 556 800 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 56 663 010,75 төгрөг, алданги 2 159 300 төгрөг, нийт 387 379 110 төгрөг гаргуулах, СК- ХХК-аас 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байсан бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги болох 74 290 682 төгрөг, 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сард индүүний сул зогсолтын төлбөр 26 400 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 экскаватор, 1 ковшийн түрээсийн төлбөр 18 729 333 төгрөг, алданги 9 364 665.15 төгрөг, нийт 128 784 681,15 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч СГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СГ- ХХК болон ГТ- ХХК-ийн хооронд тоног төхөөрөмжийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд гэрээ байгуулах гол нөхцөлийн талаар буюу тухайн техникүүдийн ажилласан цагийг нэг сард ажилласан мото цагаар тооцох эсхүл мото цагийн хязгааргүйгээр /нэг сард тогтмол тооцох/ тооцох эсэх талаар одоог хүртэл тохиролцож чадаагүй байгаа нь тэдгээрийн хооронд илгээж байсан албан бичиг, и-мейлүүдээс харагдана. Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдаагүй нөхцөлд түрээслэгч түрээслүүлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлбөр төлөх үндэслэл байхгүй. 2019 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын түрээсийн төлбөр гэсэн хэрнээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 23 152 800 төгрөг нэхэмжилсэн нь зөрчилдөж байна. Бид ГТ- ХХК-тай гэрээ байгуулаагүй ч гэсэн манай ажилтан тухайн тоног төхөөрөмжийн цагийн бүртгэлийг хийгээд явж байсан. Тухайлбал, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний хооронд экскаватор 2900 ЛС 30 хоногийн хугацаанд 30 цаг, эксковатор 300 ЛС 138 цаг, эксковатор 3000 ЛС 73 цаг, ковш СЛ50ТС 306 цаг ажилласан. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарыны 30-ны өдөр хооронд экскаватор 2900 ЛС 75 цаг, экскаватор 300 ЛС 4 цаг, экскаватор 3000 ЛС 124 цаг, ковш СЛ50ТС 128 цаг ажилласан. Гэрээ байгуулагдаагүй байж өөрсдийн дурын тоог бичсэн байна. Манайх мото цагаар тооцох санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн.

СГ- ХХК болон ГТ- ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1813 дугаар тоног төхөөрөмж түрээслэх түрээсийн зөвхөн 1 гэрээ байгуулагдаж 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Молотокын гэрээ 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж 2019 оны 01 дүгээр сарын 11-ний хүртэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 2019 оны 02 дугаар сарын 11-ний хүртэл хугацааны төлбөрийн урьдчилгаа зарим хэсэг 3 690 322 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлөгдөөд үлдэгдэл 10 609 678 төгрөг нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 80 357 200 төгрөг төлсөн. Тухайн гэрээгээр экскаваторын молоток Soosan 500 маркийн техникийг 2 сарын хугацаатай, 1 сарын хугацаанд НӨАТ ороогүйгээр 13 000 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. СГ- ХХ нь 2 сарын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн гэрээтэй холбогдуулж ГТ- ХХК нь төлөгдөөгүй төлбөр болох 56 663 010 төгрөг, алданги 2 159 300 төгрөг, нийт 58 822 310 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Алдангийн хувьд манайх түрээсийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлсөн тул гэрээний үүргээ зөрчөөгүй. Ашигласан хугацааны төлбөрт 156 230 983 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Иймд бидний хүлээн зөвшөөрсөн 156 230 983 төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч СК- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГТ- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд ашиглагдах индүүнээс бусад хүнд даацын тоног төхөөрөмжийг СГ- ХХК хариуцахаар СК- ХХК болон СГ- ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу манай компани ГТ- ХХК-аас индүү түрээслэхээр болсон. СК- ХХК нь 2018 онд бутлуурын үйлдвэрийн барилгыг барихдаа ГТ- ХХК-аас 2 хоног индүүг түрээсэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулаад Хьюндай маркийн 10-50 УБ улсын дугаартай 1 ширхэг экскаваторыг 19 800 000 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж 89-60 УБ улсын дугаартай 650 маркийн авто ачигч буюу ковшийг 15 000 000 төгрөгөөр 1 сарын хугацаатай түрээсэлж байсан. Гэтэл ГТ- ХХК, СК- ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар дугаар 25-ны өдрийн гэрээнд заасан үнийн дүнг ГТ- ХХК, СГ- ХХК-иуд хоорондоо тохиролцож тогтоосон. Гэрээнд түрээсийн төлбөр өөрчлөгдсөн. 19 800 000 төгрөгөөр түрээсэлж байсан экскаватор НӨАТ орсон үнэ 26 620 000 төгрөг, 15 000 000 төгрөгөөр түрээсэлж байсан ковш 23 650 000 төгрөг болгон өөрчилсөн. Манай компани баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд үндсэн гүйцэтгэгч ГТ- ХХК-тай өмнөх барилгын ажилд гэрээлж байсан утгаараа ГТ- ХХК-тай индүү түрээслэх түрээсийн гэрээ хийх юм чинь 4 тоног төхөөрөмжийг нэмээд оруулчих, тэгээд төлбөрийг манайх СГ- ХХК-аас нэхэмжлээд төлбөрийг ГТ- ХХК руу шилжүүлэхээр гурвалсан тохиролцоотой байсан. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1 сарын хугацаатай гэрээний 5 тоног төхөөрөмжийн зөвхөн индүүг манай компани хариуцаад бусад 4 тоног төхөөрөмжийн төлбөрийг ГТ- ХХК манай компаниас нэхэмжлэхэд манай компани СГ- ХХК-аас нэхэмжилдэг. Ингэж нэхэмжлэхдээ манайх индүүний төлбөрийг оруулдаггүй. Учир нь индүүний төлбөрийг манайх хариуцахаар гэрээ байгуулсан. ГТ- ХХК нь СГ- ХХК-аас 1 сарын төлбөр 80 357 200 төгрөгийг нэхэмжилж, СГ- ХХК нь ГТ- ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ 2 компаний хооронд тохиролцсон.

ГТ- ХХК, СК- ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 23-аас 2018 оны 10 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл төлбөр болох 18 729 333 төгрөг, 2018 оны 12 дугаар сард зогссон индүүний сул зогсолтын төлбөр болох 13 200 000 төгрөг, мөн 2019 оны 01 дүгээр сард зогссон индүүний сул зогсолтын төлбөр болох 13 200 000 төгрөг, алданги 83 655 348,15 төгрөг, нийт 128 784 681,15 төгрөг нэхэмжилсэн. ГТ- ХХК, СК- ХХК-аас 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байсан бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний хоорондох төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцсон алданги болох 83 655 348,15 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээний үндсэн төлөх үүргийг СГ- ХХК-аас нэхэмжилсэн атлаа СГ- ХХК-ийн хугацаанд нь төлөөгүй үүргийн алдангийг манай компани төлөх үндэслэлгүй. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл төлбөр болох 18 729 333 төгрөгийн тухайд 10 дугаар сарын 23-ны өдөр гэхээр гэрээ байгуулагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр зурагдаагүй байсан үе. Бидний бизнесийн тогтсон харилцааны хувьд өмнө 7 дугаар сарын гэрээнд ГТ- ХХК манайх руу тээврийн төлбөр төлөх нэхэмжлэл явуулаад төлбөр төлөгдсөнөөр тээвэр ачилт хийгддэг. Хэрэгт авагдсан баримтаар индүүний тээврийн төлбөрийг манайх 11 дүгээр сарын 01-нд төлсөн, нөгөө 2 тоног төхөөрөмжийн тээврийн төлбөрийг 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Энэ 600-700 км замд богино хугацаанд очоод ажлаа хийх боломжгүй. Нөгөөтэйгүүр талбайд байсан 2 тоног төхөөрөмжийг СГ- ХХК ашигласан. 2018 оны 10 сарын төлбөрийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. СГ- ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй. Индүүний сул зогсолтын төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Индүүг зөвхөн 1 сарын хугацаатай түрээсэлсэн. Индүү 11 дүгээр сардаа ашиглагдаад дууссан. ГТ- ХХК талбайгаас индүүгээ авахгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч СК- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ГТ- ХХК болон СК- ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 сарын хугацаатай байгуулагдсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон нь ГТ- ХХК-ийн албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ГТ- ХХК-ийн захирал Ж.Батчулуун, СГ- ХХК-ийн захирал Грейг Вүүдэд илгээсэн албан захидалаар тогтоогдоно. СГ- ХХК болон ГТ- ХХК-иудын хооронд байгуулсан молотокын гэрээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний дууссан. Энэ гэрээнд заасан гэрээг дуусгавар болгох зохицуулалт нь гэрээний 7.1-т заасантай яг адилхан. Талууд харилцан тохиролцсоноор гэрээг дуусгавар болгож байна. Гэтэл 2 сарын гэрээний хугацаа дууссан, цаашид гэрээгүй үргэлжилсэн тайлбар гаргасан. Гэтэл адилхан зохицуулалттай гэрээнд дуусгавар болгосон талаар ямар нэгэн нотлох баримтыг ГТ- ХХК тооцооны баримт үйлдээгүй. Иймд СК- ХХК болон ГТ- ХХК-иудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ГТ- ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ГТ- ХХК болон СК- ХХК-иуд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 2-т зааснаар гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг сунгаагүй боловч ажил үргэлжилсээр байвал гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу манай компани ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан тул гэрээ сунгагдсан. Мөн уг гэрээнд гэрээг дуусгавар болох нөхцөлийг талууд маш тодорхой тусгасан бөгөөд гэрээний 4.3-т төхөөрөмжийг ажлын талбайгаас буцах трейлер дээр ачиж хөдөлсөнөөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болно гэж заасан. Манай компани 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төхөөрөмжийг ажлын талбайгаас ачиж хөдөлсөн бөгөөд гэрээг энэ өдрөөр дуусгавар болно гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан СК- ХХК-аас 16 359 117,40 төгрөг, СГ- ХХК-аас 271 547 077,66 төгрөг гаргуулан ГТ- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228 250 596,24 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ГТ- ХХК, СК- ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид ГТ- ХХК-иас төлсөн 2 818 250 төгрөг, СК- ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, СК- ХХК-аас 239 746 төгрөг, СГ- ХХК-аас 1 515 685 төгрөгийг тус тус гаргуулж ГТ- ХХК-д, ГТ- ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж СК- ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

СГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1 -д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу СГ- ХХК-аас ГТ- ХХК-д хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэнд шилжүүлсэн мөнгөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлээгүй. ГТ- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа санхүүгийн болон үндэслэл бүхий тооцоологдсон бичмэл нотлох баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзэмшил, ашиглалтад бодитойгоор хөрөнгө шилжүүлээгүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн учир дутагдалтай. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс зөвхөн шилжүүлсэн хөрөнгөө шаардахаар зохицуулсан. Харин шилжүүлсэн эд хөрөнгийн үр шимийг нэхэмжлэгч шаардаагүй, зөвхөн түрээсийн гэрээний зүйлийг шаардсаныг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальсан дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 80 357 000 төлсөн болох нь тогтоогдож байгаа тул 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 3 сараар үржүүлэн 241 357 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт механик дүгнэлт болсон. 2019 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал ГТ- ХХК нь ямар техник хэрэгслээр, нийт хэдэн мото цагийн ажил гүйцэтгэсэн нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй болно.

ГТ- ХХК нь СК- ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан болох нь нотлогддог. Гэтэл энэхүү үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, СК- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгож, түрээсийн гэрээ байгуулагдаагүй хариуцагч СГ- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулан шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэж хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ГТ- ХХК нь хариуцагч СГ- ХХК-аас 387 379 110 төгрөг, хариуцагч СК- ХХК-аас 128 784 681 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. /1хав-1-2-х, 3 хав-178-179-х/

Хариуцагч СК- ХХК нь нэхэмжлэгч ГТ- ХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч СГ- ХХК нь нэхэмжлэгч ГТ- ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй, мөн техникүүдийн сард ажиллах цагийн талаар тохиролцоогүй, харин техникүүдийн нэг сарын түрээсийн төлбөрийг 80 357 200 төгрөгөөр тооцож 156 230 983 төгрөг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

1. Нэхэмжлэгч ГТ- ХХК нь хариуцагч СК- ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 18 729 333 төгрөг, алданги 9 364 665,15 төгрөг, 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын индүүний сул зогсолтын төлбөр 26 400 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг хугацаанд төлөөгүйгээс үүссэн алданги 74 290 682 төгрөг, нийт 128 784 681 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

ГТ- ХХК, СК- ХХК-иуд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан, түрээслүүлэгч Хьюндай-300, Хьюндай-2900, Хьюндай-3000 маркийн 3 ширхэг экскаватор, Сем 650В маркийн ковш, Сем 8218 маркийн индүү зэрэг 5 ширхэг техникийг мэргэжлийн операторуудын хамт түрээсээр ажиллуулахаар түрээслэгч түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна. /1хав-7-8-х/

Дээрх гэрээний 5.1-т техникүүд нь мото/цагийн хязгааргүй ажиллах бөгөөд Хьюндай 300, Хьюндай 2900, Хьюндай 3000 маркийн 3 ширхэг экскаваторын 1 сарын түрээсийн төлбөрийг тус бүр 24 200 000 төгрөгөөр, Сем 650В маркийн ковшийн түрээсийн төлбөрийг 1 сарын 21 500 000 төгрөгөөр, Сем 8218 маркийн индүүний 1 сарын түрээсийн төлбөрийг 20 000 000 төгрөгөөр тооцож СК- ХХК нь ГТ- ХХК-д төлөхөөр тохиролцжээ.

Иймд нэхэмжлэгч ГТ- ХХК болон хариуцагч СК- ХХК, хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ГТ- ХХК нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу Хьюндай-300, Хьюндай 2900, Хьюндай 3000 маркийн 3 ширхэг экскаватор, Сем 650В ковш, Сем 8218 индүүг түрээслэгч СК- ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Хариуцагч СК- ХХК ... нэхэмжлэгчээс түрээсэлсэн 5 тоног төхөөрөмжөөс индүүний төлбөрийг манай компани төлнө, бусад тоног төхөөрөмжийн төлбөрийг СГ- ХХК төлөхөөр тохиролцсон... гэж маргаж, СК- ХХК, СГ- ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. /2-хав-67-86-х/

Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэгт 2018 оны 10 дугаар сарын 28-наас 31-ний өдрийн хоорондох 4 хоногийн түрээсийн төлбөр шаардсан бөгөөд СК- ХХК болон СГ- ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэг энэ хугацаанд хамаарахгүй тул СК- ХХК түрээсийн төлбөрт 15 503 333 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч ГТ- ХХК болон СК- ХХК-ийн хооронд байгуулагдсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 6.3-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн заалттай нийцсэн гэж дүгнэж 15 503 333 төгрөгөөс 855 784 төгрөгийн алданги тооцсон талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч ГТ- ХХК хариуцагч СК- ХХК-аас Сем 8218 маркийн 10-38 УБ улсын дугаартай индүүний сул зогсолтын төлбөр 26 200 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь ГТ- ХХК болон СК- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний 3.7-т ажлын талбар дахь аливаа сул зогсолт, байгалийн аюул гамшгаас болсон сул зогсолт, ажил гүйцэтгэж байгаа компанийн дотоод болон гадаад харилцааны шалтгаанаас үүдэх тул сул зогсолтыг СК- ХХК бүрэн хариуцах ба албан бичгийг үндэслэн сул зогсолтыг 60 хувиар тооцон нэхэмжилэхээр тохиролцжээ. Нэхэмжлэгч ГТ- ХХК нь индүүний 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын сул зогсолтын төлбөрийг хариуцагч СК- ХХК-аас нэхэмжилж байсан гэх байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч ГТ- ХХК нь хариуцагч СК- ХХК-аас 328 556 800 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс алданги 74 290 682 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тэдгээрийн хооронд байгуулагдсан Тоног төхөрөөмжийн гэрээ-ний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч ГТ- ХХК болон хариуцагч СК- ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан нь нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын төлбөрийг СГ- ХХК-аас хүлээн авсан, мөн 2019 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг СГ- ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн тайлбараар тогтоогдож байна. ГТ- ХХК болон СК- ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан нэмэлт үүрэг нь мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч СК- ХХК-аас алданги шаардах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана.

Хариуцагч СК- ХХК нь Гүнтэлмэн ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Учир нь гэрээний хугацаа үүргийн гүйцэтгэлийг тодорхойлоход хамааралтай тул бие даасан шаардлага болохгүй буюу өөрөөр хэлбэл, шаардах эрхийн хугацааг тодорхойлох тул нэхэмжлэлийн үндэслэл болох юм. Гэтэл гэрээний хугацааг тодорхойлох буюу үйл явдлыг тогтоосон шийдвэр үндэслэлгүй тул талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсоныг тогтоолгох тухай СК- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК нь хариуцагч СГ- ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч ГТ- ХХК нь Soosan 550 маркийн экскаваторын молотокийг түрээслэгч СГ- ХХК-д нэг сарын 13 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсоноос дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1хав-9-10-х/

Гэрээний 4.1-т ... ажлын талбайд ажил эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. Гэрээний талууд харилцан тохиролцсоноор сунгаж болно гэж талууд тохиролцсон байна. Дээрх гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч хариуцагч СГ- ХХК нь түрээсийн зүйл болох молотокыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ашигласан болох нь СГ- ХХК-ийн ажилласан цагийн бүртгэлээр тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч ГТ- ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг 26 000 000 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар тус тус шаардах эрхтэй. Хариуцагч СГ- ХХК нь түрээсийн төлбөрт 65 000 000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс төлсөн 37 390 322 төгрөгийг хасаж тооцвол 27 609 677 төгрөг төлөөгүй талаар зохигч маргаагүй.

Талууд гэрээний 6.4-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж тохиролцсон нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 865 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Гэрээний 5.7-д техникийг ажлын талбайд хүргэх болон буцах тээврийн зардлыг СГ- ХХК хариуцах, тээврийн зардал нэг талдаа 2 000 000 төгрөг байхаар тохиролцжээ. Иймээс нэхэмжлэгч ГТ- ХХК нь хариуцагч СГ- ХХК-аас тээврийн зардалд 2 000 000 төгрөг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3. Нэхэмжлэгч ГТ- ХХК хариуцагч СК- ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу 3 ширхэг экскаватор, 1 ширхэг ковшийг хариуцагч СГ- ХХК нь ашигласан гэж төлбөрийг СГ- ХХК-аас гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч ГТ- ХХК болон хариуцагч СГ- ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус тул ГТ- ХХК нь СГ- ХХК-аас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Хариуцагч СГ- ХХК 3 ширхэг экскаватор, 1 ширхэг ковшийг ашиглаж 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 80 357 200 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ГТ- ХХК, СГ- ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Уг тоног төхөөрөмжийн ашиглалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаах боломжгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч ГТ- ХХК нь дээрх 4 ширхэг тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг хариуцагч СГ- ХХК-аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ГТ- ХХК, СК- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 5.1-т Техникүүд нь мото/цагийн хязгааргүй ажиллах бөгөөд түрээсийн үнэлгээг Хьюндай 300, Хьюндай 2900, Хьюндай 3000 маркийн 3 ширхэг экскаваторын 1 сарын түрээсийн төлбөрийг тус бүр 24 200 000 төгрөгөөр, Сем 650В маркийн ковшийг 21 500 000 төгрөг, нэг сард нийт 94 100 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон үнийн дүнг зөвшөөрч СГ- ХХК нь СК- ХХК-тай гэрээ байгуулсан байна. /1хав-7-8-х/

Түүнчлэн, СГ- ХХК нь СК- ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажилд ашиглагдах хүнд даацын тоног төхөөрөмж үйлчлүүлэгчээс гарах талаар тохиролцсон байх тул түрээсийн төлбөрийн мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй, мөн талууд тоног төхөөрөмжийн ажиллах хугацааг мото/цагаар тооцохоор тохиролцоогүй байх тул мото/цагаар тооцоогүй гэх хариуцагч СГ- ХХК-ийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч СГ- ХХК 2019 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 80 357 200 төгрөг төлснийг үндэслэн 2019 оны 02 дугаар сараас мөн оны 4 дүгээр сар хүртэл 3 сарын хугацаанд тоног төхөөрөмж ашигласны төлбөрт 241 071 600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 3 ширхэг экскаватор, 1 ширхэг ковшийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр тооцвол хариуцагч СГ- ХХК нь 1 сард 94 100 000 төгрөг төлөхөөр байгаа боловч анхан шатны шүүх 1 сарын төлбөрийг 80 357 200 төгрөгөөр тооцсонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч СГ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хууль буруу хэрэглэсэн гэснээс бусад хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/01193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг ... 493 дугаар зүйлийн 493.6 ... гэж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтаас ... ГТ- ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж СК- ХХК-д ... гэснийг хасаж 3 гэж дугаарласныг 2 гэж, 4 гэж дугаарласныг 3 гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж дугаарлан өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч СГ- ХХК-ийн төлсөн 1 515 685 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА