Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2020/01095

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2020/01095

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Алтантуул, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......... багт байрлах, ............... газар,

Хариуцагч: .......... тоотод оршин суух, эрэгтэй, .......... овогт Б.С,

Хариуцагч: ................ тоотод оршин суух, эмэгтэй, ........ овогт Н.Н холбогдох,

Байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 7.263.258 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............... газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансувд, хариуцагч Б.С., түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, хариуцагч Н.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, иргэдийн төлөөлөгч Ж.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............... газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ............... ............... сумыннутаг Баянгийн ам гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэх Г-223 дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад улмаар хэргийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Уг хэргийг тус хэлтсээс шалгахад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар ............... ............... Засаг дарга Б.С. нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч Н.Наранцэцэгт давуу байдал бий болгосон гэрээ байгууснаар тус нөхөрлөл нь ............... ............... сумыннутаг Баянгийн ам гэх газарт ашигт малтмал олборлож, экологи, эдийн засагт 7.200.758 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд Б.С. нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч Н.Наранцэцэгтэй Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээнд гарын үсэг зурж, гэрээ байгуулснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагцц Б.С.гийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл төгссөн гэж үзсэн байна. Дээрх хэргийг хяналтын прокурор Г.Энхмаа хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх үндэслэл бүрдэж, уг хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг, тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамраарагдаж байгаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үйлдсэн этгээд нь төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой тогтоогдож байна. Иймд Б.С., Н.Н.нараас байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 7.263.258 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Б.С. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд миний үйлдсэн үйлдлээс болж иргэн, аж ахуй нэгж байгууллагад 7.200.758 төгрөгийн хохирол учраагүй гэж үзэж байна. Намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, гэрээ байгуулсан гэж үзэж прокуророос тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан ч миний шууд үйлдлээс болж хохирол учраагүй. Учир нь Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч Н.Н-ийн хууль бусаар ашигт малтмал олборлосноос болж хохирол учирсан гэж үзэж байна. Мөн хэрэг бүртгэлтийн явцад Н.Наранцэцэгийг иргэний хариуцагчаар татаж хохиролын асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан. Иймд миний буруутай үйлдлээс болж иргэн, байгууллага, ААН-д шууд хохирол учраагүй бөгөөд байгаль экологид учруулсан 7.200.758 төгрөгийг холбогдох буруутай этгээдээс нэхэмжилж шийдвэрлэнэ үү. Мөн миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Б.С.гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Албан тушаалын гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг. Тухайн үед 2017-2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан, үүнийг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан байдаг. Ингээд үлэмж хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад эрүүгийн хэрэг гэ үзээд хэрэгигэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэрэг нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг ангилаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлыг төлж барагдуулаагүй байхад тогтоогдсон гэж үзээд байгаа юм. Угаасаа гэмт хэрэг биш байсан учраас гэмт хэргийн хохирлыг төлөх, гэмт хэргээс учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Засаг даргаар ажиллаж байсан Б.С.г хууль бус үйлдлийн улмаас гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлд дурдсан байдаг. Ямар үндэслэлээр хууль бус гэрээ байгуулсан гэж үзээд байгаа юм бэ?. Гурван тулга бадрах нөхөрлөл нь 2016 онд Б.С.гийн өмнө нь ажиллаж байсан Засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад тодорхой хэмжээний газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад гэрээний дагуу ажилласан байдаг. 2017 онд уг гэрээг үргэлжлүүлсэн. Яагаад үргэжлүүлсэн бэ гэхээр Гурван тулга бадрах нөхөрлөл нь урьд нь ямар нэгэн зөрчил гаргаагүй, нийгмийн хариуцлагынхаа үүргийг биелүүлж байсан учраас дахиад үргэлжлүүлээд гэрээ байгуулах боломжтой гэж үзсэн. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/4031 тоот ашигт малтмалын газраас ирүүлсэн дүгнэлтэд бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох газрууд болон ашиглаж болохгүй газруудыг тогтоосон. Энэ дүгнэлтэд зөвшөөрөгдсөн газарт гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох газарт нэг хүний 103 га газар, нэг нөхөрлөлийн 13 га газар оноосн байдаг. 13 га газрыг 2 нөхөрлөл 5, 5 га газраар хувааж аваад үлдэх 3 га газрыг Гурван тулга бадрах нөхөрлөл ашиглаж болохоор гэрээ байгуулсан. Засаг даргад 2015 оны 12 сарын 17-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хурлын 10 дугаар тогтоолоор шаардлага хангасан нөхөрлөлүүдтэй ашигт малтмалын гэрээ байгуулах эрх олгосон акт байдаг. Мөн аймгийн Засаг даргад аймгаас зөвшөөрөл авхуулахаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслээд 72 нөхөрлөлийн нэрсийг аймаг руу явуулсан байдаг. Энэ 72 нөхөрлөлөөс шаардлага хангасан нөхөрлөлд зөвшөөрөл олго гэдэг. Гэтэл уг 72 нөхөрлөлийн нэгэнд нь ч Засаг даргаас зөвшөөрөл олгоогүй байдаг. Энэ зөвшөөрөл олгоогүй 72 нөхөрлөлийн нэрсийн жагсаалтад Гурван тулга бадрах нөхөрлөлийн нэр байхгүй. Тухайн зөвшөөрөлтэй газар бөгөөд Гурван тулга бадрах нөхөрлөл нь урьд нь ямар нэгэн зөрчил гаргаагүй нь улмаас гэрээ байгуулсан. Мөн Б.С.г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 06 сарын 28-ны өдөр Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч Н.Наранцэцэгт давуу байдал бий болгож гэрээ байгуулсан гэж тайлбарлаад байна. Ямар давуу байдал үүсгэсэн гэж үзээд байгаа юм бэ? Н.Н.4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, үүнийг давуу байдал үүсгэсэн гэжх хэлээд байгаа юм уу? Нэг компаны газрыг 3 нөхөрлөлд хуваагаад гурвуулантай нь гэрээ байгуулсан. Сумын Засаг дарга сумын эрх ашгийн үүднээс гэрээ байгуулахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын талбайг засах материал бэлтгэх, 250 хүүхдийн блэг бэлтгэх, ахмадуудын хүлээлгийн өрөөг тохижуулахад туслах, мөн сургуульд 2.000.000 төгрөгийн хандив өгөх гэсэн чиг үүргийг гэрээ байгуулахдаа хэлсэн. Дүгнэлтэд зөвшөөрсөн Наранбулаг 13 га газрыг 3 хуваагаад Гурван тулга бадрах нөхөрлөлд 3 га газрыг өгсөн гэдэг. Иймд Б.С. хууль үлйдлэл хийсэн эсэх нь тогтоохдохгүй байна гэж үзэж байна. Сумын Засаг дарга нь эрх мэдлийнхээ хүрээнд ашигт малтмалын газрын зөвшөөрсөн дүгнэлттэй талбайд гэрээ байгуулсан байтал Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч Н.Н.нь гэрээгээ зөрчиж гэрээнд тусгагдсан талбайгаас хэтрүүлэн олборлолт явуулсан. Энэ зөрчлийг сумын байгаль орчны улсын байцаагч илрүүлж, бичиг баримтын хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Энэ тухай Н.Н.өөрөө мэдүүлсэн байдаг. Гэтэл түүний буруутай үйлдлийг сумын Засаг даргад хамааруулж хариуцагч гэж үзэж байгаад зөвшөөрөхгүй байна. Бодит байдал дээр Баянгийн ам гэх гэрээ хийгдсэн байтал Тосонгийн ам гэх газар луу бага хэсэг нь орсон байдаг. Мөн ............... сумынтүр орлон гүйцэтгэгчээр Хайлааст багийн Засаг дарга Ганцэцэг гэх хүн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Албан ёсны Засаг даргын орлогч гэх хүн ажилласаар байтал багийн Засаг дарга, сумын Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр хавсаргаж хийлгэсэн байдаг. Ганцэцэг нь тоор орлон гүйцэтгэгч хийж байх хугацаандаа прокурорын газарт нэхэмжлэл гаргахыг хүссэн 2019 оны 09 сарын 28-ны өдрийн 1/352 тоот алыан бичгийг явуулсан байдаг. Ганцэцэгийн ирүүлсэн албан бичгийг үндэслээд прокурорын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын төрийн сонирхол байсан юм болов уу гэж хардах үндэслэл байна. Засаг дарга Б.С. нь хариуцагч биш гэж үзэж байна гэв.

            Хариуцагч Н.Н.шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.С. хуулийн дагуу гэрээ хийж өгсөн. Урьд 2017 оны хэрэг нь хаагдсан байхад ямар үндэслэлээр сэргээснийг ойлгохгүй байна. Би хууль зөрчсөн хэрэг хийгээгүй гэж өөрийгөө бодож байна гэжээ.

   Хариуцагч Н.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 3.631.629 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Засаг даргатай гэрээ байгуулаад гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулаад хохирол учруулсан гэх нөхцөл байдал харагдаж байгаа. Эрүүгийн шалгагдаж байсан, шалгагдаад хэрэг хаагдсан. Тухайн үед Н.Наранцэцг нь бэлэн байсан шороог ухаж угаасан гэдэг. Түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд энэ хохирлыг төлөх үндэслэлтэй гэж үэзж байна. Гэрээ байгуулсан, гэрээнийхээ үндсэн дээр Баянгийн аманд үйл ажиллагаа явуулсан. Хэрвээ гэрээ байгуулагдаагүй байсан бол үйл ажиллагаа явуулахгүй байсан гэв.

 

   Иргэдийн төлөөлөгч Ж.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:.............

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............... газар нь Байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 7.200.258 төгрөг, нотариатын зардалд 62.500 төгрөгийг Б.С., Н.Н.нараас гаргуулахыг хүсч, шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Б.С. ...миний шууд үйлдлээс болж хохирол учраагүй, хариуцагч Н.Н.хуулийн дагуу гэрээ хийсэн, хууль зөрчсөн хэрэг хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шуух хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.С. нь 2016 оны 12 дугаар сараас эхлэн ............... ............... Засаг дарга хийж байсан, Засаг дарга Б.С. нь Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч Н.Наранцэцэгтэй 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4 сарын хугацаатай Бичил уурхай ажиллуулах гэрээг /хх 225-229/ байгуулсан, ............... ............... сумынБаянгийн ам гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсаны улмаас эвдэгдсэн газрын талбайн хэмжээ экологийн 7.200.758 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Уламбаярын Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолыг үндэслэн ............... ............... сумынБаянгийн ам гэх гэзэрт иргэн Н.Н-ийн хууль бусаар ашигт малтмал хайж эвдсэн талбайд хэмжилт судалгааг Байгаль орчны зөвлөх Нуман Алтай ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/22 дугаар шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд ...Н.Наранцэцэгт хамаарах хэсэг нь 4253м2 хэмжээтэй ... хууль бус үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд учирсан хохиролын нийт хэмжээ нь 7.200.758 төгрөг байна ...үүнд урьд өмнө эвдэгдсэн байсан учраас хөрс, ургамал, амьтан, агаар орчны хохиролыг тооцоогүй бөгөөд зөвхөн эдэлбэр газар 4130 төгрөг, газрын хэвлий 223.813 төгрөг, гадаргын усны орчны 6.976.944 төгрөгийн хохиролыг тооцсон болно /хх 143/, Шинжээчийн дүгнэлтийн хавсралт ...Н.Н.нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр 0.43 га газарт үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон ... дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0.43 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохиролын үнэлгээ нь 7.200.758 төгрөг болж байна /хх 145-170/, мөн Н.Н-ийн гэрчээр 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өгсөн, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өгсөн мэдүүлгүүд /134-140, 204-207/ зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг харицан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Хариуцагч Б.С. нь Н.Наранцэцэгтэй 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан боловч уг хохирол нь Н.Н-ийн буруутай үйлдлээс үүссэн байх тул хохиролыг Б.С. хариуцан арилгах үүрэг хүлээхгүй, харин хариуцагч Н.Н.гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б.С.гийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон эсэх асуудлыг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх асуудалд хамаарч байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Наранцэцэгээс нийт 7.263.258 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулж, Б.С.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Наранцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр 131.162 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Наранцэцэгээс 7.263.258 /долоон сая хоёр зуун жаран гурван мянга хоёр зуун тавин найман/ төгрөг гаргуулан төрийн санд оруулж, Б.С.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Наранцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээний улсын тэмдэгтийн хураамжид 131.162 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ,

 

Т.БАДРАХ