Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/01688

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 07 өдөр           Дугаар 182/ШШ2017/01688         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЗД-д холбогдох,

 

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тавихыг даалгуулах, ажилгүй байх үеийн цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Б миний бие Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 06 дугаар сарын 20-ны Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны Б/115 тоот захирамжаар үргэлжлүүлэн тус сургуульдаа захирлаар үлдэн ажиллаж байтал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар хэлмэгдүүлэн ажлаас халлаа. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийг үзэхэд хичээлийн 2 дугаар байранд 2015-2016 оны хичээлийн жилд бага ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг уриалан 2015 оны 10, 11 дүгээр сард гурван удаа хуралдан 12 дугаар сард эцэг эхчүүдээс хүлээн авсан телевизийн мөнгийг нь төрийн санд байршуулаагүй бэлнээр зарцуулсан хэмжээн гүтгэж хэлмэгдүүлжээ.

Бид эцэг эхчүүдтэй хамтран дээрх үйл ажиллагаа зохицуулахдаа анхнаасаа мөнгө хураах болон үнэ судлах, худалдан авах бүх үйл ажиллагааг эцэг эхчүүд өөрсөөд хийхээр тохиролцон ажилласан. Эцэг эхчүүд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд харьяалалтай бус учир дээрх 14 телевизийн мөнгийг төсөвт байршуулж байж зарцуулах үүрэг хүлээхгүй. Эцэг эхийн зөвлөл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Б надад ийм үүрэг оногдуулаагүй тул би мөн тийм үүрэг хүлээхгүй болж байгаа юм.

Миний Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэмээн заасан заалт юм.

2015-2016 оны хичээлийн жилд БСШУ-ны яамнаас “Багш бүрийн хэрэгцээнд багш бүрийг нотебүүктэй” болгосон.

Гэтэл үүн дээр бэлдсэн хичээлийг хэрхэн төвөг багатайгаар хүүхдэд хүргэх вэ хэмээх ажлыг зохион байгуулах үүрэг ажил хариуцаж ажиллаж байгаа хүн бүрт тулгасан асуудал юм. Миний бие ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн зүйл алга, хөрөнгө үрэгдүүлэн алга болгосонгүй харин ч улсын төсвийг 9,380,000 төгрөгөөр хэмнэн эцэг эхчүүдээс санал санаачилга гаргуулан 14 телевиз авахуулан бүтэн 2 хичээлийн жил сургалтад ашиглаж ажилласан нь ажлаас халах үндэслэл болж байгаад миний бие гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 26.2 Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хэмээх заалтыг зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Захирамжид 2015 оны 10, 11 дүгээр сард буюу 2015-2016 оны хичээлийн жилд хийгдсэн ажлын хугацааг шалгалтын хариунд бичиж тайлбарласаар атал зориуд 2016-2017 оны хичээлийн жил болгон өөрчилж оруулсан нь арга хэмжээ авах зорилгоо биелүүлэх санаатай үйлдэл хэмэн үзэхээс өөр арга үгүй болж байна. Иймд би ажлаасаа халагдсан их гомдолтой байгаа юм. Иймд шүүхээс Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захиралд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал А.Быг ажлаас халсан.

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээр 2016-2017 оны хичээлийн жилд эцэг эхээс мөнгө хураан 9,380,000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан бөгөөд тус хандивын мөнгийг төрийн сангийн дансаар дамжуулаагүй бэлнээр зарцуулсан. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасныг зөрчсөн байна. Мөн захирлын тушаалаар 7 багшид 50-75%-иар ур чадварын нэмэгдэл олгосон нь Боловсрол Шинжлэх ухааны сайд, НХХС, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 4-т ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно гэж заасныг зөрчиж байгаа нь хууль зөрчиж байна. Мэргэжлийн бус 2 багшийг бага ангийн багшаар, Соёл урлагийн их сургуулийн сийлбэрчний анги төгссөн хүн техник, технологийн багшаар, багшлах эрхгүй 4 хүнийг ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд 6 дугаар сар болон 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэснийг зөрчсөн нь үйлдэл, эс үйлдхүй нь сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна. Энэ нь А.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон заасан зөрчлийг гаргаж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс А.Бын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс хуульд нийцсэн ажиллагаа явагдсан. Шалгасан сургуулийн захирлуудыг бүгдийг нь ажлаас халсан биш юм. Нийтдээ 10-н сургуулийн захирлаас 4 нь халагдсан шиг санагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтыг урьдчилан мэдэгдэхийг зааж өгөөгүй байдаг. Сургуулийн захирал Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д хуульд заагаагүй төлбөр хураамжийг авахыг хориглосон байдаг. Шууд зарцуулсан нь хууль бус үйлдэл юм. Сургалтын байгууллагын нэр хүндэд нөлөөлж байгаа зүйл юм. Ном, дэвтэр шахах, хандив авах зэргээр маш их гомдол цохих байгууллагад ирдэг. Хууль ёсны үйл ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч А.Б нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тавихыг даалгуулах, ажилгүй байх үеийн цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч А.Б нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал А.Быг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 дугаар захирамж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1503/СЗ011 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1603/СЗ020 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, А.Бын Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/82 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан захирамждаа “...Сургуулийн суралцагчдын эцэг, эхээс 2016-2017 онд авсан 9,380,000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал А.Бд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж нэхэмжлэгч А.Быг ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид эцэг эхчүүдтэй хамтран дээрх үйл ажиллагаа зохицуулахдаа анхнаасаа мөнгө хураах болон үнэ судлах, худалдан авах бүх үйл ажиллагааг эцэг эхчүүд өөрсдөө хийхээр тохиролцон ажилласан.

Миний бие ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн зүйл алга, хөрөнгө үрэгдүүлэн алга болгосонгүй харин ч улсын төсвийг 9,380,000 төгрөгөөр хэмнэн эцэг эхчүүдээс санал санаачилга гаргуулан 14 телевиз авахуулан бүтэн 2 хичээлийн жил сургалтад ашиглаж ажилласан нь ажлаас халах үндэслэл болж байгаад миний бие гомдолтой байна.

Захирамжид 2015 оны 10, 11 дүгээр сард буюу 2015-2016 оны хичээлийн жилд хийгдсэн ажлын хугацааг шалгалтын хариунд бичиж тайлбарласаар атал зориуд 2016-2017 оны хичээлийн жил болгон өөрчилж оруулсан нь арга хэмжээ авах зорилгоо биелүүлэх санаатай үйлдэл хэмээн үзэхээс өөр арга үгүй болж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...ажлын хэсгийн дүгнэлтээр 2016-2017 оны хичээлийн жилд эцэг эхээс мөнгө хураан 9,380,000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан бөгөөд тус хандивын мөнгийг төрийн сангийн дансаар дамжуулаагүй бэлнээр зарцуулсан. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг зөрчсөн байна.

Мөн захирлын тушаалаар 7 багшид 50-75 хувиар ур чадварын нэмэгдэл олгосон нь Боловсрол шинжлэх ухааны сайд, НХХС, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 4-т ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно гэж заасныг зөрчиж байгаа нь хууль зөрчиж байна.

Мэргэжлийн бус 2 багшийг бага ангийн багшаар, Соёл урлагийн их сургуулийн сийлбэрчний анги төгссөн хүн техник, технологийн багшаар, багшлах эрхгүй 4 хүнийг ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд 6 дугаар сар болон 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэснийг зөрчсөн нь үйлдэл, эс үйлдхүй нь сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна.

Энэ нь А.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон заасан зөрчлийг гаргаж,

Сургуулийн захирал Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д хуульд заагаагүй төлбөр хураамжийг авахыг хориглосон байдаг. Шууд зарцуулсан нь хууль бус үйлдэл юм. Сургалтын байгууллагын нэр хүндэд нөлөөлж байгаа зүйл юм. Хууль ёсны үйл ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Б Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжид гомдлоо 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, мөн зүйлийн 132.1.3-т “ажлаас халах” гэж тус тус заажээ.

 

Сургуулийн суралцагчдын эцэг, эхээс 2016-2017 онд авсан 9,380,000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэх ёстой.

 

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан ажлын хэсгийн удирдамжаар Нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргаж, зөвлөн туслах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж гаргах зорилготой ажлын хэсэг байгуулагджээ.

Уг ажлын хэсгийн Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, дүгнэлт гарган, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр ажлын илтгэх хуудас болон дүгнэлтээр 2016 онд эцэг, эхээс бэлэн мөнгө хураан 9,380,000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авч тус хандивын мөнгийг төрийн сангийн дансаар дамжуулаагүй бэлнээр зарцуулсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг үндэслэн сургуулийн захиралд хариуцлага хүлээлгэх санал гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч А.Быг ажлаас чөлөөлсөн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/82 дугаар захирамжийн үндэслэл болгон тайлбарлаж буй А.Быг сургуулийн суралцагчдын эцэг, эхээс 2016-2017 онд авсан 9,380,000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-09-294/215 тоот дүгнэлт, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зарлагын баримт, Нийслэлийн Ерөнхий боловсролын зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, дүгнэлт гарган, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр хийсэн ажлын илтгэх хуудас нь А.Быг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журам, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт гэж дүгнэх боломжгүй байна.

 

Харин хэрэгт авагдсан баримтаар 2015-2016 оны хичээлийн жилд эцэг, эхийн хандиваар 9,380,000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг зурагтыг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд биет байдлаар хандивласан болон уг эд хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэсэн болох нь Эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 тоот албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/89 дүгээр “Эргэлийн бус хөрөнгө бүртгэх” тухай тушаал, түүний хавсралт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Үндсэн хөрөнгийн тайлан зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд А.Быг ажлаас чөлөөлөхдөө сургуулийн суралцагчдын эцэг, эхээс 2016-2017 онд авсан 9,380,000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан зөрчлийг гаргасан гэх байдал тогтоогдоогүй байхад түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжаар А.Быг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул А.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.

 

Ажил олгогчийн захирамж нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч А.Быг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 4,500,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу А.Бын ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 919,326  төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 42,759 төгрөг болох нь хэрэгт авагдсан А.Бын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч А.Бын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2017 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу А.Бын ажилгүй байсан ажлын 95 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,062,105 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч А.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437,895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгч А.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+79,943 төгрөг/ нийт 150,143 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Быг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,062,105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437,895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

           

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.Бын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,143 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС