Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2021/00014

 

                                                          

 

 

О.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2021/00546 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Эы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Бт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шихихутаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Бтэй харилцан тохиролцож 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 7565 УАЕ улсын дугаартай LGGGJLDR77L655905 тоот арлын дугаартай D.DQG5211 маркийн 2007 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 30.000.000 төгрөгөөр үнэлж, Х.Бт хүлээлгэн өгсөн. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу төлбөр болох 30.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр багтааж, Хаан банкны 5374249658 дансаар төлж дуусгах ёстой байсан. Миний бие Х.Бээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, нийт 252 хоног хэтрүүлсэн байна. Тухайлбал утсаар залгахад утсаа авдаггүй, Заамар суманд 4 удаа очиж мөнгөө төлөхийг шаардаж байсан. Иймд Х.Бээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.8, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг үндэслэн алданги 15.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 төгрөг нийт 45.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Бээс 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Бээс 307 950 гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч О.Эы нэхэмжлэлтэй хариуцагч Х.Бт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт холбогдуулан 45 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021.07.28-ны өдөр хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэлэлцээд 151/ШШ2021/00546 дугаартай шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэрийг хариуцагч 2021.08.29-ний өдөр гардан авсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийг хүртэл гардан аваагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно" гэж заасан байна.

Уг шийдвэр нь дараах байдлаар хууль зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан үндэслэлүүд байна. Үүнд:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх" эрхтэй мөн зүйлийн 25.1.2 дахь хэсэгт "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох" эрхтэй гэж заасан гэтэл шүүхээс хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дээрх хэргийн материалтай танилцах боломжоор огт хангаагүй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “өөр орон нутагт Шүүх хуралдаан давхацсан тул Х.Бт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн боловч уг хэрэгт шүүх хуулбарлан хийсэн ба үүнийгээ нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэж байгаа нь оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан байна.

Хариуцагчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтоолгох үйл баримтыг гаргаж өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтээ шүүхэд гаргах байсан боловч уг эрхийг нь хууль бусаар хязгаарласан байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 151/ШШ2021/00546 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан, зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр О.Эы нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Х.Бт нэхэмжлэлийн хувийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гардуулан өгч, мөн өдөр хуульд заасан ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар танилцуулсан байх ба иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, шүүх хуралдааныг 2021оны 07 дугаар сарын 28-нд явуулахаар товлож тогтоожээ.

Хариуцагч Х.Бт шүүх хуралдааны товыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр утсаар мэдэгдсэн байх бөгөөд шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг Б.Баярмагнайд олгосон байна. /хх-ийн 19, 21тал/

Ийнхүү хариуцагч Х.Бээс Б.Баярмагнайд итгэмжлэл 3 жилийн хугацаатай олгосноор Б.Баярмагнай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай итгэмжлэл болон   шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт холбогдох 2 хуудас баримтын хамт  шүүхэд /хх-ийн 21-24 тал/ 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлснийг шүүх биечлэн оролцох хүсэлтийг хангалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүх хариуцагч Х.Бт эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг хийсэн боловч харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайд  эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт бичгээр мэдэгдсэн өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргээ бүрэн ойлгож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж боломжийг хязгаарласан байна.

Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотойгоор хүргүүлсэн  баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь заалтыг баримтлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд холбоотой бичмэл нотлох баримттай холбогдуулан “...хүндэтгэн үзэх шалтгаантай... шинжлэн судлах шаардлагатайд хамаарах хүсэлт болон нотлох баримтад хамаарахгүй“ гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.

Энэ нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох  эрхийг хязгаарласан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаанд зайлшгүй дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд үүссэн маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тодорхойлж тогтоохгүйгээр маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүх оновчтой хэрэглэж чадахгүй юм.

Шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Юуны өмнө талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан ердийн худалдах, худалдан авах гэрээ эсвэл  Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэхийг шүүх зөв тодорхойлох шаардлагатай байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн зарим шаардлагад алданги гэж 15 000 000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх үүнийг хохирол гэж эрх зүйн өөр ойлголттой холбон дүгнэлт хийсэн, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2021

оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2021/00456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Х.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               Т.ЭНХМАА