Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/01049

 

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/01049

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Н

Хариуцагч: Д.Б

Зээлийн гэрээний үүрэг 34 758 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Н миний бие 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 15 000 000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөг нийт 23 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан хүү алданги тооцох нөхцөлтэйгөөр Д.Б зээлдүүлсэн. Дээрхи гурван гэрээнээс гадна 2 000 000 төгрөг, 9 300 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлж уг зээлүүдээ Д. Бнь төлж дуусгасан болно. Одоо шүүхэд нэхэмжилж байгаа дээрхи гурван зээлийн үүргээс 15 000 000 төгрөгний зээлээс 10 000 000 төгрөгийг төлсөн. 7 108 000 төгрөгийг хүүнд өгсөн. Харин 3 000 000, 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй. Эхний зээл болох 15 000 000 төгрөгийн хувьд 15 сарын хүү 22 500 000 төгрөг үүнээс хүүнд төлсөн 7 108 000 төгрөгийг хасч 15 392 000 төгрөгийн хүү нэхэмжилж үндсэн зээлээс 200 000 төгрөгийг хасуулсаныг тооцон мөн 2017 оны 6 дугаар сард төлсөн 10 000 000 төгрөгийг хасч үндсэн мөнгө 4 800 000 төгрөг нийт 20 192 000 төгрөг, дараагийн үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 5 100 000 төгрөг, сүүлийн зээл 5 000 000 төгрөг 118 хоногийн хүү 1 966 000 төгрөг, алданги хуульд нийцүүлэн 2 500 000 төгрөг нийт 9 466 000 төгрөг болж байгаа юм. Бнь 3 удаагийн гэрээгээр 23 000 000 төгрөг авсан нь хууль болон гэрээнд заасны хүү, алданги үндсэн төлбөрийн хамт нийт 34 758 000 төгрөг болсон байна. Иймд Батхишигээс нийт 34 758 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Д.Бнь нэхэмжлэгч А.Н гаас 18 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд 5 000 000 төгрөгийг гардаж аваагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 43 000 000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Д.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 34 758 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.Бнь өөрийгөө төлөөлөх эрхийг хуульд заасны дагуу М.Г олгосон бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Ганзориг нь хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдээс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 12-нд авсан 3 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй. Харин 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, зээлийн төлбөрт нийт 43 000 000 төгрөг буцаан төлсөн гэж мэтгэлцэж байна.

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөгийн, уг гэрээний эхний хуудсанд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэмж 3 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Бнийт 18 000 000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч, 5 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч бэлнээр мөнгийг гардаж аваагүй, нэхэмжлэгч А.Н д 43 000 000 төгрөг буцаан төлсөн тул төлөх төлбөргүй гэж, нэхэмжлэгч А.Н 30 074 000 төгрөгийг буцаан авсан талаар маргаагүй, гэхдээ уг мөнгө нь өөр бусад гурван зээлийн гэрээнд тооцогдох ёстой төлбөр гэж тайлбарлаж байна.

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүүний хэмжээг 10 хувь сарын /30 хоногийн/ дөрвөн хувь гэж тодорхойлсон, мөн гэрээний 2.5-д хугацааг нэг сар буюу 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрхи гэрээний хүүг 4 хувь, хугацааг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэж тооцож, гэрээний үүргээс хариуцагч нийт 17 108 000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 4 800 000 төгрөг, хүүний төлбөр 1 596 300 төгрөг нийт 6 396 300 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Дээрхи гэрээний эхний нүүрэнд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэмж 3 000 000 төгрөг авав гэж бичигдсэн байх бөгөөд хариуцагчаас энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 2014 оны 06 дугаар сарын 12-ноос 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувиар алданги тооцох тухай зээлийн гэрээ нь 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд бичигдсэн 3 000 000 төгрөг биш тусдаа байгуулагдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт баримтаар ирүүлсэн тооцооллоос харвал эцсийн үлдэгдэлгүй байх тул энэ гэрээ биелэгдсэн байна гэж шүүх дүгнэв.

2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 5 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан боловч мөнгийг бэлэн аваагүй гэсэн хариуцагчийн тайлбар уг гэрээний арын хуудсанд байх мөнгө хүлээн авсан зээлдэгч гэсэн хэсэгт зурсан Д.Б гарын үсгээр үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д ...анзын гэрээг бичгээр хийнэ мөн хуулийн 232.4-д ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд дээрхи маргаан бүхий гэрээнүүдээс гадна 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4 000 000 төгрөгийн, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9 300 000 төгрөгийн гэрээнүүд байгуулагдаж төлбөр тооцоо хийгдэж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн 30 074 000 төгрөгийг хүлээн авсан тухай тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 43 000 000 төгрөгийг А.Н д төлсөн гэж мэтгэлцэж байгаа боловч энэ талаар холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 болон 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Д.Б 16 896 300 /6 396 300+3 000 000+7 500 000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 861 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 331 740 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батхишигээс 247 259 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Б  16 896 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 861 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б  улсын тэмдэгтийн хураамжид 247 259 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н д олгосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ