Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00416

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/01688 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дүгээр магадлалтай,   

                                                                                                                                   

            А.Б-ын нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тавихыг даалгуулах, ажилгүй байх үеийн цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч А.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 06 дугаар сарын 20-ны Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны Б/115 тоот захирамжаар үргэлжлүүлэн сургуульдаа захирлаар үлдэн ажиллаж байтал 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар хэлмэгдүүлэн ажлаас халлаа. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийг үзэхэд хичээлийн 2 дугаар байранд 2015-2016 оны хичээлийн жилд бага ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг уриалан 2015 оны 10, 11 дүгээр сард гурван удаа хуралдан 12 дугаар сард эцэг эхчүүдээс хүлээн авсан телевизийн мөнгийг нь төрийн санд байршуулаагүй бэлнээр зарцуулсан хэмээн гүтгэж хэлмэгдүүлжээ. Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн заасан заалт юм. 2015-2016 оны хичээлийн жилд БСШУ-ны яамнаас багш бүрийн хэрэгцээнд багш бүрийг нотебүүктэй болгосон. Гэтэл бэлдсэн хичээлийг хэрхэн төвөг багатайгаар хүүхдэд хүргэх вэ хэмээх ажлыг зохион байгуулах үүрэг ажил хариуцаж ажиллаж байгаа хүн бүрт тулгамдсан асуудал юм. Ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн зүйл алга, хөрөнгө үрэгдүүлэн алга болгосонгүй харин ч улсын төсвийг 9.380.000 төгрөгөөр хэмнэн эцэг эхчүүдээс санал санаачилга гаргуулан 14 телевиз авахуулан бүтэн 2 хичээлийн жил сургалтад ашиглаж ажилласан нь ажлаас халах үндэслэл болж байгаад миний бие гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 26.2 “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” заалтыг зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан байна. Захирамжид 2015 оны 10, 11 дүгээр сард буюу 2015-2016 оны хичээлийн жилд хийгдсэн ажлын хугацааг шалгалтын хариунд бичиж тайлбарласаар атал зориуд 2016-2017 оны хичээлийн жил болгон өөрчилж оруулсан нь арга хэмжээ авах зорилгоо биелүүлэх санаатай үйлдэл хэмээн үзэхээс өөр аргагүй болж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захиралд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээр 2016-2017 оны хичээлийн жилд эцэг эхээс мөнгө хураан 9.380.000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан бөгөөд тус хандивын мөнгийг төрийн сангийн дансаар дамжуулаагүй бэлнээр зарцуулсан. Энэ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна" гэж заасныг зөрчсөн байна. Мөн захирлын тушаалаар 7 багшид 50-75 хувиар ур чадварын нэмэгдэл олгосон нь Боловсрол Шинжлэх ухааны сайд, НХХС, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 4-т ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшингөөс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно гэж заасныг зөрчсөн байна. Мэргэжлийн бус 2 багшийг бага ангийн багшаар, Соёл урлагийн их сургуулийн сийлбэрчний анги төгссөн хүн техник, технологийн багшаар, багшлах эрхгүй 4 хүнийг ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд 6 дугаар сар болон 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй” гэснийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна. Энэ нь А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон гэж заасан зөрчлийг гаргаж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс А.Б-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/01688 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ыг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4.062.105 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437.895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150.143 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/01688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 01688 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 2351 дугаартай магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр, магадлал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судлаж дүгнэлт хийгээгүй, зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Энэ тухай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичсэн. Тухайлбал ИХШХШ тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2-т зааснаар гэрчээр 9 дүгээр сургуулийн нярав Г.Цагаанхүүхэнээс мэдүүлэг авах хүсэлт гаргаж, шүүх хуралд оролцуулахаар авчирсан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “ ... эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан хандиваас 14 ширхэг зурагтыг хүлээн авч, 2016 онд үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогджээ “ гэж тэмдэглэсэн нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүй болохыг баталж байгаа. Нийслэлийн Төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргаж зөвлөн туслах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж гаргах зорилготой хийгдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр “СХД-ийн 9 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016-2017 оны хичээлийн жилд эцэг эхээс мөнгө хураан 9.380.000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан бөгөөд тус хандивын мөнгийг төрийн сангийн дансаар дамжуулаагүй бэлнээр зарцуулсан болох нь батлагдсан. Нэхэмжлэгч А.Б- нь шүүхэд нотлох баримтаар Б.Сайнцэцэгийн хөтөлсөн 2015 оны 11 сарын 09-ний өдрөөр огноолсон хурлын тэмдэглэл №1,4 дүгээр ангийн эцэг эхийн төлөөлөл Ж.Орхон-Сэлэнгийн хөтөлсөн 2015 оны 10 сарын 15-ны өдрийн № 2 хурлын тэмдэглэл, Б.Сайнцэцэгийн хөтөлсөн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн №3 хурлын тэмдэглэлүүдийг өгсөн. Энэхүү баримтууд нь 9 дүгээр сургуулийн санхүүгийн анхан шатны баримтад байхгүй байсан учир шалгалтаар илрүүлж дээрх дүгнэлтийг хийсэн. Мөн 9 дүгээр сургуулийн санхүүгийн анхан шатны баримтад 2016 оны 11 сарын 20-ны өдрөөр огноолсон “Амгалан сайхан“ ХХК-иас чадлын өсгөгч 2 ширхэг, НРР маркийн зурагт 14 ширхэг, дипузер 7 ширхэг нийт 10.730.000 төгрөгийн баримт байгаагаас 9.380.000 төгрөгийн 14 ширхэг зурагтыг хандивын мөнгийг төрийн санд байршуулалгүй зарцуулсан гэж үзсэн. Нэхэмжлэгч А.Б- нь үүнтэй холбоотойгоор шүүхэд 2016 оны 02 сарын 01-ний өдрөөр огноолсон “Жинди" ХХК-иас НРР маркийн зурагт 14 ширхэг, холбогч 14 ширхэг, нийт 9.632.000 төгрөгийн зарлагын баримтыг эх хувиар нь өгсөн байгаа. ИХШХШ тухай хуулийн 38.6-д зааснаар "хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгуулагад ... байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ." гэснийг зөрчиж, А.Б-ын гаргаж өгсөн 9 дүгээр сургуулийн санхүүгийн баримтад байхгүй, сургуулийн бичиг хэрэгт бүртгэгдэж архивлагдаагүй АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ИХШХШ тухай хуулийн 38.4-т “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бусаар цуглуулахыг хориглоно“ гэснийг зөрчиж А.Б-ын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг магадлан шалгаагүй дүгнэлт өгсөн. Энэ байдлыг гэрчлэх гэрч Г.Цагаанхүүхэнээс мэдүүлэг аваагүйгээс нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль бусаар цуглуулсан болохыг нотлох гэсэн хариуцагчийн эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар ажил олгогчийн итгэлийг эвдээд зогсохгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.3. Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 08 сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 4-т “Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно.” гэснийг А.Б- нь зөрчиж 7 багшид 50-75 хувиар ур чадварын нэмэгдэл олгож, төсвийн мөнгийг илүү зарцуулсан, багшлах эрхийн үнэмлэх аваагүй 4 хүнийг ажилд авсан зэрэг Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчиж ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн зэрэг нь шалгалтаар илэрсэн байхад үүнд дүгнэлт өгөөгүй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01688 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2351 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Б- нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх үеийн цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажлын хэсгийн дүгнэлтээр 9,380,000 төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авсан бөгөөд тус хандивын мөнгийг төрийн сангийн дансаар дамжуулалгүй бэлнээр зарцуулсан, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон гэж маргасан.

 

Нэхэмжлэгч А.Б- нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн В/115 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон халахаар сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Нийслэлийн Засаг дарга ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгожээ.

           

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “...Сургуулийн суралцагчдын эцэг, эхээс 2016-2017 онд авсан 9,380,000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...Бид эцэг эхчүүдтэй хамтран дээрх үйл ажиллагаа зохицуулахдаа анхнаасаа мөнгө хураах болон үнэ судлах, худалдан авах бүх үйл ажиллагааг эцэг эхчүүд өөрсдөө хийхээр тохиролцон ажилласан, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн зүйлгүй, хөрөнгө үрэгдүүлээгүй, улсын төсвийг хэмнэн 14 зурагтыг 2 хичээлийн жил сургалтад ашиглаж ажилласан нь ажлаас халах үндэслэл болж байгаад   гомдолтой” гэсэн байна.  

Нэхэмжлэгч А.Б- Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор гаргажээ.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”-ыг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч А.Б-ыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/82 дугаар захирамжийн үндэслэл болгон тайлбарлаж буй Д.Батжаргалыг сургуулийн суралцагчдын эцэг, эхээс 2016-2017 онд авсан 9,380,000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 02-09-294/215 тоот дүгнэлт, Нийслэлийн Ерөнхий боловсролын зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, дүгнэлт гарган, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр хийсэн ажлын илтгэх хуудас нь А.Б-ыг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журам, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн 2015-2016 оны хичээлийн жилд эцэг, эхийн хандиваар 9,380,000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг зурагтыг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд биет байдлаар хандивласан, уг эд хөрөнгийг тус сургуулийн эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч татгалзлалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, А.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан ажлын 95 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,062,105 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, А.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/01688 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                                ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН