Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0731

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3** дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*** овогт Д У**** ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Д.У**** нь өмчлөх эрх бүхий С*** дүүргийн 1-р хороо, О*** 3-р гудамж, 2*** тоот хаягт байрлах нэгж талбарын 18***** дугаартай, гэр бүрийн хэрэгцээний зориулалттай 668,65 м.кв газрыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01**** дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу иргэн Д.Б*** гаас худалдан авч, уг газарт хүүхэд хөгжлийн төв барихаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Г**** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авчээ.

1.2. Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6*** дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 00*** 2**** дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна.

1.3. О*** гудамж СӨХ-ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2*** дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийг шалгуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлснийг үндэслэн Д.У**** д 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02*** дүгээр албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх сонсох ажиллагааны мэдэгдлийг өгсөн байна.

1.4. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосныг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02*** дугаар албан бичгээр мэдэгджээ.

1.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06** дугаар албан бичгээр ... тухайн байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулах нь тухайн ойр орчмын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж болзошгүй тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2022 оны А/*** дүгээр захирамжаар танд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх хариуг хүргүүлжээ.

1.6. Д.У**** гаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Д.У**** гаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэн Д.У**** миний бие С*** дүүргийн 1-р хороо, О*** 3** гудамж, 2*** тоот хаягт байрлах, нэгж талбарын 18***** дугаартай, 668.65 м2 газрыг иргэн Д.Б*** гаас хууль ёсны дагуу шилжүүлэн авч өмчилсөн бөгөөд уг газар дээр 2020 онд Г**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 онд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 00*** , 2**** дугаартай барилга угсралтын ажил явуулах зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авч барилгын ажил эхлүүлсэн.

Иргэн Д.Б*** гаас тус газрыг анх шилжүүлэн авч өмчилсөн үеэс эхлэн
Нийслэлийн Байгаль орчны газар ажилладаг гэх Г.Б*** , С*** дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэх Б.Э*** нар удаа дараа худалдан авах саналыг надад ирүүлдэг байсан бөгөөд саналыг нь хүлээн авахаас татгалзах болгон хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж намайг шалгуулдаг байсан.Тодруулбал миний бие өөрийн өмчлөлийн газартаа барилга барихаар авсан
зөвшөөрөлтэй холбогдуулан 2020, 2021 онуудад Авлигатай тэмцэх газарт хоёр удаа шалгуулсан бөгөөд тухай бүрд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг
бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж байсан.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар
дүүргийн шүүх, цагдаагийн байгууллагад өгч байсан ба бүх төрийн байгууллагууд
шалгалт хийгээд уг гаргасан гомдол үндэслэлгүй буюу бүх зүйл хууль ёсны дагуу гэдэг хариуг удаа дараа өгч байсан. Нөгөөтээгүүр үндэслэлгүй гомдол гаргасан Г.Б*** ээс болж барилгын ажил сүүлийн гурван жилийн хугацаанд зогсож бидэнд эдийн засаг санхүү, сэтгэл санааны маш их хохирлыг учруулсаар өдийг хүрсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Д.С*** нь А/*** дүгээр захирамжаар манай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр Нийслэлийн Засаг даргаас өнөөдрийг хүртэл надад албан ёсоор гардуулан өгөөгүй байгаа бөгөөд бид зөвхөн актын зургийг нь харж мэдсэн. Энэхүү шийдвэрийг миний бие эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргад өөрт нь хандан гомдол гаргасан боловч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06** дугаар хариу мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд ... танд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон байна" гэх тодорхой бус, ойлгомжгүй хариуг өгсөн.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Ерөнхий архитектурын 2020 оны Г**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 00*** , 2**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохдоо нэхэмжлэгч надад урьдчилан мэдэгдээгүй, Хот байгуулалтын газраас сонсох ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах талаар мэдэгдсэн боловч сонсох ажиллагаа болохоос өмнө Нийслэлийн Засаг даргын захирамж 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан байсан.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэгч миний бие өнөөдрийг хүртэл
хохирч байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын шийдвэрт гомдолтой байх тул
захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн "Захиргааны актыг хүчингүй болгох тухай" А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү
гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь иргэн Д.Б*** с С*** дүүргийн 1 дүгээр хороо, О*** гудамж 2*** дугаарт байрлах 668,65 га газрыг хууль ёсны дагуу өмчлөлдөө шилжүүлсэн. Тус газар дээр 2020 онд Г*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 00*** 2**** дугаартай барилгын ажлыг явуулах ажлыг тус тус авч барилгын ажил эхлүүлсэн. Уг газар нь иргэн Х.Д*** ын нэр дээр байсан. Х.Д*** нас барсан учраас түүний эхнэр Д.Б*** д шилжүүлсэн. Уг барилга нь анх авахад 9 давхар зөвшөөрөлтэй барилга байсан. Авсны дараагаар 5 давхар барилга барихаар өөрчлүүлсэн. Яагаад тус барилгыг барих гэж байгаа вэ гэхээр Д.У**** гийн охин н.Золзаяа асран хамгаалах төвөөс 2 өнчин хүүхэд өсгөсөн. Үүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэл болон өнчин байгаа хүмүүсийг уг хөгжлийн төвөөр дамжуулан хамгаалах шаардлагатай гэж үзэж тус барилгын ажлыг эхлүүлсэн. Уг барилгыг иргэн Д.Б*** с авснаас хойш Байгаль орчны газрын ажилтан Г.Бат-Мэргэн, С*** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Э*** нар уг газрыг авах саналыг тавьж байсан. Уг саналыг эсэргүүцэх бүрд холбогдох байгууллагаар шалгуулдаг байсан. Тухайлбал Авлигатай тэмцэх газарт хоёр удаа шалгуулсан. Улмаар шалгуулаад гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэр гарсан. Бусад холбогдох байгууллагаар шалгуулахад уг гомдол нь үндэслэлгүй гэж шийдвэрлэдэг байсан. Дээрх хоёр шалтгааны улмаас барилгын ажил удааширч их хэмжээний хохирол болоод сэтгэл санааны хохирол учирсан. Суурийг хоёр удаа өөрчилсөн. Уг захирамж анх гарахдаа бидэнд ерөөсөө мэдэгдээгүй, барилгын ажлын холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн байсан. Барилгын ажил эхлүүлэх гэсэн боловч уг захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй өөрөө харж байж мэдсэн.

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлүүд ирүүлсэн байсан. Мэдэгдэлд 05 дугаар сарын 27-ны өдөр бичгээр хариу тайлбараа ирүүлээрэй гэсэн боловч 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамж гарсан байдаг. Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах мөн иргэний хариу тайлбарыг сонсох ёстой байсан боловч сонсох ажиллагаа хийгдээгүй, хийх ёстой хугацаанаас өмнө захирамж гаргасанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны актыг гаргахдаа нэлээн хэдэн хуулийн заалтыг баримталж гаргасан харагдаж байна. Хуулийн заалт агуулгыг харахад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон иргэдийн эрхийг хамгаалах, эрх чөлөө болон хууль зүйн эдийн засгийн баталгааг хангах, норм дүрэм нийцүүлэх мөн хүн амын нягтралын хязгаарыг давсан гэх зэрэг үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлээ барьж актуудыг гаргасан байна. Гэхдээ эдгээр заалтуудыг харахад шинээр олгохдоо баримтлах хуулийн зохицуулалт мөн барилгын норм дүрэмд заасан хязгаарыг давсан зүйл байсан гэж бидний хувьд үзэж байгаа. Актуудыг 2008 онд анх иргэн Д.Б*** д тухайн газар өмчлөх газартаа өөрийн объектыг барих боломжийг олгосон актууд байгаа. Өөрөөр хэлбэл шинээр олгосон зүйл байхгүй. Хоёрдугаарт захиргааны акт гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг зайлшгүй хийх ёстой. Мэдэгдлээ хүргүүлсэн атлаа 05 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдлийг гардуулсан нь хавтаст хэрэг шинжлэн судлахад харагдсан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдэл явуулахад Нийслэлийн Засаг даргаас акт гаргаж, цуцалсан нөхцөл байдал харагдаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу иргэний итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулсан нөхцөл байдлууд харагдаж байна.

Акт гаргах зорилго чиглэл нь 2 зүйлийг тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. Хариуцагчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа талаар шалган тогтоосон зүйл байхгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу бодит нөхцөлд тохирсон байх ёстой байтал ямар нэгэн байдлаар таамаглалын шинжтэй актыг гаргасан байна. 2014 онд холбогдох байгууллагаас хянан баталгаажилтын дүгнэлтээр ямар нэгэн байдлаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулаагүй иргэдийн суурьшлын бүсэд тохиромжтой байна гэсэн дүгнэлт гаргаж байсан. Захиргааны байгууллагаас хуульд нийцэж байна гэж дүгнэлт гаргасан атлаа буцаагаад нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хяналтын прокурорын дүгнэлтээр ямар нэгэн байдлаар Захиргааны хууль, Барилгын тухай хуульд нийцүүлнэ гаргасан хэм хэмжээний актуудыг зөрчсөн нөхцөл байдал харагдахгүй байна. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлагдах үед, барилга баригдах үед барилгын хоорондын зай зөрчигдөөгүй байсан нь тогтоогдож байна. Онцгой байдлын газар буюу дээд шатны байгууллагаас галын норм хуульд нийцэж байна гэдэг шийдвэр гаргасан атлаа нэг сарын дараа С*** дүүргийн Онцгой байдлын хэлтсийн улсын байцаагчаас хуульд нийцэхгүй гэдэг дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө захиргаа буюу төрдөө итгэх итгэлийг алдагдуулсан нөхцөл байдал байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт хөгжлийн газрын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ өөрөө 2020, 2021, 2022 онуудад олгогдохдоо 9 давхар барилгыг 5 давхар болгож бууруулсан байгаа нь бодит үнэнд нийцэхгүй юм. Үзлэгээр орц, гарц хаасан асуудал байхгүй талаар шүүхээс тогтоосон. Иймд хариуцагчийн захирамж нь бодит нөхцөл байдалд тохироогүй, захиргааны акт гаргах хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн захиргааны акт болж чадаагүй тул тус актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С*** дүүргийн 1 дүгээр хороо, О*** 3** дугаар гудамжны 2*** тоот нэгж талбарын 18***** дугаартай 668 м2 газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлтийг ирүүлснийг судлан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 380 м2 талбайд 5 давхар хүртэл үйлчилгээний барилга барих 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Г**** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаа ирүүлж 2020 онд батлуулсан байна. Мөн 2022 оны 2**** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосон байна. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02*** дугаартай албан бичгээр Тус барилгын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс ирүүлсэн гомдлын дагуу Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно., О*** гудамж СӨХ-оос ирүүлсэн гомдлын дагуу
2022 оны 2**** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх талаар мэдэгдсэн. Гэвч хариу тайлбар мэдээлэл ирүүлж ажиллаагүй байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/*** захирамж нь үндэслэл бүхий гарсан болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж буцаан шийдвэрлэж өгнө үү
гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.У**** нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн мэдэгдэлд заасан тайлбар, санал гаргах хугацаа дуусгавар болоогүй байхад маргаан бүхий актыг гаргаж Д.У**** д хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй,

- Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 242 дугаартай тогтоолоор ...нэр бүхий иргэнд архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бусаар баталж өгч давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлагдах үед барилга баригдах газрын ойр орчим барилга баригдаагүй, барилга хоорондын зай зөрчилгүй байхад архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус,

- Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Г**** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар дахин олгож, мөн ондоо Хүүхэд хөгжлийн төвийн барилга-ын загвар зургийг баталсан байх ба мөн оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2**** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ.

3. Дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн хувьд барилга байгууламж барих үйл ажиллагааг эхлүүлэх эрх үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий, харин маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны А/*** дүгээр захирамж нь Д.У**** гийн тодорхой эрхийг дуусгавар болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актууд байна.

4. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь дээрх эерэг нөлөөлөл бүхий захиргааны актуудыг ... **** байрны оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид хуулиар олгосон шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зөрчигджээ. Үүнд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч нь захиргааны шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий шийдвэрийг гаргахгүй байх үндэслэлийг тайлбарлах, санал гаргах боломж олгох үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 02*** тоот албан бичгээр ...2022 оны 2**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөлд хүрэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх сонсох ажиллагаа явуулж байна. Иймд уг асуудлаар ...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариуг бичгээр ирүүлэхийг мэдэгдэж байна гэж мэдэгдсэн хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий А/*** дүгээр захирамжийг гаргаснаар тогтоогдож байна.

4.3. Иймд нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, Д.У**** гийн эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй.

4.4. Зүй нь хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх зохицуулалтаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч иргэнд тайлбар, санал гаргах боломж олгосны үндсэн дээр түүнд барилга байгууламж барих эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийн боломжийг олгохын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны зарчим хэрэгжих үндсэн нөхцөл болохоор байжээ.

5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нөхцөлийг нэрлэн заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий актууд болох архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд хуульд тусгайлан заасан нөхцөлүүд бүрдсэн эсэхийг шалган тогтоосон байх шаардлагатай.

6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан.

7. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол гэж, 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүй, 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасныг үндэслэсэн гэх боловч сонсох ажиллагаа хийхгүй байх шалтгааныг болон нэхэмжлэгч Д.У**** гийн барих барилга нь бусад этгээдийн ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болохыг нотлох аливаа баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

6. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... СӨХ-оос гомдол гаргасан гэх боловч О*** гудамж СӨХ-оос нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2*** дугаартай албан бичиг нь ...Дандар овогтой Б*** гийн газар дээр олгосон барилгын ажлын зөвшөөрөл, ямар барилга баригдах гэж байгаа талаар тодорхой мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн агуулгатай буюу гомдлын шинжгүй байхын зэрэгцээ Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10*** тоот албан бичигт ... С*** дүүргийн 14 дүгээр хороо, **** байрны оршин суугчдаас тус газарт өргөдөл гомдол ирүүлсэн баримт хадгалагдаагүй гэсэн,

6.2. Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр С*** дүүргийн 14 дүгээр хороо, *** байрууд нь нэхэмжлэгч Д.У**** гийн барьж буй барилгаас зүүн хойд зүгт, төв зам дагуу байрлалтай, тусдаа орц гарцтай,

6.3. Харин 30б байр нь Д.У**** гийн хашаалсан газрын урдуур хөндлөн байрлаж буй автозамын чанх урд байрлалтай, байрныхаа зүүн талаар тойрч орох автомашины орц, гарцтай/энэ нь нэхэмжлэгчийн өмчилж буй газраас баруун урд зүгт/ нэхэмжлэгчийн барилга баригдах газраар дайрч өнгөрөх шаардлагагүй болох нь тогтоогдож байгаагаас үзвэл Хот байгуулалт хөгжлийн газраас Д.У**** д барилга барих эрх олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

6.4. Өөрөөр хэлбэл, Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Д.У**** д архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын гэрчилгээ олгосон нь нийтийн ашиг сонирхол, тэр дундаа актад дурьдсан байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн алдагдуулж байгаа нь тогтоогдохгүй байхад хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа чухам юунд, ямар баримт, гомдолд үндэслэж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаарх баримтыг, тухайлбал, тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1*** тоот албан бичгээр шаардсаны дагуу ирүүлэхгүй байх тул хариуцагч нь уг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа ... бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна.

7. Хариуцагч нь маргаан бүхий актыг нийслэлийн С*** дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 03** дугаар сарын 09-ний өдрийн 03*** тоот ...нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барьсан нь болзошгүй гал түймрийн гамшиг осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, ... эрсдэл бүхий нөхцөл байдлыг үүссэн гэж дүгнэж байна дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч энэхүү дүгнэлт нь уг дүгнэлтээс 1 сарын өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан нийслэлийн Онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 108/07 дугаартай дүгнэлт болон бодит байдлаас зөрүүтэй байна.

7.1. Тодлуулбал, Д.У**** гийн хувьд эрх олгогдсон баримт бичгийн дагуу барилгын ажлыг эхлүүлээгүй байхад хариуцагч нь Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 03*** тоот ...нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барьсан...-д холбогдох дүгнэлтийг үндэслэсэн нь ойлгомжгүйн зэрэгцээ дээрх 2 зөрүүтэй дүгнэлтүүдийг ялгаа, заагийг тодруулаагүй байх тул маргаан бүхий актыг гаргах Барилгын тухай хуулийн 7.2-т заасан Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэсэн нөхцөл үүссэн гэж үзэхээргүй байжээ.

8. Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У**** гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ