Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02955

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02955

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Д /РД: ............./-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Д.М /РД: ............./-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,219,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Гэрээний улмаас учирсан хохиролд 8,383,974 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.М-тай орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй байхаар тохиролцсон. Мөн талууд зээлдүүлсэн мөнгөний хүүнд Д.Мийн өмч болох нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороод байрлах 49,81 мкв талбайтай байранд Г.Д амьдрахаар тохиролцсон.

Өөрөөр хэлбэл 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх буюу Д.М нь зээлийн гэрээний дагуу 9,800,000 төгрөгийг Г.Д-д өгөх, Г.Д түүний өмчлөлийн орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш Д.М нь өөрийн орон сууцыг 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд гэрээний хүүнд бодож түрээслүүлэх боломжтой учраас 2020 оны 01 дүгээр сарын эхээр суллаж өгөхийг хүссэн учраас Г.Д хүсэлтийг нь хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Д.М-т түүний өмчлөлийн орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Д.М нь орон сууцандаа суулгахаа больсон 2020 оны 01 дүгээр сараас хойш зээлийн гэрээний үүргийг зөрчиж 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өгөх байсан 5 сарын хүү болон үндсэн зээл болох 9,800,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид өгөөгүй.

 

Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 9,800,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 5 сарын 3,5 хувийн хүү 1,715,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 96 хоногийн алданги 4,704,000 төгрөг, нийт 16,219,000 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г.Д өөрөө амьдарч байх хугацаандаа тухайн байрны орон сууцны дулаан болон СӨХ-ны төлбөрийг тогтмол төлж байсан. Мөн 2019 оны 12 дугаар сард ус алдсан, энэ нь Г.Д-аас болсон гэдэг нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байна. Мөн хариуцагч нь байр хүлээж аваагүй гэдгээ нотолж чадахгүй байна. Ус алдснаас болж 8,883,974 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол яагаад 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн баталгааг үйлдсэн юм. Д.М нь 9,800,000 төгрөгийг Г.Д-д 3 удаа хуваагаад төлж дуусгана гэх баталгааг үйлдсэн. Д.М өөрийгөө хохирсон гэж үзсэн бол баталгаа үйлдэхгүй байх боломжтой байсан шүү дээ. Мөн өмнөх шүүх хуралдааны өмнө Д.М нь Г.Д-ын данс руу 500,000 төгрөг хийсэн.

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний 4.3, 4.6, 4.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу хөлслүүлэгч буюу Д.М нь орон сууцны ашиглалт эд хогшилын бүрэн бүтэн байдлыг хянах боломжтой байсан ч хянаагүй байгаа нь цахилгаан, СӨХ-ны төлбөрийг өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Мөн гэрээнд заасны дагуу хөлслүүлсэн орон сууцанд засвар үйлчилгээ хийх үүргийг Д.М хүлээсэн. Тус орон сууцыг хөлслөх хугацаанд ус удаа алдсан. Үүнийг Д.М өөрөө засварлана, аргалаад хүлээлгэж бай гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл засаж янзлуулаагүй. Урт богино хоолой нь стандарт хэмжээндээ хүрэхгүй нөхцөл байдлаас болж байнга ус алддаг. Энэ талаар Д.М өөрөө мэдэж байгаа.

Сөрөг нэхэмжлэлд дурьдсны дагуу ус алдсан эсэх нь тодорхойгүй, энэ нь Г.Даас болсон гэдэг нь тодорхойгүй, орон сууц хөлслүүлэх хугацаанд Д.М гэрээнд заасан үүргээ биелүүлж, хянаагүй. Хариуцагч тал нэг сарын хүүг 222,285 төгрөгөөр бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна, 343,000 төгрөг буюу зээлийн гэрээнд зааснаар 3,5 хувийн хүүгээр бодох ёстой. гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Д нь зээлийн гэрээний хүүгийн хариу төлбөрт маргаан бүхий орон сууцыг түрээслэхээр харилцан тохиролцож, орон сууц хөлслөх, зээлийн гэрээг хооронд нь холбоотойгоор ажилласан байдаг. Ингэхдээ тухайн орон сууцыг эзгүй орхиж Д.Мт мэдэхгүйгээр орон сууцнаас явсан. Энэ хугацаанд Г.Д тухайн орон сууцыг өөр хүнд дамжуулж, ашиглуулж байсан юм шиг байна лээ. Нөгөө хүмүүс нь юм уу эсвэл Г.Д тухайн байранд зодоон хийдэг байсан гэдгийг хөрш нь хэлдэг. Орон сууцыг орхиж явахдаа угаалгын өрөөний бочкиг хагалж, гэмтээсэн байсан. Гэтэл эзгүй байх хооронд нь бохирын уснаас маш их хэмжээний ус алдаж, орон сууцыг ашиглах боломжгүй болгосон.

СӨХ-ноос Д.М руу хэд хэдэн удаа залгаж, байрны хаалгыг нь эвдэж орсон. Энэ талаар Г.Дд хэлэхэд орон сууцыг орхисон, хөдөө байгаа учраас очих боломжгүй байна, очиж байгаад учраа олъё гэсэн хариуг хэлсэн. Д.М нь уг орон сууцыг засварлаж, янзалсан учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Иймд Г.Даас зээлсэн 9,800,000 төгрөгөөс 8,883,974 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 916,026 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Талууд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 9,800,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, Г.Д 343,000 төгрөгөөр Саруул тэнгэр хотхоны В-3 тоот орон сууцыг түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Г.Д орон сууцыг хүлээн авч, ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн орон сууцны СӨХ-ноос Д.М руу 2020 оны 01 дүгээр сард залгаж, орон сууцнаас ус алдаж байгаа талаар хэлсэн. Хариуцагч энэ талаар Г.Дд хэлэхэд найздаа түлхүүрээ үлдээсэн, найзыгаа явуулчихна гэж хэлсэн. 3-4 хоногийн дараа дахин СӨХ-ноос Д.М руу ярьж хажуу айл руу ус нэвчиж орж байгаа талаар хэлэхэд Д.М байр руу очиж СӨХ-ны даргын ажлыг гүйцэтгэж байсан Б.Отгонхүүтэй цуг хаалгыг эвдэж орсон. Гэтэл угаалгын өрөөний суултуурыг хагалж, ванныг нь эвдсэн байсан учраас түүнээс маш их хэмжээний ус алдаж, 2 өрөө байрыг усанд автуулж, ханын шавар норж, замаск зэргийг дахин ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

Д.М тухайн нөхцөл байдлыг Г.Дд хэлж, засаж янзлахыг шаардахад нэхэмжлэгч нь одоо очиж чадахгүй гэж хэлсэн. Д.М удаан хүлээх боломжгүй байсан тул өөрөөсөө зардал гаргаад зассан. Тухайн байрыг засаж янзлахдаа 2,551,000 төгрөгийн материал авсан байдаг. Үүнд тухайн орон сууцны обой, шавар, замаск, паркетан шал, суултуур ванн зэрэг орсон. Байрны нийт засварын өртөг 3,800,000 төгрөг болсон.

Анх 6,000,000 төгрөгийн өртөг гарсан юм байна лээ. Гэхдээ Д.М засвар хийж байсан н.Энхтайван гэх хүнтэй тохиролцоод 3,800,000 төгрөгөөр тохиролцсон. Нийт засварын ажил 6,351,000 төгрөг болсон байдаг. Тухайн орон сууцыг зээлсэн 9,800,000 төгрөгийн хүүнд ашиглуулж байгаа. Гэхдээ 9,800,000 төгрөгөөс засварын ажлын 6,351,000 төгрөгийг хасахаар 3,449,000 төгрөг үлдэж байгаа. Г.Дын 3,449,000 төгрөг дээр сарын 3,5 хувийн хүүг тооцож үзэхэд нийт сарын хүү нь 120,715 төгрөг болж байна. 120,715 төгрөгийг байрны түрээсийн 343,000 төгрөгөөс хасахад байрны өгөх ёстой төлбөр нь 222,285 төгрөг болж байна. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш сар тутмын байрны төлбөрийн зөрүү нь 1,111,425 төгрөг болж байна. 2019 оны 10 дугаар сараас эхлэн төлөөгүй ба орон сууц ашиглалт дулааны төлбөр 478,521 төгрөг, ашиглалт дулааны мөнгийг цагт нь төлөөгүй алданги 233,028 төгрөг, СӨХ-ны төлбөр гэрээ байгуулсан цагаас дуусах хүртэл 12 сар төлөөгүй 210,000 төгрөг, орон сууц ашиглалттай холбоотой төлбөр нийт 921,549 төгрөг гарсан.

Мөн Д.М нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүү Э.Гэрэлт-Энэрэлийн данснаас Г.Дын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ энэ талаарх баримтыг гаргаж өгч чадаагүй. Учир нь хүү Э.Гэрэлт-Энэрэл нь 2020 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад явсан. Шүүхээс хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангавал зарим нотлох баримтуудыг гаргаж өгье гэсэн бодолтой байсан ч шүүх хуралдаан үргэлжилсэн. Дээрх нийт төлбөр 8,883,974 төгрөг болж байгаа юм. Г.Даас зээлсэн 9,800,000 төгрөгөөс 8,883,974 төгрөгийг хасахаар 916,026 төгрөг болж байгаа бөгөөд 916,026 төгрөгийг Г.Дд төлөхөд татгалзах зүйлгүй.

Иймд 8,883,974 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9,800,000 төгрөгөөс хасаж хааж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд орон сууц хүлээж авсан үйл баримтад маргадаггүй ч хүлээлгэж өгсөн эсэхэд маргадаг. Орон сууц хүлээлгэж өгөхөд 2 тал акт үйлдэх буюу баримт үйлдэж гарын үсэг зурах ёстой. Нэхэмжлэгч тал орон сууцыг хүлээлгэж өгсөн гэдэг ч хүлээлгэж өгсөн гэдгийг нотлох баримт байдаггүй. Мөн Д.М хүний өөрийнх нь хэрэглээний төлбөр болох ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрт хяналт тавих шаардлагагүй шүү дээ. Хавтаст хэрэгт авагдсан орон сууцны төлбөрийн баримт дээр 2019 оны 10 дугаар сараас төлбөр төлөөгүй болох нь харагдаж байна. Төлбөрийн баримтууд дээр алданги тооцсон нь төлбөр төлөөгүй гэдэг нь нотлогдож байгаа юм.

 

Талууд хоорондоо уулзаж, утсаар яриад явдаг юм байна лээ. Ингэхдээ Г.Д хохирлоо тодорхой хэмжээгээр төлье, гэхдээ засвар үйлчилгээг нь сайн мэдэхгүй байна, эвдрэл гэмтлийн зармыг нь төлье гэж тохиролцсон юм байна лээ. Гэтэл талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгээгүй. Хариуцагч нь үүргээ биелүүлэх зорилготой 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг төлсөн юм байна лээ. Г.Д мөн адил үүргээ гүйцэтгээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Д.Мт холбогдуулан 16,219,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.М нь нэхэмжлэгч Г.Доржламд холбогдуулан гэрээний улмаас учирсан хохиролд 8,383,974 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гарагжээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Д.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,800,000 төгрөг, зээлийн хүү 16,219,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 916,026 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 454 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 9,800,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байна, мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 455 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 454 дугаартай Зээлийн гэрээ-ний хүүнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, да хүрээ гудамж, В-3 тоотод байрлах 49,81 м.кв талбайтай орон сууцанд амьдруулахаар тохиролцсон байна.

 

Дээрхи гэрээ нь холимог гэрээний шинжийг агуулаагүй, харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа, мөн хуулийн 302 дугаар зүйлд 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүрэгт 9,800,000 төгрөг, орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тул уг хугацаанаас хойшхи хугацаа /2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл/-ны зээлийн хүү 1,715,000 төгрөг, алданги 4,704,000 төгрөг, нийт 16,219,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь Орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул хүү төлөхгүй, мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, да хүрээ гудамж, В-3 тоотод байрлах 49,81 м.кв талбайтай орон сууцанд ус алдаж, үүний улмаас хохирол учирсан бөгөөд түүнийг тооцоод 916,026 төлөх боломжтой гэж тус тус тайлбарласан.

 

Хариуцагч нь хүүгийнхээ дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч нь зөвшөөрч маргаагүй болно.

Хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баталгаа гаргах тухай албан бичигт Миний бие Долгорсүрэн овогтой М нь иргэн Дд өгөх 9,800,000 төгрөгийг буцаан төлөхдөө 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 3 сая, 2020 оны 10 дугаар сарын 05-ны дотор 3 сая, үлдсэн 3,800,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж дуусгана гэж баталгаа гаргасан, мөн үндсэн зээлийн төлөөгүй үйл баримтад хариуцагч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн хүүг бичгээр тохирсон боловч Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 455 дугаартай Орон сууц хөлслөх гэрээний 4.8-д зааснаар орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй бол гэрээний хугацаа дуусгавар болоход орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

Гэтэл, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул шүүх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар амьдарсан гэж үзэж, зээлийн хүү шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэх хуулийн зохицуулалтын дагуу гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд анз төлнө гэж тохиролцжээ.

 

Хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 4,557,000 төгрөгийн анзыг төлөх үүрэгтэй ба шүүх хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэгч талын үүргээ шударгаар гүйцэтгээгүй зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ хэт өндөр байх тул 3,200,094 төгрөгөөр багасгаж, 1,356,906 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд, хариуцагч Д.Маас 11,156,906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,062,094 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

Хариуцагч Д.М нь нэхэмжлэгч Г.Дд холбогдуулан гэрээний улмаас учирсан хохиролд 8,383,974 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нь ашиглалтын зардал төлсөн, мөн байранд ус алдсан байдал баримтаар тогтоогдохгүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь амьдарч байх хугацаандаа ашиглалтын зардал 921,549 төгрөг төлөөгүй, мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, да хүрээ гудамж, В-3 тоотод байрлах 49,81 м.кв талбайтай орон сууцанд хийсэн засварын зардал 6,351,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний ашиглаагүй мөнгөний зөрүү 1,111,425 төгрөг, нийт 8,383,974 төгрөг гаргуулахаар шаардсан гэж, нэхэмжлэгч нь ус алдсан байдал баримтаар тогтоогдохгүй, мөн ашиглалтын зардал төлсөн тул төлөх төлбөргүй гэж маргасан.

 

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 455 дугаартай Орон сууц хөлслөх гэрээний 4.10, 5.3-д тус тус орон сууц хөлслөгч нь ашиглалтын зардал хариуцах үүрэгтэй байхаар талууд тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь амьдрах хугацааны ашиглалтын зардлыг төлсөн гэж тайлбарлах боловч уг үйл баримтыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ашиглалтын зардал төлөөгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагчийн шаардсан хэмжээгээр буюу 921,549 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Харин, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхон, да хүрээ гудамж, В-3 тоотод байрлах 49,81 м.кв талбайтай орон сууцанд хийсэн засварын зардал 6,351,000 төгрөгөөр засвар хийсэн, Энхтайванаар засвар хийлгэхэд 3,800,000 төгрөг төлсөн, орон сууц хөлслөх гэрээний ашиглаагүй мөнгөний зөрүү 1,111,425 төгрөг гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,462,425 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Д.Маас 11,156,906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дд, нэхэмжлэгч Г.Даас 921,549 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Мт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,062,094 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,462,425 төгрөгт тооцогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,045 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 193,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд, нэхэмжлэгч Г.Даас 26,667 төгрөг гаргуулж хариуцагч Д.Мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР