Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0797

 

 

 

 

 

 

Д.У-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн   

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/000  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 731 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0628/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.У-н  нь нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/000  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.     

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0731 дүгээр шийдвэрээр: “...нэхэмжлэгч Д.У-н гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/000  дүгээр захирамжийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 216 тоот нэгж талбарын 18644310075415 дугаартай 668 м2 газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлтийг ирүүлснийг судлан газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 380 м2 талбайд 5 давхар хүртэл үйлчилгээний барилга барих 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/17-053 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаа ирүүлж 2020 онд батлуулсан байна. Мөн 2022 оны 261/2022 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон байна.

3.2. Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/10/1814 дугаартай албан бичгээр “Тус барилгын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс ирүүлсэн гомдлын дагуу Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, “Ойн гудамж” СӨХ-өөс ирүүлсэн гомдлын дагуу 2022 оны 261/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх” талаар мэдэгдсэн. Гэвч хариу тайлбар мэдээлэл ирүүлж ажиллаагүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “4.2-т Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 261/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх сонсох ажиллагаа явуулж байна. Иймд уг асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариуг бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн гэтэл 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий А/000  дугаар захирамж гарсан” гэжээ. Хот байгуулалт хөгжлийн газрын мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг гарсан боловч тухайн байгууллагын шууд удирдах нэгж буюу нийслэлийн Засаг даргаас шийдвэр гарсан нь тус газрын албан бичиг мэдэгдэлийн хугацааг хүлээх үндэслэл болохгүй байна.

3.4. нийслэлийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 28-т заасан хуулийн заалтыг үндэслэж гарсан байна. 6.4-т ...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/7551 тоот албан бичгээр шаардсаны дагуу ирүүлэхгүй байх тул хариуцагч нь уг нөхцөл байдлыг тогтоогоогүй гэжээ захиргааны хэргийн шүүх нь шаардлагатай гэж үзсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй байж энэ мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь зөрчилтэй байна. Нийтийн эрх ашиг нь хөндөгдөх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал зөвхөн тухайн бүсэд байрлах иргэдийн гомдол саналаар хэмжигдэхгүй бөгөөд төлөвлөлт, бүсчлэлийн хэмжээ даац хэтэрсэн болон бусад нөхцөл байдлыг хангах үүрэг гаргахдаа төрийн байгууллагад байдаг. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 030/01 тоот албан бичиг нь нийслэлийн Онцгой байдлын газрын хяналтын байцаагчийн дүгнэлт зөрүүтэй байна гэжээ. Зүй нь тус 2 дүгнэлт шийдвэр нь зөрүүтэй байгаа бол эцэслэн шийдвэрлэж дүгнэх ёстой атал 2 дүгнэлт зөрүүтэй байх тул үнэлэх боломжгүй байна зэргээр анхан шатны шүүхийн шийдвэрт дурдан шийдвэрлэсэн нь өөрөө хуульд үндэслэсэн шийдвэр болоогүй байна.

3.5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0731 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д.У-н гаас “нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны актыг хүчингүй болгох тухай А/000  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасныг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Хариуцагч нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Д.У-н д 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/10/1814 тоот мэдэгдлээр “...Ойн гудамж СӨХ-оос ирүүлсэн гомдлын дагуу 2022 оны 261/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” талаар сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэж, хариуг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардсан байна.

5. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн эрхээ хамгаалах боломжийг олгох зорилготой.

6. Гэвч захиргаа өөрөө сонсох ажиллагаа явуулахаар хугацаа тогтоосон боловч тогтоосон хугацаанаасаа өмнө захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй “...Хот байгуулалт хөгжлийн газрын мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг гарсан боловч тухайн байгууллагын шууд удирдах нэгж буюу нийслэлийн Засаг даргаас шийдвэр гарсан нь тус газрын албан бичиг мэдэгдлийн хугацааг хүлээх үндэслэл болохгүй” гэх тайлбараар хариуцагчийг зөвтгөх боломжгүй.

7. Мөн хариуцагчаас захиргааны акт гаргах болсон үндэслэлээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамжинд байрлах 26а, 26б, 26в, 26д, 26е, 30б байрнуудын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан, тус байрнуудын оршин суугч иргэдээс гомдол гаргасан гэж тайлбарлах боловч нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/3051 тоот албан бичиг, “Ойн гудамж” СӨХ-ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22/033 тоот албан бичгээр тус нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

8. Тодруулбал Ойн гудамж СӨХ-оос нэхэмжлэгч иргэний өмчлөлийн газар дээр ямар барилга баригдах гэж байгаа талаар тодорхой мэдээллийг гаргаж өгөхийг нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас хүссэн байхад түүнийг нь нэг үндэслэл болгож хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

9. Түүнчлэн нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/17-053 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 5-д зааснаар тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Зүүн сэлбэ хорооллын барилгажилтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд нийцүүлэн баталсан байна.

10. Өөрөөр хэлбэл захиргаа холбогдох барилгажилтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд нийцэж байна гэж үзэж архитектур төлөвлөлтийн даалгавар баталж нэхэмжлэгчид эрх олгож байсан атлаа одоо нэхэмжлэгч иргэнийг “оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийтийн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал зөвхөн тухайн бүсэд байрлах иргэдийн гомдол саналаар хэмжигдэхгүй, төлөвлөлт, бүсчлэлийн хэмжээ, даац хэтэрсэн болон бусад нөхцөл байдлыг хангах үүрэг төрийн байгууллагад байдаг” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш гэж үзлээ.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.         

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

        ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

        ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ