Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2018/00446

 

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2018/00446

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “К Б” ХХК-нд холбогдох

 

Үндэслэлгүй олж авсан 14,850,00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эминий бие “К Б” ХХК-инд ажиллаж байхдаа "К Д" ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 31 тоот ЗЗ мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр тооцон 2012 онд захиалгын гэрээ байгуулсан.

Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг “К Б” ХХК-тай 2012 оны 06 сарын 05-ны өдөр №359 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан 42,900,000 /Дөчин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1%-ийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид үнийг бүрэн төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

“К Б” ХХК-ны зүгээс дээрх нөхцөлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд олгосон зээл бүрийг Засгийн газраас хэрэгжүүлсэн 8%-ийн зээл рүү шилжүүлэх, МИК-д худалдах шаардлага гарч ирсэн. Гэвч ажилтнууддаа олгосон зээл нь 8%-ийн зээлийн журмын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн тул журмын шаардлага хангуулахын тулд худалдан авсан орон сууцны үнийг 1мкв талбайн үнийг зохиомлоор 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр өсгөж, 1,800,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр тооцож зөрүү /33 мкв талбай * 1,800,000 төгрөг/ 16,500,000 /Арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг орон сууцны урьдчилгаанд зориулж “К Б” ХХК төл гэдэг шаардлагыг тавьсаны дагуу 14,850,000 төгрөгийг “К Б” ХХК дах өөрийн харилцах дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс “К Б” ХХК-ин дах өөрийн харилцах дансанд шилжүүлсэн 14,850,000 төгрөгийг зээлсэн 42,900,000 төгрөгөөс хасагдана гэж бодож байсан боловч бодит байдал дээр хасч тооцоогүй ба уг мөнгийг миний гарын үсэггүй, миний зөвшөөрөлгүйгээр данснаас зарлагаар гаргаж, ямар дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас орон сууцыг “К Д” ХХК-аас 1мкв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцон авсан атал хариуцагч талаас 1 мкв талбайн үнийн 1,800,000 төгрөг болгон 1 мкв талбай тутмыг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж 14,850,000 төгрөгийг хувьдаа авч байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл гэж үзэж байна.

 

Иймд орон сууцны мкв талбайн үнийг зохиомлоор өсгөж, зээлдэгчээс үндэслэлгүйгээр авсан 14,850,000 төгрөгийг “К Б” ХХК-тайнаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан болохыг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “К Б”  ХХК-нд холбогдуулан Б.Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э-ийн зүгээс үндэслэлгүйгээр авсан 14,850,000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг “К Б”  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад материалаас харахад түүний нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талууд тэгш эрхтэй оролцсон байх бөгөөд гэрээний бүхий л зүйл заалттай гэрээний хоёр тал танилцаж, хүлээн зөвшөөрч, хүсэлт зоригоо бүрэн илэрхийлсэн /ИХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1/ байна.

Өөрөөр хэлбэл “К Б”  ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Э-нд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлж 16.500.000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг төлүүлсэн гэх баримт байхгүй ба нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тухайн асуудлыг гэрээ байгуулагдсанаас хойш 5-6 жил хүлээн зөвшөөрч байсан гэж тайлбарлах нь зүйтэй. Зээлийн гэрээг талууд хүсэлт зоригоо өөрсдөө чөлөөтэй илэрхийлж /ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1-д / хуулийн дагуу гэрээ байгуулсан гэж хариуцагч талаас үзэж байгаа болно.

Мөн нэхэмжлэгч Б.Энь 16,850,000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 10, 11-нд хоёр хуваан өөрийн дансруугаа хийсэн байгаа нь төлбөр төлсөн дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хуульд зааснаар гэрээний нөгөө талын саналыг хүлээн авч гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхой гаргах шаардлагатай юм. “К Б” ХХК-ийн зүгээс хууль бус үйлдэл гарган нэхэмжлэгчид дарамт шахалт үзүүлж эрх ашгийг нь хөндсөн гэж үзсэн тэр өдрөөс эхлэн эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагад хандах шалгуулах эрх нь үүссэнийг анхаapax нь зүйтэй.

Иймд Б.Э-ийнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “К Б”  ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч “К Б” ХХК-нд холбогдуулан тус банк нь түүний 14,850,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “К Б” ХХК-наас орон сууц худалдан авах зорилгоор 2012 онд 42,900,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд уг зээлээрээ орон сууцаа худалдаж авсан. Үүний дараа буюу 2013 онд байгууллагын хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээ 8 хувийн ипотекийн санхүүжилттэй зээлд шилжүүлсэн. Зээлээр худалдаж авсан байр болон байрны нэг шоо метрийн үнэ өөрчлөгдөөгүй. Гэтэл 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд байрны урьдчилгаа төлбөр 30 хувийг төлсөн байх шаардлагатай гэх шалтгаанаар банк миний зөвшөөрөлгүй, данснаас минь 14,850,000 төгрөгийг гарган авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан шаардаж байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Энь тухайн үед дээрх хэмжээний мөнгийг данснаасаа гаргахыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүрээнд зөвшөөрч гэрээ байгуулсан. Банкны зүгээс гэрээ байгуулахыг тулган шаардаагүй, дарамталж сүрдүүлсэн зүйл байхгүй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

1.  Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 359 тоот орон сууц худалдан авах зориулалттай Ажиллагсдын зээлийн гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу зээлдэгч бөгөөд “К Б” ХХК-ны ажилтан Б.Энь 42,900,000 төгрөгийг сарын 1 хувийн, жилийн 12 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ. Зээл харьцангуй урт хугацаатайн зэрэгцээ банк зээлдэгчийн худалдаж авсан байрны метр квадрат бүрт 150,000 төгрөгийг ажилтны өмнөөс төлөх үүрэг хүлээснээрээ энэхүү зээл нь “К Б” ХХК-наас ажилтнууддаа санал болгосон хөнгөлөлттэй зээл гэж тооцогджээ. /хх-ийн 31-33 дугаар тал/

 

2.  Зохигчид 2013 онд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн нөхцөлд шилжихээр харилцан тохиролцож, улмаар 8 хувийн зээлийн төлбөрөөр эхний буюу 2012 оны зээлийг бүрэн хэмжээгээр буцаан төлж, цаашид шинэ зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийж эхлэхээр харилцан тохиролцжээ. Энэ нь тэдгээрийн хооронд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 218 тоот зээлийн гэрээ /хх-ийн 93-95 дугаар тал/, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Э-ийн “К Б” ХХК-ны 2000020338 тоот дансанд 42,600,000 төгрөг орж 42,546,123 төгрөг гарсан байдал /хх-ийн 30 дугаар тал/, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.Эгийн 2000021798 тоот зээлийн дансанд 42,546,123 төгрөгийн зээлийн төлөлт хийж зээл хаасан баримт /хх-ийн 54 дүгээр тал/-уудаар тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Б.Энь 2013 онд “К Б” ХХК-тай байгуулсан 8 хувийн хүүтэй зээлийг эхний зээлийн төлбөрөө бүрэн хаахад зориулсан байх тул 8 хувийн хүүтэй зээлээр өөр орон сууц худалдаж аваагүй гэх үндэстэй байна.

 

3.  Нэхэмжлэгч Б.Э-ийн, хариуцагч “К Б”  ХХК, “К Д” ХХК нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 16 дугаар хороолол, 130 айлын орон сууцны 5 давхрын 31 тоотод байрлах 33 мкв нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Эөмчлөлдөө шилжүүлэн авахаар захиалжээ. Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1-д орон сууцны 1 мкв-ын үнийг 1,300,000 төгрөг байхаар заасан байна. Түүнчлэн уг гэрээтэй хамт, мөн өдөр байгуулсан 359 тоот Барьцааны гэрээний 2.2-т заасан барьцааны хөрөнгийн жагсаалтад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 130-н айлын орон сууцны 5 дугаар давхрын 31 тоот, 33 мкв 1 өрөө орон сууцыг тэмдэглэж, барьцаа хөрөнгийн үнэлгээг зээлийн дүнтэй ижил 42,900,000 төгрөгөөр тогтоосон байна /хх-ийн 34 дүгээр тал/.

 

Эдгээр үйл баримтаас нэхэмжлэгч Б.Э2012 онд “К Д” ХХК-аас нэг метр кв-ыг нь 1,300,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан гэх нөхцөл байдал нотлогдож байна. Харин “К Б” ХХК тус компанид тогтвор суурьшилтай ажилласан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг метр кв тутамд 150,000 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжлэгчид эдлүүлэхээр тохиролцсон гэх үндэстэй байна. /хх-ийн 31, 96, 97 дугаар тал/

 

4.  Гэвч хариуцагч “К Б” ХХК 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан гэх шалтгаанаар хөнгөлөлт буюу мерт кв тутамд 150,000 төгрөгийн төлбөрийг ажилтны өмнөөс төлөх нөхцлөөс татгалзах үндэслэлтэй, эсхүл “К Д” ХХК-тай Б.Э-гийн байгуулах орон сууц захиалгын гэрээний үнийг нэмэгдүүлэн метр кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож, улмаар түүүний харилцах данснаас 14,850,00 төгрөгийг зөвшөөрөлгүй татаж авах эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “К Б” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Э-гийн 2000020338 тоот харилцах данснаас 14,850,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх болсон үндэслэлээ “К Д” ХХК-ийн дансанд байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Улмаар хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан мемориалын баримтыг гаргаж дээрх мөнгийг Б.Э-ийнгийн өмнөөс “К Д” ХХК-нд шилжүүлсэн болохоо нотлохыг зорьж байна. Гэвч зохигчид болон “К Д”  ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц санхүүжилтийн гэрээний үндсэн схемээс үзвэл гүйцэтгэгч буюу “К Д” ХХК нь захиалагч буюу Б.Э-ийнгаас байрны төлбөрийг шаардах, Б.Э-ийнгийн нэр дээр гарсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг банкинд шилжүүлэх, банк нь захиалагч ажилтандаа орон сууц худалдан авахад нь зээл олгож байрыг барьцаанд авах үндсэн зураглалтай байна. /хх-ийн 50-52 дугаар тал/. Тус гэрээний дагуу Банкны зүгээс захиалагч буюу ажилтны нэрийн өмнөөс мерт квадрат тутмын 150,000 төгрөг "К Д" ХХК-нд өөрийн хөрөнгөөс төлөхийг зөвшөөрснийг эс тооцвол өөр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна.Тодруулбал 33 мкв талбайд ногдох банкны төлөх төлбөр 4,950,000 төгрөг байх ба банк уг төлбөрийг ажилтнаас гаргуулж банкинд төлөх бус өөрөөсөө төлж ажилтны байрны төлбөрт тооцуулах тохироотой байна.

 

5.  Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 359 тоот зээлийн гэрээний үүргийг 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусган гэрээг дуусгавар болгосон. Жилийн 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ болох 2013 оны 08 дугаарсарын 20-ны өдөр байгуулсан 218 тоот зээлийн гэрээний төлбөрийг үл маргах журмаар шууд суутгах зээлдэгчийн харилцах данс нь 2000020338 тоот данс байна. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-т заасан байна. /хх-ийн 94 дүгээр тал/. Гагцхүү энэ тохиолдолд л харилцагчийн зөвшөөрлийг авалгүй данснаас зарлагын хөдөлгөөн хийх боломж “К Б” ХХК-нд олгогдсон болно. Гэвч хариуцагч “К Б” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Э-гийн 2000020338 тоот харилцах данснаас 14,850,000 төгрөгийг зөвшөөрөлгүй татаж 2000004292 тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. Уг мөнгийг шилжүүлсэн 20000042923 тоот данс нь нэхэмжлэгч Б.Э-ийнгийн үл маргах журмаар төлбөр шилждэг зээлийн данс бус Катеринг Деливери ХХК-ийн данс болох нь хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан “К Б” ХХК-ны тодорхойлолтоор тогдоогдож байна.

 

Эдгээр үйл баримтад тулгуурлан “К Б” ХХК-ийг Б.Э-гийн 14,850,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-ийнд олгох нь шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 14,850,000 төгрөг болгон нэхэмжлэн шүүх хуралдаанд мэтгэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-д заасны дагуу хариуцагч ”К Б” ХХК-аас 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-ийнд олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА