Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00491

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дүгээр шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар магадлалтай

А.Н-гийн нэхэмжлэлтэй

Д.Б-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 34 758 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Н-, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н- миний бие 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 15 000 000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөг нийт 23 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан хүү алданги тооцох нөхцөлтэйгөөр Д.Б-т зээлдүүлсэн. Дээрх гурван гэрээнээс гадна 2 000 000 төгрөг, 9 300 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлж уг зээлүүдээ Д.Б- нь төлж дуусгасан болно. Одоо шүүхэд нэхэмжилж байгаа дээрх гурван зээлийн үүргээс 15 000 000 төгрөгийн зээлээс 10 000 000 төгрөгийг төлсөн. 7 108 000 төгрөгийг хүүнд өгсөн. Харин 3 000 000, 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй. Эхний зээл болох 15 000 000 төгрөгийн хувьд 15 сарын хүү 22 500 000 төгрөг үүнээс хүүнд төлсөн 7 108 000 төгрөгийг хасч 15 392 000 төгрөгийн хүү нэхэмжилж үндсэн зээлээс 200 000 төгрөгийг хасуулсныг тооцон мөн 2017 оны 06 дугаар сард төлсөн 10 000 000 төгрөгийг хасч үндсэн мөнгө 4 800 000 төгрөг нийт 20 192 000 төгрөг, дараагийн үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 5 100 000 төгрөг, сүүлийн зээл 5 000 000 төгрөг 118 хоногийн хүү 1 966 000 төгрөг, алданги хуульд нийцүүлэн 2 500 000 төгрөг нийт 9 466 000 төгрөг болж байгаа юм. Д.Б- нь 3 удаагийн гэрээгээр 23 000 000 төгрөг авсан нь хууль болон гэрээнд заасны хүү, алданги үндсэн төлбөрийн хамт нийт 34 758 000 төгрөг болсон байна. Иймд Д.Б-ээс нийт 34 758 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч А.Н-гаас 18 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд 5 000 000 төгрөгийг гардаж аваагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 43 000 000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар  зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Б-ээс 16 896 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 861 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 247 259 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс зээл алдангид нийт 12 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 758 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 247 259 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А.Н-гийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох зээлийн гэрээний төлбөрт 34 758 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 180 дугаартай магадлалаар давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэвч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчид үндсэн зээл болон хүү төлөх үүрэг үүсээгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нэгдүгээрт дээрх зээлийн гэрээний арын хуудсанд мөнгө хүлээж авсан зээлдэгч гэсэн хэсэгт хариуцагчийн гарын үсэг нь байхгүй. Хоёрдугаарт маргаан бүхий 5 000 000 төгрөгийг хариуцагч бэлэн болон бэлэн бусаар хүлээж авсан болох нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байхад шүүх нэг талыг барьсан хийсвэр дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 43 000 000 сая төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад 30 074 000 төгрөгийг буцаан авсан талаар маргаагүй, гэхдээ уг мөнгө нь өөр бусад гурван зээлийн гэрээнд тооцогдох ёстой төлбөр гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус тайлбараа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 30 074 000 төгрөгийг өмнөх гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор шилжүүлсэн гэх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Тус хариу тайлбартай холбоотой нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд биечлэн оролцох хүсэлтэй байна. Иймд шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч А.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А.Н- миний бие иргэн Д.Б-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 34 758 000 төгрөгийг гаргуулах” тухайн нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд хянан үзэж шийдвэр, магадлалыг гаргасан. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 180 тоот магадлалын зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байгаа бөгөөд үүнийгээ дараах тайлбараар нотолж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 15 000 000 төгрөгийг 15 сарын хугацаатай зээлүүлсэнтэй холбогдуулж үндсэн төлбөрөөс үлдэгдэл 4 800 000 төгрөг, 15 сарын хүүнээс үлдэгдэл болох 15 392 000 төгрөг, нийт уг гэрээтэй холбогдуулан 20 192 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Ийнхүү шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж үзээгүй бөгөөд байгуулсан зээлийн гэрээнд Зээлийн хүүгийн хэсэгт 10 хувь 4 хувь гэж бичсэн бөгөөд алийг нь баримтлах талаар шийдвэр гаргахдаа бичгээр бичсэнийг нь харгалзан үзнэ гэж бичсэн нь учир дутагдалтай бөгөөд гэрээнд 10 хувь гэсний доогуур зурж тэмдэглэсэн байдаг. Ийнхүү зурж тэмдэглэсэн нь 2 сонголтоор эхнийхийг сонгосон болохыг харуулж байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрээг тухай бүрт нь сунгаж байсан талаар тодорхой баримт гаргаж, гарын үсгийг зуруулсан байтал хариуцагчийн хариу тайлбарыг баримтлан гарын үсгээр сунгаагүй хэмээн үзэх нь хэргийг бодитойгоор нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх зарчмыг зөрчиж байна. Үндсэн зээл, хүү, алдангийг бүхэлд нь төлсөн хэмээн үзэж хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг нийлүүлэн бодож мөн анзын хэмжээг хариуцагчийн зүгээс шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар бууруулж тооцсоныг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцох эрхийг нь үгүйсгээгүй хирнээ алдангийн хэмжээг бууруулж, мөн хэдэн төгрөгөөс ямар хугацаагаар алданги тооцох талаар шийдвэрлэлгүй шууд нэмэгдүүлсэн хүүг алдангид тооцон дуусгавар болгож шийдвэрлэсэн нь алдаатай бөгөөд үндэслэлгүй болжээ. Тиймээс гомдол гаргагчийн зүгээс хариуцагч Д.Б- нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 15 000 000 төгрөгийг 15 сарын хугацаатай зээлүүлсэн нь хангалттай нотлогдож байгаа бөгөөд тэрээр зээлээ төлөхдөө үндсэн төлбөрөөс 4 800 000 төгрөгийг төлөөгүй, Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 15 сар болгон сунгасан, нэг сарын зээлийн хүүг үндсэн зээлсэн мөнгөний 10 хувиар тохиролцсон, тохиролцсон 15 сарын хүү болох 22 500 000 төгрөгөөс 15 392 000 төгрөгийг төлөөгүй нь хэргийн хүрээнд авагдсан гэрээ, гэрээний төгсгөлд хийгдсэн гарын үсэг бүхий сунгалтуудаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг болох 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл болон хүү болох 20 192 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар гомдол гаргаж байна.

 

2. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д.Б-тэй байгуулсан гэх 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь хүү тооцож тохиролцсон нь тодорхой бөгөөд үүнтэйгээ холбогдуулан нэг ч төгрөг төлөөгүй болох нь нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Гэтэл үүнийг шүүхээс үзэхдээ талуудыг тохиролцож байгуулсан гэрээний дагуух хуримтлагдсан хүүгийн хэмжээг хууль зүйн үндэслэлгүйгээр зээлийн хүү төлөх хоногийг багасгах замаар хэмжээг нь бууруулж улмаар уг зээлийн хүүг бүрэн төлсөн мэтээр үндэслэлгүй дүгнэж уг 2 гэрээтэй холбогдуулан нэхэмжилсэн 14 566 000 төгрөгөөс 2 566 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хууль, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгыг үл харгалзан үндэслэлгүй шийдвэрлэсэн байна хэмээн үзэж гомдол гаргаж байна.

Тиймээс Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан үзээд гаргасан магадлалын ТОГТООХ хэсгийн “...нэхэмжлэлийн шаардлагаас 22 758 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг хэрэгсэхгүй болгож Давж заалдах шатны шүүхийн магадлалд буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөгийг Д.Б-ээс гаргуулах хэсгийг хэвээр үлдээн, нэмэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 22 758 000 төгрөгийг мөн хариуцагч Д.Б-ээс гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт: А.Н-гийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

...Нэхэмжлэлийн шаардлагаас 22 758 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дурдсан бөгөөд дээрх гомдлын шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэгдүгээрт хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад 30 074 000 төгрөгийг буцаан авсан талаараа маргаагүй, гэхдээ уг мөнгө нь өөр бусад гурван зээлийн гэрээнд тооцогдох ёстой гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тус тайлбараа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. Хоёрдугаарт 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг талууд 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд зээлийн хугацаа хэдэн сараар хэрхэн сунгасан талаар тодорхой заагаагүй, талуудын гарын үсэг зурагдаагүй байдаг. Хариуцагч нь тус зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид үндсэн зээл, хүүг бүрэн төлсөн. Иймээс нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гуравдугаарт талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчид үндсэн зээл болон хүү төлөх үүрэг үүсээгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн 22 758 00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтад үндэслэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Н нь Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 758 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлдүүлсэн Зээлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3 000 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон Зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй олгосон Зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

Гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээх тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээний зүйл болох зээлийн мөнгийг шилжүүлсэн гэж, зээлдэгч хүлээж авснаа илэрхийлж гэрээ тус бүрт гарын үсэг зурсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зассан боловч хариуцагчийн хариуцах төлбөрийг бодохдоо тооцооны алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж алдааг засах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гурван гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан байна.

1. 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээн авсантай хариуцагч маргаагүй.

Зээлдүүлэгчээс тус зээлийг сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн гэрээг 15 сараар сунгасан гэж тайлбарлан, зээлдэгчээс зээлийн хүүд 7 108 000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 3 078 400 төгрөгийг, үндсэн зээлд 10 200 000 төгрөгийг тус тус төлсөн үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрт зээлийн хүүний үлдэгдэл 15 392 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 4 800 000 төгрөг, нийт 20 192 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Зохигчид гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан байхад 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээг сунгасан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Гэрээний сунгалт нь гэрээний нэг адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиролцоно.

Гэрээний сунгалтыг  үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурснаар сая гэрээг сунгагдсан гэж үзнэ, гэтэл нэхэмжлэгч гэрээний ард бичигдсэн гэрээний сунгалт гэх баримтад гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзэж сунгагдсан хугацааны зээлийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Зээлийн гэрээний сунгалтыг талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцох ёстой бөгөөд нэгэнт хугацаа  өнгөрсний дараа хугацааг нөхөн сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д заасантай нийцэхгүй юм.  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана” гэж зохицуулсан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдаагүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх эрхгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээндээ зааж болно гэжээ.

Зээлдүүлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш тул зээлдэгчээс зээлийн төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн хүүд тооцож авах эрхгүй. Иймд зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан төлбөрийг үндсэн зээлийн үүргээс хасч тооцох нь зүйтэй.

Дээрх гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, 3 сарын хүү /15 000 000 х4% х 3 сар/ 1 800 000 төгрөг, нийт 16 800 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 20 386 400 төгрөгийг төлсөн байх тул эхний зээлийн гэрээний үүргээс 3 586 400 төгрөгийг илүү төлжээ.

2. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийг 2 сар 18 хоногийн хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй авсан талаар хариуцагч маргаагүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй тул зээлдэгчид үндсэн зээл 3 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон зээлийн хүү /3 000 000 х 10% х 2сар 18 хоног/ 780 000 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй алданги 1 500 000 төгрөг нийт 5 280 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

3. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч энэ зээлийн мөнгийг хүлээж аваагүй гэх боловч хэрэгт авагдсан гэрээний арын хуудсанд /хх- дугаар тал/зээлийн мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан, тэрээр зээлийн хүүд төлбөр төлж байсан нь гэрээний сунгалт бичигт тэмдэглэгдсэн байх тул тус зээлийн мөнгийг аваагүй гэх тайлбар нотлогдоогүй байна.

Тус зээлийн төлбөрт үндсэн зээл 5 000 000 төгрөг, сарын 10%-ийн хүүний 14 хоног нь /5 000 000 х10% х14 хоног/ 233 000 төгрөг, алданги 2 500 000 нийт 7 733 000 төгрөг төлөхөөс 1 080 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 6 653 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Ингээд сүүлийн хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт /5 280 000+6 653 000/ 11 933 000 төгрөг төлөхөөс эхний гэрээний үүрэгт илүү төлөгдсөн 3 586 400 төгрөгийг хасаад үлдэх 8 346 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...12 000 000 төгрөг...” гэснийг “...8 346 600 төгрөг...” гэж , “...22 758 000 төгрөгийг...” гэснийг “...26 411 400 төгрөгийг...” гэж, “...206 950 төгрөг” гэснийг “...148 496 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

              ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД