| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/01391/И |
| Дугаар | 142/ШШ2018/00861 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2018/00861
| 2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2018/00861 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Энх-Өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн гуравдагч этгээд Тавин лан ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Энхчулуун, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, гэрч Л.Батцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Энх Өглөө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Эрдэнэт Үйлдвэр ХХК-ны 2017 оны 06 сарын 15-ны өдөр зарласан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ны Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон юм. Ингээд 2017 оны 07 сарын 20-ны өдөр анх тендерийг нээсэн бөгөөд 2017 оны 08 сарын 30-ны өдөр тендер шалгаруулах үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж манай компанид тухайн үед ирүүлсэн БШ-114-12/775 тоот мэдэгдэлд танай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй гэж дурдсан байсан. Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 09 сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг тухайн тендерт материал ирүүлсэн компани тус бүрээр хянан үзээд 2017 оны 09 сарын 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан дахин хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөн. Улмаар үнэлгээний хороо дахин хуралдаж манай компанийг тендерг шалгарсан гэж үзэж 2017 оны 10 сарын 09-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн. 2017 оны 10 сарын 09-ний өдрийн мэдэгдлийг манай компани 2017 оны 10 сарын 17-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан бөгөөд 2017 оны 10 сарын 23-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр7' ХХК-ны захирал Х.Бадамсүрэнгийн нэр дээр гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, гэрээний ажиллагааг шуурхай шийдэж өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн захиалагч талын зүгээс ямар нэг хариу өгөхгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжаас тухайн тендерийг хүчингүй болгож дахин тендер шалгаруулах ажил зохион байгуулах гэж байгаа тухай мэдээллийг бид аваад байна. Тухайн тендерийн урилга ирүүлсэн захиалагч талын зүгээс манай компанийг тендерт шалгарсан тухай мэдэгдэл явуулж гэрээ байгуулах эрх олгож байна гэсэн атлаа тухайн тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг өнөөдрийг хүртэл манай компанитай байгуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендерт шалгарсан Энх Өглөө ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энх өглөө ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Эрдэнэт үйлдвэр ХХК-аас Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анх Өдрийн сонин, 1епёег.оу.шп цахим хаягаар зарласан бөгөөд 2017 оны 07 сарын 20-нд тендер нээхэд 8 компани тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хорооны 2017 оны 8 сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хамгийн сайн тендер гэж үнэлж, захиалагч уг шийдвэрийг 2017-8-29-нд баталсан. Улмаар 2017 оны 8 сарын 30-ны өдөр Тавин лан ХХК болон бусад оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. 2017 оны 09 сарын 04-ний өдөр Сангийн яамнаас Хасу эрчим, Энх өглөө ХХК- ууд гомдол гаргасан тухай албан бичиг ирсэн бөгөөд энэ дагуу бүх материалыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны 2017 оны 09 сарын 15-ны 6-1/5418 тоот албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хүлээн авсан. Уг албан тоотод дурдсаны дагуу үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж тендерийг дахин үнэлсэн бөгөөд Энх өглөө ХХК-ийн ирүүлсэн материал шаардлагад нийцсэн гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт захиалагч буюу Ерөнхий захирал 2017 оны 10 дугаар сарын 09-ний гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн өдрөө 8 компанид өгөх ёстой мэдэгдлийн заримд Ерөнхий захирал гарын үсэг зурсан бөгөөд 2017 оны 10 сарын 17-ны өдөр үлдсэн мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа бүх компаниудад 2017 оны 10 сарын 17-ны өдөр зэрэг хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 10 сарын 18-ны өдөр Сангийн яамнаас Хасу эрчим ХХК-аас дахин шалгаад манай компанид 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан тоот ирүүлсэн . Уг албан бичигт дурдахдаа тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүйд тооцож, хуульд заасны дагуу дахин тендер зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийг дахин 2017 оны 11 дүгээр 14-ны өдөр Өдрийн сонин, tenger.gov.mn цахим хаягаар зарласан. Энх Өглөө ХХК нь нэхэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/Ш32017/05672 тоот захирамжийг үндэслэн уг тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн болно. Манай компанийн зүгээс Сангийн яамнаас ирсэн бичгийн дагуу тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон тул Энх Өглөө ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтын ажил ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн ХБ-114-12/973 тоот мэдэгдлээр Энх-Өглөө ХХК-ийн тендерийг сонгож, гэрээ байгуулах болсон талаар мэдэгджээ. Энх-Өглөө ХХК нь Эрчим хүчний яамтай Баруун-Урт-Эрдэнэцагаан сумын 35кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажлын гэрээг 2014 оны 4 сарын 4-ний өдөр байгуулсан, мөн 2 удаа гэрээг сунгасан ба өнөөдрийг хүртэл улсын комисст уг барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгөөгүй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үнэлгээний хороо 2017 оны 10 сарын 04-ний өдөр Энх-Өглөө ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн шаардлагыг хангаагүй тендерийг сонгосон нь хууль бус үйлдэл байх тул 2017 оны 10 сарын 04- ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Энх-Өглөө" ХХК-ны нэхэмжлэлтэй "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай би гуравдагч этгээд 'Тавии лан" ХХК-ны бие даасан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд "Тавин лан" ХХК нь тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 10 сарын 04-ний өдрийн шийдвэрийг хууль бусад тооцож. тендер шалгаруулалтыг дахин зарлуулж өгөх тухай бие даасан шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагыг дараах байдлаар няцааж байна. "Энх-Өглөө" ХХК-ны нэхэмжлэлтэй "Эрдэнэт үйлдвэр" ХХК-нд холбогдох тендерийн ажил гүйцэтгэхийг даалгуулах тухай иргэний хэрэгт гуравдагч этгээд "'Гавин лан" ХХК-ны эрх ашиг хөндөгдөхгүй учир бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлоо зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн гөрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана" гэж заасан байгаа. Энэхүү тендерийн захиалагч "Эрдэнэт үйлдвэр ХХК-ны зүгээс 2017 оны 1 сарын 04-ний өдрийн "Энх-Өглөө" ХХК-ныг ялагчаар шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр цахим шуудангаар тендер оролцсон бүх компаниудад хүргүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч байгууллагын зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байдаг. "Тавин лан" ХХК нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч ажлын 5 хоногт багтаан гомдлоо гаргах ёстой байсан. Тавин лан ХХК нь хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй учир үнэлгээнии хорооны шиидвэрииг зөвшөөрсөнд тооцож энэ талаар дахин аливаа хэлбэрээр шаардлага гаргах эрхгүй юм. Нэгэнт тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй учир Тавин лан ХХК-ны эрх ашиг энэхүү маргаанд хөндөгдөхгүй болохыг анхаарна уу. Тухайн үед Хасу эрчим" ХХК-наас 2017 оны 10 сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Саигийн яам 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 6-1/6017 тоот албан бичгээр тендерт оролцсон бүх аж ахуйн нэгжийн тендерийн материалыг гарган авч хянасан байгаа. Ингээд 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгээр тендер хүчинтэй байх хугацаа дууссан байхад үнэлгээ хийсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон. Энэхүү шийдвэрийг гаргахын өмнө Сангийн яам 2017 оны 10 сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шиидвэрииг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын дагуу тендерт оролцсон бүх комнаний материалыг нарийвчлан шалгаж шиидвэрээ гаргасан. Энэхүү шийдвэрийг манай компани эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргиин анхан шатны шүүхэд гомдол гаргасан оөгөөд захиргааны хэргиин анхан оолон хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрээр Сангийн яамны 2017 оны 11 сарын 08- ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сангийн яамны дээрх шийдвэр нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр байсан бөгөөд Захиргааны хэргийн 3 шатны шүүх хуралдаанаар үнэлгээний хорооны 2017 оны 10 сарын 04-ний өдрийн шийдвэр болон Сангийн яамны 2017 оны 11 сарын 08-ны өдрийн албан бичгийн үндэслэлийг хэлэлцсэн учир бие даасан шаардлагатай холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг эхний ээлжинд хуулийн тодорхой хугацааны дотор мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хуулинд зохицуулсан байдаг бөгөөд тухайн мэргэжлийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авсан буюу мэдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногиин дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх маш тодорхой хуулийн заалттай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тендер шалгаруулалттай холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурсанаас хойш зөвхөн шүүхэд гаргахаар зохицуулсан. Манай тохиолдолд гэрээнд гарын үсэг зураагүй байгаа учир Тавин лан" ХХК-ны зүгээс үнэлгээний хорооны шийдвэр гарсанаас хойш 10 сар өнгөрсөн байхад хуульд заасан журмыг зөрчиж шүүхэд шаардлага гаргаж байгаа нь хууль бус үилдэл юм. Энх-Өглөө ХХК-ны захиалагчид хүргүүлсэн тендерийн материал нь 2017 оны 09 сарын 01-ний өдөр болон 2017 оны 10 сарын 18-ны өдөр гаргасан гомдлын дагуу Сангийн яаманд 2 удаа хянагдсан, ямарч зөрчилгүй захиалагчийн гаргасан тендерийн баримт бичигт заасан болзолыг бүрэн хангасан материал байдаг. Сангийн яам тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан үзэхдээ тухайн тендерт оролцсон аж ахуин нэгж тус бүрээр материалыг нэг бүрчлэн хянан үздэг бөгөөд мэргэжлийн байгууллагаар 2 удаа хянагдсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн асуудлыг дахин хэлэлцэх шаардлага баихгүй. Ийм учир гуравдагч этгээд Тавин лан ХХК-ны гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлиин шаардлагыг хангаж өгнө үү. Манай компани Захиргааны хэргийн шүүхийн ажиллагаа дууссаны дараа "Эрдэнэг үйлдвэр" ХХК-нд тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлтийг иргэний шүүх хуралдаанаас өмнө тавьсан бөгөөд шүүхээс тендертэй холбоотой ямар нэг ажиллагаа хийхгүй байхыг даалгасан учир манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгаа тухайгаа хариу албан бичгээр илэрхийлсэн. Нэгэнт тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад саад болж байсан эрх бүхий баигууллагын шийдвэр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчингүй болсон учир асуудлыг яаралтай шиидвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Энхчулуун нар бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энх өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэрэгт Тавин лан ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүд Энх-Өглөө ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг зохих журмын дагуу судлан үзсэний үндсэн дээр сонгон шалгаруулсан. Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой маргаан цаг хугацааны хувьд удааширч байгаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг шүүх анхааралдаа авна уу. Шүүгчийн 142/Ш32018/03541 дугаартай захирамжийн дагуу Энх-Өглөө ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт ирүүлсэн баримт материалыг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн,
Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Тавин Лан" ХХК нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Энх-Өглөө ХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон байна.
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тендерийн үнэлгээний хороо хуралдаж Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэлийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж үзэж тендерийн ялагчаар шалгаруулж, Энх-Өглөө ХХК-ийг танай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.
Энх-Өглөө ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яам гомдлыг тухайн тендерт материал ирүүлсэн компани тус бүрээр хянан үзээд 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөнөөр үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин хуралдаж Энх-Өглөө ХХК-ийг тендерт шалгарсан гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ...Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарласан ИБХ-2017-ЦЭХХМД-1.8.1 дугаар бүхий Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ажлыг 6 499 146 604 төгрөгөөр гүйцэтгэхээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн танай тендерийг Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/5418 тоот албан бичгийн дагуу дахин үнэлэхэд ТОӨЗ-ийг хангасныг манай компани хүлээн зөвшөөрсөн үнэлгээний хорооны шийдвэрийг хүргүүлж байна. Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дараа тендерт хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна уу. Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг энэхүү мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.
Дээрх мэдэгдлийг Энх-Өглөө ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан байх бөгөөд мэдэгдлийг хүргүүлсэн, хүлээн авсан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй байна.
Энх-Өглөө ХХК-ийн захирал Т.Халиун нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 207/2017 тоот албан бичгээр Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гэрээ байгуулах тухайгаа илэрхийлж, гэрээний ажиллагааг шуурхай шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ хүргүүлжээ.
Гэтэл захиалагч Эрдэнэт Үйлдвэр ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүйн зэрэгцээ хүсэлтийн хариуг огт өгөөгүйн улмаас Энх-Өглөө ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд холбогдуулан тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Тус компанийг шүүхэд нэхэмжлэл гаргахтай зэрэгцүүлэн Энх-Өглөө ХХК-ийг шалгаруулсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Хасу эрчим ХХК-иас гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...дээрхи тендерийн хүчинтэй хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүй болсон гэж дүгнэж / 6-1/6358 тоот албан бичиг / хуульд заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Энх-Өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн зүгээс ...Сангийн яамнаас ирсэн албан бичгээр Энх-Өглөө ХХК-ийн ялсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч ...Сангийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг үндэслэлгүй гэж мэтгэлцэн улмаар дээрхи албан бичгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандахад Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хянаад хэвээр үлдээсэн нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 211 дүгээр шийдвэр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар тогтоолоор нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй гэж тус тус заасан.
Ийнхүү Сангийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Энх-Өглөө ХХК-ийг шалгаруулсан тендер хүчинтэй гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д заасныг баримтлан Энх-Өглөө ХХК-тай Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
2-рт Бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Тавин Лан ХХК-ийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үндэслэл нь Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэл нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон байна.
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тендерийн үнэлгээний хороо хуралдаж Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэлийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж үзэж тендерийн ялагчаар шалгаруулсан боловч энэ шийдвэрийг эс зөвшөөрч Энх-Өглөө ХХК, Хасу эрчим ХХК-иуд гомдол гаргасныг Монгол улсын сангийн яам хянаад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6-1/5418 дугаар албан бичгээр Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэл ялсан анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөн.
Харин Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэл сангийн яамны дээрхи шийдвэрт гомдол гаргаагүй ба дараагийн үнэлгээний хорооны шийдвэрээр Энх-Өглөө ХХК-ийг шалгаруулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-дТендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн ... 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад уг хуулийг дагаж мөрдөх ба тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх тул, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж Тавин лан ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Энх-Өглөө ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5672 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзоригт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, 3 дагч этгээдүүд хариуцагчийн бусад төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзоригийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 117 дугаар зүйлийн 117.1-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д заасныг баримтлан Энх-Өглөө ХХК-тай Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан Тавин лан ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Энх-Өглөө ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Тавин лан ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж Тавин лан ХХК-нд олгож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5672 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА