Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00512

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02955 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ын хариуцагч Д.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 16 219 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний улмаас учирсан хохирол болон ашиглалтын зардалд нийт 8 383 974 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д- нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.М-тай орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон. Мөн талууд зээлдүүлсэн мөнгөний хүүд Д.М-ийн өмч болох нийслэлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Саруул тэнгэр-2, Да хүрээ гудамжны 103 тоот хаягт байрлах 49,81 мкв талбайтай байранд Г.Д- амьдрахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх буюу Д.М- нь зээлийн гэрээний дагуу 9 800 000 төгрөгийг Г.Д-д өгөх, Г.Д- түүний өмчлөлийн орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш Д.М- нь өөрийн орон сууцыг 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд гэрээний хүүнд бодож түрээслүүлэх боломжтой учраас 2020 оны 01 дүгээр сарын эхээр суллаж өгөхийг хүссэн учраас Г.Д- хүсэлтийг нь хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Д.М-т түүний өмчлөлийн орон сууцыг хүлээлгэн өгсөн. Д.М- нь орон сууцандаа суулгахаа больсон 2020 оны 01 дүгээр сараас хойш зээлийн гэрээний үүргийг зөрчиж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өгөөгүй, 5 сарын хүү болон үндсэн зээл болох 9 800 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид өгөөгүй. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 9 800 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 5 сарын 3,5 хувийн хүү 1 715 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 96 хоногийн алданги 4 704 000 төгрөг, нийт 16 219 000 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Г.Д- нь зээлийн гэрээний хүүгийн хариу төлбөрт маргаан бүхий орон сууцыг түрээслэхээр харилцан тохиролцож, орон сууц хөлслөх, зээлийн гэрээг хооронд нь холбоотойгоор ажилласан байдаг. Ингэхдээ тухайн орон сууцыг эзгүй орхиж Д.М-т мэдэгдэхгүйгээр орон сууцнаас явсан. Орон сууцыг орхиж явахдаа угаалгын өрөөний бочкиг хагалж, гэмтээсэн байсан. Гэтэл эзгүй байх хооронд нь бохирын уснаас маш их хэмжээний ус алдаж, орон сууцыг ашиглах боломжгүй болгосон. СӨХ-өөс Д.М- руу хэд хэдэн удаа залгаж, байрны хаалгыг нь эвдэж орсон. Энэ талаар Г.Д-д хэлэхэд орон сууцыг орхисон, хөдөө байгаа учраас очих боломжгүй байна, очиж байгаад учраа олъё гэсэн хариуг хэлсэн. Д.М- нь уг орон сууцыг засварлаж, янзалсан учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Г.Д-аас зээлсэн 9 800 000 төгрөгөөс 8 883 974 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 916 026 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Талууд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 9 800 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, Г.Д- 343 000 төгрөгөөр Саруул тэнгэр хотхоны В-3 тоот орон сууцыг түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Г.Д- орон сууцыг хүлээн авч, ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн орон сууцны СӨХ-өөс Д.М- руу 2020 оны 01 дүгээр сард залгаж, орон сууцнаас ус алдаж байгаа талаар хэлсэн. Хариуцагч энэ талаар Г.Д-д хэлэхэд найздаа түлхүүрээ үлдээсэн, найзыгаа явуулчихна гэж хэлсэн. 3-4 хоногийн дараа дахин СӨХ-өөс Д.М- руу ярьж хажуу айл руу ус нэвчиж орж байгаа талаар хэлэхэд Д.М- байр руу очиж, СӨХ-ны даргын ажлыг гүйцэтгэж байсан Б.Отгонхүүтэй цуг хаалгыг эвдэж орсон. Гэтэл угаалгын өрөөний суултуурыг хагалж, ванныг нь эвдсэн байсан учраас түүнээс маш их хэмжээний ус алдаж, 2 өрөө байрыг усанд автуулж, ханын шавар норж, замаск зэргийг дахин ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Д.М- тухайн нөхцөл байдлыг Г.Д-д хэлж, засаж янзлахыг шаардахад нэхэмжлэгч нь одоо очиж чадахгүй гэж хэлсэн. Д.М- удаан хүлээх боломжгүй байсан тул өөрөөсөө зардал гаргаад зассан. Тухайн байрыг засаж янзлахдаа 2 551 000 төгрөгийн материал авсан байдаг. Үүнд тухайн орон сууцны обой, шавар, замаск, паркетан шал, суултуур ванн зэрэг орсон. Байрны нийт засварын өртөг 3 800 000 төгрөг болсон. Анх 6 000 000 төгрөгийн өртөг гарсан. Гэхдээ Д.М- засвар хийж байсан н.Энхтайван гэх хүнтэй тохиролцоод 3 800 000 төгрөгөөр тохиролцсон. Нийт засварын ажил 6 351 000 төгрөг болсон байдаг. Зээлийн 9 800 000 төгрөгөөс засварын ажлын 6 351 000 төгрөгийг хасахаар 3 449 000 төгрөг үлдэж байгаа. Г.Д-ын 3 449 000 төгрөгөөс сарын 3,5 хувийн хүүг тооцож үзэхэд нийт сарын хүү нь 120 715 төгрөг болж байна. 120 715 төгрөгийг байрны түрээсийн 343 000 төгрөгөөс хасахад байрны өгөх ёстой төлбөр нь 222 285 төгрөг болж байна. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш сар тутмын байрны төлбөрийн зөрүү нь 1 111 425 төгрөг болж байна. 2019 оны 10 дугаар сараас эхлэн төлөөгүй ба орон сууц ашиглалт дулааны төлбөр 478,521 төгрөг, ашиглалт дулааны мөнгийг цагт нь төлөөгүй алданги 233 028 төгрөг, СӨХ-ийн төлбөр гэрээ байгуулсан цагаас дуусах хүртэл 12 сар төлөөгүй 210 000 төгрөг, орон сууц ашиглалттай холбоотой төлбөр нийт 921 549 төгрөг гарсан. Мөн Д.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүү Э.Гэрэлт-Энэрэлийн данснаас Г.Д-ын данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ энэ талаарх баримтыг гаргаж өгч чадаагүй. Учир нь хүү Э.Гэрэлт-Энэрэл нь 2020 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан. Шүүхээс хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангавал зарим нотлох баримтуудыг гаргаж өгье гэсэн бодолтой байсан ч шүүх хуралдаан үргэлжилсэн. Дээрх нийт төлбөр 8 883 974 төгрөг болж байгаа юм. Г.Д-аас зээлсэн 9 800 000 төгрөгөөс 8 883 974 төгрөгийг хасахаар 916 026 төгрөг болж байгаа бөгөөд 916 026 төгрөгийг Г.Д-д төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд 8 883 974 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9 800 000 төгрөгөөс хасаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд орон сууц хүлээж авсан үйл баримтад маргадаггүй ч хүлээлгэж өгсөн эсэхэд маргадаг. Орон сууц хүлээлгэж өгөхөд 2 тал акт үйлдэх буюу баримт үйлдэж гарын үсэг зурах ёстой. Нэхэмжлэгч тал орон сууцыг хүлээлгэж өгсөн гэдэг ч хүлээлгэж өгсөн гэдгийг нотлох баримт байдаггүй. Мөн Д.М- хүний өөрийнх нь хэрэглээний төлбөр болох ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрт хяналт тавих шаардлагагүй. Хавтаст хэрэгт авагдсан орон сууцны төлбөрийн баримт дээр 2019 оны 10 дугаар сараас төлбөр төлөөгүй болох нь харагдаж байна. Төлбөрийн баримтууд дээр алданги тооцсон нь төлбөр төлөөгүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Г.Д- хохирлоо тодорхой хэмжээгээр төлье, гэхдээ засвар үйлчилгээг нь сайн мэдэхгүй байна, эвдрэл гэмтлийн заримыг нь төлье гэж тохиролцсон. Гэтэл талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгээгүй. Хариуцагч нь үүргээ биелүүлэх зорилготой 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 500 000 төгрөг төлсөн. Г.Д- мөн адил үүргээ гүйцэтгээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Г.Д- өөрөө амьдарч байх хугацаандаа тухайн байрны орон сууцны дулаан болон СӨХ-ны төлбөрийг тогтмол төлж байсан. Мөн 2019 оны 12 дугаар сард ус алдсан, энэ нь Г.Д-аас болсон гэдэг нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байна. Мөн хариуцагч нь байр хүлээж аваагүй гэдгээ нотолж чадахгүй байна. Ус алдсанаас болж 8 883 974 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол яагаад 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн баталгааг үйлдсэн юм. Д.М- нь 9 800 000 төгрөгийг Г.Д-д 3 удаа хуваагаад төлж дуусгана гэх баталгааг үйлдсэн. Д.М- өөрийгөө хохирсон гэж үзсэн бол баталгаа үйлдэхгүй байсан. Мөн өмнөх шүүх хуралдааны өмнө Д.М- нь Г.Д-ын данс руу 500 000 төгрөг хийсэн. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний 4.3, 4.6, 4.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу хөлслүүлэгч буюу Д.М- нь орон сууцны ашиглалт эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хянах боломжтой байсан ч хянаагүй байгаа нь цахилгаан, СӨХ-ны төлбөрийг өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Мөн гэрээнд заасны дагуу хөлслүүлсэн орон сууцанд засвар үйлчилгээ хийх үүргийг Д.М- хүлээсэн. Урт богино хоолой нь стандарт хэмжээндээ хүрэхгүй нөхцөл байдлаас болж байнга ус алддаг. Энэ талаар Д.М- өөрөө мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлд дурьдсаны дагуу ус алдсан эсэх нь тодорхойгүй, энэ нь Г.Д-аас болсон гэдэг нь тодорхойгүй, орон сууц хөлслүүлэх хугацаанд Д.М- гэрээнд заасан үүргээ биелүүлж, хянаагүй. Хариуцагч тал нэг сарын хүүг 222 285 төгрөгөөр бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Д.М-аас 11 156 906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д, нэхэмжлэгч Г.Д-аас 921 549 төгрөг гаргуулж, хариуцагч Д.М-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 062 094 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 462 425 төгрөгт тооцогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 045 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 193 460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д, нэхэмжлэгч Г.Д-аас 26 667 төгрөг гаргуулж хариуцагч Д.М-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой орон сууц түрээслэх гэрээний үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүйн улмаас миний эзэмшлийн орон сууцанд ус алдаж, их хэмжээний хохирол учирсан байдаг үүнийг тухайн үед буюу 2020 оны 1-р сард СӨХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч болон хөрш Оюун нарын гараар бичсэн тодорхойлолт, мөн орон сууцанд засвар хийхэд гарсан зардлын баримт зэргийг хэргийн материалд хавсаргасан байхад нотлогдоогүй гэх үндэслэл нь туйлын үндэслэлгүй байна. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 вирусын хүрээнд авагдаж байгаа дэглэмийн нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэхэд хангалттай хугацаа гаргаж өгөөгүй шүүх хуралдааныг явуулсан нь өөрийн эрхийг хамгаалж шударга тэгш мэтгэлцэх эрхийг минь зарчсөн явдал байлаа. Иймд миний энэхүү гаргаж буй гомдлыг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02955 дугаар шийдвэрийг өөрчилж миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Д.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16 219 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний улмаас учирсан хохирол болон ашиглалтын зардалд нийт 8 383 974 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зээл болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Г.Д- нь 9 800 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр хариуцагч Д.М-т зээлдүүлэх, хариуцагч нь зээлсэн мөнгөний хүүд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 103 дугаар байр, В-3 тоот, 49.81 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Г.Д-д хөлслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээл болон орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-7-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.М-ийн хүсэлтээр орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тул 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны алданги 4 704 000 төгрөг, хүү 1 715 000 төгрөг, үндсэн зээл 9 800 000 төгрөг, нийт 16 219 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол,

хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Г.Д- нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, орхиж явснаас их хэмжээний ус алдаж, хохирол учирсан, мөн гэрээний хугацааны ашиглалтын зардлыг төлөөгүй тул засварын зардал болон ажлын хөлсөнд 6 351 000 төгрөг, ашиглалтын зардалд 921 549 төгрөг, 2020 оны 1-6 сар хүртэлх орон сууц ашигласны хөлс 1 111 425 төгрөг, нийт 8 383 974 төгрөгийг гаргуулна гэжээ. /хх-ийн 1-2, 29-30-р тал/

 

Хариуцагч Д.М- нь зээлийн 9 800 000 төгрөгийг 3 хуваан төлөхөөр 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталгаа гаргасан бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх-өөр тохиролцжээ. /хх-ийн 5, 21-р тал/. Хариуцагч Д.М- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Д.М-аас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 9 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс зээлийн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 238.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж 1 356 906 төгрөгөөр тооцон нийт 11 156 906 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Г.Д- гомдол гаргаагүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлээр шаардсан засварын зардал болон ажлын хөлсөнд 6 351 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Г.Д-ын буруутай үйлдлийн улмаас орон сууцанд ус алдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан зарлагын баримтууд нь огноогүй, хүлээлгэн өгсөн болон авсан хүний нэр тодорхойгүй, тухайн орон сууцанд засвар хийхэд зарцуулагдсан материал гэдэг нь тогтоогдоогүй байх тул эдгээр баримтад үндэслэн, хариуцагч Д.М-ийг орон сууцанд 6 351 000 төгрөгийн зардал гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /хх-ийн 27-33-р тал/

 

2020 оны 1-6 сар хүртэлх орон сууц ашигласны хөлс 1 111 425 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Д.М-т зээлдүүлсэн 9 800 000 төгрөгийн хүүд түүний орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон байх тул хариуцагч нь дахин орон сууц ашигласны хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Харин ашиглалтын зардал болох 921 549 төгрөгийг нэхэмжлэгч Г.Д-аас гаргуулж, хариуцагч Д.М-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар мөн нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч Д.М-аас 11 156 906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д, нэхэмжлэгч Г.Д-аас 921 549 төгрөг гаргуулж, хариуцагч Д.М-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 062 094 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 462 425 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа олгоогүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ