Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2020/00021

 

Төв аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01095 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,******* нарт холбогдох,

Байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 7 263 258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Төв аймгийн Заамар сумын нутаг Баянгийн ам гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан” гэх Г-223 дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад улмаар хэргийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Уг хэргийг тус хэлтсээс шалгахад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Төв аймгийн Заамар сумын Засаг дарга ******* нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Гурван тулга бадрах” нөхөрлөлийн ахлагч*******т давуу байдал бий болгосон гэрээ байгуулснаар тус нөхөрлөл нь Төв аймгийн Заамар сумын нутаг Баянгийн ам гэх газарт ашигт малтмал олборлож, экологи, эдийн засагт 7.200.758 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд ******* нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Гурван тулга бадрах нөхөрлөлийн ахлагч*******тэй Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээнд гарын үсэг зурж, гэрээ байгуулснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу *******гийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл төгссөн гэж үзсэн байна. Дээрх хэргийг хяналтын прокурор Г.Энхмаа хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх үндэслэл бүрдэж, уг хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг, тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байгаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үйлдсэн этгээд нь төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой тогтоогдож байна. Иймд *******,******* нараас байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 7.263.258 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд миний үйлдсэн үйлдлээс болж иргэн, аж ахуй нэгж байгууллагад 7.200.758 төгрөгийн хохирол учраагүй гэж үзэж байна. Намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, гэрээ байгуулсан гэж үзэж прокуророос тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан ч миний шууд үйлдлээс болж хохирол учраагүй. Учир нь “Гурван тулга бадрах” нөхөрлөлийн ахлагч*******ийн хууль бусаар ашигт малтмал олборлосноос болж хохирол учирсан гэж үзэж байна. Мөн хэрэг бүртгэлтийн явцад*******ийг иргэний хариуцагчаар татаж хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан. Иймд миний буруутай үйлдлээс болж иргэн, байгууллага, ААН-д шууд хохирол учраагүй бөгөөд байгаль экологид учруулсан 7.200.758 төгрөгийг холбогдох буруутай этгээдээс нэхэмжилж шийдвэрлэнэ үү. Мөн миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч *******гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Албан тушаалын гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг. Тухайн үед 2017-2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан, үүнийг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан байдаг. Ингээд үлэмж хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад эрүүгийн хэрэг гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэрэг нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг ангилаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлыг төлж барагдуулаагүй байхад тогтоогдсон гэж үзээд байгаа юм. Угаасаа гэмт хэрэг биш байсан учраас гэмт хэргийн хохирлыг төлөх, гэмт хэргээс учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Засаг даргаар ажиллаж байсан *******г хууль бус үйлдлийн улмаас гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлд дурдсан байдаг. Ямар үндэслэлээр хууль бус гэрээ байгуулсан гэж үзээд байгаа юм бэ?. “Гурван тулга бадрах” нөхөрлөл нь 2016 онд *******гийн өмнө нь ажиллаж байсан Засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад тодорхой хэмжээний газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад гэрээний дагуу ажилласан байдаг. 2017 онд уг гэрээг үргэлжлүүлсэн. Яагаад үргэлжлүүлсэн бэ гэхээр “Гурван тулга бадрах” нөхөрлөл нь урьд нь ямар нэгэн зөрчил гаргаагүй, нийгмийн хариуцлагынхаа үүргийг биелүүлж байсан учраас дахиад үргэлжлүүлээд гэрээ байгуулах боломжтой гэж үзсэн. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/4031 тоот ашигт малтмалын газраас ирүүлсэн дүгнэлтэд бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох газрууд болон ашиглаж болохгүй газруудыг тогтоосон. Энэ дүгнэлтэд зөвшөөрөгдсөн газарт гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох газарт нэг хүний 103 га газар, нэг нөхөрлөлийн 13 га газар оноосон байдаг. 13 га газрыг 2 нөхөрлөл 5, 5 га газраар хувааж аваад үлдэх 3 га газрыг “Гурван тулга бадрах” нөхөрлөл ашиглаж болохоор гэрээ байгуулсан. Засаг даргад 2015 оны 12 сарын 17-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хурлын 10 дугаар тогтоолоор шаардлага хангасан нөхөрлөлүүдтэй ашигт малтмалын гэрээ байгуулах эрх олгосон акт байдаг. Мөн аймгийн Засаг даргад аймгаас зөвшөөрөл авхуулахаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслээд 72 нөхөрлөлийн нэрсийг аймаг руу явуулсан байдаг. Энэ 72 нөхөрлөлөөс шаардлага хангасан нөхөрлөлд зөвшөөрөл олго гэдэг. Гэтэл уг 72 нөхөрлөлийн нэгэнд нь ч Засаг даргаас зөвшөөрөл олгоогүй байдаг. Энэ зөвшөөрөл олгоогүй 72 нөхөрлөлийн нэрсийн жагсаалтад “Гурван тулга бадрах” нөхөрлөлийн нэр байхгүй. Тухайн зөвшөөрөлтэй газар бөгөөд “Гурван тулга бадрах” нөхөрлөл нь урьд нь ямар нэгэн зөрчил гаргаагүй нь улмаас гэрээ байгуулсан. Мөн *******г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 06 сарын 28-ны өдөр “Гурван тулга бадрах” нөхөрлөлийн ахлагч*******т давуу байдал бий болгож гэрээ байгуулсан гэж тайлбарлаад байна. Ямар давуу байдал үүсгэсэн гэж үзээд байгаа юм бэ?******* 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, үүнийг давуу байдал үүсгэсэн гэж хэлээд байгаа юм уу? Нэг компанийн газрыг 3 нөхөрлөлд хуваагаад гурвуулантай нь гэрээ байгуулсан. Сумын Засаг дарга сумын эрх ашгийн үүднээс гэрээ байгуулахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын талбайг засах материал бэлтгэх, 250 хүүхдийн бэлэг бэлтгэх, ахмадуудын хүлээлгийн өрөөг тохижуулахад туслах, мөн сургуульд 2.000.000 төгрөгийн хандив өгөх гэсэн чиг үүргийг гэрээ байгуулахдаа хэлсэн. Дүгнэлтэд зөвшөөрсөн “Наранбулаг” 13 га газрыг 3 хуваагаад “Гурван тулга бадрах” нөхөрлөлд 3 га газрыг өгсөн гэдэг. Иймд ******* хууль үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Сумын Засаг дарга нь эрх мэдлийнхээ хүрээнд ашигт малтмалын газрын зөвшөөрсөн дүгнэлттэй талбайд гэрээ байгуулсан байтал “Гурван тулга бадрах” нөхөрлөлийн ахлагч******* нь гэрээгээ зөрчиж гэрээнд тусгагдсан талбайгаас хэтрүүлэн олборлолт явуулсан. Энэ зөрчлийг сумын байгаль орчны улсын байцаагч илрүүлж, бичиг баримтын хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Энэ тухай******* өөрөө мэдүүлсэн байдаг. Гэтэл түүний буруутай үйлдлийг сумын Засаг даргад хамааруулж хариуцагч гэж үзэж байгаад зөвшөөрөхгүй байна. Бодит байдал дээр Баянгийн ам гэх гэрээ хийгдсэн байтал Тосонгийн ам гэх газар луу бага хэсэг нь орсон байдаг. Мөн Заамар сумын түр орлон гүйцэтгэгчээр Хайлааст багийн Засаг дарга Ганцэцэг гэх хүн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Албан ёсны Засаг даргын орлогч гэх хүн ажилласаар байтал багийн Засаг дарга, сумын Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр хавсаргаж хийлгэсэн байдаг. Ганцэцэг нь тоор орлон гүйцэтгэгч хийж байх хугацаандаа прокурорын газарт нэхэмжлэл гаргахыг хүссэн 2019 оны 09 сарын 28-ны өдрийн 1/352 тоот албан бичгийг явуулсан байдаг. Ганцэцэгийн ирүүлсэн албан бичгийг үндэслээд прокурорын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын төрийн сонирхол байсан юм болов уу гэж хардах үндэслэл байна. Засаг дарга ******* нь хариуцагч биш гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* хуулийн дагуу гэрээ хийж өгсөн. Урьд 2017 оны хэрэг нь хаагдсан байхад ямар үндэслэлээр сэргээснийг ойлгохгүй байна. Би хууль зөрчсөн хэрэг хийгээгүй гэж өөрийгөө бодож байна.” гэжээ.

            Хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс 3.631.629 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Засаг даргатай гэрээ байгуулаад гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулаад хохирол учруулсан гэх нөхцөл байдал харагдаж байгаа. Эрүүгийн шалгагдаж байсан, шалгагдаад хэрэг хаагдсан. Тухайн үед******* нь бэлэн байсан шороог ухаж угаасан гэдэг. Түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд энэ хохирлыг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээ байгуулсан, гэрээнийхээ үндсэн дээр Баянгийн аманд үйл ажиллагаа явуулсан. Хэрвээ гэрээ байгуулагдаагүй байсан бол үйл ажиллагаа явуулахгүй байсан.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******ээс 7.263.258 /долоон сая хоёр зуун жаран гурван мянга хоёр зуун тавин найман/ төгрөг гаргуулан төрийн санд оруулж, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч*******ээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээний улсын тэмдэгтийн хураамжид 131.162 төгрөг гаргуулан төрийн санд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс*******ийг гэм хор учруулсан этгээд гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь Прокурорын нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа Г-223 дугаартай гомдол мэдээллийг шалгаад АТГ-т шилжүүлсэн, Заамар сумын ЗД ******* нь 2017.06.28-нд шинэ хууль хэрэгжихээс өмнө үүссэн нөхцөл байдал/ "Гурван тулга бадрах" нөхөрлөлийн ахлагч*******т давуу   байдал бий болгосон гэрээ байгуулснаас... "Баянгийн ам" гэх газарт ашигт малтмал олборлож 7.200.758 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон /гэм буруутай гэдгийг шүүхээр тогтоосон нь уу/, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт үйлдэл төгссөн /хууль үйлчлэх цаг хугацаа/, прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлээр мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт "...улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулиар хамгаалагдсан... үлэмж хэмжээний хохирол учирсан бол..." гэж заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн боловч тус санкцаар үлэмж /”хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж" хэмжээний хохирол шаардсан/ хохирлын хэмжээ хүрэхгүй/ материаллаг бүрэддэхүүнтэй гэмт хэрэг мөн хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байгаа мөн хуулийн ерөнхий ангийн 72.1.1-ээр 6 сар өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/, 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт /хэрэг бүртгэлтийн хэргийг хаах/ заасныг баримтлан хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн гэжээ. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь төлж барагдуулаагүй,******* нь иргэний хариуцагчаар татагдан шалгагдаж байсан... хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул гэжээ.

Тайлбараас хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээтэй холбоотой асуудлыг гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад хаасан байна. Эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар ч татаагүй байна. МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т "...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно......" гэж хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлэгт заасан. Прокуророос гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь "бусдад гэм хор учруулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд уг этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нөгөө талд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх зарчим" юм. Гэм буруугүй бол хариуцлага хүлээхгүй байх зарчимтай. Гэм буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй учраас хариуцлага хүлээх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргана. Иргэний хуулийн 497.1-д "Бусдын эрх..... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэсэн. Үүнд санаатай, болгоомжгүй гэдэг нь гэм буруугийн шинжийг, үйлдэл /эс үйлдэхүй/-гэм хор учруулсан гэсэн агуулгын хүрээнд буруутай этгээдийн үйлдэл. эс үйлдэхүй болон гэм хорын шалтгаант холбоо, хууль бусаар гэдгийг тодорхойлоход тухайн үйлдэл нь хуулиар хориглосон байх шинжийг /хуулийн заалт/ илэрхийлнэ. Хэргийн үйл баримтын хувьд гэм буруугийн шинж, гэм буруутай үйлдэл, хуулиар хориглосон ямар заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой биш байна. *******г "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах" албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан гэхдээ гэм буруутай гэдгийг тогтоогоогүй. Тэгэхээр гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж хариуцлага хүлээлгэж болох уу энэ нь шударга ёсонд нийцэх үү нийцэхгүй бөгөөд тус хэргийн иргэний хариуцагч нь давхар гэм хорын хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Гэм хорын асуудалд бусдын өмнөөс хариуцлага хүлээх тохиолдлуудыг Иргэний хуулийн 498, 503 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Энэ зохицуулалт нь иргэний хариуцагч*******т хамаарах уу, үгүй юм. Харин үнэхээр төрийн албан хаагч буруутай гэж үзвэл 498.2-оор төр хариуцан арилгах үүрэгтэй. ЭХХШТХ-ийн 8.6 дугаар зүйлд зааснаар "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно" гэдэг. Хууль ёсоор хариуцвал зохих хүн нь******* мөн үү, үгүй юм.

Нэхэмжлэлд Байгаль орчинд хохирол учруулсан гэсэн гэм хорын шаардлага гаргасан. Албан тушаалын хэргээр шалгасан болохоос Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй байна. Прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан учраас учруулсан хохирлыг төлүүлэхийн тулд Иргэний шүүх гэм хор учруулсан гэм буруутайг тогтоож өгөөч гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нотлох баримт нь хэрэг бүртгэлтийн хэргийн материалаас бүрдсэн, хэргийг шалгах явцад гэм буруутайг тогтоосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхийн тайлбарт "... хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж хэлнэ. Иргэний хуулийн 497-514 дугаар зүйлд зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагын талаар тусгасан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болохыг гэм хор учруулах хэмээн нэрлэдэг байна... Гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ энэхүү үндсэн зохицуулалтыг эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах болон хуулийн бусад тусгайлан заасан зохицуулалтуудтай хамтатган хэрэглэнэ" гэсэн. Тэгэхээр гэм буруутай болохыг нотолсон байхыг шаардана. Нөгөө талаас Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн 497-514 дүгээр зүйлд байгаль орчинд учруулсан гэм хорын асуудал буюу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зохицуулалт байхгүй байна. Г-223 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд хаасан, хариуцагчийг яллагдагчаар татаагүй, яллагдагчаар татсан тогтоол гараагүй, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй шалгаагүй. Яагаад ийм хэрэгт иргэний хариуцагч томилсон нь ойлгомжгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Өсвөр насны яллагдагчийн... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно" гэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг нотлон тогтоогоогүй байж иргэний хариуцагч болгосон нь хууль буруу хэрэглэсэн алдаа, мөн үнэхээр төрд буюу Заамар суманд уул уурхайн улмаас эвдэгдсэн газрыг дахин эвдсэн асуудал байвал тэр нь мөн байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлаар хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой асуудал юм.*******ийг энэ асуудлаар тухайн үед шалгасан байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болсон гэдэг. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагад хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзнэ. Ер нь албан тушаалын гэмт хэргээр шалгаад байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байхад шүүх******* гэм хор учруулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл байсан. Тухайлбал нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргасан нь уу, үгүй. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж мөн хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох. Өөрөөр хэлбэл Заамар сумын Засаг дарга тэр дундаа үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргуулахыг шаардах эрхтэй юу? 12 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэхдээ гаргасан албан тоот/ Зүй нь Заамар сумын Засаг дарга өөрөө нэхэмжлэл гаргаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулаад нэмэлтээр төрийг төлөөлж прокурорыг оролцуулах нь хуульд нийцэх байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "прокурор... энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн, 25-р зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгт нэхэмжлэл гаргах эрхийг хуульчлаагүй гэж үзнэ. 2-рт Засаг дарга нөхөрлөлтэй гэрээ байгуулсан болохоос******* гэдэг иргэнтэй гэрээ байгуулаагүй. Тэгэхээр яагаад иргэн******* гэм хор учруулсан түүнийг арилгах үүрэгтэй болсон нь ойлгомжгүй байна. Нөхөрлөл гишүүдээс бүрддэг, хэрвээ нөхөрлөл буруутай бол хамтын удирдлагатай хуулийн этгээдээс шаардах эрхтэй буюу хариуцагчаа буруу тодорхойлсон үндэслэл 3-рт Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан нь "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн  /2020.01.10/ нэг дэх заалтаар сэргээн шалгах зохицуулалттай болсон. Эрүүгийн хэргийг сэргээн шалгаж хэн нь гэм буруутай болохыг эрүүгийн журмаар шалган тогтоох боломжтой болсон. 4-рт тухайн эрүүгийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаанаас гадна 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.1-д зааснаар үлэмж хэмжээний хохирол шаарддаг Ж.Самбуугийн учруулсан хохирол нь тухайн хэмжээнд хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй /ЭХХШТХ-ийн 1,5-р зүйлийн 1.1/ бүрэлдэхүүнгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд гэм буруугийн асуудал яригдахгүй буюу Эрүүгийн хуульд хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Дээрх үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01095 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, тухайн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч******* мөн аймгийн Заамар сумын Засаг даргын үүргийг хавсран  гүйцэтгэгч А.Ганцэцэгийн  бичгээр гаргасан хүсэлтийн дагуу  Заамар сумын Засаг дарга *******г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ Гурван тулга бадрах” нөхөрлөлийн ахлагч*******т давуу байдал бий болгосон гэрээ байгуулснаар тус нөхөрлөл Заамар сумын “Баянгийн ам” гэх газарт ашигт малтмал олборлож,экологи, эдийн засагт байгаль экологид хохирол учруулсан үндэслэлээр гэм хорын хохирол 7 263 258 төгрөгийг *******гаас гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар*******ийг татах хүсэлт гаргаж оролцуулснаар нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хариуцагчид холбогдуулжээ.

Хариуцагч ******* шүүхэд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа өөрийнх нь шууд үйлдлээс болж хохирол учраагүй тул хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй гэж зөвшөөрөхгүй татгалзсан бол, хариуцагч******* ...Самбуу хуулийн дагуу гэрээ хийж өгсөн, хууль зөрчсөн хэрэг хийгээгүй... гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзсан байна.

Анхан шатны шүүх *******д холбогдох хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн, гэм хорын хохирлыг шууд гэм хор учруулсан этгээд хариуцна гэсэн үндэслэлээр хариуцагч*******ээс 7 263 258 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Прокурорын газар нь төрийн байгууллагын хүсэлтээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

Аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн журмаар шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт нь иргэний журмаар гэм хорын асуудлыг шийдвэрлэх, улмаар гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхэд шууд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүх  Иргэний хуулийн гэм хорын талаарх эрх зүйн ерөнхий болон тусгай зохицуулалтын хүрээнд хуульд заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөлүүд хангагдсан эсэхэд  хуулийг тайлбарлан хэрэглэж дүгнэлт өгч шийдвэрлэх учиртай.

Шүүх хууль хэрэглээний энэ зарчмыг зөрчсөнөөс гадна *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ийнхүү шийдвэрлэх болсон эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй нь хуульд нийцэхгүй  байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар хариуцагч ******* гэм буруугүй болохоо нотолсон талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагын талаарх зохицуулалт нь хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг шүүхэд гаргаж өгөхөд баримтлах журам юм. Хэргийн зохигч Прокурорын газраас шүүхэд гаргаж өгсөн  зарим нотлох баримтууд нь дээрх хуулийн шаардлагыг зөрчиж шүүхэд гаргасан байхад шүүх тэдгээрийг хүлээн авсан, нотлох баримтын шаардлага хангуулаагүй нь буруу байна. /хх-ийн 5-52-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх хэсгийн “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэсэн заалт нь  хэргийн зохигч этгээдэд хамаарахгүй.

Нөгөө талаар байгаль экологид учруулсан хохирлыг тусгай санд төвлөрүүлэх  харилцааг тусгайлсан хуулиар зохицуулдаг болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих салбар хуулиуд болон Засгийн газрын  иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, гэм хорын хариуцлагын талаарх Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтаас гадна гэм хорын тусгай зохицуулалтыг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний зарчимд  нийцэхгүй байна.

Сумын Засаг даргатай хийсэн гэрээнд “Гурван тулга бадрах” нөхөрлөлийг  төлөөлж   хариуцагч  Н.Наранцэцэг  гарын  үсэг  зурсан   байх  тул   уг  нөхөрлөлийн эрх зүйн байдлыг холбогдох нотлох баримтын хүрээнд тогтоосноор хариуцлагыг хүлээвэл зохих этгээдийг тогтоож эрх зүйн дүгнэлт хийвэл зохино.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 131 162 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА

           

                          ШҮҮГЧИД                                              Г.БОЛОРМАА

 

                                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР