Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2021/00546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 52 а байр, 38 тоот байрлах, ....................................-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст, Бугант 2 тоотод оршин суух, ...............................................д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шихихутаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х..............тэй харилцан тохиролцож 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 7565 УАЕ улсын дугаартай, LGGGJLDR77L655905 тоот аралын дугаартай D.DQG5211 маркийн 2007 онд үйлвэрлэсэн, цагаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгөөр үнэлж, Х..............т хүлээлгэн өгсөн. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу төлбөр болох 30.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр багтааж, Хаан банкны 5374249658 дансаар төлж дуусгах ёстой байсан. Миний бие Х..............ээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, нийт 252 хоног хэтрүүлсэн байна. Тухайлбал утсаар залгахад утсаа авдаггүй, Заамар суманд 4 удаа очиж мөнгөө төлөхийг шаардаж байсан. Иймд Х..............ээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.8, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг үндэслэн алданги 15.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 төгрөг нийт 45.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.............. нь хариуцагч Х..............т холбогдуулан 45.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. /хх-1/

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 7565 УАЕ улсын дугаартай, LGGGJLDR77L655905 тоот аралын дугаартай D.DQG5211 маркийн 2007 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгөөр үнэлж, Х..............т хүлээлгэн өгсөн боловч одоо болтол төлбөр 30.000.000 төгрөгийг, мөн алданги болох 15.000.000 төгрөгийг төлөөгүй гэжээ.

 

Хариуцагч Х..............т нэхэмжлэгч О..............ы дээрх нэхэмжлэлийн хувийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ... шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй..., хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож холбогдох хэргийг шүүх шийдвэрлэнэ заасныг танилцуулж, тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан. /хх 13/

 

Х.............. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт хариу тайлбараа шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлэх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн дээрх эрхийг албадан эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар шүүхэд ирж тайлбар өгөөгүйг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь дээрх хуульд нийцнэ.

Хариуцагч Х.............. нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 09 минутад өмгөөлөгч Б.Баярмагнайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нь шүүхэд Миний бие өмгөөллийн 2437 дугаартай өмгөөлөгч Б.Баярмагнай би Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутын хуралдаанд Л.Бат-Өлзийгийн өмгөөлөгчөөр оролцох тул тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдаануудыг хойшлуулж өгнө үү, Ковид-19 цар тахалтай холбоотой холын аймгийн бүс учир 28-ны өдөр явна гэсэн хүсэлт ирүүлсэн байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан хуулийн шаардлага хангахгүйгээс гадна нэмэлт тайлбар нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай ... шинжлэн судлах шаардлагатайд хамаарах хүсэлт нотлох баримтад хамаарахгүй байх тул нэхэмжлэгч талаас /хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх/ гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

Үүнд: Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 3-4/,

 

О..............ы иргэний үнэмлэх, Х..............ийн иргэний үнэмлэхний лавлагаа, мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримт /хх 3 хуудсны ар талд/ зэрэг болно.

 

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн бичгийн баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар О.............. нь Х..............т 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 7565 УАЕ улсын дугаартай, LGGGJLDR77L655905 тоот аралын дугаартай D.DQG5211 маркийн 2007 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, өөрөө буулгагч, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц худалдан авагчийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэх үүрэг хүлээж,

 

Х.............. нь тээврийн хэрэгслийг үзэж, шалган хүлээн авч, 30.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр багтааж 5374249658 дансаар төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги нэмж төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх 3-4/

 

Талууд хэлэлцэн тохиролцон гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж, эд хөрөнгийг шилжүүлсэн байдлаас дүгнэхэд гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Тиймээс нэхэмжлэгч О.............. нь Х..............т эд хөрөнгө шилжүүлэх, Х.............. шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй ч гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Х.............. нь дээрх үүргээ биелүүлсэн эсэх нотлох үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу нэхэмжлэгч О..............ы нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т заасны дагуу шаадлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл бий болж байх тул хэлэлцэн тохиролцсон эд хөрөнгийн үнэ 30.000.000 төгрөгийг О..............д төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Зээлээр худалдах худалдан авах гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсон байна.

 

О.............. нь гэрээний 3.8-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 15.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15.000.000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Талууд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож худалдан авагчаар төлүүлэх эрхтэй гэж тохиролцсон хэдий ч гэрээний хугацаа дууссан, Иргэний хуульд заасны дагуу хугацаа хэтэрсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрсэнтэй холбогдож учирсан хохирлоо төлүүлхээр заасантай адилтган алданги 15.000.000 төгрөгийг хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 262 дугаар зүйлийн 263.4-д заасныг баримтлан Х..............ээс 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан, О..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х..............ээс 307.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О..............д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х..............ээс 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О..............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х..............ээс 307.950 гаргуулан нэхэмжлэгч О..............д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ